Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2018/0006

 

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2018/0006

Улаанбаатар хот

 

 

М.Э, С.С нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээд С.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч П.Ц, гуравдагч этгээд М.Ө, гуравдагч этгээд Ч.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Ц.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0735 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нарын давж заалдах гомдлоор, М.Э, С.С нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0735 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Э, С.С нараас гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамжийн Л.Э-д холбогдох хэсэг, мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1050 дугаар захирамжийн Ч.М-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд Ч.М-аас гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжийн иргэн М.Э, С.С, С.Д нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын тухайд буюу нийслэлийн Засаг дарга нь газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийг зөрчсөн талаар: Нэхэмжлэгч М.Э, С.С, гуравдагч этгээд С.Д нарт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд тус бүр 400 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн.

Харин “О.К” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Ёлын аманд 2 га газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн 1200 м.кв газартай давхцаагүй, тусдаа нэгж талбар бүхий газар байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагддаг.

Нэхэмжлэгч нарын зүгээс “О.К” ХХК-д анх газар эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2003 оны 159 дүгээр захирамжтай маргах шаардлага байхгүй. Учир нь 2011 он хүртэл тус газрууд нь ямар нэгэн давхцалгүй, тусдаа нэгж талбар бүхий газрууд байсан. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 159 дүгээр захирамж гарснаар нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдалд хүрсэн асуудал байхгүй юм.

Анхан шатны шүүхээс “...“О.К-аас гуравдагч этгээд Л.Э шилжүүлсэн нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжийн Л.Э-д холбогдох хэсэг, Л.Э-ээс  Ч.М-д шилжүүлсэн нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаартай захирамжийн Ч.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамжаар Л.Э нь “О.К” ХХК-ийн газраас 2837 м.кв-г шилжүүлж авсан бөгөөд ийнхүү шилжүүлж авах үед тухайн газрын байршилд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна” гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлээр хууль тогтоогч газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хуульчилсан бөгөөд 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэжээ. Энэ нь нэгэнт үүссэн газар эзэмших эрхийг шилжүүлэн авахад ч тавигдах шаардлага, ямар ч тохиолдолд хэн нэгэн этгээдэд эзэмших эрх олгохдоо бусдын эзэмшилтэй давхцуулахгүй байх зарчим гэж нэхэмжлэгч нарын зүгээс ойлгож байна.

Гэтэл нийслэлийн Засаг дарга 2011 оны 438 дугаар захирамжаар иргэн Л.Э газар эзэмших эрхтэй болсноор Газрын тухай хуулийн 31 дүгээр 31.3-д заасан заалт зөрчигдөж, иргэн Л.Э-ны эзэмшил газар нь нэхэмжлэгч нарын газартай давхацсан байдаг. Өөрөөр хэлбэл, “О.К” ХХК-д газар олгосон 2003 оны захирамж нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд харшлаагүй, харин 2011 оны иргэн Л.Э-дд газар эзэмших эрх үүссэн захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа юм. Шүүх дүгнэхдээ нэг этгээдээс нөгөөд эзэмшил газрыг шилжүүлэх шаардлагыг бүрэн хангасан тул хууль зөрчөөгүй гэдэг. Гэхдээ 2011 онд иргэн Л.Э-д шилжсэн газар нь “О.К” ХХК-д эзэмшил анх үүссэн 2003 оны захирамжаар олгогдсон газраа шилжсэн биш, харин түүнээс өөр газар байгаад хэргийн гол учир байгаа болно.

Өнгөн дээрээ нийслэлийн Засаг дарга 2003 онд 159 дүгээр захирамжаар “О.К” ХХК-д газар олгосон, 2011 онд “О.К” ХХК нь энэхүү газраасаа иргэн Л.Э-д шилжүүлсэн мэт байгаа боловч 2003 оны акт гарах үеийн газар нь 2011 оны акт гарах үеийн газраас өөр байгаа юм. 2011 оны акт нь бодит байдал дээр бусдын эзэмшил газартай давхцаж, Газрын тухай хууль зөрчигдсөн.

Шүүхээс “нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн газарт давхцал үүссэн” гэж дүгнэсэн атлаа “уг давхцалтай газрын эрхийг бусдад шилжүүлсэн нийслэлийн Засаг даргын үйлдлийг хууль зөрчөөгүй байна” хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Захиргааны байгууллага, албан тушаалтны үндэслэлгүйгээр нэхэмжлэгч нарын эзэмших эрх бүхий газрын кадастрын зургийг мэдээллийн сангаас устгаж, тухайн газартай давхцуулан “О.К” ХХК-ийн газрын кадастрын зургийн хэлбэр, байршлыг өөрчилж бүртгэн, улмаар давхцал бүхий газрыг гуравдагч этгээдүүдэд шилжүүлсэн нь хууль зөрчсөн буруутай үйлдэл юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0735 дугаартай шийдвэрийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбоотой хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг ханган шүүхийн шийдвэртэй өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0735 дугаар шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд Ч.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг үндэслэн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэг. Газар эзэмших эрхийн тухайд:

Иргэн Ч.М нь 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулан иргэн Л.Э-тай Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд орших зуслангийн зориулалттай 2837 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан. 

Улмаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу холбогдох материалаа бүрдүүлэн Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүсэлтээ гаргаж, нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан ба 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ......... дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг авч, “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулан өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлэн, газрын төлбөрөө хугацаанд төлж, хууль ёсоор эзэмшиж байгаа билээ.

Хоёр. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн тухайд:

Иргэн М.Э, С.С, С.Д нар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны 163 дугаар захирамжаар тус тус 0.04 га газар эзэмших эрх олж авсан байдаг.

Гэтэл дээрх иргэдийн газар баталгаажуулалтын хувийн хэргийн материалд буй газар эзэмших эрх хүссэн өргөдөл нь 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байх бөгөөд энэ нь газар эзэмшүүлэх захирамж гарснаас хойш гаргасан хүсэлт байдаг.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд газар эзэмших тухай хүсэлт гаргах асуудлыг зохицуулсан бөгөөд 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж заасан бөгөөд 32.2-т зааснаар иргэн нь газар эзэмших хүсэлтэд овог нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, газар эзэмших зориулалт, хугацаа, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг тусгахаар заасан байна.

Мөн уг хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө” гэж заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-д зааснаар хууль дээдлэх  нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг зааж өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь хуульд заасан журмын дагуу газар эзэмших хүсэлт гаргаагүй, холбогдох баримтыг ирүүлээгүй байхад газар эзэмших эрх олгосон нь хуульд үндэслээгүй, Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байхад анхан шатны шүүхээс “Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар бүхий “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хүсэлт холбогдох баримтуудыг үндэслэсэн байх ба...” гэж дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. 

Гурав. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

Иргэн Ч.М нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны 163 дугаар захирамжийн иргэн М.Э, С.С, С.Д нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, илт хууль бус захиргааны актын үндэслэн хийгдсэн иргэн М.Э, С.С, С.Д нарын 2006 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн кадастрын зураглалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”  шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан шүүхээс “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны 163 дугаар захирамжийн иргэн М.Э, С.С, С.Д нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагад 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4769 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 4793 дугаар захирамжаар М.Э, С.С нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгтэй нэгтгэсэн болно. 

Гуравдагч этгээдээс дээр дурдсаны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь иргэн М.Э, С.С, С.Д нар нь хуульд заасан журмын дагуу газар эзэмших тухай хүсэлт болон холбогдох баримтаа ирүүлээгүй байхад газар эзэмших эрх олгосон нь хууль бус гэсэн үндэслэлээр маргасан.

Тодруулбал газар эзэмших эрх олгох журмыг Газрын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлээр зохицуулж өгсөн бөгөөд иргэн М.Э, С.С, С.Д нар нь хуульд заасан журмын дагуу газар эзэмших хүсэлт гаргаагүй болох нь мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хүсэлт гаргаагүй, холбогдох баримт нь байхгүй байхад газар эзэмших эрх олгох захирамж гаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны бичиг хэрэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр бүрэн нотлогдож байгаа болно.

Гэтэл анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч нараас гаргасан хүсэлтийн огноо нь тэдгээрт газар эзэмших эрх олгосон захирамжийн огнооноос сүүлд байгаагаар тэмдэглэгдсэн хэдий ч энэ нь уг хүсэлт гаргагч иргэдийн газар эзэмших эрх үүссэн хүсэл зоригийг бүхэлд нь үгүйсгэх нөхцөл болохгүй” гэж хуульд заасан журмыг үгүйсгэсэн, хэт явцуу утгаар дүгнэж байгаа үндэслэлгүй байна. Захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд  үндэслэх ёстой байтал хуулиас гадуур дур зоргоороо үйл ажиллагаа явуулж болох мэтээр дүгнэж нь байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Түүнчлэн 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь материаллаг болон процессийн эрх зүйн зохицуулалтыг хамтад нь тусгасан хууль байсан. Уг хуулийн 9 дүгээр зүйлд захиргааны акт илт хууль бус байх үндэслэлийг зааж өгсөн.

Гуравдагч этгээдийн хувьд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 сарын 06-ны 163 дугаар захирамж нь дээрх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу иргэний газар эзэмших хүсэлт болон холбогдох баримт нь байхгүй байхад гаргасан илт хууль бус захиргааны акт гэсэн үндэслэлээр шаардлага гаргасан байтал анхан шатны шүүхээс 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гарган маргаж буй захиргааны акт нь 2004 оны захиргааны акт тул хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийг баримтлан шийдвэр гаргах боломжгүй буюу тус хуулийн шаардлагыг хангах боломжгүй юм. Харин маргаан бүхий захиргааны акт гарах үед мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан хэсгийг баримтлан ажиллах үүрэгтэй байсан билээ.

