| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0012/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2018-01-12 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 19
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Хохирогч У.Оюун-Эрдэнэ
Нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шон хороонхон овогт Пүрэвжавын Жанцаад холбогдох 1731001880003 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Ховд аймгийн Цэцэцг суманд 1969 оны 01 дугаар сарын 04-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг,Бугант тосгоны 5 дугаар байрны 19 тоотод оршин суух, Бугант тосгоны төв зууханд галч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Шон хороонхон овогт Пүрэвжавын Жанцаа, /РД: ГМ 69010415/,
Шүүгдэгч П.Жанцаа нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт эхнэр У.Оюун-Эрдэнийг орондоо архи уулаа гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь халдаж зодсон, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн ноосон цамцыг дэлгүүрт тавьж архи уулаа гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь халдаж зодсон, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны 5-2-19 тоотод согтуугаар хэл амаар доромжилж, хоол хийсэнгүй гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь халдах зэргээр гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч П.Жанцаагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 05-нд яллагдагчаар өгсөн: ...Би 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажилдаа яваад өдөр 14 цаг өнгөрч байхад гэртээ орж ирэхэд манай гэрт Туяа, Нараа гэх 2 эмэгтэй 0,5 литрийн архи, 2 литрийн пиво тавьчихсан уугаад сууж байсан. Архинаас нь хийж өгөхөөр нь 2 удаа уугаад пивоноос уугаагүй. Бид нарыг сууж байхад Батчулуун нэг шил 0,5 литрийн архи бариад ороод ирсэн. Тэр архинаас би бас 2 удаа уусан. Манайд байсан хүмүүс архи ууж дуусаад 15 цаг өнгөрч байхад гэрээс гарсан. Хүмүүс гарсан нь хойно нь би эхнэртээ “өнөөдөр ажилтай байна, өдөр цайндаа орох гээд ирж байхад хоол цай хийгээгүй, архи уугаад байж байх юм” гэж хэлээд цээж болон гар луу нь 2-3 удаа цохисон. Тэгсэн манай эхнэр жижиг өрөөнөөс гараад том өрөө рүү гүйсэн. Би араас нь очиход тагтны хашлага дээгүүр зүүн хөлөө давуулчихсан цаашаагаа гарах гэхээр нь би “орооч” гэж хэлээд хувцаснаас нь татаад хөлийг нь буулгаад 2 сугаар нь тэврээд оруулах гэхэд тагтны төмрөөс 2 гараараа зуурчихаад тавихгүй байсан. Би гарыг нь хүчээр тавиулаад тэврээд гэр лүү оруулах гэхэд тагтны сараалжин төмөр лүү хөлөө хийчихээд гаргахгүй би татаад дийлэхгүй байхаар нь орцонд хүн байвал дуудаж туслуулах санаатай орц руу гараад ирэхэд тагтны хашлага даваад тагтны доод талын бетоноос дүүжлэгдсэн байсан. Манай эхнэр сараалжны цаад талд бетоноос зүүгдсэн учир төмөрний завсраар гараа оруулаад татаж гэж оролдоогүй хараад зогсож байхад доошоогоо унасан. Би дээрээс харахад эхнэр байшингийн тагтнаас унахдаа зүүн гараа дараад бөгсөөрөө унасан. Тэгэхээр нь би хувцасаа өмсөөд шууд ажил руугаа явсан.
2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн орчим өөрийн ноосон цамцаа өмсөх гээд миний ноосон цамц байхгүй байхаар нь эхнэрээс асуухад “урд дэлгүүрт тавиад талх, нэг шил архинаас тавьсан. Нийлээд 10.000 төгрөг болсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад “хүний шинээр нь аваад нэг л удаа өмссөн цамц зарчих юм, хэлээд авахгүй яасан юм бэ” гэж хэлээд маргалдаж байгаад нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон. Би тухайн үед жаахан архи уусан байсан.
