| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2023/0017/з |
| Дугаар | 124/ШШ2024/0033 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Газар, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 124/ШШ2024/0033
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг би “Х Т” ХХК-ийн гаргасан “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Газрын төлбөрийн бүсийн хилийн зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг тогтоох” 7/07 дугаартай тогтоолын 09 дүгээр хавсралтын 4 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“Х Т” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн "Газрын төлбөрийн бүсийн хилийн зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг тогтоох" тухай 7/07 дугаартай Тогтоолын 09 дүгээр хавсралтын /Улаангом, Баруунтуруун, Бөхмөрөн, Завхан, Зүүнговь, Малчин, Хяргас сумдаас бусад сумдын газрын суурь үнэ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ/-ын 4 дэх хүснэгтэд гаргасан шийдвэр Х Т ХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн. Мөн дээрх захиргааны акт гарсан байтал захиргааны актыг өнөөдрийг хүртэл гардуулаагүй юм.
Иймд Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн "Газрын төлбөрийн бүсийн хилийн зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 7/07 дугаартай Тогтоолын 09 дугаар хавсралтын /Улаангом, Баруунтуруун, Бөхмөрөн, Завхан, Зүүнговь, Малчин, Хяргас сумдаас бусад сумдын газрын суурь үнэ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ/-ын 4 дэх заалтыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:“ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар батална", 35 дугаар зүйлийн 35.1.10-д "хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох;" 35.1.14-д "хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн мөрдүүлэх"; Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Иймд дээр дурдсанаар маргаан бүхий хэм хэмжээний акт хуулиар тогтоосон ажиллагааны дагуу батлагдсан гарсан, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч “Х Т” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “... Дээрх нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/12 дугаартай "Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 7/07 дугаартай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" тогтоол гарсан. Уг тогтоол гаргасантай холбогдуулан аймгийн ИТХ-ын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 7/07 дугаартай тогтоолын 3-аас 9 дүгээр хавсралтын "ХАА-аас бусад үйлдвэрлэлийн газар" гэсэн хэсгийг хүчингүй болгосон байна. Мөн Аймгийн ИТХ-ын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/12 дугаар тогтоолын 7-р хавсралтын /Улаангом, Баруунтуруун, Бөхмөрөн, Завхан, Зүүнговь, Малчин, Хяргас сумдаас бусад сумдын газрын суурь үнэ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ/ 4 дэх заалтад "ХАА-аас бусад үйлдвэрлэлийн газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн байна.
Иймд Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн "Газрын төлбөрийн бүсийн хилийн зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 7/07 дугаартай Тогтоолын 9'дүгээр хавсралтын /Улаангом, Баруунтуруун, Бөхмөрөн, Завхан, Зүүнговь, Малчин, Хяргас сумдаас бусад сумдын газрын суурь үнэ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ/ 4 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хүсэлтийг хүлээн авна уу” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х Т” ХХК нь шүүхэд “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Газрын төлбөрийн бүсийн хилийн зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг тогтоох” 7/07 дугаартай тогтоолын 09 дүгээр хавсралтын 4 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч “Х Т” ХХК нь “Аймгийн ИТХ-ын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/12 дугаар тогтоолын 7-р хавсралтын 4 дэх заалтад ХАА-аас бусад үйлдвэрлэлийн газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн байна” гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлэн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт гаргажээ.
Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 18/12 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 7/07 тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 7/07 дугаар тогтоолын 3-аас 9 дүгээр хавсралтын ХАА-гаас бусад үйлдвэрлэлийн газрын төлбөрийн итгэлцүүрт өөрчлөлт оруулан хавсралтаар баталж, итгэлцүүрийг 0.125, 1м2 газрын төлбөрийг 2 төгрөг байхаар тогтоосон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х Т” ХХК-ийн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Газрын төлбөрийн бүсийн хилийн зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг тогтоох” 7/07 дугаартай тогтоолын 09 дүгээр хавсралтын 4 дэх заалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох 124/2023/0017/з индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй
Энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