| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 003/2013/0003/З |
| Дугаар | 111/ШШ2013/0005 |
| Огноо | 2013-03-15 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2013 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 111/ШШ2013/0005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч Ц.Сувдмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Б.Батсуурийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханд холбогдох аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 474 дүгээр захирамж, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1а/309 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, Баацагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн анхдугаар хуралдааны шийдвэрийг баталгаажуулан Б.Батсуурийг Баацагаан сумын Засаг даргаар томилохыг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батсуурь, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, өмгөөлөгч Г.Доржготов, иргэдийн төлөөлөгч X.Лундаа, нарийн бичгийн дарга С.Должинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батсуурь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Баацагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар олонхийн санал авч сумын Засаг даргаар сонгогдон аймгийн Засаг даргад томилуулахаар өргөн баригдсан. 2012 оны 12 дугаар сарын 5-нд аймгийн Засаг даргын 1а/309 тоот албан бичгээр сумын Засаг дарга миний биеийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Цэцгээтэй садан төрлийн холбоотой учир томилох боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ нь миний сонгох, сонгогдох эрхийг ямар нэгэн хуулийн үндэслэл заалтгүй, нотолгоогүй зөрчлөө гэж үзэж байна.
Би өмнө нь сумын Засаг даргын албан тушаалыг Л.Цэцгээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалыг хашиж байсан. Энэ хугацаанд хууль зөрчөөгүй байна гээд томилогдон ажилласаар ирсэн. Эдгээр нь улс төрийн албан тушаалтан бөгөөд нэг нь -өгөөдөө шууд захирагдах албан тушаал биш юм. Харин сумын Засаг даргын ажлыг аймгийн Засаг дарга өөрөө шууд хянахаар хуульд заасан.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан хамаарал бүхий этгээд гэдэгт “өвөг” гэж заагаагүй байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3 дахь заалт хамаарахгүй юм.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдаанаар уг асуудлыг дахин хэлэлцэн аймгийн Засаг даргын хоригийг олонхийн саналаар хүлээн авах боломжгүй гэж үзсэн боловч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дахин нэр дэвшүүлсэн. Уг үйл ажиллагаатай холбоотойгоор Монгол Ардын намын бүлэг завсарлага авч улмаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдааныг нээлттэй орхисон. Харин Ардчилсан намын бүлэг албан бусаар дахин хуралдаж, сумын Засаг даргыг сонгон аймгийн Засаг даргад хурлын протокол буюу тэмдэглэлээр хүргүүлсэн. Аймгийн Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль ёсны тогтоол, шийдвэргүйгээр зөвхөн албан ёсны бус хуралдааны тэмдэглэлээр дараагийн Засаг даргыг 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан захирамж гаргасан. Уг захирамжийг миний бие албан ёсоор 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан.
Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль ёсны тогтоол, шийдвэргүйгээр буюу албан бус хурлын тэмдэглэлийг үндэслэж гаргасан аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 474 дүгээр захирамжийг хүчингүй болгох, мөн миний сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчиж, садан төрлийн холбоотой гэсэн үндэслэлээр сумын Засаг даргаар томилохоос хууль бусаар татгалзаж буцаасан шийдвэрийг хүчингүй болгож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны шийдвэрийг баталгаажуулан сумын Засаг даргаар томилуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баацагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар олонхийн санал авсан Б.Батсуурийг сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад өргөн барихад Б.Батсуурийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Цэцгээтэй садан төрлийн холбоотой учир томилох боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын албан тушаал нь улс төрийн албан тушаал юм. Б.Батсуурь, Л.Цэцгээ нар нь хясан болон цусан төрлийн ямар ч холбоо байхгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3-т заасан шаардлага нь дээрх албан тушаалтанд хамааралгүй юм.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдаанаар уг асуудлыг дахин хэлэлцэж Ж.