2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гарсан байхад би гэр бүлээ аваад Дархан-Уул аймгийн Дархан суманд манай ээж Пүрэвжавын гэрт очсон. Манай ээжийнх нь гэрт байдаг ба бид нар орой болоод ээжийнд унтаж байхад 23 цагийн орчим манай ээж Пүрэвжав намайг сэрээгээд “эхнэр чинь орондоо архи уугаад байна гэж охин чинь хэлж байна, ямар сонин юм бэ” гэхээр нь би эхнэрийнхээ хэвтэж байсан орон дээр очоод хөнжлийг нь сөхөөд харахад цагаан хүүхдүүдийн уугаад байдаг тарагны саванд архи хийчихсэн байсан. Би уурлаад “ямар сонин пизда вэ, ор дэрэндээ архи ууж байдаг ямар хүн байдаг юм бэ” гээд ээжид нөгөө архитай савыг нь өгөхөд ээж архитай савыг хаяхаар гэрээс гарахад нь би эхнэрээ 2 удаа мөр болон гар луу нь цохиод өөрийн орон дээр очоод унтсан. Тухайн үед эхнэр нилээн согтолттой байсан. Харин би эрүүл согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би эхнэртэй гар хүрээд зодоод байдаггүй. Өөр байдлаар эхнэртээ гар хүрээгүй. Манай эхнэр архи уудаг. Архи уухаараа гэрийнхээ хамаг юмыг зарж уудаг. Гэрийн хүнс бол байнга зарагдаж үрэгдэнэ. Ямар сайндаа миний цамцыг зараад уухав дээ. Би урьд нь эхнэрээ архи уухаар гар хүрдэггүй байсан. Одоо архи уух нь дэндээд байнга л уудаг болсон. Би арга бараад сүүлийн хэдэн удаа цохисон нь үнэн. Би жаахан архи уухаараа биеэ барьж чадахгүй эхнэрээ цохисон нь үнэн. Би гарыг нь модоор цохиж хугалж байгаагүй. Нуруунд нь хутга бол зоож байсан. Тэгэхдээ би өөрөө зоох гэж ямар нэгэн үйлдэл хийж зоогоогүй. Одоогоос 5-6 жилийн өмнө билүү манайх мах чанаад зурагтаар бөх үзээд сууж байсан. Тухайн үед мах идэж байгаа гээд даруулга болгоод нэг шил архи задлаад бид 3 сууж байсан. Тэгэхэд манай эхнэр миний урдуур гарах гэж байгаад хөл алдаад миний дээр арагшаагаа налаад унасан. Би орон дээр сууж байсан болохоор арагшаагаа налаад хэвтсэн. Тэгээд босоод эхнэрээ “аятайхан яваач, жаахан юм уусан чинь хөлөндөө орчихдог юм уу” гээд бид нар инээлдэж байхад эхнэр “чи миний нуруунд хутгалсан байна” гэж хэлсэн. Босоод нурууг нь харахад дал орчимд нь жижигхэн зүсэгдээд цус гарсан байсан. Зузаан хувцастай байсан бол гайгүй байх байсан байна гэж ярилцаж байсан. Тэр үед лент наах төдий болоод өнгөрсөн. Эмнэлгийн байгууллагад хандаагүй. Би эхнэртэйгээ нийлж архи уудаг ч эхнэр шигээ дараа өдөр нь шартаад байна гээд архи уугаад архиар шараа тайлдаггүй. Манай эхнэр өглөө нь хоол идэхгүй архи уугаад хэдэн өдөр даварч архи уудаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 75,76-р ху/,
2.Шүүгдэгч П.Жанцаагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... 2017 оны 07 дугаар сард би Ховд аймаг яваад ирсэн. Тэгээд унтаж байсан чинь манай охин ирээд ээж орондоо архи уугаад байна гэж хэлсэн. Тэгээд би очоод архийг нь булааж аваад босгож ирээд 2 удаа цохьсон. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би ажилтай байсан. Цайндаа орох гээд гэртээ иртэл манай эхнэрийн 2 найз нь архи авч ирсэн ууцгааж байсан. Тэгэхээр нь би эхнэрээ ганц нэг цохьсон. гэх мэдүүлэг,
3.Хохирогч У.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: ... 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байж байхад 14 цагийн орчим манайд Энхтуяа, Наранцэцэг гэх хүмүүс 0,5 литрийн архи, 2 литрийн пиво бариад орж ирсэн. Пиво болон архи уугаад сууж байхад манай нөхөр П.Жанцаа гаднаас орж ирсэн. Орж ирээд “хоол хийсэн юм уу” гэж асуусан. Тэгээд бид нартай хамт суугаад архинаас адилхан уугаад сууж байхад гаднаас Батчулуун орж ирэхдээ нэг шил архи бариад орж ирсэн. Бид нар суугаад юм ярьж байхад Наранцэцэг гараад явсан араас нь Энхтуяа, удаагүй Батчулуун гарсан. Манай нөхөр надад “хоол хийхгүй чи сав л хийвэл архи уучих юм, мод түлээ байхгүй байхад пизда чинь” гээд толгой руу болон миний гар луу цохиод байхаар нь архи уучихсан юм чинь нүүр ам луу цохьчих юм болов уу гэж бодоод байрныхаа тагтан дээр гараад сууж байхад гэнэт тагтаар доошоо буумаар санагдаад хөлөө давуулахад тагтны доод талын төмөр харагдахаар нь би сараалжин төмрийг даваад доод талын төмөрнөөс бариад зүүгдсэн. Тэгээд доошоо харахад манай угаадас асгадаг хэсэгт хөлдүү мөс байсан би харж байгаад гараа тавиад гадаа унахад зүүн гараа дараад унасан. Би хэсэг сууж байгаад босоод гэр лүүгээ орсон. Намайг босоход манай охин хажууд ирээд гэр лүүгээ орсон. Манай нөхөр намайг тагтнаас түлхээгүй. Тагтнаас зүүгдсэн байхад миний гар дээр гишгэж доошоо унагаасан асуудал байхгүй.
2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр архи уучихаад гэртээ ороход манай нөхөр гэртээ байсан. Би архи уучихсан байсан чинь нутгийн гэх хүнтэй архи аваад гэрт ороод нөхөр бид 3 архи уусан. Тэгээд нөгөө залуу нь гараад явсан хойно манай нөхөр манай ээж болон манай гэр бүлийнхнийг доромжлоод “хүн чанар муутай хүмүүс, ах дүүгээ гэсэн сэтгэлгүй” гээд хэл үгээр доромжлоод” хувцас бас зарсан талаар ярьж байгаад миний нүүр лүү нэг удаа цохисон. Дараа өдөр нь миний нүүр хөхөрч хавдсан байсан. Би гэрээс гарахдаа нүдний шил, маск зүүж явсан.
