Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар   2023/ДШМ/644

 

    

 

 

 

Э.Бод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/239 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол гаргасныг үндэслэн түүнд холбогдох 2203007200030 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

....тоотод оршин суух хаягтай,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/1760 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдэж байсан.  

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 06 цаг 05 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү-2222 хорооллын зүүн талд Тоёота Камри маркийн 0000 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.5 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан Тоёота Приус 20 маркийн 0000 УБУ дугаартай тээврийн хэрэгсэл осолдож тус тээврийн хэрэгслийн жолооч Н.О, зорчигч У.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Э.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хугацаагаар хасаж, нэг жил гурван сар найм хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор шийтгэсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил гурван сар найм хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/1760 дугаар шийтгэх тогтоолоор шийтгэсэн ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 22 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бод шийтгэсэн 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдпээгүй үлдсэн хугацааны 1  хоногийг хорих ялын 1 хоногоор солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж, Э.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.О, У.Э нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан үеийн цалин, тэдгээртэй адилтгах орлогын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын 2 дугаар хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бод шийтгэсэн 03 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж" гэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулсан байна. Учир нь миний бие өмнө нь хоёр удаагийн зүрхний шигдээс болж байсан бөгөөд Улсын 3 дугаар эмнэлэг болон 2 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эмчийн байнгын хяналтанд байдаг билээ. Гэтэл Улсын 2 дугаар эмнэлэг нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байдаг бөгөөд Баянгол дүүргээс явах болоход Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр нэвтрэн өнгөрөх болоод байна. Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 207 дугаар байрны 46 тоотыг түрээсэлдэг билээ. Ажлын байрны хаяг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ...дүгээр хороо, .. оффис 11 тоот. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байгаа тул одоогоор Баянгол дүүргийн хилийн зурвас зөрчсөн эсэх дээр маргаан гараагүй байна.

Иймд зорчих эрх хязгаарлах ялыг минь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг болгон өөрчилж өгнө үү. Учир нь одоогоор миний зүрхний пүлс 43,5 бөгөөд зүрх зогсох, шигдээс болоход анхан шатны тусламж болон эмнэлэгт хүргэгдэх хугацаа 15-20 минутанд авахгүй бол нас барах аюултай. Мөн дээрх хоёр эмнэлэгт байнгын хэвтэн эмчлүүлэх, үзлэгт орох шаардлагатай байгаа зэрэг нөхцөл байдлыг минь хүлээн авна уу.

Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд биеийн өвчний улмаас ийнхүү гомдол гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхэд эмнэлгийн байнгын хяналтад байдаг, шүүгдэгчийн Сүхбаатар дүүрэгт ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх ажлын газрын тодорхойлолт, Хан-Уул дүүрэгт орон сууц хөлсөлж амьдардаг талаарх 3 баримтыг шинээр гаргаж өгч байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Э.Бод зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялын хүрээг тогтоохдоо Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон. Тухайн хаяг нь миний үйлчлүүлэгчийн эцэг, эхийн хаяг. Гэтэл миний үйлчлүүлэгч нь 2021 оны 5 дугаар сараас хойш эхнэрийн хамт Хан-Уул дүүрэгт амьдарч байгаа. Энэ нь шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтаар нотлогдоно. Мөн шүүгдэгч Э.Б нь Улсын нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт 2022 оны 3 дугаар сард зүрхний хагалгаанд орсон бөгөөд зүрхний эмчийн байнгын хяналтад байдаг. Миний үйлчлүүлэгчийн ажил нь Сүхбаатар дүүрэгт байх бөгөөд энэ ажилдаа дуртай учир цаашид эрхлэх хүсэлтэй. 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан богино хугацаа биш. Хүний амьдрал баялаг учир 3 жилийн хугацаанд ямар нэгэн зүйл тохиолдлоо гэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай холбогдож чадалгүй ял солигдох асуудал үүсэхийг үгүйсгэх боломжгүй учир энэ байдлыг шүүхээс харгалзаж үзэхийг хүсч байна. Иймд миний үйлчлүүлэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, эмнэлгийн тусламж авах эрхээр нь хангаж зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Улаанбаатар хотын хэжээгээр тогтоож өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчид 1 жил 3 сар 8 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/1760 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 08 сар 22 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүнд 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй. Харин зорчих эрхийг хязгаарлах ялыг зөвхөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдаанд прокурорын зүгээс төвийн 6 дүүргийн хүрээнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгч нь эрүүл мэндийн шалтгаантай бөгөөд байнгын эмчийн хяналтад байдаг. Мөн хохирогчийн ажилгүй байх хугацааныхаа цалин хөлсийг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн учир шүүгдэгч нь тодорхой ажил хөдөлмөр эрхлэх шаардлагатай.  Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг төвийн 6 дүүргийн хэмжээнд тогтоох үндэслэлтэй...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Э.Бод холбогдох эрүүгийн 2203007200030 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Э.Бын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ. 

