Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 221/ШШ2024/0041

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, Ерөнхий шүүгч Д.Баатархүү, шүүгч З.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 801 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С** овогтой Б***,

Хариуцагч: Монголбанкны зээлийн мэдээллийн алба,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Монголбанкны зээлийн мэдээллийн албаны хянан шалгагч М.Т***, Хууль, эрх зүйн газрын мэргэжилтэн Г.Ч*** нарын хоорондын зээлийн мэдээллийн сангийн бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т***, Г.Ч***, иргэдийн төлөөлөгч А.Э***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч С.Б*** нь Монголбанкны зээлийн мэдээллийн албанд холбогдуулан “Монголбанкны зээлийн мэдээллийн санд хууль бусаар бүртгэсэн 6,450,000 төгрөгийн эргэлзээтэй зээлийн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

            2. Нэхэмжлэгч С.Б*** нь 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сан /хуучнаар/-тай АҮ/2015/40 дугаар “Хар тарлан үүлдрийн үржлийн өсвөр үхэр олгож, үржлийн бүтээгдэхүүн нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх гурван талт зээлийг гэрээ”-г байгуулсан. Талууд гэрээний 2.2-т зааснаар “... нийтдээ 3 ширхэг буюу шар тарлан гунж, хар тарлан бяруу гунж, хүрэн бяруу гунжийг 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тоо хэмжээ, мөн насаар нь буцаан авах”-аар, 2.4-т зааснаар “...үүрэг гүйцэтгэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг буюу үржлийн үхрүүдийг үрэгдүүлсэнд тохиолдолд ... нэг бүрийн үнэ 2.150.000 төгрөгөөр төлөх”-өөр тус тус харилцан тохиролцсон.

            Улмаар, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Ажлын албанаас 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 01/1799 дүгээр албан бичгээр Монголбанкны зээлийн мэдээллийн албанд “... зээлийн дэмжлэгт хамрагдаж хугацаа хэтэрсэн нийт 2523 зээлдэгчийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгүүлэхээр” хүргүүлсний дунд нэхэмжлэгч С.Б***ийн нэр орсон.

            3. Нэхэмжлэгчээс Монголбанкны зээлийн мэдээллийн санд 6,450,000 төгрөгийн эргэлзээтэй зээлийн үлдэгдэлтэй хэмээн бүртгэгдсэн мэдээллийг устгуулахаар Монголбанканд хандсан боловч Монголбанкны 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б-17/223, 6 дугаар сарын 10-ны өдрийн Б-10/440 дүгээр албан бичгээр тус тус гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн тул нэхэмжлэгч 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

            4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

            Маргаан бүхий акт дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

            4.1 Нэхэмжлэгч С.Б*** би банкнаас хэрэглээний зээл авахаар хандсан боловч “...таны Монголбанкны зээлийн мэдээлэлд 6,450,000 төгрөгийн эргэлзээтэй зээлийн бүртгэлтэй тул зээл олгох боломжгүй” гэсэн хариуг өгсөн. Ингээд би банк, банк бус санхүүгийн байгууллага болон зээлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаар үйлчлүүлэх эрхгүй болсон байна.

            4.2 Нэхэмжлэгч миний бие 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр АҮ/2015/40 дугаартай “Хар тарлан үүлдрийн үржлийн өсвөр үхэр олгож, үржлийн бүтээгдэхүүн нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх гурван талт зээлийг гэрээ”-г Тариалан эрхлэлтийг дэмжих сантай байгуулж, 2 ширхэг бяруун гунж хүлээн авсан. 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрээний хугацаа дууссан бөгөөд гэрээнд заасны дагуу 2 үхрийг буцааж өгөх гэсэн боловч хүлээн авах газар, албан хаагч олдоогүй. Гэтэл Монголбанкны зээллийн мэдээллийн санд бүртгэлтэй эргэлзээтэй зээлийн мэдээлэл нь энэхүү үхэрний үнэ болохыг мэдэж, Монголбанканд хандсан боловч мэдээллийг устгахаас татгалзсан.