2017 оны 07 дугаар сарын сүүлээр Дархан-Уул аймаг Дархан суманд өөрийн хадам ээж Пүрэвжавынд гэр бүлээрээ очоод байж байхад манай нөхөр өдөр архи уугаад намайг хэл үгээр доромжлоод байхаар нь би гадуур хэсэг явж байгаад хадмынд орохоосоо өмнө жижиг архи аваад жижиг ундааны саванд хийгээд унтахаасаа өмнө уугаад унтдаг юм уу гээд орон дотроо архи ууж байхад манай нөхөр босч ирээд миний ууж байсан архийг авч хадам ээжид өгөх шиг болоход манай нөхөр над руу дайрч “орон дотроо архи уулаа пизда” гээд миний толгой руу 1-2 удаа цохиод татаж босгож ирээд намайг нааш цааш нь хана руу түлхээд байсан. Дараа өдөр нь миний бие өвдөж хавдаагүй. Өөрөөр надад гар хүрч байгаагүй. Манай нөхөр согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг. Дуу муутай архи уусан үедээ их хорон байдлаар хэл үгээр доромжилдог. Дотроо бодож явдаг зүйлээ гаргаад байдаг юм шиг байгаа юм. Байнгын гичий, жингэр гэж хараадаг. Намайг цохих болгондоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 30,31-р ху/,
4. Хохирогч У.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дахин өгсөн: ...Би яг хэдэн он гэдгийг сайн санахгүй байна. Одоогоос 5-6 жилийн өмнө манайд Бат-Орших ороод ирчихсэн бид нар мах чанаж идэж байхдаа махны даруулга гээд архи ууж байсан. Тэр үед Бат-Орших сандал дээр суугаад нөхөр бид 2 орон дээр суугаад мах, архиа голдоо сандал дээр тавиад юм ярьж сууж байгаад би нөхрийн урдуур гараад цаашаа нь яах ч гэж юм бэ гарах гэж байгаад архинаас болсон уу сууснаас болсон уу тэрхэн зуур толгой эргээд арагшаа нөхрийн дээр хойшоо налаад унахад нөхөр бид 2 орон дээр хойшоогоо хамт хэвтсэн. Би инээж босч ирээд цаашаагаа явж байгаад ар нуруунд сэрвэгнээд байхаар нь гараараа дарж үзэхэд миний нуруунаас цус гарсан байсан. Тухайн үед би нөгөө мах идэж байсан хутгыг нь угааж архиар ариутгаад махан дээрээ тавиад нуруунд шалбарсан хэсгээ лент тавиад жаахан архи уугаад өнгөрсөн. Миний биеэс их цус гараад хувцас хунар урагдаагүй. Хутганы жаахан үзүүр орсон болохоор биед сорви үлдээгүй. Модоор миний гарыг цохиж хугалсан асуудал байхгүй. Сүүлд явсан хэрэг явдлын үеэр байрныхаа тагтан дээрээс л унаж гараа хугалсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн муу зуршлаас болж нөхөртөө зодуулсан болохоор бусдаас буруу хайхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 33-34-р ху/,
5. Хохирогч У.Оюун-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... П.Жанцаа 2017 оны 07 дугаар сард нутаг руугаа яваад ирсэн. Тэгээд буцаж ирээд намайг дагуулж явах гээд ирсэн. Бид хоёр тэр өдөр уугаагүй байхдаа ялихгүй зүйлээс болоод жаахан маргалдсан байсан. П.Жанцаа жаахан уусан байсан. Тэгэхээр нь янз бүрээр хэлэх байх гэж бодоод хүүхдүүдээ дагуулаад парк дээр тоглуулж байгаад нэлээн орой гэртээ ирсэн. Гэртээ орж иртэл П.Жанцаа унтаж байгаа юм шиг харагдсан. Тэгэхээр нь би 100 грамм архийг жижигхэн ундааны саванд хийгээд унтахдаа ууя гээд цүнхэн дотроо хийгээд орны хажууд тавьсан байсан. Унтах гэтэл нойр хүрэхгүй байхаар нь нөгөө архиа гаргаж ирээд ууж байтал нөхөр маань намайг татаж босгож ирээд 2-3 удаа цохьсон. 2017 оны 11 дүгээр сарын 2-нд П.Жанцаагийн найз нь гэх хүн манайд орж ирээд уусан. Тэгээд удалгүй тэр хүн гараад явсан. Бид хоёр үлдсэн архиа хувааж уугаад хоорондоо маргасан. Тэр үед нэлээн ширүүн цохьсон. 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр П.Жанцаа ажилтай байсан. Маргааш нь 1 дэх өдөр болох тул хүүхдүүдээ усанд оруулаад байж байтал манай хоёр найз ороод ирсэн. Тэр хоёр орж ирээд “ганц юм уучих уу” гэхээр нь би дугараагүй. Тэгээд тэр хоёр 1 шил архи 1 пиво авч ирээд манай ширээн дээр тавиад бид нар дөнгөж 1, 1 хундага уугаад сууж байтал П.Жанцаа орж ирсэн. Бид нар нийлээд уугаад сууж байтал манай нөхөртэй хамт ажилладаг Батчулуун гэдэг ах бас 1 шил архи барьж орж ирсэн. Ингээд бид нар ууж байгаад манайд ирсэн хүмүүс гараад явцгаасан. Хүмүүс гараад явсны дараа нөхөр маань намайг янз бүрээр хэлээд байхаар нь болкон дээрээ гарч суугаад байгаад доошоо хартал буучихаар юм шиг харагдсан. Тэгээд доошоо арай хийж буугаад Жанцааг гэрээс гарсны дараа гэртээ орсон. Тэгээд байж байтал манай дүү орж ирээд намайг алгадаад “нөхөр чинь хаана байна яагаад дандаа танд гар хүрээд байдаг юм” гээд гарсан. Тэгтэл цагдаа нар ирээд П.