Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 01

 

                                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярмаа даргалж, тус  шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй;
Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч *******, ******* нарт холбогдох;
“Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 110003253 тоот актаас 2,267,727.00 төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч тус аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нар оролцов.
                                                               ТОДОРХОЙЛОХ нь:
 Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК нь 2011 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд тус компанийн 2011-2013 оны санхүүгийн тайланд Өмнөговь аймгийн Татварын газраас шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 110003253 тоот актаар 4,535,455.00 төгрөгийн нөхөн татвар, 2,267,727.00 төгрөгийн торгууль, нийт 6,816,788.00 төгрөгийн акт тавигдсаныг эс зөвшөөрч, татварын шат шатны байгууллагад гомдол гарган 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хариуг хүлээн авч шүүхэд хандаж байна.
Тус компани нь үйл ажиллагаа явуулахгүй байгаа боловч 2014 оны 11 дүгээр сард татварын улсын байцаагчаас ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татвар 4,535,455.00  төгрөг, хүү 13,606.00 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн. Харин 2,267,727.00  төгрөгийн татварын торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү? гэжээ.
Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагч *******, ******* нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд тус тус гаргасан тайлбартаа: “*******” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасагдах хүсэлт, хяналт шалгалтын хэлтсийн даргын олгосон томилолтын дагуу тус компанийн 2011-2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын улсын байцаагч *******, ******* нар хяналт шалгалт хийсэн.
“*******” ХХК нь 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт автомашин бэлтгэн нийлүүлэхээр 30,000,000.00 төгрөгийн санхүүжилт авч, борлуулалт хийн, борлуулалтаа тайлагнаж, 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн.
2012 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 14 сумын багуудад техник хэрэгсэл нийлүүлэх тендэрт оролцож, 49,890,000.00 төгрөгийн санхүүжилттэй төсөл хэрэгжүүлсэн. 2012 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд борлуулалтын орлогоо 49,890,000.00 төгрөгөөр тусгасан боловч, нэмэгдсэн өртгийн албан татвар тайланд энэ орлогыг тайлагнаагүй “Х” тайлан гаргасан.
Мөн Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргаж, 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нэмэгдсэн өртөгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй бөгөөд 2012 онд 45,354,546,00 төгрөгийн цэвэр орлогоос нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж тайлагнаагүй, төсөвт төлөөгүй зөрчилд Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 4,535,455.00  төгрөгийн нөхөн татвар, 2,267,727.00  төгрөгийн торгууль, 13,606.00 төгрөгийн хүү, нийт 6,816,788.00 төгрөгийн төлбөр ногдуулан 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тухайн актыг тогтоосон.
Энэ актаар тогтоосон төлбөр нь хууль эрх зүйн үндэслэлтэй, хууль тогтоомжийн дагуу нөхөн татвар, хүү, торгууль ногдуулсан гэж үзэж байна гэв.
                                                          ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гаргасан “Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 110003253 тоот актаас 2,267,727.00  төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
    Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч *******, ******* нар нь хуулийн этгээдийн бүртгэлийн 1111004080 тоот гэрчилгээтэй, 3616282 дугаар регистр бүхий “*******”ХХК-ийн 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 110003253 тоот актаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг үндэслэн 4,535,455.00 төгрөгийн нөхөн татвар, 2,267,727.00  төгрөгийн торгууль, 13,606.00 төгрөгийн хүү төлүүлэхээр тогтоожээ.
Уг актыг эс зөвшөөрч гаргасан “*******”ХХК-ийн гомдлыг хянаад Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа татварын улсын байцаагчийн 110003253 тоот актын тогтоох хэсгийн 4,535,455.00  төгрөгийн нөхөн татвар, 13,606.00 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрч, 2,267,727.00  төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулахаар тодорхойлжээ.  
Нэхэмжлэгч “*******”ХХК нь татварын улсын байцаагчийн 110003253 тоот актын 2012 онд 45,354,546.00 төгрөгийн орлогоос нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж тайлагнаагүй, төсөвт төлөөгүй зөрчилд 4,535,455.00  төгрөгийн нөхөн татвар, 13,606.00 төгрөгийн хүү ногдуулсан хэсгийг хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.
Торгууль нь хуулиар хүлээсэн үндсэн үүргээ биелүүлээгүйтэй холбогдох хариуцлагын хэлбэр бөгөөд татварын улсын байцаагч “*******”ХХК-ийн 2012 онд тайлагнаж, төсөвт төлөх ёстой байсан 4,535,455.00 төгрөгийн татварын 50 хувиар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006/  17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “...иргэн, хуулийн этгээд харъяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй  байсан нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч уг татварыг нөхөн төлүүлж дараахь хариуцлага хүлээлгэнэ”, 17.1.2 дахь хэсэгт “нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль ногдуулах” гэж заасны дагуу 2,267,727.00  төгрөгийн торгууль ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”гэж, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь хэсэгт “татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэх”, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан торгууль нь Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй” гэж зааснаас үзэхэд татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил нь захиргааны зөрчил, түүнд хүлээлгэж байгаа хариуцлага буюу торгууль нь захиргааны шийтгэл мөн тул захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр заажээ.
 “*******”ХХК-ийг хууль тогтоомж зөрчсөн гэж торгууль ногдуулсан татварын улсын байцаагчийн 110003253 тоот акт нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үйлдэгдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасан хугацаанд хамаарч байгаа, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж зохицуулснаар татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан торгуулийн төлбөрийг өршөөн хэлтрүүлэхээр байна.
Иймд Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 110003253 тоот актаас 2,267,727.00  төгрөгийн торгуулийн төлбөрийг өршөөлд хамруулан хасч шийдвэрлэв.
 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.5, 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 110003253 тоот актаас 2,267,727.00  төгрөгийн торгуулийн төлбөрийн хассугай.

2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчидаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас  хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
                


                                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Ч.БАЯРМАА