Анхан шатны шүүхээс шийдвэртээ “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 163 дугаар захирамж нь хууль зөрчөөгүй, тэдгээрт олгосон газар нь мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан “бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байна...” гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй болохыг харуулж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн эзэмшил газар нь давхцалтай болох нь тодорхой харагдаж байтал мэдээллийн санд бүртгэхдээ гуравдагч этгээдүүдийн газартай давхцуулсан гэж дүгнэсэн боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой нотлогдохгүй байтал ийнхүү дүгнэж буй нь үндэслэлгүй юм.

Мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой байтал газар давхцалгүй байна гэсэн дүгнэлтээ ямар нотлох баримтыг үндэслэн ийнхүү дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Гуравдагч этгээдээс анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны 163 дугаар захирамжийн иргэн М.Э, С.С, С.Д нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, илт хууль бус захиргааны актын үндэслэн хийгдсэн иргэн М.Э, С.С, С.Д нарын 2006 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн кадастрын зураглалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”  шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан шүүхээс “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны 163 дугаар захирамжийн иргэн М.Э, С.С, С.Д нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагад 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4769 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн. Гэтэл анхан шатны шүүхээс шийдвэртээ “...бүртгэлийн алдаатай асуудлаар дүүргийн газрын албанд холбогдуулж маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Дөрөв. Нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй тухайд:

Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байгаа. Үүнд:

1. С.С-ын газар эзэмших хүсэлт 2005.01.10,

2. С.Д-ын газар эзэмших хүсэлт 2005.01.10 ,

3. С.Д-ын газар эзэмших хүсэлттэй холбогдуулан гаргасан эзэмшихийг хүссэн газрын тойм зураг,

4. Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны 2016.10.18-ны өдрийн 1686 дугаар албан бичиг. Бүртгэл хяналтын карт байхгүй талаар,

5. Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны 2017.05.02-ны өдрийн 14/668 дугаар албан бичиг,

6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд үзлэг хийсэн тэмдэглэл,

7. Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны 2017.06.22-ны өдрийн 14/928 дугаар албан бичиг,

8. Сонгинохайрхан дүүргийн газрын албаны 2017.08.30-ны өдрийн 14/1131 дүгээр албан бичиг.

Дээрх баримтаар иргэн М.Э, С.С, С.Д нар нь хуульд заасан журмын дагуу газар эзэмших хүсэлт гаргаагүй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь хүсэлт болон холбогдох баримтыг ирүүлээгүй байхад газар эзэмших захирамж гаргасан нь бүрэн нотлогдож байгаа юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтыг үнэлэхгүйгээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 163 дугаар захирамжийг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан, шударга ёсонд нийцэхгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэхүү хэргийн тухайд нэхэмжлэгч болоод гуравдагч этгээдүүдийн эзэмшил газар давхцаж байгаа тул уг давхцалыг арилгаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан байтал уг маргааныг шийдвэрлэхгүйгээр маргахаас өмнөх байдалд нь хэвээр үлдээж шийдвэрлэснийг шүүх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль тогтоомжийг бүрэн хэмжээнд судалж, дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг хэрэглээгүй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0735 дугаар шүүхийн шийдвэрийн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой хэсгийг хүчингүй болгож гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг ханган шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

Талуудын хооронд үүссэн маргаан нь бүхэлд нь, агуулгын хувьд авч үзвэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг хэрхэн ойлгож, хэрэглэхээс хамаарч байна.

Он цагийн дарааллаар нь авч үзвэл нийслэлийн Засаг дарга 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ёлын аманд 2.0 га газрыг анх “О.К” ХХК-д зуслангийн сууцны зориулалтаар эзэмшүүлсэн, харин М.Э, С.С нарын 3 иргэнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай” 163 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын аманд тус бүрт 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

Энэ тохиолдолд одоо иргэн Л.Э эзэмшиж буй газар нь 2003 онд “О.К” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тэр газар мөн эсэх нь чухал ач холбогдолтой байна. Өөрөөр хэлбэл 2003 онд нийслэлийн Засаг даргын, 2004 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын бусдад эзэмшүүлсэн газрууд нь анхнаасаа 1 газар байсан уу гэдгийн тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Давж заалдах шатны шүүхээс, тухайн газрын байршил анхнаасаа нэг байршил байгаагүй гэж хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэв.