Жанцааг аваад явсан байсан. Нөхөр П.Жанцаа бид хоёр хүүхдүүдийн хамт ам бүл 4-үүлээ Бугант тосгонд амьдардаг. Ойр дотны ах дүү хамаатан садан байхгүй. Манай нөхөр архи уучхаараа жаахан эвгүй яриатай болчихдог. Тэрэнд нь бухимдаад уусан үед нь хамт уух тохиолдол байдаг. Намайг архи уудаг болоход нөлөөлсөн олон зүйл байгаа. Би өөрөө ажил хийдэггүй болохоор тэр хавийн таньж мэддэг ажилгүй эмэгтэйчүүд архи бариад ороод ирдэг. Нөхөр маань гэрээсээ гадуур архи уугаад яваад байдаггүй. Намайг зодсон гэх 3 удаагийн үйлдэлд би дандаа архи уусан байдалтай байсан. Би одоо ахиж архи уухгүй байхыг хичээнэ. Нөхөр маань ч гэсэн надад гар хүрэхгүй байх гэж найдаж байна. Одоо манай гэр бүлээс нөхөр маань л ажил хийж ар гэрээ авч явдаг. Нөхөр маань удаан хугацаагаар хорих ял авбал бид амьдрахад хэцүү болно. Тиймээс нөхөрт маань хорих ял оноохгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү. ...гэх мэдүүлэг,
6.Гэрч Э.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: ...Би 2017 оны 11 дүгээр сарын 12-ны урд өдөр архи уусан байсан. Уг өглөө босоод манай нөхөр айл руу явсан. Миний бие муу шартаад байхаар нь нэг шил архи, нэг пиво аваад гэр лүүгээ орох гэж байхад надтай Наранцэцэг эгч таарахаар нь “ганц татах уу” гэхэд “тэгье” гэхээр нь гэртээ ороод уух гэхээр хүүхдүүд байсан болохоор нь тэгвэл урагшаа Оюун-Эрдэнийд ороод уучихъя гээд бид 2 Оюун-Эрдэнийд ороод архи ууж байхад П.Жанцаа ах цайны цаг гээд гэртээ орж ирсэн. Бид нар бөөндөө суугаад архи тойруулаад байж байхад гаднаас манай нөхөр Д.Батчулуун орж ирээд бид нар нэг тойруулж архи уухад Наранцэцэг эгч түрүүлээд гарсан. Би мөн адил удаагүй араас нь гарсан. Би гэртээ орж ирэхэд 15 цаг өнгөрч байсан. П.Жанцаа, У.Оюун-Эрдэнэ нарынхаар тэр үед л анх удаа гэрээр нь орж архи уусан. Урьд нь гэртээ орж байгаагүй. Тухайн үед архи ууж байгаагүй. Хамгийн тохиромжтой тэднийх юм шиг санагдсан. Би У.Оюун-Эрдэнэ эгчтэй урд нь харьцаж байгаагүй. Энэ жил ойн цэвэрлэгээнд хамт явж анх удаа харьцаж үзсэн. Хөдөлмөрч хэлэх юм аа хэлчихдэг, шударга хүн шиг санагдсан. Хүн болгонтой жигд харьцаж чаддаг. Хэн нэгнийг ялгаад байдаггүй. П.Жанцаа нь манай нөхөртэй хамт нэг байгууллагад ажилладаг. Ажилдаа сүрхий хариуцлагатай хүн шиг санагдсан. П.Жанцаа нь У.Оюун-Эрдэнийг зоддог эсэхийг мэдэхгүй. Үр хүүхэд болон гэр бүлдээ дарамт үзүүлдэг эсэхийг мэдэхгүй. У.Оюун-Эрдэний биед гэмтэл бэртэл учирсан байхыг харж байгаагүй. Нэг их таараад байдаггүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 35-р ху/,
7.Гэрч Д.Батчулууны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...Би 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр айлд юм хийж өгөөд хариуд нь архи аваад хамт ажилладаг П.Жанцаагийндаа тамхи ороох санаатай ороход У.Оюун-Эрдэнэ, Наранцэцэг, манай эхнэр Туяа, П.Жанцаа нар нь архи уугаад сууж байсан. Намайг ороод удаагүй байхад Наранцэцэг гараад явсан. Тэдний ууж байсан архи дуусахаар нь өөрт байсан архиа гаргасан. Тэгээд миний гаргасан архийг ууж дуусаад бид нар П.Жанцаагийн гэрээс гарсан. Бид хоорондоо ямар ч маргалдах зүйлгүй байж байгаад салцгаасан. П.Жанцаатай нэг байгууллагад ажилладаг гэдгээр мэднэ. Ажил сайн, хөдөлмөрч гэдгийг нь мэднэ. Надтай байхад аашилж ундууцаад байдаггүй. У.Оюун-Эрдэнийг сайн хэлж мэдэхгүй. П.Жанцаа нь У.Оюун-Эрдэнийг зоддог эсэхийг мэдэхгүй. Үр хүүхэд болон гэр бүлдээ дарамт үзүүлдэг эсэхийг мэдэхгүй. У.Оюун-Эрдэний биед гэмтэл бэртэл учирсан байхыг харж байгаагүй. Нэг их таараад байдаггүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 37-р ху/,
