Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 307/ШШ2025/00100

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/01511/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******, *******)-д холбогдох,

Хүүхдийн нөхөн тэтгэлэг 6,360,225 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “Хүүхдийн мөнгөн тэтгэмж 5,200,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Х.*******од холбогдуулан хүүхдийн нөхөн тэтгэлэг 6,360,225 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 147 дугаартай шүүхийн шийдвэрээр Х.*******оос хүү Г. хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, эх Д.******* надад олгохоор шийдвэрлэсэн. Энэ цагаас хойш хүүхдийн тэтгэлэг алдаг оног өгч байгаад өөр хүнтэй гэр бүл болж хүүхдийн тэтгэлэг огт өгөхөө больсон. 2014 онд Х.******* нь надад “Би гадаад улс руу явах гэж байна, тэндээс хүүхдийнхээ тэтгэлгийг явуулчихна, виз хүсэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр өр төлбөртэй байж болохгүй юм байна, хэрэв өртэй байвал виз гардаггүй юм байна” гэж хэлээд надаас хувийн хэргээ хаалгаад өгөөч гээд гуйгаад байсан учир би түүнд итгэж төрсөн эцэг нь арай ч худлаа хэлэхгүй байлгүй дээ гэж бодоод шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг хаалгаж байсан. Х.******* нь хэлсэн амандаа хүрэхгүй болохоор нь би хүсэлт гаргаж шийдвэр гүйцэтгэлд хүүхдийн тэтгэлгийн хувийн хэргийг нь нээлгэсэн. Тэгээд ч хүүхдийн тэтгэлгийг өгөхгүй байсаар л байсан. Дараа нь 2018 онд Х.******* нь мөн л дээрх үгээ хэлж 2014 онд гадаад гарах асуудал бүтээгүй, одоо л яг гарах гээд байна, гадаад гарах боломж олгоод өгчихвөл хүүхдийн тэтгэлгийг саадгүй 11 нас хүртэл нь өгнө гэж хэлээд гуйгаад байсан учир би түүнд итгээд хувийн хэрийг бас хаалгаж байсан. Гэтэл мөн л худлаа яриад гадаад гарсан ч юм байхгүй Өмнөговь Хятад улсын хооронд нүүрс зөөж, Төмөрлөгийн үйлдвэрт ажилд орсон байсан ч хүүхдийн тэтгэлгийн мөнгөө өгөөгүй. Би Х.*******од олон удаа боломж олгож байсан, олон удаа итгэсэн. Жолооны үнэмлэх авах гээд мөнгөгүй байна гэхээр нь ажилтай байвал тэтгэлгээ өгөх байх гээд үнэмлэх авах 500,000 төгрөг өгч Х.*******ыг С, D ангиллын жолооны үнэмлэхтэй болгож байсан. Гар утас авмаар байна, утас эвдэрсэн гэж мөнгө гуйхад нь хүртэл би Солонгосоос 1,500,000 төгрөгийг шилжүүлэн өгч байсан. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2024 онд сэргэсэн боловч би Х.*******ын худал үгэнд итгэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаалгаж байсан үеийн тэтгэлгийг одоо нөхөн гаргуулах боломжгүй, энэ асуудал дээрээ заавал шүүхийн шийдвэр гаргуул гэсэн. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн хамт гаргасан тооцоогоор Х.******* нь 2014, 2018, 2019, 2023 оны 12 сарыг дуусталх хугацааны хүүхдийн тэтгэлэг 4,240,150 төгрөг төлөөгүй байна. Хүүхдийн тэтгэлгийн төлбөр дээр алдангийг 50 хувиар тооцож 2,120,075 төгрөг нийт 6,360,225 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ. 