            4.3 Зээлийн мэдээллийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд баримтлах зарчмыг зааж өгсөн. Монголбанк зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хувьд хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “зээлдэгчийн зөвшөөрлийг заавал авсан байх” гэх шаардлагыг биелүүлсэн эсэхийг шалгаж, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх байсан. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д заасан зээлдэгчийн зөвшөөрлийг авсан эсэхийг шалгасны үндсэн дээр мэдээллийг зээлийн мэдээллийн санд бүртгэх бөгөөд 16 дугаар зүйлийн 16.1.3-д “мэдээлэл нийлүүлэгчийн нийлүүлж байгаа мэдээллийн бүрдлийг хянаж, эргэлзээтэй, тодорхойгүй, бодитой бус байж болзошгүй мэдээллийг нягтлан шалгаж, шаардлага хангахгүй бол хүлээн авахаас татгалзах, дахин ирүүлэхийг шаардах” гэж заасны дагуу Монголбанкны зээлийн мэдээллийн алба нь мэдээлэл нийлүүлэгч “Х***” ТӨХХК-ийн хуулийн шаардлага хангаагүй мэдээллийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан.

            4.4 Миний бие “Хар тарлан үүлдрийн үржлийн өсвөр үхэр олгож, үржлийн бүтээгдэхүүн нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх гурван талт зээлийг гэрээ”-ний 3.3-д зааснаар гэрээний хугацаа дуусах үед үүргээ биелүүлж үржлийн үхрийг буцаан өгөх гэсэн боловч “Х***” ТӨХХК хүлээн аваагүй бөгөөд энэ талаар одоог хүртэл хариу өгөөгүй.

            4.5 Иймд хуульд заасан шаардлагыг хангаагүй зээлийн мэдээлэл болох нэхэмжлэгч С.Б*** миний нэр дээрх 6,450,000 төгрөгийн эргэлзээтэй зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн сангаас устгуулж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

            5. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Мөн нотлох баримттай холбогдуулаад зээлийн мэдээллийн сангийн журмыг ирүүлсэн. Тус журмын 1.2.1 дэх хэсэгт Зээлийн мэдээллийн сангийн үндсэн зорилго нь банк банк бус санхүүгийн байгууллагын эрсдэлийг бууруулахад оршино, мөн журмын 1.5 дахь хэсэгт Банк, банк бус санхүүгийн байгууллага банкны өр барагдуулах алба, Эд хөрөнгийн бүртгэлийн алба, Үндэсний татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хөрөнгийн бирж зэрэг газар зөвхөн албан хэрэгцээнд зориулж ашиглана гэж заасан. Хариуцагч талаас Монголбанк нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг этгээд биш гэдэг ч Монголбанканд мэдээлэл нийлүүлэх үүрэг нь Хөдөө аж ахуйн корпорацад байна гээд хоёр талтай юм яриад байна. Монголбанкны зээлийн мэдээллийн алба гээд үйлчилгээ үзүүлдэг байгууллага байдаг. Энэ байгууллагад хандаж хүсэлт гаргасан. Үүнтэй холбогдуулаад Монголбанкны зээлийн мэдээллийн алба шийдвэрлэж өгөөгүй болохоор дээд шатны байгууллага болох Монголбанканд хандсан. Хариуцагч талаас Монголбанк нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд биш, тусгай зөвшөөрөл олгодог этгээд гэж тайлбарладаг. Харин зээлийн мэдээллийн алба нь үйлчилгээг эрхэлдэг гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Зээлийн мэдээллийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “зээлдэгчийн зөвшөөрлийг заавал авсан байх” зарчмыг зээлийн үйлчилгээ үзүүлэх этгээд уг үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагаанд баримтлах зарчим бөгөөд уг этгээд нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг ойлгох тул Монголбанк нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд биш юм. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт “Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, санхүүгийн түрээс /лизинг/-ийн компани, төрийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран Монголбанкны мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгнө” гэж заасан зохицуулалтын хүрээнд Монголбанкны зээлийн мэдээллийн санд тус зээлийн мэдээллийг нийлүүлсэн байна.