8. Гэрч Л.Наранцэцэгийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ... Би 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрээсээ гараад байрны гадаа Туяатай таарсан. Туяа гартаа 0,5 литрийн архи, 2 литрийн пиво барьсан явж байсан. Тэгээд надад “эгч татах уу” гэхээр нь дагаад Жанцаагийн гэрт ороход У.Оюун-Эрдэнэ гэртээ охинтойгоо байсан. Бид нар архи, пиво уугаад сууж байхад Батчулуун орж ирээд араас нь П.Жанцаа ажилтай байж байгаад цайгаа уухаар гэртээ орж ирсэн. Би архинаас нь 2 татаад гэрээс нь гарсан. Намайг гарахад У.Оюун-Эрдэнэ, Батчулуун, Туяа, Жанцаа нар үлдсэн. Дараа өдөр нь У.Оюун-Эрдэнэ нь гараа гэмтээсэн надтай таарсан. П.Жанцаатай маргалдаад гэрийнхээ тагтнаас унасан гэж хэлсэн. Яаж унасан болохоо хэлээгүй. У.Оюун-Эрдэнэ бол хааяа нэг уучихсан надтай таарч байсан. П.Жанцаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай таарч байгаагүй. Тэдний амьдралыг сайн мэдэхгүй. Урд нь харьцаж байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх 39-р ху/,
9. Насанд хүрээгүй гэрч О.Нандин-Эрдэнийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ ээж, дүү нарын хамт байж байхад гаднаас Наранцэцэг, Энхтуяа эгч нар 1 шил архи, 1 том пиво барьж орж ирээд манай ээжтэй хамт хувааж уусан. Удаагүй араас нь манай аав П.Жанцаа цайндаа ирээд байж байхад араас нь Батчулуун ах орж ирсэн. Тэд нар архи ууж байгаад Наранцэцэг эгч гараад явсан хойно Энхтуяа эгч “бие засна” гэж хэлж гараад орж ирээгүй. Араас нь Батчулуун ах гарсан. Аав гэрт байсан, ээжийг зодоогүй. Аав ээжийг “битгий архи уугаад бай” гэж загнаж байгаад гараад явсан. Тэгсэн ээж тагтан дээр гараад хэсэг байж байгаад нэг мэдсэн чинь тагтан дээрээс унасан байсан. Манай аав, ээж 2 согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ зүгээр байдаг. Харин согтууруулах ундаа уусан үедээ бие бие рүүгээ хараалын үг хэлээд хоорондоо хэрэлдээд байдаг. Тэгээд аав хааяа ээжийг цохьдог. Хэзээ цохиж байсан гэдгийг санахгүй байна. Дархан-Уул аймагт ээж орон дотроо ундааны саванд архи хийж уугаад байхаар нь эмээ тэрийг нь гаргаад асгасан. Тэгээд аав уурлаж босч ирээд ээжийг 2-3 удаа нүүр хүзүү орчим цохисон. ...гэх мэдүүлэг, /хх 41-р ху/,
10.Насанд хүрээгүй гэрч О.Жавхлангийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ... 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ ээж, дүү нарын хамт байж байхад гаднаас Наранцэцэг, Энхтуяа эгч нар 1 шил архи, 1 том пиво барьж орж ирээд манай ээжтэй хамт хувааж уухаар орж ирсэн. Тэгэхээр нь би гадаа Мөнхбаяр гэх найзтайгаа тоглохоор гарсан. Би гадаа чаргаар тоглож байгаад гэр лүүгээ харьж яавахад манай байрнаас тэндээс нэг эмэгтэй “авраарай” гээд орилоод байсан. Би тоглож байхад Мөнхбаяр “танай ээж чинь тагтан дээрээсээ дүүжлэгдсэн байж байгаад газар уначихлаа, газар тавиад эмнэлэг орох уу” гэхээр нь “яах юм” гэж хэлсэн. Би чаргаар тоглож байгаад гэртээ орсон. Гэртээ ороход манай ээж ганцаараа зүүн гараа даавуугаар ороочихсон сууж байсан. Манай аав, ээж 2 согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ зүгээр байдаг. Харин согтууруулах ундаа уусан үедээ бие бие рүүгээ хараалын үг хэлээд хоорондоо хэрэлдээд байдаг.Намайг байхад болон миний мэдэхээр манай ээжийг зодож байгаагүй. Бид нарыг ч гэсэн зодож байгаагүй. Мөнгө надад өгдөг, заналхийлж байгаагүй, намайг зодохгүй гэж амлаж байсан. ...гэх мэдүүлэг, /хх 42-р ху/,
11.Насанд хүрээгүй гэрч Г.Мөнхбаярын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ... 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гадаа байрны найз болох Жавхлангийн хамт чаргаар тоглож байгаад урд хороолол орж тоглосон. Тэгээд тэндээсээ хойшоо байрлуу явж байхад манай байрны 2 давхрын тагтан дээрээс нэг эмэгтэй хүн дүүжлэгдээд байж байсан. Сайн харсан чинь Жавхлангийн ээж нь дүүжлэгдээд аав нь тагтан дээрээ зогсож байсан. Жавхлангийн ээж нь орилоод байх шиг байсан. Харин аав нь тагтан дээрээ зогсоод татахгүй хоорондоо юм яриад байх шиг байсан. Тэгэхээр нь би сандраад Жавхланд “танай ээж чинь тагтан дээрээ байна, чи очиж аваач ээ” гэхэд “яадаг юм бэ” гээд тоохгүй цаашаа чаргаа түрээд явсан. Намайг харж байхад Жавхлангийн аав нь ээжийнх нь гар дээр гишгэх шиг болоход Жавхлангийн ээж нь тагтан дээрээс доошоо харж биеийнхээ хажуу талаар унах шиг болсон. ...гэх мэдүүлэг, /хх 43-р ху/,
