| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 102/2024/07706/И |
| Дугаар | 197/ШШ2025/00360 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/00360
2025 01 24 197/ШШ2025/00360
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: БГД..Дүүрэг хороо... байранд байрлах Х СӨХ /РД: 000000/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БГД..тоотод оршин суух С.Б /РД: 00000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалийн 1,613,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х СӨХ нь хариуцагч С.Б холбогдуулан 1,613,400 тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
.......... оршин суух С.Б нь Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлэхгүй, биелүүлэх тухай хууль ёстны тавьсан шаардлагыг үл тоон, нийт оршин суугч нарын эрх ашгийг зөрчиж байгаа нь холбооны хэвийн үйл ажиллагааг доголдох үндэслэл болоод байна. Хариуцагч С.Б нь 2014 оны 10 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сар хүртэлх төлбөр болох 1,613,400 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд хариуцагч С.Б 1,613,400 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
Миний бие БГД..хороонд оршин суудаг С.Б би Х СӨХ-ны даргатайгаа зөвшилцсөний үүднээс би улирлын чанартай ажил хийдэг тул 1,613,400 төгрөгийг өөрийн биеэр 2025 оны 4 дүгээр сараас 7 дугаар сарын хооронд бүрэн гүйцэд төлж барагдуулна. гэжээ.
3. Нэхэмжлэгч Х СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А шүүхэд гаргасан тайлбартаа: Х СӨХ-ны нэхэмжлэлтэй .... хороонд оршин суух С.Б нь 1,613,400 төгрөгийг 4 сарын дотор төлж барагдуулахыг зөвшөөрч байгаа тул түүнийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х СӨХ нь хариуцагч С.Б холбогдуулан 1,613,400 тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1,613,400 тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
2. Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, С.Б холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Х СӨХ-ны нэхэмжлэлтэй хариуцагч С.Б холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1,613,400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, С.Б холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,765 төгрөгийн тал хувь болох 20,382.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 20,382.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