Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 112

 

 

 

 

Ё.Х, Н.М, Б.З Б.Н, Б.Н нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Т.Баярцэнгэл, шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч Д.Баттөмөр, Б.Батбаяр, шүүгдэгч Б.Зын өмгөөлөгч Э.Мягмарцэрэн, Б.Тэнгис, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 476 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1112 дугаар магадлалтай, Ё.Х, Б.Н, Н.М, Б.Н, Б.З нарт холбогдох 1802002190108 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,  Д.Баттөмөр, шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Э.Мягмарцэрэн, шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Т.Мөнхтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2014 онд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар нийт 1 жил 2 сар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Ё.Х; 

2.Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2012 онд Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Г овогт Н.М;

3.Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, П овогт Б.З;

4.Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Т овогт Б.Н;

5.Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, А адуут овогт Б.Н нар нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ё.Хг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Н.М, Б.З, Б.Н, Б.Н нарыг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Хг 3 жил хорих, шүүгдэгч Н.М, Б.З, Б.Н, Б.Н нарыг тус бүр 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 476 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч Ё.Х холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ё.Х холбогдох хэргийг тусгаарлаж, түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр буцааж, хэргийг шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч Ё.Х урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Э.Мягмарцэрэн, шүүгдэгч Н.Мөнбаярын өмгөөлөгч Д.Баттөмөр, шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.М гаргасан гомдолдоо: “...миний бие өөрийн холбогдсон хэрэгт чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугийн талаар маргаагүйгээ дурдах нь зүйтэй. Би 4 настайгаасаа хойш зүүн хөлөө гэмтээж ясны идээт үрэвсэл өвчнөөр өвдөж 3 удаа зүүн хөлийн дунд чөмөгний ясны чөмгийг хусуулж одоог хүртэл байнгын эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэдэг юм. Мөн бэртлийн улмаас зүүн нүдний ухархайн ясны 70 хувийг бяцалж 2 удаа Солонгос улсад хагалгаанд орсон. Миний бие хууч өвчин бэртлийн улмаас олон жил өвдөлтөндөө шаналж байнгын өвчин намдаах эм тариа хэрэглэсээр ирсэн. Өвчтэй хүний сэтгэхүйгээр хамаг л сайн гэсэн бүхнийг хэрэглэж үзэх гэсэн сэтгэлгээгээр хандаж өвчин намдааж, нурууны булчин сулладаг гэсэн ташаа мэдээлэл уншиж санамсаргүй байдлаар тус гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхээс 2 жил хорих ял онооход эхнэр сэтгэл санаагаар хэт унаснаас болж 7 сартай гэдсэндээ хэвийн бойжилттой байсан хүүхэд маань эндэж амьгүй болсноор эхнэрийн биеийн байдал одоог хүртэл дээрдэхгүй эмнэлэгт эмчлүүлсээр байна. 2 хүүхдийн маань хичээл сургууль завсардахад хүрч, банкны зээлээр авсан орон сууц, автомашины зээлийг төлж чадахгүйд хүрлээ. Миний бие 2008 оноос хойш барилгын зураг төсөл, гүйцэтгэл, барилгын материалын худалдаа, видео студи зэрэг үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүртэл 30 гаруй хүнийг цалинжуулж улсдаа татвар төлсөөр байгаа билээ. Гэвч хуулийн мэдлэг дутмаг байдлаас болж тэр өдөр санамсаргүй байдлаар Хулантай тааралдаж “өвчнөө намдаах гэж хэрэглэдэг, чи туршаад үзээч” гэсэн санал тавихад гэмт хэрэг үйлдэж байгаагаа өөрөө ч ойлголгүй тохиолдлын чанартайгаар тус хэрэгт холбогдсондоо чин сэтгэлээсээ харамсаж байна. Өөрийн алдсан алдаагаа ухамсарлаж хүүхэд залуучуудыг гэмт хэрэгт холбогдуулахгүй урьдчилан сэргийлэхийн төлөө хар тамхи, мансууруулах бодисын эсрэг төрийн бус байгууллага байгуулсан, цаашдаа ч сургалт зөвлөгөөн хийж хор хөнөөлийг тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах зорилготой байгаа. Миний алдсан алдааг өршөөн хэлтрүүлж, зорилгоо биелүүлэхэд минь, эрүүл мэндээ эмчлүүлэхэд минь, эхнэр хүүхдээ асрахад минь тусалж, надад оногдуулсан ялыг тэнсэж, эсвэл ялыг багасгаж өөрчилж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч Б.Батбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан. Н.М нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргээр дээрх хуулийн шаардлагыг хангасан байна. Н.М нь 4 настайгаасаа өвдсөн ясны сүрьеэ өвчний улмаас байнгын эмчилгээ, сувилгаа хийлгэж ирсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь өвчин намдаах зорилгоор анх удаа мансууруулах бодис хэрэглэсэн үйлдлээр илэрч байна... Н.М нь дээд боловсролтой, тогтсон ажил, бизнестэй, гэр бүлтэй, 2 бага насны хүүхэдтэй, хувийн байдал эерэг, мөрдөн байцаалтанд саад учруулаагүй зэргээс харахад түүний хувийн байдал нь түүнд ял оногдуулах үндэслэл болохооргүй байна. Н.