12. Гэрч Ё.Сэлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ... 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байж байхад манай гэрт доод айлын охин Нандин-Эрдэнэ орж ирээд “аав ээжийг зодоод байна, та хурдан гэрт ороод өгөөч” гэхээр нь би “эгч нь орж чадахгүй” гэж хэлээд гараад Бугант гол ХХК-ний хашаанаас мод зөөхөөр явсан. Намайг гэрээсээ доошоо бууж байхад Жанцаагийн гэрээс ямар нэгэн хүн орилж зодолдож байгаа чимээ сонсогдохгүй байсан. Би мод аваад гэр лүүгээ алхаж байхдаа өөрийн байр луу харахад У.Оюун-Эрдэнэ байрныхаа тагтныхаа доод талын бетоноос байсан уу төмөрнөөс байсан уу мэдэхгүй 2 гараараа дүүжлэгдээд байж байхад нөхөр нь дээрээ хараад чанга чанга дуугараад хэрэлдээд байх шиг байсан. Би хүнд мод чарган дээр чирээд явж байсан болохоор дахиж хараагүй. Тэгээд модоо орцны гадаа тавиад буцах гэхэд Нандин-Эрдэнэ орцноосоо гүйж гарч ирээд “аав ээжийн гар дээр нь гишгээд газар уначихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэр лүү нь орохоос айгаад У.Оюун-Эрдэний дүү Оюунтуяа руу залгаж энэ тухай хэлээд У.Оюун-Эрдэний гэрт нь ороод хоол хийж өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх 44-р ху/,
13. Гэрч М.Батцацралын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...Би Бугант тосгонд амьдраад 30 гаруй жил болж байна. Харин П.Жанцаа, У.Оюун-Эрдэнэ нарын хөрш болоод 10 гаруй жил болж байна. Манайхыг энэ байранд ороход 1 байна уу 2 жилийн өмнө П.Жанцаа, У.Оюун-Эрдэнэ нар нь ирээд амьдарч байсан. Ам бүл 5-лаа. Том хүү нь тусдаа гараад явсан. Одоо 2 хүүхэд нь сургуульд сурдаг. П.Жанцаа уурын зууханд галчаар ажилладаг. У.Оюун-Эрдэнэ ямар нэгэн ажилгүй гэртээ хүүхдүүдээ хараад байдаг. П.Жанцаа, У.Оюун-Эрдэнэ нартай хааяа нэг таардаг. Нөхрийнх нь хувьд миний бодлоор дуу муутай хүн шиг харагддаг. П.Жанцаа, У.Оюун-Эрдэнэ нар нь надтай бол согтуу таарч байгаагүй. Харин надтай таараагүй үедээ ямар байдгийг мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх 46-р ху/,
14. Гэрч П.Эрдэнэчулууны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ... П.Жанцаа, У.Оюун-Эрдэнэ нар 10 гаруй жилийн өмнө 2 хүүхэдтэй ирээд дахиад нэг хүүхэдтэй болсон. Том хүү нь тусдаа гараад явсан. П.Жанцаа уурын зууханд галчаар ажилладаг. У.Оюун-Эрдэнэ ямар нэгэн ажилгүй гэртээ хүүхдүүдээ хараад байдаг. П.Жанцаа, У.Оюун-Эрдэнэ нар нь намуухан тайван хүмүүс. Янз бүрийн ааш зан байхгүй. 2-лаа алдаг оног уудаг байсан. Сүүлийн хэдэн жил эхнэр нь архи илүү уух болсон. П.Жанцаа нь хааяа нэг уудаг. Харин эхнэр нь дэндүү архи уудаг. Сүүлийн үед эхнэртээ гомддог юм уу яадаг юм. Уучихаад 2-лаа маргалдаад байдаг юм шиг байгаа юм. П.Жанцаа нь Оюун-Эрдэнийг зоддог эсэхийг мэдэхгүй. Уул нь дөлгөөхөн тайван хүн. Хүүхдээ өмөөрөөд гар хүрдэггүй хүн эхнэртээ гар хүрсэн гэхээр гайхаад байх юм. Би Жанцаатай хамт архи ууж байсан. Тэр үед ааш зан нь хэвийн л байдаг. Яагаад эхнэртээ аашилж уурлаж байдгийг мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх 48-р ху/,
15. Гэрч Г.Батсүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ... П.Жанцаа, У.Оюун-Эрдэнэ нар нь ам бүл 4-лээ гэж явдаг. Бага насны 2 хүүхэдтэй. П.Жанцаа нь “Бүрэн дулаан” уурын зууханд галчаар ажилладаг. Өрхийн орлого нь 300,000 төгрөг. Нөхрийн цалингаар л амь зуудаг. Нөхрийнх нь ажил улирлын чанартай байдаг. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар харьцангуй бага хэрэглээтэй түвшинд тооцогдсон учраас хүнс тэжээлийн талонд хамрагдах боломжгүй. П.Жанцаа нь Дархан-Уул аймгаас ирсэн гэдгээр нь мэднэ. Анх манай тосгонд ирэхдээ л эхнэр, нөхөр гээд ирж байсан. Нөхөр нь нэг их ууж харагдаж байгаагүй. Би ажилд ороод 7 гаруй жил болж байна. Намайг ажилд ороход л У.Оюун-Эрдэнэ архи уудаг, 2 хүүхдээ хайхардаггүй гэж ярьдаг байсан учраас эрүүл мэндийн төвөөс У.Оюун-Эрдэнийг архинаас гаргах арга хэмжээ авч ажиллаж байсан. ...гэх мэдүүлэг, /хх 49-р ху/,
