Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/645                  

 

 

 

 

 

 

                                                  

                         А О А /А O A/,

                        Б.Б  нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Улсболд,

шүүгдэгч А О А /А O A/-ийн өмгөөлөгч Н.Н,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/314 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б  давж заалдах гомдол гаргасныг үндэслэн А О А /А O A/, Б.Б  нарт холбогдох 1902000480032 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн, А О А /А O A/ паспортын дугаар:АО00000000.

2. Монгол Улсын иргэн, Б.Б тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2019/ШЦТ/997 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 58 дугаар захирамжаар 4 сар 01 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Батмөнхийн Баярцэнгэл /РД:УХ0000000/.

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч А О А нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Тайландын Вант улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм бодисыг Хятад ханз бүхий бичиглэлтэй улаан өнгийн даавууны бариул хэсгийн хөндийд нуун далдлах аргаар өөрийн танил иргэн Х.Уийн хаягийг бусдад илгээн Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

мөн ганцаараа 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,8 грамм жинтэй бодисыг худалдаалах зорилгоор биедээ хадгалсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Глобал бизнес центрийн 101 тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм цэвэр жинтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

мөн ганцаараа 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юү Би Инн” /UB INN/ нэртэй оффисын байрны орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисыг тухай” концевцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай цэвэр жин нь 19.0044 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Бд өгсөн,

мөн ганцаараа 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 45А байрны 15 тоотод өөрийн түр оршин суух орон сууцанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй “метамфетамин”-ийн агууламж бүхий гялгар уутны хамтаар нийт 182.5 грамм жинтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг,

2. Шүүгдэгч Б.Б  нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юү Би Инн” /UB INN/ нэртэй оффисын байрны орчим Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн А О А /А O A/-с Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисыг тухай” концевцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай цэвэр жин нь 19.0044 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: А О А /А O A/-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

     Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А О А /А O A/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

     шүүгдэгч А О А /А O A/-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А О А /А O A/-ийн цагдан хоригдсон 805 хоногийг эдлэх ялд нь оруулан тоолж, хэрэгт хураагдсан 3,165 ам.доллар, Монгол Улсын мөнгөн дэвсгэрт биет 2,180,000 төгрөг, SWST гэсэн бичиглэлтэй бор өнгийн ууттай 20,000 төгрөг 113 ширхэг, 10,000 төгрөг 13 ширхэг, 5,000 төгрөг 18 ширхэг нийт 2,480,000 төгрөгийг улсын орлого болгож,

     шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд зааснаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан 4 сар 01 хоногийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд нь оруулан тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм сэтгэцэд нөлөөт бодис, метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 0,8 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, 20190128 гэх Гаалийн ерөнхий газрын бичигтэй улаан өнгийн цаасан хайрцаг, уг цаасан хайрцаг дотор байсан улаан өнгийн Хятад ханз үсэх бүхий бариултай даавуун зүйл 7 ширхэг, Номин Тоуs гэсэн бичигтэй гялгар уутны хамт 26.3 грамм жинтэй цагаан өнгийн мөс мэт зүйл, зиплок түгжээтэй гялгар ууттай “мөс” мэт цагаан өнгийн нунтаг, талстлаг зүйл уутны хамт 54.3 грамм, 54.2 грамм, 128.4 грамм зэргийг зохих журмын дагуу устгахыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Б.Б  гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...урьд тэнсэн суллагдсан 4 сар 01 хоногийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгов гэжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 нь:

“Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа 7.3, 7.6, 8.6 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаас бусад гэмт хэрэг гэсний 7.1 буюу “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” гэсэнд миний шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт багтсан байна. Иймд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2019/ШЦТ/997 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаас тэнсэн суллагдсан 4 сар 01 хоногийн ялыг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тайлбарласан тухай Улсын Дээд шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн тогтоолд: “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан гэмт хэрэг үйлдэж хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүний эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан журмаар өршөөлд хамруулахгүй гэж ойлгож хэрэглэнэ” гэсэн нь өөрөөр хэлбэл хорих ангид ял эдэлж буй ялтны бөөгнөрөлийг сааруулах замаар Ковид-19 цар тахлаас урьдчилсан сэргийлэхийн тулд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүний эдлээгүй үлдсэн ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлэхгүйгээр, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр зохицуулсан байдаг юм байна. Миний бие энэ хэрэгт холбогдсоноос хойш буюу 3 жилийн хугацаанд маш их харамсан гэмшиж, хэрэгт холбогдолгүй ар гэрээ харж хандан, ажил хийж амьдарч байсан. Би тэтгэвэрт гарсан эх, өсвөр насны дүү хоёроо харж хандан амьдардаг юм. Иймээс миний ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгөхийг хүсэж байна...” гэв.  

Шүүгдэгч А О А /А O A/-ийн Н.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ илэрхийлсээр ирсэн. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа учир давж заалдах гомдол гаргаагүй. Харин миний үйлчлүүлэгч нь 831 хоног цагдан хоригдсон. Учир нь, миний үйлчлүүлэгч 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн анхан цагдан хоригдож эхэлсэн. Энэ хугацааг тоолж үзэхээр анхан шатны шүүхийн шийдвэр гартал 831 хоног цагдан хоригдсон байна. Мөн үүнээс хойш 60 хоног цагдан хоригдоод өнөөдрийг хүртэл нийт 891 хоног цагдан хоригдсон тул энэ асуудлыг зөвтгөж шийдвэрлэж өгнө үү...” гэв. 

Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан  дүгнэлтдээ: “...Хуульч хүнийхээ хувьд анхан шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үздэг. Гэвч тухайн үед миний бие ээлжийн амралттай байсан учир эсэргүүцэл бичиж чадаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хоёр шүүгдэгчийн үйлдэл бүрэн нотлогдон тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Гагцхүү анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд өршөөлд хамаарагдах хэд хэдэн гэмт хэргүүдийг хуульчлан тогтоосон. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлүүдэд шүүгдэгч Б.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хамаарна. Нөгөөтээгүүр дээрх хоёр заалтад зааснаас бусад гэмт хэргийг өршөөлд хамруулахаар зохицуулсан байхад анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бийн өмнөх буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 4 сар 1 хоногийн хугацаагаар тэнссэн хугацааг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж хуулийг буруу хэрэглэсэн. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан байсан 4 сар 1 хоногийн хугацаагаар тэнсэн харгалзах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ялтай нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг биечлэн эдлэхээр тогтоож өгнө үү гэсэн саналыг илэрхийлсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан байсан 4 сар 1 хоногийн хугацаагаар тэнсэн харгалзах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ялтай нэмж нэгтгэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулах хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэж өгнө үү...” гэв. 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А О А /А O A/-ийг:

 1. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Тайландын Вант улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм бодисыг Хятад ханз бүхий бичиглэлтэй улаан өнгийн даавууны бариул хэсгийн хөндийд нуун далдлах аргаар өөрийн танил иргэн Х.Уийн хаягийг бусдад илгээн Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

2. ганцаараа 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,8 грамм жинтэй бодисыг худалдаалах зорилгоор биедээ хадгалсан, үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Глобал бизнес центрийн 101 тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм цэвэр жинтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, ганцаараа 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юү Би Инн” /UB INN/ нэртэй оффисын байрны орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисыг тухай” концевцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай цэвэр жин нь 19.0044 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Бд өгсөн, мөн ганцаараа 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 45А байрны 15 тоотод өөрийн түр оршин суух орон сууцанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй “метамфетамин”-ийн агууламж бүхий гялгар уутны хамтаар нийт 182.5 грамм жинтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А О А /А O A/, Б.Б  нарт холбогдох 1902000480032 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

А О А-д холбогдуулсан  “...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Тайландын Вант улсаас мансууруулах сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм бодисыг Хятад ханз бүхий бичиглэлтэй улаан өнгийн даавууны бариул хэсгийн хөндийд нуун далдлах аргаар Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн...” гэх үйлдлийг А О А-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хууль болох тухайн хэрэг үйлдэгдсэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дагаж мөрдөж байсан шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн...” гэмт хэргээр зүйлчлэн ирүүлснийг анхан шатны шүүх “...Хятад ханз бүхий бичиглэлтэй улаан өнгийн даавуу нь түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, музейн үзмэрийн аль болохыг тусгай шинжээчийн дүгнэлтээр тогтоогүй атал Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь гэмт хэргийн диспозицийг хангахгүй байна...” гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Тодруулбал, анхан шатны шүүх А О Аийн “...мансууруулах сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм бодисыг Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн...” үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр тус мансууруулах сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм бодисыг нуун далдалж байсан Хятад ханз бүхий бичиглэлтэй улаан өнгийн даавууны талаар хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийж А О А-д холбогдуулсан шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэхүү хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад зааснаар хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/314 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч А О А /А O A/, Б.Б  нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ЗОРИГ

     ШҮҮГЧ                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

     ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