Мт Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэн ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэхэд харшлах зүйл тогтоогдоогүй. Н.Мын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээний талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Чухам ямар шалтгаанаар Н.Мт оногдуулсан ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэж болохгүй байгаа үндэслэл, нотлох баримтаа шийтгэх тогтоол, магадлалд дурдаагүй байна. Шүүх Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон хүний ялыг тэнсэж болохгүй гэсэн байр суурь илэрхийлсэн нь шударга ёс, хуульт ёс, энэрэнгүй ёсны зарчимд харшилна. Нэгэнт хууль тогтоогчийн хөнгөн зэргийн гэмт хэргийн ангилалд оруулсан гэмт хэргүүдийг тэнсэж болох, болохгүй зүйл анги хэмээн ялгаварлаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй, хууль бус үйл ажиллагаа гэж үзэхээр байна. Оногдуулсан ялыг тэнсэх нэг гол нөхцөл нь шүүгдэгчийн хувийн байдал гэж Эрүүгийн хуульд заасан. Н.М нарт холбогдох хэргийн материалтай танилцахад түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх хуульд заасан бүхий л шаардлагыг тэрээр хангасан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалын Н.Мт оногдуулсан 2 жил хорих ял оногдуулсан хэсэгт өөрчлөлт оруулан, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч Д.Баттөмөр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч Н.Мын хувьд анх удаа шавар гэх бодисыг хэрэглэхээр хадгалсан, биеийн эрүүл мэндийн байдал, тэсвэрлэшгүй өвчнөөс шалтгаалж бүх л сайн гэсэн зүйлийг хэрэглэж үзэх гэсэн өвчтөний сэтгэхүйгээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн үйлдлээ ухамсарлаж ойлгосон, дахин гэмт хэрэг үйлдэхгүй болохоо илэрхийлсэн, бага наснаасаа ясны идээт үрэвсэл өвчнөөр өвдөж байнгын эмчилгээ хийлгэж байсан. Мөн авто ослын улмаас 80 хувийн хиймэл орлуулагч суулгаж, одоо баруун нүдэндээ шилжиж цаашид хараагүй болох аюул тулгарсан. Гадаад улсад эмчилгээ хийлгэх тухай Орбита нүдний эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын тодорхойлолт зэрэг нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан ба нүдний хагалгаа хийлгэж эмчлүүлэх, биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан ялыг тэнсэх буюу хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймд Н.Мт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.З гаргасан гомдолдоо: “...Шоронд байх хугацаандаа хангалттай олон зүйлийг бодож тунгаан, гэмшиж, хийсэн хэрэг, алдсан алдаагаа засах боломжийг өөрийн хэмжээнд хийсээр ирсэн. Ижил хэргээр хоригдож байгаа олон залууст мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, нийгмийн аюулын шинж чанарын талаар ухуулгыг байнга хийж байна. Энэ хэрэгт шийтгүүлсэн нь өөрөөс гадна гэр бүлээ давхар шийтгүүлсэн мэт боллоо. Эхнэр маань жирэмсэн анхны хүүхдээ төрүүлэхээр хүлээж байгаа. Эхнэр болон ээжийн маань сэтгэл санааны тогтворгүй байдал тэдний эрүүл мэнд, амьдралд муугаар нөлөөлж байгаа тул хажууд нь байхыг хүсч байна. Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж ухаарсан, зан үйлээ зассан, хувийн болон гэр бүлийн маань байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж тэнсэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.Зын өмгөөлөгч Э.Мягмарцэрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч Б.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруутай үйлдлээ ухамсарлаж, үнэн санаанаасаа гэмшсэн. Өөрийн үйлдлээ нийгэмд аюултай гэдгийг сайтар ухамсарлаж, энэ хэргийн хор уршгийн талаар хоригдож байх хугацаандаа судалж, дахин энэ гэмт хэрэгт холбогдохгүй байхаар өөрөө өөрийгөө захирч, хүмүүжих арга хэмжээг авч ажилласан. Энэ нь хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг төрийн бус байгууллагын сургалтад сууснаар харагдана. Түүнчлэн өөрөө энэ гэмт хэргээс хол явахаас гадна, энэ гэмт хэрэгт холбогдож болзошгүй эрсдэлт бүлгийн хүүхэд залуучуудад сургалт явуулж, нийгэмд газар авч тахал мэт тархаад буй хар тамхины хор уршиг, үр нөлөөг эрсдэлт бүлгийн хүүхэд залуучуудад таниулан ажиллах, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж ажиллахаар Төрийн бус байгууллага байгуулан ажиллахаар болоод байгаа. Б.З нь найз охинтой бөгөөд одоо жирэмсэн, удахгүй анхны хүүхдээ хүлээн авах гэж байна. Шүүхээс Б.Зт хорих ял оногдуулахгүйгээр ялыг хөнгөрүүлэн үзэх бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалын Б.Зт холбогдох хэсгийг өөрчилж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Зын өмгөөлөгч Б.Тэнгис хэлсэн саналдаа: “Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн хувьд маргаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын хамгийн доод хугацаагаар оногдуулж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг гаргасан гомдолдоо: “...