Хариуцагч Х.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Д.******* нь 2014 оны 02 дугаар сард намайг шүүхэд өгч хүү Г. өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн бөгөөд тус сум дундын шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 147 тоот шүүхийн шийдвэрээр хүү Г. эх Д.*******гийн асрамжид өгч Х.******* надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэж би хүү Г. хүүхдийн тэтгэлэг төлж байсан. Гэтэл 2018 оны намар хүү Г. 5 настай байхад ээж Д.******* нь Солонгос улс руу явж ажил хийхээр боллоо чи хүү Г. эцэг нь юм чинь харж бай гээд миний асрамжид орхиод явсан. Ингэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж хүүхдийн тэтгэлэг авахаас татгалзаж байна гэж хүсэлт гаргаад уг шийдвэрийг хаалгаад явсан. Үүнээс хойш 5 жилийн турш би хүү Г. асран хамгаалж байсан бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр би хүүгээ Дархан-Уул аймгийн ******* сургуульд оруулж сургуулийн захиргаатай гэрээ байгуулж байсан бөгөөд би өөрөө ээлжийн ажилтай болохоор миний ээж Ч.******* сургуулийн захиргаатай гэрээ байгуулж байсан. Д.******* ор үндэсгүй худал зүйл бичсэн байна. Учир нь энэ хугацаанд би өөр хүнтэй гэр бүл болоогүй. Би 2014 онд гадаад улс руу явах талаар энэ хүнд юу ч яриагүй бөгөөд гадаад улс руу явах шаардлага надад байгаагүй. Д.******* яаж хүнийг ингэж гүтгэж чадаж байгааг би ойлгохгүй байна. Харин ч би хүү Г. асран хамгаалж байсан 5 жилийн хугацааны тэтгэмжийг Д.*******гаас нэхэмжилмээр байна. Д.******* нь хүүхдийн 100,000 төгрөгийн тэтгэмжийг ч надад өгөлгүй өөрөө авдаг байсан. Д.*******гийн бичсэн бүх зүйл худлаа гэдгийг би нотлох болно. Д.******* Солонгос хүнтэй гэр бүл болсон. Тэр хүн илүү ам тэжээхийг хүсэхгүй байгаа тул хүүгээ чам дээр орхиё гээд бэлэглэлийн гэрээ хийж байрны урьдчилгаа өгч байсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр авагч төлбөр авахаас татгалзсан учир шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллаагааг хаасан байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.2-т заахдаа төлбөр авагч төлбөр авахаас татгалзаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгоно гэж зааснаас үзэхэд Д.******* төлбөр авахаас татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөхөөс татгалзаж байна” гэжээ.

2.Хариуцагч Х.******* нь нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж 5,200,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Д.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хүү Г. Х.******* миний асрамжид үлдээгээд Солонгос улс руу явсан. Энэ хугацаанд миний бие хүү Г. ******* сургуульд оруулж 1 дүгээр ангиас 5 дугаар анги хүртэл нь асран хамгаалж хамт амьдарч байсан болно. Би өөрөө Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ээлжийн ажил хийдэг байсан тул миний ээж ажилтай үед минь хүү Г. асран хамгаалж сургуульд нь хүргэж өгдөг тосож авдаг байсан болно. Энэ үед Д.******* нь Солонгос улсын иргэнтэй гэр бүл болж тэндээ ажил хийж байсан бөгөөд хүү Г. цахимаар харьцдаг байсан. Хүү Г. миний асрамжид байх хугацаанд Д.******* нь хүүхдэд төрөөс өгдөг 100,000 төгрөгийг өөрөө авдаг байсан, хүүхдэдээ тэтгэлэг төлдөггүй байсан, түүнээс гадна хүү Г. хөгжлийн бэрхшээлтэй гэж группт оруулаад түүний тэтгэмжийн мөнгийг авч байсан байж надаас энэ хугацааны тэтгэлгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байгаа тул Д.*******гаас 2019 оны 09 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлгийг мөн энэ хугацаанд хүүхдэд төрөөс олгодог байсан 100,000 төгрөгийг тооцож үзэхэд 5,200,000 төгрөг болж байгааг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна. Энэ хүн 2023 оны 06 дугаар сард Монголд ирэхдээ “Би Солонгос хүнтэй гэр бүл болсон тэр хүн илүү ам тэжээх хүсэлгүй байгаа тул чамд хүүгээ орхиод явлаа, чи хүүгээ сайн харж хандаж байгаа тул би байрны урьдчилгаа өгье чи нийгмийн даатгал төлдөг юм чинь ипотекийн зээл аваад үлдэгдэл төлбөрөө хий” гэж хэлээд бэлэглэлийн гэрээ хийж надад байрны урьдчилгаа өгч байсан. Гэтэл 2024 оны 01 дүгээр сард Солонгос нөхрөөсөө салсан юм шиг байгаа. Хүү Г. өвлийн амралтаар нь эгчтэй нь уулзуулна гэж аваад фейсбүүк болон утсыг нь блок хийж хүүг минь аавтайгаа харилцах боломжгүй болгосон. Иймд би энэ хүнээс хүүгээ асрамждаа байлгасан хүүхдийн тэтгэмж, хүүхдэд төрөөс олгодог 100,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

