Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар  2023/ДШМ/677

 

 

 

 

   

 

О.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

яллагдагч О.Б, түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Ж.Оюунболд,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/789 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар прокурор Г.Эрдэмбаатарын бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн О.Бт холбогдох 1902007710388 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагчийн биеийн байцаалт: .....тоотод оршин суух хаягтай;

Холбогдсон хэрэг: Яллагдагч О.Б нь “М” Төрийн өмчит үйлдвэрийн газрын охин компани болох “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2017 оны 5 дугаар сарын 01-нээс 2019 оны 5 дугаар сарын 31-ний хооронд ажиллаж байхдаа 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-аас 800,000,000 төгрөгөөр худалдан авч, төрсөн эх Б.Тийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан өөрийн хөрөнгө болох Д дүүргийн 00 дүгээр хорооны нутагт байрлах Р рашааны гудамж 000 дугаар байрны 0000тоот 200 м.кв талбай бүхий орон сууц, зоорь В давхрын 23, 24 тоот авто зогсоолуудыг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: О.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...Нэг: ...Дүгнэхэд: гэрч Ц.Оын мэдүүлэг үндэслэлтэй эсэх, эх сурвалжийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. Тухайлбал: - Д дүүргийн 00 дугаар хороо А үйлдвэрийн хашаанд байрлах С компаний урд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 400 м.кв барилгыг “АОС” компанид 2008 онд 300.000 юанаар худалдсан. Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, А үйлдвэрийн хашаанд Гутлын үйлдвэрийн урд байрлах 1 давхар 000 м.кв талбай бүхий конторын барилга, цайны газар, агуулах зэргийг 2008 онд Гутлын үйлдвэрт 30.000.000 төгрөгөөр худалдсан. 1991 онд өмч хувьчлалаар Шарга морьтын эцсийн буудлын дээд талд Арьс ширний зуслангийн зориулалттай 10 ширхэг зуслангийн байшин хувьчлан авч, 1991-2016 онд 35.000.000 төгрөгөөр зарж борлуулсан. 1991 онд өмч хувьчлалаар авсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Арьс ширний хашаанд байрлах 24 м.кв агуулахын зориулалттай байрыг 2009 онд Харигаа гэх компанийн захирал О гэх хүнд 8.000.000 төгрөгөөр зарсан. 161 ширхэг оёдлын машин, тоног төхөөрөмжийг 2015 онд 47.250.000 төгрөгөөр зарсан. 2009 онд ХСМА-50 маркийн ковшийг Техник форум У гэх захирлаас 40.000.000 төгрөгөөр авч тооцоогоо дуусгасан. 2009 онд Архангай аймгийн Цэнхэр суманд алтны уурхай эрхэлдэг Батболд гэх хүнд 62.850 доллараар зарсан гэх мэдүүлгийн эх сурвалжийг шалгаагүй орхигдуулсан байна.

Түүнчлэн, гэрч Ц.О нь 800.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний валютийг гэртээ бэлнээр хадгалж байсан гэж мэдүүлдэг ба Д дүүргийн 00 дүгээр хорооны нутагт байрлах Р рашааны гудамж 000 дугаар байрны 0000тоот 200 м.кв талбай бүхий орон сууц, зоорь В давхрын 23, 24 тоот авто зогсоолуудыг Б.Т нь “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-аас худалдан авахдаа төлбөр тооцоог төгрөгөөр эсхүл валютаар хийсэн аль болохыг тодруулах, хэрэв төгрөгөөр тооцоог хийсэн бол Ц.О нь өөрийн гэртээ хадгалж байсан 800.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний валютийг хэзээ, хаана төгрөгөөр солиулсан талаарх баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Хоёр: ...Прокуророос яллагдагч О.Бийг нийтийн албан тушаалд ажиллах хугацаандаа орон сууц, автомашины зогсоолуудыг худалдан авснаа хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан хууль буцаан хэрэглэх зарчмыг зөрчиж, яллах дүгнэлт үйлдсэн байна.