Шүүхээс “Тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн төрлийн бодисын хамрах хүрээ, хор уршиг, үр дагавар ихтэй байдал, хүүхэд залуучуудын дунд хэрэглээ ихэссэн, мөн удмын санд нөлөөлж үндэстэн мөхөөх аюултай зэргийг харгалзан үзээд шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ” хэмээн дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд огт тусгагдаагүй бөгөөд 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг огт хэрэглээгүй, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмаас зөрж байна. Б.Н нь 2005 оноос оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин байсан, энэ хугацаанд буюу 2009, 2014 онуудад 2 хөлдөө гэмтэл авч, уг гэмтлийн улмаас 2 хөл, нуруу нь байнга өвддөг болсон. Сүүлийн үед өвдөлт нь ихсэж, биеэ эмчлүүлэх зорилгоор эрхэлж байсан ажлаасаа түр гарч, оношлогоо, эмчилгээ хийлгэж байсан. Б.Нгийн хувьд сэтгэцэд нөлөөлөх уг бодисыг зөвхөн өөрийн өвчин зовиурыг багасгах зорилгоор бусдаас авч хэрэглэсэн, энэ нь цахим орчноос үзсэн буруу ташаа мэдээлэлд үндэслэсэн байдаг бөгөөд өөрт тохиолдсон зовиур шаналгаагаа багасгах, сайн байж болох магадлалтай гэсэн тэр зүйлийг хэрэглэж өвдөлтийг түр зуур намдаах гэсэн өвчтэй хүний хүслээр хийгдсэн тохиолдлын шинжтэй үйлдэл юм. Гэвч Б.Н нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн талаар бүрэн дүүрэн ухамсарлаж чадсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир цаашид энэ төрлийн гэмт хэргээс бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх, залуучуудад энэ талаар тодорхой зөв ойлголт мэдээлэл өгөх зорилготой, төрийн бус байгууллагад нэгдэж байгаа нь энэ хүн өөрийн үйлдсэн хэрэгт чин санаанаасаа гэмшиж дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж, нийгэмд зөв байр суурьтай амьдарч ажиллах бүрэн боломжтойг илтгэн харуулж байна. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг Б.Нд хэрэглэх бүрэн боломжтой, хэрэглэх үндэслэлтэй бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, түүний үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал огт байхгүй юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасан хөнгөрүүлөх нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй, хуульд огт байхгүй хүндрүүлэх нөхцөл байдал зааж Б.Нд 2 жил хорих ял оногдуулан, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг хууль зөрчиж бусдын эрх зүйн байдлыг илт дордуулсан шийдвэр гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалын Б.Нд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.Н гаргасан гомдолдоо: “...Миний биеийн эрүүл мэндийн байдал хүнд, умайн хүзүүний хавдар, хоёр талын өндгөвчний уйланхайт хавдар, элэгний хавдраар оношлогдон, хавдар судлалын эмнэлгийн эмч нарын хяналтанд эмчилгээ хийлгэж байгаа болно. Миний биеэс өнөөдрийг хүртэл тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар хэмээх бодис хэрэглэдэг гэсэн шинжээчийн дүгнэлт байхгүй, 16 хоногийн дараа дахин шээснээс илрээгүй талаар дүгнэлт гарсан байхад шүүх зөв дүгнэлт хийгээгүй байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа миний эрх ашгийг нилээдгүй зөрчсөн. Нөхөр бид хоёрын орон байранд Ё.Х гэгч этгээд нь шавар гэгч бодисыг авчирч тавьсан, миний гэрт нууцаар хэрэглэн, эд мөрийн баримтыг санаатайгаар үлдээсэн юм. Надад өөртөө авсан болон хадгалах тухай асуудал байхгүй бөгөөд хэрэгт холбогдсондоо маш ихээр гэмшиж байна. Миний бие АНУ-д боловсрол эзэмшсэн бөгөөд олон улсад багшлах эрхтэй сурган хүмүүжүүлэгч хүн юм. Эх орондоо ирээд англи хэлийг өөрийн орны хүүхдүүд, нэн ядуу амьдралтай орон гэргүй хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр зааж, нийгэмд тустай үйлсэд өөрийнхөө мэдлэг боловсролоо зориулсаар ирсэн, цаашид ч зориулах болно. Би анх удаа гэмт хэрэгт холбогдон ял эдлэх хугацаандаа биеийн эрүүл мэнд муудсан ч өөрийн үйлдэлдээ маш их гэмшиж, ухааран ойлгож өөртөө дүгнэлт хийж байна. Мөн цаашдын амьдралдаа өөрийгөө засаж өөдрөг сайхан амьдрах боломжийг олгож өгөхийг шүүгч нараас чин сэтгэлээсээ хүсч байна. Би дахин ямар ч төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байхаа амлаж байна. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат гаргасан гомдолдоо: “...Шүүгдэгч Ё.Х гэгч нь Б.Нгийн гэрт орсон цаг хугацаа, Нийн гэрт байсан хугацаанд гаргаж байсан хандлага, түүний талаарх гэрч Филийн мэдүүлэг, Х болон Н нарын гэрээс гарсан цаг хугацаа, яагаад Х Нийн гэрт цүнх бусад зүйлсээ орхисон талаарх үйл баримтыг хэрхэн шалгаж, тогтоосон байдал, бусад шүүгдэгч нартай уулзсан цаг хугацаа, орон зай, улмаар хууль сахиулах байгууллагын ажилтнуудад баривчлагдсан хугацаа зэргийн хамаарал бүхий байдал зэргээс дүгнэхэд Б.Н нь гэмт хэрэгт шууд санаатай оролцсон гэх үйлдэл холбогдол хангалттай нотлогдохгүй  байна. Харин мансууруулах бодис хэрэглэгч нарыг хоморголон баривчлах ажиллагаанд өртсөн байх магадлалтай байгааг хяналтын шатны шүүх анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүхээс бусад шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт үйлдлийн шинжийг хэт халдаах байдлаар дүгнэлт хийж Б.Нг ялласан гэж үзэхээр байна. Б.