Ганбатыг сонгосон тогтоол, тэмдэглэл үйлдэж, аймгийн Засаг даргад уламжилсан байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т тогтоол гэж юу хэлэх, түүний шаардлагыг тодорхой заасан байгаа. Гэтэл уг тогтоол, тэмдэглэл нь албан бланкан дээр гараагүй, тамга, тэмдэг дарагдаагүй, Хурлын даргын гарын үсэггүй, албан бичгийн стандарт хангаагүй хүчин төгөлдөр бус тогтоол байхад энэ хууль бус тогтоолыг үндэслэж аймгийн Засаг дарга 2012 оны 12 дугаар сарын 14- ний өдрийн 474 дүгээр захирамжийг гаргасан нь үндэслэлгүй юм. Иймд дээрх захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч аймгийн Засаг дарга Жаргалсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Батсуурийн сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарласан ямар ч үйлдэл болоогүй бөгөөд иргэн Б.Батсуурь нь энэ эрхээ эдэлж Баацагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 удаагийн хуралдаанд сумын Засаг даргад сонгогдохоор нэрээ дэвшүүлсэн. Баацагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Засаг даргад нэр дэвшигч Б.Батсуурийг томилуулахаар уламжилсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг судалж үзээд тухайн Хурлын дарга Л.Цэцгээ, Б.Батсуурь хоёр нь төрлийн хүн болох нь мэдэгдэж, Цэцгээгийн эцэг Лувсан, Батсуурийн эцэг Батнасан нар нь төрсөн ах дүү, өөрөөр хэлбэл Аварзэдийн Лувсан, Аварзэдийн Батнасан гэдэг нь тогтоогдсон бөгөөд нутгийн ард иргэд гэрчилдэг юм. Үүнийг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан “төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг хэлнэ гэж тодорхой заажээ. Мөн 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймагт зохиогдсон Монгол Хүн-2020 хэлэлцүүлэг дээр Баацагаан сумын төрийн албан тушаалыг ах дүүсээрээ хашиж хууль зөрчиж байгаа талаар иргэдээс мэдээлэл хийгдэж байсан бөгөөд энэ талаар удаа дараа гомдол, санал гарсаар байсан.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3-д зааснаар “...хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садангийн хүн нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол...” гэсэн заалт, мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар Б.Батсуурийг томилохоос татгалзсан саналаа Баацагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1а/309 тоот албан бичгээр хариуг өгсөн.
Ингээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “...энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй...” гэсэн заалтын дагуу хуульд заасан үүргээ биелүүлж, Баацагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн сумын Засаг даргаар томилуулахаар уламжлах тухай тогтоолыг удирдлага болгоод Монгол Улсын Үндсэн хуулийн тав дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтыг үндэслэн 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 474 дүгээр захирамжаар сумын Засаг даргад томилуулахаар уламжилсан Ж.Ганбатыг Баацагаан сумын Засаг даргаар томилсон.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдааны тогтоол нь тамга дарагдаагүй, албан бланкан дээр хэвлээгүй шалтгааныг би асууж тодруулахад тус хуралдаан завсарлаад дуусахад Хурлын дарга, нарийн бичгийн дарга нар нь Монгол Ардын намын бүлгийнхний хамт хуралдаа орж ирээгүй, мөн тогтоолыг хууль ёсны дагуу гаргах боломж олгоогүй зэрэг төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл гаргасан байсан.
Дээрх миний гаргасан шийдвэр бол нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах, шударга ёс, тэгш байдал, эв нэгдэл, хууль дээдлэх зарчмыг баримталсан, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын олонхоороо гаргасан шийдвэрийг хүндэтгэсэн шийдвэр гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Доржготов шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Аймгийн Засаг дарга иргэн Б.Батсуурийн сонгох, сонгогдох эрхийг зөрчөөгүй гэдэг нь Баацагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1, 2 дугаар хуралдаанд Б.Батсуурийн нэрийг дэвшүүлж санал хураалт явуулсан хурлын тэмдэглэлээр нотлогдоно. Б.Батсуурийг тус сумын Засаг даргаар томилохоос татгалзсан шалтгаан нь хэлэлцүүлэг дээр Баацагаан сумын төрийн албан хаагчдын төрөл садангийн холбооны талаар яригдаж байсан. Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханыг энэ албан тушаалд томилогдохоос өмнө болон томилогдсоны дараа сумын Хурлын дарга Л.Цэцгээ Б.Батсуурь нар нь төрөл садангийн холбоотой талаар иргэдээс гомдол, санал гарсаар байсан. Үүнтэй холбогдох нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан. Мөн Б.Батсуурь нь Л.Цэцгээтэй төрөл садангийн холбоотой гэдгээ нэхэмжлэлдээ бичсэн, мөн шүүхэд тайлбар өгөхдөө өөрөө хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэрэгт авагдсан лавлагаануудаар давхар нотлогдоно.