Гурав: Гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоогоогүй.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, : 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ү-2206012712 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо Р рашааны гудамж, 2 дугаар байрны 000 тоот 000м.кв талбай бүхий орон сууц, зоорины В давхрын 23, 24 тоот авто зогсоолуудыг өмчлөгчөөр Б.Тийг бүртгэжээ /хэргийн 2 дугаар хавтас 199-206, 243 дахь тал, 9 дүгээр хавтас 83-85 дах тал/. “Ш” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор О.Бийг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор О.Бийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн байна. /хэргийн 4 дүгээр хавтас 158 дах тал/

Гэтэл прокуророос яллагдагч О.Бийн “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хугацааг буюу 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэт ерөнхий буюу гэмт хэрэг гарсан цаг, хугацааг тогтоож чадаагүй гэж үзнэ.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн тухайд албан тушаалтны хөрөнгө хууль ёсных нь орлогоос давсан, үл дүйцэж байгааг прокурор нотолсноор гэм бурууг нотлох ажиллагааны стандарт хангагдах ба шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. Мөрдөн байцаалтын шатанд шалгаж, тогтоовол зохих байдлыг нөхөн гүйцэтгүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах, шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаах боломжгүй тул прокуророос яллагдагчийг шүүхэд шилжүүлэх саналыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ...” гээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэг. ...Нотлох баримтуудаар 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг О.Бийн төрсөн эх Б.Т худалдан авагчийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд Голомт банканд дундын данс нээж гэрээний үнэ 800,000,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 51,246,000 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 748,754,000 төгрөгийг тус тус бэлнээр байршуулсан үйл баримт тогтоогдсон. Тус гэрээг байгуулах, орон сууцны үнэ болох 800,000,000 төгрөгийг дансанд байршуулж байх цаг хугацаанд яллагдагч О.Б нь "М” Төрийн өмчит үйлдвэрийн газрын охин компани болох “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан бөгөөд уг албан тушаалд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. ...Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан буюу 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр үйлдсэн гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдсэн болно.

Хоёр. ...Эрүүгийн хуульд өөрчлөлт орохоос өмнөх хуулийн зохицуулалт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээс оногдуулж болох хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялын дээд, доод хэмжээнээс бага, мөн торгох ялтай байгаа нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно..’’ гэж заасны дагуу прокуророос яллах дүгнэлт үйлдсэн.

Гурав. ...Яллагдагч О.Бийн эцэг Ц.О нь өөрийн гэрт хадгалж байсан бэлэн мөнгөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан, тухайн орон сууцанд хүүгээ амьдруулж байгаа гэх тайлбар мэдүүлгийг өгсөн боловч хавтаст хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтууд, тухайлбал гэрчийн мэдүүлгүүдээр Ц.О худалдах, худалдан авах ажиллагаанд оролцсон нөхцөл байдал тогтоогдохгүй, түүний хөрөнгө гэх үйл баримт няцаагдаж, үгүйсгэгддэг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасан “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгч чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэсэн заалтад хамаарч байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон бөгөөд хавтаст хэрэгт тусгагдсан баримтын хүрээнд яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шүүх бүрэн шийдвэрлэх боломжтой юм.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2023/ШЗ/789 дугаар шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт заалтад заасан “Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн”, 1.3 дахь заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ дүгнэлтдээ: “...Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатарын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Шүүгчийн захирамжид яллах дүгнэлтийг хэт ерөнхий товч байдлаар гэж дурдсан гэж тайлбарласан байдаг. Гэтэл хэрэгт 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр яллагдагч О.Бийн төрсөн эх Б.Т худалдан авагчийг төлөөлж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 51.246.000 төгрөг, мөн оны 3 дугаар сарын 18-ны өдөр 748.754.000 төгрөгийг тус тус бэлнээр авч дансанд байршуулсан болох нь тогтоогдсон. Яллагдагч О.Б нь "М” Төрийн өмчит үйлдвэрийн газрын охин компани болох “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Прокуророос яллагдагч О.Бийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 800,000,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, дээрх эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан цаг хугацааг гэмт хэрэг үйлдсэн хугацаа гэж хэт ерөнхий тогтоосон, тодорхой хугацааг тогтоож чадаагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, яллах дүгнэлтэд яллагдагч О.Бийн нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гэж гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тодорхой дурдсан. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан хууль буцаан хэрэглэх зарчмыг зөрчиж, яллах дүгнэлт үйлдсэн” гэж дурдсан. Яллагдагч О.Бт холбогдох хэрэг нь 2022 оны хуулийн үйлчлэлд хамаарна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасан. Хэрэв тухайн хуулийг дагаж мөрдөж байх үед шинээр хууль батлагдсан нь яллагдагчийн эрх зүйн байдалд ашигтайгаар нөлөөлөхөөр бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль буцаан хэрэглэх талаар зохицуулсан байдаг. Гэвч 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан хууль нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулах учраас прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “хууль буцаан хэрэглэх зарчмыг зөрчиж, яллах дүгнэлт үйлдсэн” гэж дурдсан нь үндэслэлгүй юм. Харин прокурорын хувьд яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй нь алдаа болсон байна. Гэхдээ уг хэргийн хувьд ял тохиролцсон асуудал байхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж шийдвэрлэснээр яллагдагчийн эрх зүйн байдлыг ямар нэгэн байдлаар дордуулахгүй юм. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 1996-2006 оны хооронд тодорхой хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг худалдан борлуулсан болох нь тогтоогдсон. Яллагдагч О.Бийн эцэг Ц.О нь өөрийн гэрт хадгалж байсан бэлэн мөнгөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан, тухайн орон сууцанд хүүгээ амьдруулж байгаа гэх тайлбар мэдүүлгийг өгсөн боловч хавтаст хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтууд, тухайлбал гэрчийн мэдүүлгүүдээр Ц.О худалдах, худалдан авах ажиллагаанд оролцсон нөхцөл байдал тогтоогдохгүй, түүний хөрөнгө гэх үйл баримт няцаагдаж, үгүйсгэгддэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон бөгөөд хавтаст хэрэгт тусгагдсан баримтын хүрээнд яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шүүх бүрэн шийдвэрлэх боломжтой юм. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.  