            Мөн хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу мэдээлэл нийлүүлэгч нь зээлийн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгаж, бодитой, тодорхой, эх сурвалжид нийцсэн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх, мөн зээлийн мэдээллийг дутуу, алдаатай нийлүүлсэн тохиолдолд түүнийг засах, гүйцээх, нэмэлт оруулах арга хэмжээг нэн даруй авах үүрэг хүлээсэн байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан тариалан эрхлэлтийг дэмжих сантай хар тариалан үйлдвэрийн үржлийн өсвөр үхэр олгож, үржлийн бүтээгдэхүүн нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх гурван талт гэрээ нь Монголбанканд хамааралгүй этгээдүүд хооронд байгуулсан гэрээ байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн мэдээллийг өөрчлөх, шинэчлэх бүрэн эрх нь Зээлийн мэдээллийн тухай хуульд зааснаар Монголбанканд бус зээлийн мэдээллийн санд мэдээлэл өгөх үүрэгтэй мэдээлэл нийлүүлэгч буюу Хөдөө аж ахуй дэмжих сан буюу мал хамгаалах санд олгогдсон. Мэдээлэл нийлүүлэгчийн зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлийн мэдээллийг бүрдүүлэхэд Монголбанкнаас аливаа шийдвэр гаргаагүй байх тул Монголбанкнаас гаргасан шийдвэртэй холбоотой маргаан биш байна. Нэхэмжлэлийн хавсралт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг шаардлагын үндэслэлийг бүрэн нотлоогүй ач холбогдолгүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            7. Иргэдийн төлөөлөгч “Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэнээс асуулгүй зээлийн мэдээллийн санд бүртгэсэн байна” гэх дүгнэлт гаргав.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч С.Б***ээс Монголбанкны зээлийн мэдээллийн албанд

холбогдуулан гаргасан “Монголбанкны зээлийн мэдээллийн санд хууль бусаар бүртгэсэн 6,450,000 төгрөгийн эргэлзээтэй зээлийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

            2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргасан байна. Үүнд:

            2.1 Монголбанк зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хувьд хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “зээлдэгчийн зөвшөөрлийг заавал авсан байх” гэх шаардлагыг биелүүлсэн эсэхийг шалгаж, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх байсан.

            2.2 Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д заасан зээлдэгчийн зөвшөөрлийг авсан эсэхийг шалгасны үндсэн дээр мэдээллийг зээлийн мэдээллийн санд бүртгэх бөгөөд 16 дугаар зүйлийн 16.1.3-д “мэдээлэл нийлүүлэгчийн нийлүүлж байгаа мэдээллийн бүрдлийг хянаж, эргэлзээтэй, тодорхойгүй, бодитой бус байж болзошгүй мэдээллийг нягтлан шалгаж, шаардлага хангахгүй бол хүлээн авахаас татгалзах, дахин ирүүлэхийг шаардах” гэж заасны дагуу Монголбанкны зээлийн мэдээллийн алба нь мэдээлэл нийлүүлэгч “Х***” ТӨХХК-ийн хуулийн шаардлага хангаагүй мэдээллийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан.

            2.3 “Хар тарлан үүлдрийн үржлийн өсвөр үхэр олгож, үржлийн бүтээгдэхүүн нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх гурван талт зээлийг гэрээ”-ний 3.3-д зааснаар гэрээний хугацаа дуусах үед үүргээ биелүүлж үржлийн үхрийг буцаан өгөх гэсэн боловч “Х***” ТӨХХК хүлээн аваагүй нь нэхэмжлэгчийн буруу биш гэх зэрэг үндэслэлээр тайлбарлан маргасан.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу тус шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.

            4. Хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд:

            4.1 Нэхэмжлэгч С.Б*** нь 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр АҮ/2015/40 дугаартай “Хар тарлан үүлдрийн үржлийн өсвөр үхэр олгож, үржлийн бүтээгдэхүүн нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх гурван талт зээлийг гэрээ”-г Тариалан эрхлэлтийг дэмжих сантай байгуулсан.

            4.2 Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Ажлын албанаас 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 01/1799 дүгээр албан бичгээр Монголбанкны зээлийн мэдээллийн албанд “... зээлийн дэмжлэгт хамрагдаж хугацаа хэтэрсэн нийт 2523 зээлдэгчийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгүүлэхээр” хүргүүлсний дунд нэхэмжлэгч С.Б***ийн нэр багтсан.