Аймгийн Засаг дарга нь Б.Батсуурь, Л.Цэцгээ нарыг төрөл садангийн холбоотой юм гэдгийг мэдээд сумын Засаг даргаар томилохоос татгалзсан. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дахин хуралдаж гаргасан шийдвэрийг нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасны дагуу 5 хоногт багтаж томилох үүргээ биелүүлсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдааны тогтоол тамгагүй, албан бланкан дээр хэвлэгдээгүй байгаа нь Хурлын дарга Л.Цэцгээ хуралдааныг удирдан зохион байгуулах үүргээ, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа хуралдааны үйл явцыг бичиж тэмдэглэх үүргээ үл хайхран албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан үйлдэлтэй холбоотой юм гэв.
Гуравдагч этгээд Ж.Ганбат шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие нь Баацагаан сумын Засаг даргын тамгын газарт иргэний бүртгэлийн улсын бүртгэгчээр ажилладаг. 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдаанаар сумын Засаг даргад Ардчилсан намаас Жаргалын Ганбат миний нэрийг, Монгол Ардын Намаас Батнасангийн Батсуурийн нэрийг тус тус дэвшүүлсэн. Уг хуралдаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Цэцгээ намайг дуудаж, “Ардчилсан намаас сумын Засаг даргад чамайг нэр дэвшүүлж байна, чи зөвшөөрөх үү” гэхэд би “зөвшөөрч байна, та бүгдтэй хамтарч ажиллахад надад татгалзах зүйлгүй” гэж хэлсэн. Хурлын 21 төлөөлөгчид бүгд байсан. Санал хураалтаар төлөөлөгчдийн олонхийн саналаар Ж.Ганбат миний нэрийг томилуулахаар шийдвэр гаргасан. Аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Сумын засаг даргаар томилсон” 474 дүгээр захирамжийг хүчин төгөлдөр гэж үзэж байна гэжээ./х/х-115/
Иргэдийн төлөөлөгч Х.Лундаа шүүх хуралдаанд бичгээр гаргасан саналдаа:
“Баацагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар Б.Батсуурь олонхийн санал авч сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад уламжилсан боловч аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан нь Баацагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Цэцгээ нь Б.Батсуурьтай садан төрлийн холбоотой тул дэмжихгүй байна гэжээ. Захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдаанаар Ж.Ганбатыг сумын Засаг даргаар томилохоор уламжилсан тогтоол нь тамга, тэмдэггүй байгаа нь хүчингүй гэж үзэх үндэслэлтэй. 2 дугаар хуралдаан нээлттэй орхигдсон байна.
Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дахин хуралдуулж тогтоолыг тамгатай албан ёсны болгон баталгаажуулах, 1 дүгээр хуралдааныг хүчин төгөлдөр гэж үзэх гэсэн саналтай байна” гэжээ./х/х-120/
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Батсуурь нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 474 дүгээр захирамж, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1а/309 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, Баацагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн анхдугаар хуралдааны шийдвэрийг баталгаажуулан Б.Батсуурийг Баацагаан сумын Засаг даргаар томилохыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. /х/х-1/
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “...сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно...” гэж заасны дагуу Баацагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн анхдугаар хуралдааны 1/05 дугаар тогтоолоор сумын Засаг даргаар Батнасангийн Батсуурийг томилж өгөхийг аймгийн Засаг даргад уламжилжээ. /х/х-4/
Гэтэл Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн "а/309 тоот албан бичгээр “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар олонхийн санал авч сумын Засаг даргад нэр дэвшиж буй Б.Батсуурь, танай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Цэцгээ нар нь садан төрлийн холбоотой болох тул Б.Батсуурийг сумын Засаг даргаар томилуулах саналыг дэмжих боломжгүй байна...” гэж Баацагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хариуг өгсөн байна. /х/х-20/
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хурлын даргын нийтлэг бүрэн эрхийг заасан бөгөөд 22.1.11-д “...Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн жилийн зорилтын биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж биелэлтийг хангуулах арга хэмжээ авах...”-аар, мөн 26 дугаар зүйлд Засаг даргын бүрэн эрхийг заасан бөгөөд 26.8-д “...Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга -ухайн Хурлын болон дээд шатны Засаг даргын өмнө..., ...ажлаа хариуцах...”-аар тус тус тодорхой заажээ.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12, 6.2-т зааснаар сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь улс төрийн албан тушаалтан хэдий ч 4 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг зарчим болон 4.2.1-д заасан захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлах ёстой.
Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3-д “...хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садангийн хүн нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллах...”-ыг хориглосон байна.
Улсын Дээд Шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3-т заасан “...албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах...” гэж хууль тогтоомж болон эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, эсхүл ажлын байрны тодорхойлолтод зааснаар тухайн албан тушаалтны удирдлагын дор үүрэг гүйцэтгэх, түүнд ажлын гүйцэтгэлээ хянуулж, дүгнүүлэхийг хэлэхээр, мөн “...садан...” гэдгийг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг хэлнэ тэж заажээ.
Эдгээрээс дүгнэхэд Л.Цэцгээ, Б.Батсуурь нар нь садангийн холбоотой болох нь Баянхонгор аймаг дахь Иргэний бүртгэлийн мэдээллийн албаны төрсний бүртгэлийн лавлагаанд Аварзэдийн Батнасангийн Батсуурь гэж /х/х-110/, Аварзадын Лувсангийн Цэцгээ 'эсэн /х/х-109/ лавлагаанууд, мөн гэрч Ш.Намчин /х/х-83/ С.Энхтөр /х/х90-91/, З.Дарханбаатар /х/х85-86/, Б.Алтансүх /х/х-88/ нарын шүүхэд өгсөн “...Цэцгээгийн аав Лувсан Батсуурийн аав Батнасан нар нь нэг эцгийн хүүхдүүд юм. Аварзэдийн Лувсан, Аварзэдийн Батнасан гэдэг, нэг эцэгтэй, төрсөн ах, дүүгийн хүүхдүүд юм. Манай нутгийнхан Л.Цэцгээ, Б.Батсуурь нарыг ах дүүсийн хүүхдүүд гэж бүгд мэднэ...” гэсэн мэдүүлгүүд, мөн Б.Батсуурийн шүүх хуралдаанд өгсөн “...Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан хамаарал бүхий этгээд гэдэгт “өвөг” гэж заагаагүй байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3 дахь заалт хамаарахгүй...” гэсэн тайлбар зэрэг -отлох баримтуудаар давхар нотлогджээ.
Түүнчлэн Б.Батсуурь, Л.Цэцгээ нар нь төрөл, садангийн холбоотой болохоо үгүйсгээгүй байна.
Иймд аймгийн Засаг дарга 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1а/309 тоот албан бичгээрээ Баацагаан сумын Засаг даргаар томилуулахаар уламжилсан Б.Батсуурийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Цэцгээтэй садан төрлийн холбоотой гэсэн үндэслэлээр татгалзсан нь хууль зөрчөөгүй байна. /х/х-20/
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “...Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ •уулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх...”-ээр заасны дагуу Баацагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар олонхийн буюу 52.2 хувийн санал авсан Жаргалын Ганбатыг сумын Засаг даргаар томилуулахаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тогтоолыг аймгийн Засаг даргад уламжилжээ.
Энэ тогтоол нь олонхийн буюу 50-иас дээш хувийн саналд үндэслэгдсэн байх тул тогтоолд дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурахаас татгалзах эрхгүй, гарын үсэг зурах үүрэгтэй бөгөөд тэдгээрийн хэн нэг нь гарын үсэг зураагүй нь тогтоолыг хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Мөн хуулийн 26.3-д “...Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилох...”-оор заасан бөгөөд 26.4-т ..томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй...” гэсний дагуу аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан нь мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Баацагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдааны тогтоолыг үндэслэж, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 474 дүгээр захирамжаар Ж.Ганбатыг тус сумын Засаг даргаар томилсон нь хуульд нийцжээ./х/х-5/
Дээрх нөхцөл байдлуудын улмаас дүгнэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1,70.2.9, 72 дугаар зүйлийн 72.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3, Засаг захиргаа, нутаг сэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батсуурийн гаргасан “Аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 474 дүгээр захирамж, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 'а/309 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, Баацагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн анхдугаар хуралдааны шийдвэрийг баталгаажуулан Б.Батсуурийг Баацагаан сумын Засаг даргаар томилохыг саалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Батсууриас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн гангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
Б.ТУНГАЛАГСАЙХАН
Б.АДЪЯАСҮРЭН
Ц.СУВДМАА