Яллагдагч О.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-тай гэрээ байгуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж ялласныг эс зөвшөөрч байна...” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “зөвхөн гэмт хэргийн субъектийн тайлбараар хэргийг шийдвэрлэх нь учир дутагдалтай байна. Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гаргасан тайлбарыг няцаах, түүнийг үндэслэлгүй болохыг баталж, няцаан нотлох нь прокурорын нийтлэг үүрэгт хамаарна” гэж дурдсан. Яллагдагч О.Б “миний эд хөрөнгө биш. Би эцэг, эхийнхээ мөнгөөр орон сууцыг авсан” гэж мэдүүлдэг. Түүний эцэг Ц.О, эх Б.Т нар “тухайн объектийг өөрийн хөрөнгөөр авсан” гэж мэдүүлж, хөрөнгийн эх үүсвэрүүдийг зааж өгсөн. Уг зааж өгсөн хөрөнгөнүүдээс зөвхөн нэгийг нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монь Ивээл” ХХК-д 245.000 доллароор худалдсан болох нь баримтаар тогтоогддог. Мөн Арьс ширний үйлдвэрийн хашаанд байрлах объект, Гутлын үйлдвэрийн урд байрлах конторын барилга, цайны газар, агуулах зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд үнэхээр байсан эсэхийг шалгаж тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, яллагдагч О.Б болон түүний эцэг, эх нь дээрх эд хөрөнгүүдийг олж авсан эх үүсвэрээ тайлбарлаад байхад энэ талаар шалгаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ талаар прокурорын эсэргүүцэлд дурдаагүй байна. Харин “яллагдагч О.Б нь өөрөө “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-ийн удирдах албан тушаалтантай очиж уулзан ярилцаж эд хөрөнгийг худалдаж авсан” гэж үзэж миний үйлчлүүлэгч О.Бийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт ялласан. Гэтэл уг хэргийн гол зангилаа нь О.Б тухайн эд хөрөнгүүдийг худалдаж авсан мөнгийг хэрхэн бий болгож, хэн гаргасанд байгаа юм. Гэтэл энэ талаар прокурор нарийвчлан тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл, уг хэргийн үйл баримттай яллагдагч О.Бийн ямар үйлдэл, эс үйлдэхүй хэрхэн, яаж холбогдож байгааг нотолсон баримт хэрэгт байхгүй. Уг хэрэг нээгдэж шалгагдсан үеэс эхэлж Авлигатай тэмцэх газраас О.Бийг шалгахдаа тухайн байгууллагын дотоод хяналт, санхүүгийн хяналт, бусад аудитын материал зэрэгт тулгуурлаж хахууль авсан эсэх зэргийг шалгахад гэмт хэргийн шинжтэй үйл баримт тогтогдоогүй. Мөн прокурорын эсэргүүцэлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж үгүйсгэсэн. Гэтэл яллагдагч О.Бийн мэдүүлгийн эх сурвалжийг шалгаагүй атлаа О.Б мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлийн дагуу ажиллагаа хийх нь зүйтэй...” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг хэт ерөнхий байдлаар тодорхойлсон” гэж дурдсан. Уг гэмт хэргийн гол онцлог нь өөрийн хөрөнгө юм. Прокурорын зүгээс уг хэргийг зүйлчлэхдээ хөрөнгө, орлогоо хууль бусаар нэмэгдсэнийг тогтоож, тайлбарлаж чадаагүй. Нэгэнт хууль тогтоогчийн зүгээс хөрөнгө, орлого гэж байгаа учраас хөрөнгө, орлого гэж юу болохыг улсын яллагчийн зүгээс нарийвчлан тодорхойлох нь зүйтэй. Учир нь, энэ нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаатай салшгүй холбоотой. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “.Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно.”гэж, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт “Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна.” гэж, 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.” гэж, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж тус тус заасан. Иймд уг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох шаардлагатай. Учир нь, прокурорын зүгээс О.Бийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийтийн албан тушаалтан байсан бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж 3 дугаар сарын 11-ний өдөр 51.246.000 төгрөг, мөн оны 3 дугаар сарын 18-ны өдөр 748.754.000 төгрөгийг тус тус бэлнээр авч дансанд байршуулснаар уг гэмт хэргийг төгссөн гэж үзсэн. Прокурорын яллах дүгнэлтийн гол агуулга нь яллагдагч О.Б нь Хан-Уул дүүрэгт үл хөдлөх эд хөрөнгөтэй болсноороо үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж байгаа. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтэд яллагдагч О.Б хууль бусаар орлого олсон гэх агуулга байхгүй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гарсан байдаг. Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа болон нийтийн албан тушаалтан байсан үеийн цаг хугацааг зөрүүтэй гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан. Эрх зүйн байдлыг дордуулсан гэдэг нь өмнөх хуульд өөрчлөлт ороогүй байх хугацаанд гэмт хэргийн гол шинжийг нь тайлбарлах үүрэгтэй. Прокурор сүүлд өөрчлөлт орсон хуулиар тухайн гэмт хэргийн шинжийг тогтоосон гэж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэргийн шинжийг прокурор тогтоох үүрэгтэй бөгөөд тухайн эд хөрөнгүүдийн эх сурвалжийг зааж өгсөөр байхад энэ талаар прокурор шалгаагүй. Мөн уг хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид “Ц.Оын мэдүүлгийн эх сурвалжийг тогтоох шаардлагатай” гэж заасан атал уг ажиллагааг хийж шалгаагүй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч О.Бийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа их хэмжээгээр нэмэгдсэн өөрийн хөрөнгө орлого болох “...Д дүүргийн 00 дүгээр хорооны нутагт байрлах Р рашааны гудамж 000 дугаар байрны 0000тоот 200 м.кв талбай бүхий орон сууц, зоорь В давхрын 23, 24 тоот авто зогсоолууд...”-ийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх урьдчилсан шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд “...гэрч Ц.Оын мэдүүлэг үндэслэлтэй эсэх, эх сурвалжийг бүрэн шалгаж тогтоогоогүй, Эрүүгийн хууль буцаан хэрэглэх зарчмыг зөрчиж яллагдагч О.Бийн үйлдлийг буруу зүйлчилсэн, яллагдагч О.Бийн “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацааг чадаагүй...” гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаажээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянаад;