“...Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 0-18 насны хүүхдийн асран хамгаалагчийн нэрээр сонгосон банкаар олгох хуулийн зохицуулалттай. Хүүхдийн мөнгө нь засгийн газраас олгож буй эх орны хишгийн нэг хэлбэр бөгөөд хүүхэд бүрд жигд олгож буй нь хүүхдийг ялгаварлан гадуурхагдах, гутаан доромжлуулахаас сэргийлдэг ба хүүхдийн эрх, нэр хүндэд халдахаас хамгаалж тэгш байдлыг үүсгэдэг хуримтлал бөгөөд асран хамгаалагчийн сонгосон дансаар төрөөс орж ирдэг бөгөөд зориулалт хэрэглээ нь өөр, төр тухайлбал хүүхдийн мөнгийг согтууруулах ундаа, тамхины хэрэглээнд гэх мэт зарцуулагдсан тохиолдолд зогсоодог журамтай. Тиймээс эцэг, эх нь сонгосон банкны дансыг эзэмшигчийн хувьд өөрт олгогдож буй мөнгийг өмчлөх зарцуулах эрхгүй, зөвхөн хүүхдийн эрх ашигт нийцүүлэн захиран зарцуулна. Төрөөс олгосон 100,000 төгрөгийг Х.******* нэхэмжлэх эрх бүхий этгээд биш. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0776 дугаартай итгэмжлэл, Д.*******гийн Голомт банкны дансны хуулга, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2116 дугаартай “Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” албан бичгийн хуулбар, дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 24/06 дугаартай тогтоолын хуулбар, Д.*******гийн гар хүсэлт, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/657 дугаартай тогтоолын хуулбар, Д.*******гийн гар хүсэлтийн хуулбар, сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1764 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамжийн хуулбар, сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 204 дугаартай шийдвэрийн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 4-11, 58, 67-73, 80-96 хуудас)

4.Хариуцагчаас 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0856 дугаартай итгэмжлэл, ******* сургуулийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн суралцагч Г. тодорхойлолт, 2019, 2020, 2021 онуудын ******* сургуулийн суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээнүүд, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 147 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 107 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 851 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1048 дугаартай шийдвэр, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1069 дугаартай итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 27-32, 35-52, 96 хуудас)