 “О.К” ХХК нь газар эзэмших хүсэлт гаргахдаа өөрийн компанийн “зуслангийн сууцны зориулалт” гэж гаргасан байх бөгөөд харин “Улаанбаатар хотын Ерөнхий архитектор, хот байгуулалт, газрын харилцааны газрын дарга М.Ц-ээр схем зурагт батлуулахдаа “Найрамдал зуслангийн ажилчдын зуслан” өөрөөр хэлбэл анхнаасаа тухайн аманд байрлалтай Найрамдал зуслангийн ажилчдын зуслангийн байрыг барьж өгөх гэж байгаа мэтээр зөвшөөрлөө батлуулсан байна.

Энэ үүднээсээ гуравдагч этгээдийн “манай газар замынхаа хойно байрлалтай байсан, анхнаасаа энэ газар мөн” гэсэн зургийг үндэслэн тайлбарлаж буйг хүлээн авах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Найрамдал зуслангийн ажилчдын орон сууц барихаар батлуулж байсан схем зурагт тусгагдсан газрыг “О.К” ХХК-ийн  “зуслангийн орон сууцны зориулалтаар эзэмшсэн газар” гэж дүгнэх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нарын газрын кадастрын зураг 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар мэдээллийн санд бүртгэгдсэн байсныг холбогдох баримтуудаар тогтоогдож байна. Гэтэл 2009 онд нэхэмжлэгч нарын нэгж талбарыг мэдээллийн сангаас устгаж, “О.К” ХХК-ийн нэгж талбарыг бүртгэсэн байна. 2008 оны мэдээллийн сангийн зургаас харахад “О.К” ХХК-ийн газар хэргийн 1 дүгээр хавтасны 235, 237 дугаар хуудаст тодорхойлогдсоноор хэлбэр, байршилтай байсан боловч 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр одоогийн байршлаар мэдээллийн санд бүртгэгдсэн байна. Энэхүү нөхцөл байдлаас дүгнэхэд “О.К” ХХК-ийг 2003 онд эзэмших болсон газрын байршлаа эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр 2009 онд шилжүүлж, улмаар мэдээллийн санд өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн эзэмшил газар давхцах болжээ.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/420, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1/740 дугаар албан бичгүүдэд анх 2006 онд нэхэмжлэгч М.Э, С.С нарын эзэмшил газрын кадастрын зураг мэдээллийн санд бүртгэлтэй байсан бөгөөд 2009 онд устгагдаж, оронд нь “О.К” ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зураг бүртгэгдсэн, үүнээс хойш Л.Э, Ч.М нарын нэр дээр өөрчлөгдөн бүртгэгдсэн, 2013 оноос хойш тус хэсгийн мэдээллийн санд өөрчлөлт хийгдээгүй болох нь холбогдох лавлагаагаар тогтоогджээ.

Түүнчлэн анхан шатны шүүх кадастрын мэдээллийн санд өөрчлөлт хийх үндэслэл болсон баримтуудыг гаргуулахаар Нийслэлийн Архивын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандаж, баримт бичгийн үзлэг хийхэд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, газар зохион байгуулагчийн цохолт зэрэг баримт байгаагүй ажээ.  Дээрх байдлаас дүгнэж үзэхэд иргэдийн кадастрын зургийг тухайн иргэд өөрсдөө утгасан, эсхүл устгуулсан гэж дүгнэх боломжгүй, харин устгагдсан мэдээллийн оронд мэдээллээ оруулж буй этгээдийн үйлдэл, үйл ажиллагаатай холбогдон ойлгохоос өөр аргагүй юм.

Газар эзэмшүүлсэн захирамж болон бусад баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.Э, С.С нарын эзэмшил газар анхнаасаа Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд, харин “О.К” ХХК-ийн эзэмшил газар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд анхнаасаа олгогдсон гэж үзэх боломжгүй, харин Ёлын аманд байршилтай байна. Захирамжуудад газрын байршлыг “Баянголын ам”, “Ёлын ам” гэж хоёр өөр нэрээр тусгайлан заасныг мөн дурдах нь зүйтэй.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-д “энэ хуулийн 21.1.3-д зааснаас бусад газрыг ...21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд ...эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд 2004 оны “Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай” 163 дугаар захирамжаар нэхэмжлэгч М.Э, С.С нарт газар эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

“О.К” ХХК-ийн зарим газар тухайн компанийн эзэмшилд үлдсэн, өөр бусад 15 хүнд газраа шилжүүлсэн зэргийн талаар ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гараагүй тул тэр тухай тусгайлан дүгнэх шаардлагагүй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0735 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.13-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжийн Л.Э-д холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжийн Ч.М-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээд Ч.М-ын “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжийн М.Э, С.С, С.Д нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг даргаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгож, гуравдагч этгээд Ч.М-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ийн давж заалдах гомдлыг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-ны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч нарт буцаан олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.М-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                    С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                    Э.ЗОРИГТБААТАР