Шүүх,

О.Бийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх асуудлыг дүгнэж шийдвэрлэх боломжтой тул энэ үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаанд хэргийг буцаах шаардлагагүй,

яллагдагч О.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацааг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явцад тогтоох боломжтой байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 үгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хэмжээнд яллагдагч О.Б, гэрч Ц.О нарын мэдүүлгийн нотлогдсон байдлыг хэлэлцэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн шийдвэрлэх боломжтой гэж тус тус давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Харин анхан шатны шүүхийн “...гэрч Ц.О нь 800.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний валютийг гэртээ бэлнээр хадгалж байсан гэж мэдүүлдэг ба Д дүүргийн 00 дүгээр хорооны нутагт байрлах Р рашааны гудамж 000 дугаар байрны 0000тоот 200 м.кв талбай бүхий орон сууц, зоорь В давхрын 23, 24 тоот авто зогсоолуудыг Б.Т нь “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-аас худалдан авахдаа төлбөр тооцоог төгрөгөөр эсхүл валютаар хийсэн аль болохыг тодруулах, хэрэв төгрөгөөр тооцоог хийсэн бол Ц.О нь өөрийн гэртээ хадгалж байсан 800.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний валютийг хэзээ, хаана төгрөгөөр солиулсан талаарх баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй...” гэсэн ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хийх нь яллагдагч О.Бийн үйлдсэн гэх хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурор Г.Эрдэмбаатарын бичсэн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар прокурорын эсэргүүцлийг хэсэгчлэн хангаж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2023/ШЗ/789 дугаар “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2023/ШЗ/789 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Эрдэмбаатарын бичсэн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар прокурорын эсэргүүцлийг хэсэгчлэн хангасугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ЗОРИГ

     ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ

     ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