| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 102/2024/08017/И |
| Дугаар | 197/ШШ2025/00357 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/00357
2025 01 24 197/ШШ2025/00
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: ... аймгийн....үйлдвэр Т.Т ХХК /РД: 000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БГД... тоотод оршин суух, Х.Б /РД: 00000000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,269,656 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Т ХХК нь хариуцагч Х.Б холбогдуулан 3,269,656 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Т.Т ХХК Х.Б-тэй 2019 оны 07 дугаар сарын 01-нд байгуулсан ТТТ/2019/0000 дугаартай Хамтран ажиллах гэрээ-ний дагуу Улаанбаатар Өмнөговь аймаг Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг Б талд шилжүүлэх нь А талын үүрэг.
Гэтэл жолооч нар тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг 000 ойл ХХК-с тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал авснаас өр төлбөрийн асуудал үүссэн. Үүссэн өрийн асуудлаар Тээвэрлэлтийг хариуцан ажиллаж байсан Тээврийн хэлтсийн мэргэжилтнүүд жолооч нартай гэрээнд тусгасан утсаар холбогдож, ирж тооцоогоо нийлж, илүү төлсөн төлбөрийг буцаан шилжүүлэхийг шаардаж эхэлсэн. Энэ асуудал тухайн жолооч нарын гэрээ дуусаж тооцоо бодсоноор эхэлсэн бөгөөд ихэнх жолооч нар асуудлаа шийдвэрлээд явж байсан. Харин тооцооны асуудлаа эцэслэн шийдвэрлээгүй жолооч нар ирэхгүй, сүүлдээ утсаа авахгүй байсны улмаас 000 ойл ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, өр төлбөр нэхэмжилсэн.
Т.Т ХХК нь 000 ХХК-тай Шатахуун нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж, уртын тээврийн жолооч нарын шатахуун түлшний асуудлыг хариуцаж байсан болно. 000 ХХК-ийн нэг салбар манай компанийн дэргэд байгуулагдсан бөгөөд түгээгч ажилтан нар нь манайхтай хамтарч өр төлбөртэй жолооч нартай холбогдож, өр төлбөрөө өгөхийг шаардаж байсан. Тооцоогоо дуусгахгүй, ирэхгүй, холбогдохгүй болсон жолооч нарын асуудлаас болж 000 ХХК шатахуун нийлүүлэх гэрээний дагуу "Т.Т ХХК-г шүүхэд хандсан.
000 ХХК нь шүүхэд нэхэмжлэл гарсантай уялдуулж, хариуцагч компанийг төлөөлж шүүхийн шатанд ажиллаж байсан итгэмжлэгдсэн төлөөлөгч Д өр төлбөртэй жолооч нартай нэг бүрчлэн ярьж, дахин өр төлбөрийн тооцоогоо хийхийг шаардсан боловч ирсэн жолооч байхгүй, зарим нь утас нь холбогдох боломжгүй, мсж роуминг үйлчилгээг идэвхжүүлсэн зэргээс болоод шүүхээр шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлага гарсан. Ингэснээр Т.Т ХХК-с жолооч нарын бичүүлж авсан шатахууны зардлыг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан.
Иймд нэхэмжлэгч тал нь хариуцагчаас Хамтран ажиллах гэрээний дагуу шатахууны өр төлбөрийг нэхэмжилж, шүүхэд хандаж байна. Гэрээний 3 дахь заалтаар шатахууны төлбөрийг
А-7 маягт нь байтал 000 ойлоос зээлсэн шатахууны төлбөрөө төлөөгүй тул 1571.95 л түлш авсаны төлбөрт 3,269,656 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн гэрээнд заасан хаягаар шүүхэд хандсан боловч тухайн хаягтаа байхгүйн улмаас хэрэгсэхгүй болсон тул эрэн сурвалжлуулж, хаягийг тодруулсны дараа дахин шүүхэд хандаж байгаа болно. гэжээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч Т.Т ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Т.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.Б холбогдох Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талыг төлөөлсөн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие дараах хүсэлтийг гаргаж байна. Х.Б нь тус компанид төлөх ёстой төлбөрөө бүрэн төлж барагдуулсан болно. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Т ХХК нь хариуцагч Х.Б холбогдуулан 3,269,656 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 , 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлийн 782.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Т ХХК нь хариуцагч Х.Б холбогдуулан 3,269,656 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,265 төгрөгийн тал хувь буюу 33,632.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 33,632.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