5.Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2/46/7533 дугаартай албан бичиг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол Улсын хилээр нэвтэрсэн иргэний тодорхойлолт зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн. (хх 74-75 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Х.*******од холбогдуулан хүүхдийн нөхөн тэтгэлэг, алдангид 6,360,225 төгрөг нөхөн гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Х.******* нь нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж 5,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыгД.******* нь Х.*******од холбогдуулан хүүхдийн тэтгэлгийг 2014, 2018, 2019, 2023 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд төлөөгүй төлбөр 4,240,150 төгрөг, алданги 2,120,075 төгрөг нийт 6,360,225 төгрөг гаргуулаар нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл нь 2014 оны 02 сарын 28-ны өдрийн 147 тоот шүүхийн шийдвэрээр Х.*******оос хүү Г. хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, эх Д.*******д олгохоор шийдвэрлэсэн. Энэ цагаас хойш хүүхдийн тэтгэлэг алдаг оног өгч байгаад өөр хүнтэй гэр бүл болж хүүхдийн тэтгэлэг огт өгөхөө больсон. 2014 онд Х.******* нь Д.*******д "Би гадаад улс руу явах гэж байна, тэндээс хүүхдийнхээ тэтгэлгийг явуулчихна, виз хүсэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр өр төлбөртэй байж болохгүй юм байна. Хэрэв өртэй байвал виз гардаггүй юм байна" гэж хэлээд хувийн хэргээ хаалгаад өгөөч гэж гуйгаад байсан учир түүнд итгэж төрсөн эцэг нь арай ч худлаа хэлэхгүй байлгүй дээ гэж бодоод шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг хаалгаж байсан. Х.******* нь хэлсэн амандаа хүрэхгүй болохоор нь Д.******* хүсэлт гаргаж шийдвэр гүйцэтгэлд хүүхдийн тэтгэлгийн хувийн хэргийг нь нээлгэсэн. Тэгээд ч хүүхдийн тэтгэлгийг өгөхгүй байсаар л байсан. Дараа нь 2018 онд Х.******* нь мөн л дээрх үгээ хэлж 2014 онд гадаад гарах асуудал бүтээгүй, одоо л яг гарах гээд байна, гадаад гарах боломж олгоод өгчихвөл хүүхдийн тэтгэлгийг саадгүй 11 нас хүртэл нь өгнө гэж хэлээд гуйгаад байсан учир мөн түүнд итгээд хувийн хэргийг бас хаалгаж байсан гэдэг. Гэтэл мөн л худлаа яриад гадаад гарсан ч юм байхгүй Өмнөговь, Хятад улсын хооронд нүүрс зөөж, Төмөрлөгийн үйлдвэрт ажилд орсон байсан ч хүүхдийн тэтгэлгийн мөнгөө өгөөгүй. Д.******* нь Х.*******од олон удаа боломж олгож байсан, олон удаа итгэсэн гэдэг. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн хамт гаргасан тооцоогоор Х.******* нь 2014 оны 04 дүгээр сараас 12 сар хүртэл 9 сарын хугацааны тэтгэлэг 673,650 төгрөг,  2018 оны 2 дугаар сараас 12 сар хүртэлх 11 сарын хугацааны тэтгэлэг 903,650 төгрөг, 2019 оны 01 дүгээр сараас 12 сар хүртэлх 11 сарын хугацааны тэтгэлэгт 1,029,050 төгрөг, 2023 оны 01 дүгээр сараас 12 сар хүртэлх 12 сарын хугацааны тэтгэлэгт 1,633,800 төгрөг нийт 4,240,150 төгрөгийг төлөөгүй, алдангийг 50 хувиар тооцож 2,120,075 төгрөг нийт 6,360,225 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.

3.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...Д.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хүү Г. Х.******* миний асрамжид үлдээгээд Солонгос улс руу явсан. Энэ хугацаанд миний бие хүү Г. ******* сургуульд оруулж 1 дүгээр ангиас 5 дугаар анги хүртэл нь асран хамгаалж хамт амьдарч байсан болно. Энэ үед Д.******* нь Солонгос улсын иргэнтэй гэр бүл болж тэндээ ажил хийж байсан бөгөөд хүү Г. цахимаар харьцдаг байсан. Хүү Г. миний асрамжид байх хугацаанд Д.******* нь хүүхдэд төрөөс өгдөг 100,000 төгрөгийг өөрөө авдаг байсан, хүүхдэдээ тэтгэлэг төлдөггүй байсан, түүнээс гадна хүү Г. хөгжлийн бэрхшээлтэй гэж группт оруулаад түүний тэтгэмжийн мөнгийг авч байсан байж надаас энэ хугацааны тэтгэлгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байгаа тул Д.*******гаас 2019 оны 09 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны хүүхдэд төрөөс олгодог байсан 100,000 төгрөгийг тооцож үзэхэд 5,200,000 төгрөг болж байгааг гаргуулахаар нэхэмжилж байна” гэж тодорхойлсон.

4.Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 147 дугаартай шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Г. эх Д.*******гийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Г. 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр, 11-16 суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Х.*******оос тэтгэлэг гаргуулж эх Д.*******д олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Д.******* нь хүсэлт гаргаж Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 960 дугаар албадан биелүүлэх захирамж, 20 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн ахлан шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тэтгэлэг авагч Д.******* нь 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүүхдийн тэтгэлэг авахаас татгалзан гүйцэтгэх баримт бичгийг хаалгах тухай хүсэлт гаргасныг 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 383 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон, үүнийг Х.******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлж бөөнд нь төлбөрийг төлчихнө гэж гүйцэтгэлийн ажиллагааг хаалгуулсан. Гэтэл нэг ч төгрөг төлөөгүй гэх үндэслэлээр тус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болгосон тогтоолыг шүүхээс хүчингүй болгосон үйл баримт Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 204 дугаартай шийдвэрээр нэгэнт тогтоогджээ. Тус шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1764 дугаартай шүүгчийн захирамж гарсан байна. 

Ингээд нэхэмжлэгч Д.*******гаас 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэлийн албанд гаргасан “...хүүхдийн тэтгэлэг авахаас татгалзаж байгаа тул гүйцэтгэх хуудсыг хаахад татгалзах зүйлгүй болно” гэх хүсэлтийн дагуу Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/657 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тогтоолоор төлбөр төлөгч Х.*******од холбогдох гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ.

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 24/06 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор тэтгэлэг төлөгч Х.*******од холбогдох тэжээн тэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/657 дугаар тогтоолыг цуцалж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулжээ. 

5.Дээрхээс дүгнэхэд 2014 оны 04 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд хүүхдийн тэтгэлэг төлүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үргэлжилж байсан ба 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тэтгэлэг авагч буюу нэхэмжлэгч Д.*******гийн хүсэлтээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосныг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр сэргээсэн үйл баримт тогтоогдож байна.

Мөн зохигчдоос шүүх хуралдаанд …нэхэмжлэгч Д.******* нь 2018.12-2023.12 сар хүртэлх хугацаанд Солонгос улсад байсан бөгөөд энэ хугацаанд хүү Г. эцэг Х.*******ын асрамжид байсан… гэж тайлбарласан. Талууд эдгээр үйл баримтуудад маргахгүй байна.

6.Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 35, 38 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд энэ үүрэг эцэг, эхэд адил тэгш байдаг. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна гэж хуульчилжээ.

Дээрх хуульд зааснаар хүү Г. эхийн асрамжид үлдээсэн боловч эх Д.******* нь 2018.12-2023.12 сар хүртэлх хугацаанд Солонгос улсад байсан, энэ хугацаанд эцэг Х.******* хүүхдээ асран халамжилж байсан байх тул хүүхдийн тэтгэлэг зөвхөн хүүхдэд зориулагдах зарчмын хүрээнд хүү эцгийн асрамжид байсан хугацааны хүүхдийн тэтгэлгийг эцгээс нөхөн гаргуулах үндэслэлгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно” гэж заасан.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Гэр бүлийн болон Иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай 46 дугаар тогтоолоор …тэтгэлэг төлөгч ажил, хөдөлмөр эрхэлсэн эсэхээс үл хамааран, тэтгэлэг төлөөгүй, төлөх талаар санаачилга гаргаагүй явдал нь хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан “тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн” гэсэн ойлголтод хамаарна гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгч Д.*******гаас Солонгос Улс руу явах болж хүүг хариуцагч Х.*******ын асрамжид үлдээх болсноор 2018 оны 10 дугаар сард хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас татгалзаж дуусгавар болгон, Монголд буцаж ирснээр уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024 оны 09 сараас эхлэн сэргээлгэсэн хугацааны тэтгэлгийг хариуцагч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж үзэхгүй юм.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Х.*******ын хүүхдийн тэтгэлгийг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэх ямар нэг үйлдлээс шалтгаалаагүй байна.

Иймээс дээр дурдсан хоёр үндэслэлээр нэхэмжлэгчийн 2018 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны нэхэмжилсэн хүүхдийн тэтгэлэг 2,827,150 төгрөг, түүний алданги 1,413,575 төгрөг нийт 4,240,725 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

Харин үлдэх нэхэмжлэлийн шаардлага буюу 2014 оны 04 сараас 2014 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны болон 2018 оны 02 сараас 2018 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны хүүхдийн тэтгэлэг 1,413,000 төгрөг, түүний алданги 706,500 төгрөг нийт 2,119,500 төгрөгийн тэтгэлгийг нөхөн гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан гэх …2014.01.01-ний өдрөөс 2024.12.09-ний өдрийг хүртэлх хугацааны тэтгэлэг төлөгч Х.*******ын тус байгууллагаар дамжуулан төлсөн тэтгэлгийн баримтад дээрх хугацааны хүүхдийн тэтгэлгийг төлсөн гэж бүртгэгдээгүй байх боловч яагаад хүүхдийн тэтгэлэг төлөгдөөгүй болох, тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан эсэх үйл баримт тогтоогдохгүй байна.

7.Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д “Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах эрхтэй” гэж заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 236 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам шинэчлэн батлах тухай” журмын 1.1-д “Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.6-д зааснаар Хүүхдийн мөнгөн тэтгэмж гэдэг нь өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд, эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий МУ-н иргэнд олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ” гэж тодорхойлжээ.

Мөн журмын 2.1-т “Хүүхдийн мөнгөнд хамрагдах хүсэлтийг хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхэд 16 насанд хүрсэн бол өөрөө сум, хорооны нийгмийн ажилтанд хандан биечлэн, эсхүл ...цахим хэлбэрээр гаргах бөгөөд хүсэлт гаргасан сараас нь тооцож олгоно” гэж зааснаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг эцэг, эх, асран хамгаалагчид олгодог байна.

 Эцэг, эх асран хамгаалагч нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг согтууруулах ундаа, тамхины хэрэглээнд зарцуулахгүй байх үүрэгтэй бөгөөд тус мөнгийг хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхэд зарцуулах, хэрэв эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлсэн, эсхүл эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрхийг зөрчсөн талаар дүгнэлт гарсан тохиолдолд уг мөнгийг хүүхдийг асрамжилж буй этгээдэд олгохгүй түдгэлзүүлэх талаар дээрх журмын 4 дүгээр зүйлд заажээ.

Хариуцагчаас ...хүү Г. өөрийн асрамжид байх хугацааны буюу 2019 оны 09 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд хүүхдэд сар бүр төрөөс олгосон 100,000 төгрөгийн тэтгэмжид 5,200,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан.

Өмнө дурдсанчлан хүү Г. эх Д.*******гийн асрамжид үлдээсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх бөгөөд Д.******* нь дээрх журамд зааснаар төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах эрх бүхий этгээд байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг. Өөрөөр хэлбэл, эрх нь зөрчигдсөн этгээд эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, эрхийг зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээлгэхээр шаардах эрхтэй юм.

Хэдийгээр хүү Г. нь тодорхой хугацаанд эцэг Х.*******ын асрамжид байсан боловч тухайн хугацааны төрөөс олгосон хүүхдийн мөнгөн тэтгэмжийг эх Д.******* хүүхдэд зарцуулаагүй, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн гэх үндэслэл, түүнчлэн өнгөрсөн хугацаанд тухай бүр, сар болгон нэгэнт олгогдсон хүүхдийн мөнгөн тэтгэмжийг гаргуулахаар шаардсан хариуцагчийн шаардлага нь түүний ямар эрх ашгийг сэргээх, хариуцагчийн эрх ашиг зөрчигдсөн гэх үндэслэл тус тус тогтоогдохгүй байна.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заасан.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,714 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,700 төгрөгөөс 98,150 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас илүү төлсөн 70,550 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн хариуцагч Х.*******од холбогдуулан гаргасан “Хүүхдийн нөхөн тэтгэлэг 6,360,225 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хариуцагч Х.*******ын нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан гаргасан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж 5,200,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,714 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,700 төгрөгөөс 98,150 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас илүү төлсөн 70,550 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч Х.*******од олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.НОМИН