16. Гэрч Н.Оюунчимэгийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...Жавхлан, Нандин-Эрдэнэ нар манай ангид сурдаг. Нэг гэрийн 2 хүүхэд байгаа юм. Жавхлан, Нандин-Эрдэнэ нарын гэр бүлийн байдал тааруу, аав ээжээс нь хүүхдүүддээ тавих хяналт, анхаарал халамж сул болохоор сурч боловсрохдоо муу. Би гэрт нь 2 удаа ёч очсон. 2-ланд нь ээж Оюун-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Гэрт нь сурч боловсрох нөхцөл, байдал бүрдэхэд хэцүү санагдсан. Жавхлан, Нандин-Эрдэнэ нартай ганцаарчлан уулзаж байсан. Миний бодлоор Жанцаа нь амьдрах гээд яваад байдаг юм болов уу гэж боддог. Согтууруулах ундаа хэрэглэсэн явж байхыг хараагүй. Хэрэг явдлын талаар сонсож байсан зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх 51-р ху/,
17. Гэрч Ц.Оюунтуяагийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байж байхад над руу Сэлэнгээ эгч залгаад “танай эгч У.Оюун-Эрдэнийг тагтан дээрээс нөхөр нь унагаасан гэж байна, чи очооч” гэж надад хэлсэн. Би шууд эгчийнхээ гэрт ирэхэд эгч У.Оюун-Эрдэнэ дуугарч чадахгүй, гараа даавуугаар боосон, хэвтэж байсан. Би юу болсон талаар эгчээсээ асуухад “өөрөө уначихсан ,зүгээр ээ яагаа ч үгүй” гэж хэлсэн. Харин охин Нандин-Эрдэнэ “аав түлхэж унагаасан” гэж хэлсэн. Тэгэхээр нь эмнэлэгт хүргэж өгөөд цагдаа дээр өөрийн биеэр ирж мэдэгдсэн. Болсон явдлын талаар биеэр хараагүй. 2017 оны 05 дугаар сард эгчтэйгээ хамт байхад надад зовлонгоо яриад архи уухаараа зодуулдаг талаараа хэлж байсан. Тэр үед нүүр нь хавдаж хөхөрсөн байсан. Тэрийгээ архи ууж яваад унасан гэж хэлсэн. Одоо болохоор нөхрөө хамгаалаад өмөөрөөд байгаа. Би яг хэзээ зодуулж байсанг нь мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх 52-р ху/,
18. Гэрч Д.Баярсайханы 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...Намайг ажилтай байхад цагдаа дээр өөрийн биеэр Ц.Оюунтуяа ирээд “манай эгч У.Оюун-Эрдэний нөхөр Жанцаа нь гэрийнхээ 2 давхрын тагтан дээрээс түлхэж унагаасан”гэж гомдол гаргаж ирсэн. Би юу болсон талаар сонсоод “эгчийг нь хаана байна” гэхэд “эмнэлэг дээр үзүүлж байгаа” гэхээр нь Бугант тосгоны эмнэлэг дээр очиход У.Оюун-Эрдэний зүүн гар нь хугарсан байдалтай өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. У.Оюун-Эрдэнээс юу болсон талаар асуухад “би өөрөө унасан юм, манай нөхөр намайг тагтан дээрээс түлхээгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь Оюун-Эрдэний нөхрийн ажил дээр очиход П.Жанцаа нь согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн байдалтай галчийн үүрэг гүйцэтгэж байсан. Нөхөр Жанцаагаас юу болсон талаар асуухад “манай эхнэр тагтан дээр согтуу гарчихаад орохгүй байхаар нь би татаж дийлээгүй, нэг харсан чинь цаашаагаа төмөр тор даваад цаана нь гараад зүүгдчихсэн байхаар нь би татаж дийлэхгүй, эхнэр доошоо унасан” гэж хэлсэн. П.Жанцааг цагдаагийн хэсгийн албан өрөөнд авчирсан. ...гэх мэдүүлэг, /хх 54-р ху/,
19. Гэрч П.Цэцэгсайханы 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...Надад хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй. Хоорондын таарамжгүй харьцаа байдаг эсэхийг мэдэхгүй. Харин би ахыгаа яаж амьдарч байгааг мэдэхээр 5 гаруй жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд очиж 7 хоноход манай бэр Оюун-Эрдэнэ хүн ирлээ гэж ичиж санаа зовохгүй, өглөө гараад орой согтуу орж ирдэг. Байнга л согтуу байж байдаг. Манай ах ажилсаг, хөдөлмөрч амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй, хөдөлмөрлөж байдаг. Дуу муутай, даруу зантай, хүнтэй эвсэг хүний үгэнд оромтгой болохоор эхнэр Оюун-Эрдэнэ элэг бариад дээрэлхээд архи байнга ууж байдаг. ...гэх мэдүүлэг, /хх 56-р ху/,
20. Гэрч Т.Пүрэвжавын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...Би гэртээ байж байхад манай хүүхэд гэр бүлийн хүмүүсээ аваад ирсэн. Тэр өдөр Оюун-Эрдэнэ 2 хүүхдээ дагуулж гараад хэсэг байж байгаад орж ирсэн. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байсан. Манай бэр гаднаас 2 хүүхдээ дагуулж орж ирээд унтахаар болоход Оюун-Эрдэнэ охинтойгоо хэвтээд бид нар зурагт үзээд хэвтэж байхад манай ач охин Нандин-Эрдэнэ надад “манай ээж орон дотроо архи уугаад байна” гэж хэлэхээр нь би өөрийн хүү Жанцаад “манай охин, эхнэр чинь архи уугаад байна” гэж хэлэхэд манай хүү очоод хөнжлийг нь сөхөөд жижиг ундааны саванд архи хийчихсэн ууж байсныг нь аваад шидэхээр нь би аваад асгах гэхэд Жанцаа эхнэрийнхээ хаашаа гэдгийг нь мэдэхгүй 2 удаа цохиод “нөхөр чинь архи уухгүй, байхад чи уулаа” гэж уурласан. Манай хүү өөрөө эхнэртээ гарсан хүрсэн талаар хараагүй, сонсоогүй. Жанцаа нь ажилсаг хөдөлмөрч, элдэв янзын ааш авир байхгүй. Энгийн найрсаг, танихгүй хүнтэй мэндийн зөрүүтэй, ду муутай л байдаг. Хүүхэд байхын даруухан гэр амьтай байсан, Одоо болтол хэвээрээ байгаа. Эхнэр нь архи уугаад байдаг болохоор гэр бүлийн таагүй харьцаа үүсдэг байх. Эмэгтэй хүн гэдэг чинь айл гэрийг авч явж, өнгөтэй өөдтэй явуулна. Тэгэхэд манай бэрд хэлэх юм байхгүй. Байнга архи ууна. ...гэх мэдүүлэг, /хх 59-р ху/,
21. Гэрч Д.Бат-Оршихийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...Би У.Оюун-Эрдэнэ, П.Жанцаа нартай 2007 оноос хойш айл хөрш амьдарч байна. У.Оюун-Эрдэнэ бие муутай гэртээ хүүхдүүдээ хараад байж байдаг. Жанцан бид 2 нэг бригад болж хувиараа гар аргаар ашигт малтмал олборлож, амьдрал ахуйгаа авч явдаг байсан. Жанцан бид 2 жаахан юм олохоороо хоол унднаасаа илүүчлээд Оюун-Эрдэнэтэй хамт архи дарс, ууж иддэг үе байсан. У.Оюун-Эрдэнэд мөнгө авчираад өгдөг, түүгээр нь хоол унд авахаасаа илүү архидаад л дуусгачихдаг, 2 хүүхэд нь өлмөн, зөлмөн л байдаг байсан. У.Оюун-Эрдэнэд архи амсуулчихвал хэд хоног ч хамаагүй, мөнгө төгрөгөө дуусгаад, дэлгүүр хоршоонд өр тавиад уучихдаг. гэх мэдүүлэг, /хх 60-р ху/,
22.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн № 366 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.У.Оюун-Эрдэнийн биед биеийн доргилт, зүүг шуу яс хугарсан, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 63-р ху/,
23.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн № 15 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.2017 оны 07 дугаар сарын 26-нд учирсан гэх гэмтэлд тухайн үед эмнэлэгт үзүүлсэн бичиг баримт байх байсан тул гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй.
2. 2017 оны 11 дүгээр сарын 02-нд учирсан гэх гэмтэл нь тухайн үедээ үүссэн гэдгийг тогтоох боломжгүй. Эмнэлгийн байгууллагад 2017 оны 11 дүгээр сарын 13-нд үзүүлсэн нь 2017 оны 11 дүгээр сарын 02-нд гэмтсэн гэдгийг нотлох боломжгүй. гэх дүгнэлт /хх-ийн 69-р ху/,
Шүүгдэгч П.Жанцаагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 94-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 24-25-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-27-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 64,69-70-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх 72-74-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 75-76-р ху/, хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 94-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 97-р ху/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 95-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Шүүгдэгч П.Жанцааг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт эхнэр У.Оюун-Эрдэнийг орондоо архи уулаа гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь халдаж зодсон, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн ноосон цамцыг дэлгүүрт тавьж архи уулаа гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь халдаж зодсон, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны 5-2-19 тоотод согтуугаар хэл амаар доромжилж, хоол хийсэнгүй гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь халдах зэргээр гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүй, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно..
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шон хороонхон овогт Пүрэвжавын Жанцааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхийн хүнийг байнга зодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Шон хороонхон овогт Пүрэвжавын Жанцааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчийг оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Шүүгдэгч П.Жанцаа нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Шүүгдэгч П.Жанцаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН