Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/00344

 








    2025        01        24                                     197/ШШ2025/00

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

Нэхэмжлэгч: СБД...байранд байрлах М ХХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: БЗД... тоотод оршин суух Н.Д /РД: 00000000/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 919,573 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Н.Д холбогдуулан 919,573 тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

Н.Д нь М-тай 2020 оны 10 сарын 11-ний өдөр 140000586543 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 00000000 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Н.Д нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 10 сарын 25-ны өдөр 700,000 төгрөгийг сарын 2,7%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй байна.

ББСБ нь Н.Д зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээж, 00000000 дугаар луу өөртэй нь холбогдож хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон ба 2023.01.31-нд 50,000 төгрөг, 2023.09.18-нд 80,000 төгрөг, 2023.12.01-нд 50,000 төгрөг, 2024.01.17-нд 50,000 төгрөг, 2024.09.17-ны өдөр 60.000 төгрөг, нийт 290,000 төгрөг төлсөн байна. Үүнээс 218,577 төгрөгийг зээлийн хүүнд, 71,423 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тус тус тооцож хассан байна. Зээлийн олголт, төлөлтийн тооцооллыг хуулгаар хавсаргав.

2024 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Н.Д үндсэн зээлийн үлдэгдэл 700,000 төгрөг, 2022.10.25-ны өдрөөс 2024.09.17-ны өдрийг хүртэл 692 хоногийн зээлийн хүүгийн 5 үлдэгдэл 211.637 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,936 төгрөг, нийт 919,573 төгрөг төлөх үүрэгтэй байгаа, сайн дураар төлж барагдуулахгүй байх тул нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд: 

Миний бие Н.Д нь Мибифинансаас 919,573 төгрөгийн зээлээс төлөөд 399,573 төгрөг үлдсэн. Нийт 520,000 төгрөг төслөн. Одоо цаашид 399,573 төгрөгийг төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3. Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Зөвшөөрсөн. 520,000 төгрөг төлсөн тул 399,573 төгрөгийг нэхэмжилж үлдэх хэсгээс татгалзаж байна. гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Н.Д холбогдуулан 919,573 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 919,573 төгрөгөөс 520,000 төгрөгийг төлж үлдэх 399,573 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч талууд харилцан тохиролцожээ. 

 

2. Зохигчид ийнхүү эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Н.Д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1. М ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 919,573 төгрөгөөс 520,000 төгрөгийг төлж үлдэх 399,573 төгрөгийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Н.Д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,296 төгрөгийн тал хувь болох 13,648 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13,648 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ      Ж.БАТМӨНХ