            4.3 Нэхэмжлэгчээс “Х***” ТӨХКК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “Хар тарлан үүлдрийн үржлийн өсвөр үхэр олгож, үржлийн бүтээгдэхүүн нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх гурван талт зээлийг гэрээ”-ний 2.4 дэх заалтаар 6,450,000 төгрөгийн үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн 6,450,000 төгрөгийн зээлийн түүхийг зээлийн мэдээллийн сангаас хасуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/00091 дүгээр шийдвэрээр[1] “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн “Хар тарлан үүлдрийн үржлийн өсвөр үхэр олгож, үржлийн бүтээгдэхүүн нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх гурван талт зээлийг гэрээ”-ний 2.4 дэх заалтаар 6,450,000 төгрөгийн үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн 6,450,000 төгрөгийн зээлийн түүхийг зээлийн мэдээллийн сангаас хасуулахыг даалгах” шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

4.4 Улмаар нэхэмжлэгчээс Монголбанканд хандан зээлийн мэдээллийн санд 6,450,000 төгрөгийн эргэлзээтэй зээлийн үлдэгдэлтэй хэмээн бүртгэгдсэн мэдээллийг хасуулахаар өргөдөл гаргасныг Монголбанкны 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б-17/223, 6 дугаар сарын 10-ны өдрийн Б-10/440 дүгээр албан бичгээр тус тус татгалзсан хариу өгсөн болох нь тус тус тогтоогдож байна.

            5. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1"зээлийн мэдээлэл" гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг”,

4.1.2"зээлийн мэдээллийн сан" гэж Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн эзэмшиж байгаа зээлдэгчдийн зээлийн мэдээллийг”,

4.1.8-д “мэдээлэл нийлүүлэгч" гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч, төрийн байгууллагыг”,

4.1.13"зээлийн түүх" гэж зээлдэгчийн хууль, гэрээгээр хүлээсэн зээл, төлбөрийн үүрэг, тэдгээрийн гүйцэтгэлийн талаарх цогц мэдээллийг”,

7 дугаар зүйлийн 7.1-д “Зээлийн мэдээллийн үнэн зөв эсэхийг дараах этгээд магадлана”, 7.1.1-д “энэ хуулийн 6.1, 6.2-т заасан мэдээллийг зээлдэгч, мэдээлэл нийлүүлэгч”,

28.2-д “Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, санхүүгийн түрээс /лизинг/-ийн компани, төрийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран Монголбанкны мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгнө” хэмээн тус тус заасан.

            Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Монголбанк нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллага, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар зөвшөөрсөн санхүүгийн бусад байгууллага, төрийн байгууллага болон бусад аж ахуйн нэгжээс бүрдүүлсэн зээлийн мэдээллийн сантай байх бөгөөд тухайн санд банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, санхүүгийн түрээс /лизинг/-ийн компани, төрийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран зээлийн мэдээллийг тогтмол өгөх замаар тухайн мэдээллийн санг бүрдүүлэх үүрэгтэй.

            6. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч С.Б*** нь 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр АҮ/2015/40 дугаартай “Хар тарлан үүлдрийн үржлийн өсвөр үхэр олгож, үржлийн бүтээгдэхүүн нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх гурван талт зээлийн гэрээ”-г байгуулсан. Улмаар Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой мэдээллийг Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасан /зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран/ журмын дагуу  Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагч Монголбанкны зээлийн мэдээллийн алба нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

            Нэхэмжлэгч С.Б***ээс гаргасан “зээлдэгчийн зөвшөөрлийг заавал авах”  хуулийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр болон “нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэнээс асуулгүй зээлийн мэдээллийн санд бүртгэсэн байна” гэх иргэдийн төлөөлөгчөөс гаргасан дүгнэлтийн дагуу Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан журмын дагуу нийлүүлэгдсэн мэдээллийг хүчингүй болгох үндэслэлгүй тул С.Б***ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч С.Б***ээс Монголбанкны зээлийн мэдээллийн албанд холбогдуулан гаргасан “Монголбанкны зээлийн мэдээллийн санд хууль бусаар бүртгэсэн 6,450,000 төгрөгийн эргэлзээтэй зээлийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.МӨНХТУЛГА

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БААТАРХҮҮ

 

                                        ШҮҮГЧ                                         З.ГАНЗОРИГ

           

 

 

[1] https://shuukh.mn/single_case/133892?daterange=2024-01-01%20-%202024-11-27&id=1&court_cat=1&bb=1