Нгийн хувьд 10.3 грамм бодисыг гэртээ хадгалсан үйлдэл нь хангалттай нотлогдсон гэхэд эргэлзээтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотлоогүй байхад ял халдаасан нь Б.Нгийн эрх зүйн байдлыг дордуулсан. Нөгөөтэйгүүр шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн байдал болон шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой хуулиуд болох Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг хэрэглэх боломж анхан болон давж заалдах шатны шүүхэд байсан боловч Эрүүгийн хуульд заагдаагүй хүндрүүлэх шинжийг дурдсан нь Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, энэрэнгүй ёсны суурь зарчмуудтай зөрчилдөж байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Нгийн хорих ялыг өөрчлөх, эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой хуулиудыг яагаад хэрэглэх боломжгүй талаар магадлалд огт дурдаагүй нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг илэрхий дордуулж байгаад хяналтын шатны шүүх анхаарч үзнэ үү. Энэ нь давж заалдах шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болохыг илтгэж байна. Б.Н нь эрүүл мэндийн хувьд умайн болон элэгний хавдрын үрэвсэлтэй бөгөөд хавдрын үүсгэвэрүүд байнга хэмжээ нь томорч, яаралтай нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж авч хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай байгаа талаар давж заалдах шатны шүүхэд нотлох баримтын хамт тайлбарласан хэдий ч шүүгдэгчийн эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар ямар нэгэн дүгнэлтийг гаргаагүйгээс Б.Нгийн ирээдүй бүрхэг болж байгааг та бүхэнд сонордуулья. Түүний эрүүл мэндийн нөхцөл байдлын талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа болно. Б.Нгийн өөрийн гэм буруугаа ухамсарлан хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэгт тохиолдлын шинжтэй холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан Б.Нг биечлэн хорихгүйгээр тодорхой үүрэг хүлээлгэх, эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Б.Нгийн хадгалсан шавар гэх бодис хэнийх болох нь тодорхойгүй бөгөөд түүний гэрт анх удаа цүнхэндээ шавартай орж ирсэн хүн нь Ё.Х болно. Хулан нь өөрийн биеэ өвдсөн тухайгаа Б.Нд хэлээд 2 төрлийн уусмал, нэг төрлийн эм үзүүлэн шавартай мансууруулах бодисыг орхисон тухай хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй. Б.Нг өөрийн биедээ болон орон байрандаа шавар нэршилтэй бодисыг хууль бусаар хадгалсан гэх гэмт хэргийн сэдэлт, зорилго гэм буруугийн хэлбэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шалган тогтоож чадаагүй. Б.Н нь тус хэрэгт холбогдоод байгаа З, М, Н нарыг огт танихгүй, ямар нэг холбоогүй болно. Ё.Х нь өөрийн авч явсан шавар хэмээх бодисыг Ц.Оаас авснаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгдөг, Ё.Хгийн авч явсан гэх шавар хэмээх бодист Б.Н нь хадгалагч гэж тогтоогдох үндэслэлгүй болно. Ё.Хд холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, түүний хэргийг тусгаарлаж, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр буцаахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчмыг алдагдуулсан. Б.Н тус хэрэгт хамааралгүй болох нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Б.Нг биеэр ирүүлж түүний биеэс шээсний шинжилгээ авахад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй гэсэн дүгнэлт гарснаар нотлогдоно. Б.Н нь багаасаа АНУ-д боловсрол эзэмшсэн, олон улсын англи хэлний багшаар Монгол улс дахь сургуулиудад ажиллаж байгаа болно. Б.Н нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, олон улсын байгууллагын шугамаар англи хэлний багшаар 2015 оноос эхлэн хүүхдийн төлөө миний хайр сангийн тэргүүнээр, Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллаж байгаа. Давж заалдах шатны шүүхэд Б.Нгийн өвчний байдалтай холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгсөн хэдий ч энэ талаар магадлалд тодорхой дүгнэлтийг тусгаагүй. Иймд Б.Нгийн биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ялыг өөрчилж, ялыг хөнгөрүүлж өнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч Т.Баярцэнгэл хэлсэн саналдаа: “...Б.Н нь эрүүл мэндийн хувьд 3 төрлийн хорт хавдрын оноштой, эх хүн болж, эрхтэн бүтэн амьдарч чадах эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдалд байгаа. Б.Нг нийгмээс тусгаарлахгүйгээр түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Х.Батчимэг хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч З, М, Н, Н нарын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдсон. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,  Д.Баттөмөр, шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Э.Мягмарцэрэн, шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Т.Мөнхтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ё.Х, Н.М, Б.З,  Б.Н, Б.Н нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Н.М, Б.З,  Б.Н, Б.Н нарын үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуульд заасан шаардлагыг хангажээ.