Э.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 6 цагийн орчим  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ...” гэж заасныг зөрчин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Тоёота Камри маркийн 0000 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож, 06 цаг 05 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү-2222 хорооллын зүүн талд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгалд явсан Тоёота Приус 20 маркийн 0000 УБУ дугаартай тээврийн хэрэгслийг осолд оруулж, тус тээврийн хэрэгслийн жолооч Н.О, зорчигч У.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь: 

хохирогч Н.Оын: “...найз Энхсайханы автомашиныг жолоодон найзын хамт “Хүннү-2222” хорооллын зүүн талын замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд 2 дугаар эгнээгээр явж байхад өөдөөс замын 1 дүгээр эгнээнд явж байсан цагаан өнгийн суудлын автомашин гэнэт эсрэг урсгал руу ороод чиглээд ирэхээр нь баруун тийшээ 1 дүгээр эгнээ рүү дарсан боловч машины зүүн хойд хаалга хэсэг рүү мөргөж машин эрчиндээ баруун талаараа унасан. Машин хаазлаад өөдөөс чиглээд ороод ирэхээр нь зугтааж дараад амжилгүй мөргүүлсэн. Тэр машины жолооч 30 орчим насны эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” /1-р хх 16/,

хохирогч У.Энхсайханы: “...зүүн талын нэг талдаа хоёр эгнээтэй замын 2 дугаар эгнээгээр урдаас хойшоо чиглэлд явж байхад хойноос урагшаа чиглэлтэй явж байсан цагаан өнгийн суудпын автомашин хойноос урагшаа чиглэлтэй замын 1-р эгнээнээс гэнэт хажуу тийшээ далийгаад урсгал сөрж ирээд машины зүүн хойд хэсэгт мөргөж, эрчиндээ машин хажуу талаараа унасан...” /1-р хх 19/ ,

Э.Бын яллагдагчаар мэдүүлсэн: “...2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Минт гэх нэртай бааранд найзуудтайгаа хамт байж байгаад 3 шил виски уусан. Өглөө 05 цагийн үед баарнаас гараад машиндаа сууж байгаад, ...нилээн согтчихсон байсан тул юу болсныг сайн мэдэхгүй байна, нэг мэдсэн чинь машинтай мөргөлдчихсөн...” /1-р хх 97/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15729 дугаартай: “...1. У.Энхсайханы биед баруун 9 дүгээр хавирганы хугарал, баруун мөрний эргүүлэгч шөрмөсний урагдал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /1-р хх-35-36/, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15730 дугаартай: “...1. Н.Оын биед ахар сүүлний 1, 2, 3-р нугалмын их биеийн хугарал, хүзүүний 6, 7, бүсэлхийн 5, ууцны 1-р нугалмуудын жийргэвч мөгөөрсний урагдал, ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдпээр буюу авто ослын үед үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алагдуулахгүй..” /1-р хх- 43-44/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай: “...Тоёота Камри маркийн 0000 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Бямбацогт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадпага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 11.5-д “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...Тоёота Приус 20 маркийн 0000 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Н.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна...” /1-р хх-59-60/ гэх мөрдөгчийн магадлагаа,

зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 5-11/,

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “Э.Быг драйгер багаж ашиглан шалгахад 1.86% тоон үзүүлэлт илэрч байна” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 13/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Э.Бын  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ...” 11.5 дахь заалт “...Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэж  тус тус заасныг зөрчиж хохирогч Н.О, зорчигч У.Э нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Э.Бын үйлдлийг зөв зүйлчлэн хэрэглэж, хохирогч нарт учирсан хохирлыг үндэслэл бүхий шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн ялаас анхан шатны шүүх зорчих эрх хязгаарлах ялыг Э.Бод сонгож 1 жил 3 сар 8 хоногийн хугацаагаар оногдуулж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нь,

энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сар 8 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/1760 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 22 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэсэн нь түүний урьд буюу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/1760 дугаар шийтгэх тогтоолоор “...Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон харьяаллын хүрээнд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, энэхүү үйлдсэн гэмт хэргийнх нь улмаас хоёр хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан хэр хэмжээ зэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчиж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршигт болон урьд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн атлаа засарч хүмүүжээгүй дахин Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн хувийн байдалд зэрэгт тохирсон байна.

Түүнчлэн оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Иймд шүүгдэгч Э.Бын гаргасан “...зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг болгон өөрчилж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/239 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ЗОРИГ

     ШҮҮГЧ                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

     ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