Шүүгдэгч Ё.Хгийн мансууруулах бодисыг Ц.Оаас 5 сая төгрөгөөр худалдан авч, шүүгдэгч Н.М, Б.З,  Б.Н, Б.Н нарт худалдсан үйлдлийг прокуророос “мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн” гэж дүгнэн, хэргийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн эсэх талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүгдэгч Ё.Хд холбогдох шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, түүний хэргийг тусгаарлаж, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.М нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла төвийн орчим өөрийн эзэмшлийн 06-06 улсын дугаартай Бенз загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 8.2 грамм шавар гэх мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг,   

шүүгдэгч Б.З нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Банкны авто зогсоол дээр 83-98 УНЯ улсын дугаартай Тоёота Фит загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 9.5 грамм шавар гэх мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг,

шүүгдэгч Б.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 71-64 УНЛ улсын дугаартай Тоёота Камри загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 17.8 грамм шавар гэх мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КH хотхоны 6е байрны 15 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай шавар гэх мансууруулах бодис 10.3 граммыг биедээ 0.3 граммыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн хэргийг үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарыг “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийжээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Н.М, Б.З,  Б.Н, Б.Н нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүх хэргийг хянан шийвэрлэхдээ Эрүүгийг хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан 2 жил хорих ял нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюул, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.М, Б.З,  Б.Н, Б.Н нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаар шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хүлээн авах боломжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 476 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1112 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,  Д.Баттөмөр, шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Э.Мягмарцэрэн, шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Т.Мөнхтуяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                                                ШҮҮГЧ                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН