| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2024/0057/З |
| Дугаар | 110/ШШ2024/0051 |
| Огноо | 2024-11-01 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 110/ШШ2024/0051
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Н,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар хоорондын тэтгэмжийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчээс анх шүүхэд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газраас жирэмсний тэтгэмжид 1 217 610 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, “Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын Д.Н жирэмсний тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, жирэмсний тэтгэмж олгохыг даалгах”-аар маргаж байна.
2. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар нь жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн байх хуулийн шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй гэж үзэж, түүнд жирэмсний тэтгэмж олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дээрх шийдвэрийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан байх ба тус байгууллагаас гомдлыг хангаагүй талаарх хариуг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 04/157 дугаар албан бичгээр хүргүүлсэн байна.
4. Нэхэмжлэгч Д.Н нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан жирэмсний тэтгэмж гаргуулахаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШЗ2024/02374 дугаартай захирамжаар уг маргаан нь “иргэний хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5. Ингэснээр нэхэмжлэгч 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна.
Үүнд:
5.1. Би сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Одоогоор эрхэлсэн ажилгүй. Гурав дахь хүүхдээ тээж байх үедээ жирэмсний амралт авах хүсэлтээ “Жансая” өрхийн эрүүл мэндийн байгууллагаар цахимаар гаргуулсан. Тухайн үед эмнэлгийн хуудаст миний жирэмсний амралт эхлэх хугацааг эмч алдаатай буруу шивсний улмаас жирэмсний тэтгэмж авах боломжгүй болсон.
5.2. Би 2018-2022 оны 5 дугаар сар хүртэл тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сараас эхлэн 2024 оны 4 дүгээр сарыг дуустал тасралтгүй 6 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн.
Эмнэлгийн хуудсыг нийгмийн даатгалын системд илгээсэн хугацаагаар тооцоход жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сар тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэх шалтгаанаар миний тэтгэмжийн талаарх хүсэлтийг цуцалсан гэх хариуг нийгмийн даатгалын байгууллагаас өгсөн. Миний тэтгэмж авах хугацаа маань 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэх ёстой боловч тухайн үед эмчийн алдаанаас болж эмнэлгийн хуудаст амралт эхлэх хугацааг “2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс” гэж буруу бичсэн байсан.
5.3. Миний бие жирэмсэн байх үед эмчийн хяналтад орж, жирэмсний хяналтын хөтөч картыг хөтлүүлж байсан. Гэвч өрхийн эмнэлгийн эмч 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бичигдэх эмнэлгийн хуудсыг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэж бичиж 5 хоногийн өмнө системд буруу оруулсан учир миний шимтгэл төлсөн сар 5 сар болж тооцогдож, нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэмж олгоогүй нь хууль зүйн үндэслэлгүй юм.
5.4. Өрхийн эмнэлгээс “...буруу шивэгдсэн эмнэлгийн хуудсыг нийгмийн даатгалын системээс устгуулж ирвэл дахин зөвтгөж шивээд өгье” гэсэн хариу өгсөн.
Би бодит байдалд жирэмсний тэтгэмж авах хуулийн шаардлага хангаж байгаа боловч системд буруу шивэгдсэн эмнэлгийн хуудаснаас болж авах ёстой жирэмсний тэтгэмжээ авч чадахгүй хохирч байна. Би 2024 оны 5 дугаар сарын эхнээс эхэлж өрхийн эмнэлэгт очиж эмнэлгийн хуудасны он, сар, өдрийн алдааг засуулах талаар хүсэлтээ хэлсэн. Мөн нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл гаргаж, газрын дарга, хэлтсийн дарга, байцаагч нарт удаа дараа хүсэлт тавихад, “дахин ЭХО-д орж, ургийн зураг аваад ир” гэсэн. Би тухайн үед ЭХО-д орж зураг авчирч өгөхөд, хүүхдээ тээсэн хугацаа жирэмсний амралт авах хугацаатай тохирч байсан. Гэвч нийгмийн даатгалын байгууллага буруу шивэгдсэн эмнэлгийн хуудасны хугацааг системээс засаж өгөөгүй тул жирэмсний амралтын мөнгийг авч чадалгүй хохирсон.
5.5. Би дээрх асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргахад хариуг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 04/157 дугаартай албан бичгээр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт хүргүүлсэн,үүнд миний гомдлыг хангаагүй тул би иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Тус шүүх 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг авч хэлэлцээд, харьяаллын дагуу захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан гэжээ.
6. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
6.1. 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр миний бие өвдөөд тухайн өрхийн эмнэлэгт очиход эмч надад “Би чиний эмнэлгийн хуудсыг Нийгмийн даатгалын газар руу илгээсэн, чи нийгмийн даатгалын сайт руу ороод хүсэлтээ давхар явуулж, тэтгэмжээ авах боломжтой” гэсэн.
Үүний дагуу би хүсэлтээ утаснаасаа цахимаар илгээсэн. Гэхдээ надад системээс жирэмсний амралт эхлэх болон дуусах хугацаа харагдаагүй, “Та аль банкны дансаар тэтгэмжээ авах боломжтой вэ” гэсэн бичиг ирсэн, тэгээд би өөрийнхөө дансны дугаарыг бичээд илгээсэн. Миний тэтгэмж авах хүсэлтийг буцаах үед тэтгэмжийн байцаагчид очиж учир шалтгааныг асуухад “сүүлийн 6 сар тасралтгүй шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаагүйн улмаас жирэмсний тэтгэмжийг цуцалсан. Эмнэлгийн хуудсыг 2024 оны 4 дүгээр сарны 25-ны өдөр илгээсэн болохоор таны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа 5 сар болж хасагдаж байгаа” гэсэн хариу өгсөн.
Гэвч би 2024 оны 4 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Иймд эмнэлгийн байгууллагад очиж, “миний эмнэлгийн хуудсыг буруу бичсэнээс болж хүсэлтийг минь нийгмийн даатгалын байгууллага цуцалсан байна” гэж мэдэгдэхэд “Жансая” өрхийн эмнэлгийн эмч Мирас нь өмнөх буруу бичигдсэн эмнэлгийн хуудсыг зөвтгөөд 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдөр эмнэлгийн хуудсыг цахимаар дахин илгээсэн.
6.2. Тухайн үед би Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын магадлагч эмчид миний амралт авах хугацаа болоогүйг, хугацаа буруу бичигдсэн тухай хэлж байсан. Жирэмсэн байх үедээ нийтдээ 4 удаа эмчийн хяналтад орж байсан. Магадлагч эмч надад ЭХО-ны зургаас жирэмслэлтийн хэд дэх долоо хоногтой гэдгийг үндэслэж бодох ёстой гэж, 4 дүгээр сарын 17-ны өдрийн жирэмсний 30 долоо хоногтой үзүүлсэн картыг үндэслэж тодорхойлсон.
6.3. Би 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр С.О эмчийн эмнэлэгт нь очиж үзүүлсэн. Тухайн үзүүлсэн баримтаар тодорхойлоход “уг иргэн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар жирэмсний хугацаа хэдэн долоо хоногтой байсан бэ” гэсэн асуултад эмч “30 долоо хоног 2 өдөртэй байсан” гэж гэрчийн хувьд хариу өгсөн байна. Энэ баримтыг үндэслэж үзвэл миний жирэмслэлтийн 31-32 дахь долоо хоног нь 5 дугаар сарын эхэнд таарч байгаа. Иймд би хуулийн дагуу жирэмсний тэтгэмж авах бүрэн эрхтэй гэж үзэж байна гэв.
7. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:
7.1. Иргэн Д.Н нь жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хуулийн болзол хангахгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6.1-д тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасан байдаг.
Иргэн Д.Н нь анх жирэмсний тэтгэмжийн хүсэлтээ 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр цахимаар илгээсэн. Гэвч хуулийн болзлыг хангаагүй тул тухайн үед хүсэлтийг буцаасан болно гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
8.1. Даатгуулагч нар эмнэлгийн байгууллагад хянагдаж байгаа хугацаагаар нь хүсэлтээ илгээдэг. Өрхийн эмнэлгээс цахимаар эмнэлгийн хуудас илгээсний дараа даатгуулагч мөн өөрийнхөө хувийн мэдээллээ бичиж, хүсэлтээ системээр давхар илгээгээд манай нийгмийн даатгалын сайтад бүртгэгддэг.
Манай байгууллагад магадлагч эмч ажилладаг. Магадлагч эмч Д.Н ЭХО-ны зураг, эмнэлгийн хяналтын карт зэрэг бичиг баримтыг хянаад, “эмнэлгийн хуудас бичигдсэн хугацаа нь жирэмсний амралт авсан хугацаанд таарч байгаа” гэсэн хариулт өгсөн.
8.2. Бид нэхэмжлэгч Д.Н жирэмсний тэтгэмжийг цуцалсны дараа Д.Н өөрөө биечлэн ирээд манай магадлагч эмчтэй уулзаж байсан нь үнэн.
Магадлагч эмч бүх холбогдох баримтуудыг шаардаж байгаад амралт авсан хугацаа нь жирэмсний 32 дахь долоо хоногт нь таарч байгаа гэсэн хариулт өгсөн.
Д.Н нь хуулийн дагуу шимтгэлээ амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн байх шаардлагыг хангахгүй байсан учраас тэтгэмжийн хүсэлтийг буцаасан. Би хууль журмын дагуу ажилласан гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
2.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Тэтгэмжийн даатгалын сангаас дараах тэтгэмж, шимтгэлийн төлбөрийг олгоно:” 2.1.2-т “жирэмсний болон амаржсаны;”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй:” гэж,
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Нийгмийн даатгал дараах төрөлтэй байна:” 6.1.2-т “тэтгэмжийн даатгал;”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Нийгмийн даатгал нь албан журмаар болон сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна.”, 7.7-д “Энэ хуулийн 7.2, 7.3, 7.4, 7.5-д зааснаас бусад хүн энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.4-т заасан нийгмийн даатгалын төрөлд сайн дураар даатгуулж болно.” гэж заасан ба нэхэмжлэгч Д.Н нь 2018-2020 онд, 2021 оны 1, 4-12 сард, 2022 оны 1-5 сард, 2023 оны 11-12 сард, 2024 оны 1-4 сард тус тус нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй болно.
3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “…даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журмыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.” гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/177, А/433 дугаар тушаалаар баталсан “Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журам”-ын Нэгийн 1.2-т “Эмнэлгийн хуудас бичих, олгох, бүртгэх, хяналт тавих үйл ажиллагааг цаасан болон цахим хэлбэрээр зохион байгуулна.”, 1.4-т “Энэ журмын 2.1-д заасан эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудас нь …жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох үндсэн баримт болно.”, Хоёрын 2.1-д “Даатгуулагчийн эмнэлгийн хуудсыг эмнэлгийн хуудас бичих эрхтэй дараах төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага (цаашид "эрүүл мэндийн байгууллага" гэх) олгоно. Үүнд: 2.1.1. өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв;” гэж заасан байх ба “Жансая” өрхийн эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэгч Д.Н жирэмсний амралт эхлэх хугацааг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр тодорхойлж, эмнэлгийн хуудсыг мөн өдөр цахимаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт илгээжээ.
4. Ингэснээр хариуцагчаас нэхэмжлэгчийн 2023 оны 11-12 сар, 2024 оны 01-04 дүгээр сард нийт 6 сар тасралтгүй шимтгэл төлсөн хугацаанаас 2023 оны 04 дүгээр сарыг хасаж, нэхэмжлэгчийг жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 5 сард нь тасралтгүй шимтгэл төлсөн гэж тооцон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан жирэмсний тэтгэмж авах даатгуулагч эх жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тэтгэмжийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн байх шаардлагыг хангаагүй гэж үзэж, иргэн Д.Н жирэмсний тэтгэмж олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчээс “… өрхийн эмч миний жирэмсний амралт эхлэх хугацааг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр буруу тодорхойлсон, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс амралт эхлэх ёстой. Би өрхийн эмчид 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр жирэмсний амралт авахаар эмнэлгийн хуудас олгох тухай хүсэлт гаргаагүй” гэж, хариуцагчаас “…даатгуулагч жирэмсний амралт авах талаар өөрөө мэдэгдснээр эмнэлгийн байгууллагаас түүнд эмнэлгийн хуудсыг бичиж олгодог, “Ж” өрхийн эмнэлгээс Д.Н жирэмсний амралт эхлэх хугацааг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр тодорхойлж, цахимаар эмнэлгийн хуудсыг илгээсний дараа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын магадлагч эмч хянаж үзээд, өрхийн эмчээс Д.Н жирэмсний амралт эхлэх хугацааг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэж тооцсныг зөв гэж үзсэн.” гэж тус тус тайлбарлан маргасан.
6. Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журмын Дөрвийн 4.1-д “Даатгуулагч эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байх хугацаанд эмнэлгийн хуудас авах эсэх талаар эмчлэгч эмчид мэдэгдэнэ. Эмнэлгийн хуудсыг эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч дууссан болон жирэмсний амралт эхэлсэн эсхүл амаржсан өдрөөс хойш доорх хугацаанд багтаан цахимаар эсхүл цаасан хэлбэрээр бичнэ. Үүнд: 4.1.2. жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг жирэмсний амралт эхэлсэн болон амаржсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногт;” гэж,
Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 8.3.2-т “агентлагийг өдөр тутмын удирдлагаар хангах, хуулиар эрх олгосон бол захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар баталсан. “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын Хоёрын 2.6-д “… жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн иргэн (даатгуулагч)-д эмнэлгийн хуудсыг жирэмсний 31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага, …олгоно.” гэж тус тус зохицуулагджээ.
7. Гэрч “Ж” өрхийн эмнэлгийн эмч Б.А нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Д.Н эмнэлгийн хуудас олгох болсон талаар “…Д.Н нь өөрөө биечлэн ирж жирэмсний амралт авахаар эмнэлгийн хуудсыг аймгийн Нийгмийн даатгалын газарт илгээх талаар хүсэлт гаргаснаар илгээсэн.” гэж мэдүүлсэн байх боловч журмын дээрх заалтаас үзвэл даатгуулагч эмнэлгийн хуудас авах эсэх талаар эмчлэгч эмчид мэдэгдэх эрхтэй ч жирэмсний амралт эхлэх хугацааг өөрөө тодорхойлохгүй, үүнд даатгуулагч эхийн жирэмсний тэтгэмж авах эрх нь жирэмсний 31-32 долоо хоног хүрч, эмнэлгийн хуудас олгогдсоноор нээгдэхээр зохицуулагдсан буюу эмнэлгийн байгууллагаас эмнэлгийн хуудсыг жирэмсний ямар хугацаанд олгохыг журамд тодорхой заасан байна.
8. Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журмын Нэгийн 1.5-д “Эмнэлгийн хуудсыг эрүүл мэндийн байгууллагын болон улсын бүртгэл, эрүүл мэндийн даатгалын байгууллагын цахим мэдээллийн сангийн бүртгэл, өвчний түүх, амбулаторийн карт, үзлэг, шинжилгээ, оношийн үндэслэл, явцын болон төгсгөлийн дүгнэлтийг... тус тус үндэслэн олгоно.” заасан.
9. “Ж” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Б.А нь шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгдээ “Миний хөтөлдөг жирэмсэн эмэгтэйчүүдийг бүртгэх эмчийн бүртгэлийн дэвтрээс үзэхэд, Д.Н сүүлийн сарын тэмдэг нь 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ирсэн гэж тэмдэглэгдсэнийг харгалзаж, урьдчилж тооцоолсноор төрөх хугацааг нь 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гэж тодорхойлж тэмдэглэсэн байна. Ер нь эмэгтэй хүний төрөх хугацааг сүүлийн сарын тэмдэг ирсэн хугацаагаар нь урьдчилж тодорхойлдог. Миний бие Д.Н жирэмсний амралт авах хугацааг төрөх хугацаанаас хоёр сарын өмнө буюу жирэмсний 31-32 долоо хоногт нь тодорхойлж, эмнэлгийн хуудсыг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын газарт илгээсэн.” гэжээ.
10. Хэрэгт авагдсан “Ж” өрхийн эмнэлэгээс шүүхэд ирүүлсэн “Жирэмсэн эмэгтэйчүүдийн бүртгэл”-ийн 260 дугаарт “Д Н, ……., нас: …., сүүлийн сарын тэмдэг ирсэн хугацаа: IX/16, төрөх хугацаа: VI/26, хяналтад шинээр орсон тухай: XI/13” гэж тэмдэглэгдсэн байх ба өрхийн эмчээс дээрх аргаар 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчийг жирэмсний 31-32 долоо хоногтой гэж тодорхойлсон байх боловч нэхэмжлэгч Д.Н эмчээр хөтлүүлсэн “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч” баримтын “Жирэмсний хугацаа долоо хоногоор” гэсэн хэсэгт “2 дугаар сарын 7-ны өдөр жирэмсний 20 долоо хоног, 4 дүгээр сарын 10-ны өдөр 28 долоо хоног, 5 дугаар сарын 08-ны өдөр 32 долоо хоногтой” гэж тус тус тэмдэглэгдснээс үзвэл өрхийн эмчээс Д.Н 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар жирэмсний 31-32 долоо хоногтой гэж тодорхойлсныг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна.
11. Түүнчлэн нэхэмжлэгч 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “А” эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн нь, энэ үед Д.Н ургийн тээлтийн хугацаа нь 33 долоо хоног, 5 өдөртэй байсан нь тус эмнэлгийн эмчийн үзлэгийн бүртгэлийн холбогдох хэсэг, мөн өдрийн чанд авиан шинжилгээний эх хувь, Д.Н жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч баримт /карт/, гэрч тус эмнэлгийн эмч С.О мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
12. Дээрх үйл баримтын талаар гэрч “А” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч С.О ”Би Д.Н танихгүй. Харин баримтуудаас үзэхэд иргэн Д.Н нь 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр манай “А” эмэгтэйчүүдийн эмнэлэгт ирж, надад үзүүлсэн байна. Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картын чанд авианы шинжилгээ хэсгээс үзэхэд тус иргэн нь 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үзлэгт орсон байна. Энэ хэсэгт эмчийн хувиар үйлдсэн бичиг, гарын үсэг минийх мөн. Чанд авианы шинжилгээний эх баримтын УЗЦ /ургийн зүрхний цохилт гэсэн үг юм/, /+/ жигд, УОШ /ураг орчмын шингэн гэсэн үг юм/ хангалттай гэдэг бичиг нь минийх мөн. Чанд авианы шинжилгээний баримт, жирэмсэн эхийн хяналтын хөтөч дэх тэмдэглэлээс үзэхэд 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар иргэн Д.Н жирэмсний тээлтийн хугацаа нь 33 долоо хоног /недель/, 5 өдөр байсан байна.
Чанд авианы шинжилгээний баримтаар тухайн эхийн төрөх хугацаа нь бас тодорхойлогддог байгаа. 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн чанд авианы шинжилгээний баримтаас үзэхэд иргэн Д.Н төрөх хугацааг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэж тодорхойлсон байна. Жирэмсэн эхийн төрөх ёстой эцсийн хугацаа нь 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэсэн үг. Үүнээс өмнө ч төрөх боломжтой. Тухайн жирэмсэн эхийг 37- 40 дэх долоо хоногт төрж байвал гүйцэт төрөлт гэж үзнэ. 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн иргэн Д.Н хийлгэсэн чанд авианы шинжилгээний баримтаар тодорхойлоход уг иргэн нь 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар түүний жирэмсний тээлтийн хугацаа нь 30 долоо хоног 2 өдөртэй байсан гэж үзнэ.
Жирэмсэн эхийн тээлтийн хугацааг 7 өдрийг нэг недель буюу 1 долоо хоногоор тодорхойлдог. Д.Н нь 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүүхдээ төрүүлсэн бол тухайн эх 37 хоног 4 хоногтой хүүхдээ төрүүлсэн, гүйцэт төрөлттэй эх байна.” гэж мэдүүлжээ.
13. Үүнээс үзэхэд “Ж” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчээс нэхэмжлэгч Д.Н ургийн тээлтийн хугацаа 31-32 долоо хоног хүрээгүй байхдаа буюу жирэмсний 30 долоо хоног, 2 өдөртэй байх үед нь түүний жирэмсний амралт эхлэх хугацааг тооцож, эмнэлгийн хуудсыг цахимаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт илгээснийг, хариуцагч байгууллагаас “Ж” өрхийн эмнэлгээс нэхэмжлэгчийн жирэмсний амралт эхлэх хугацааг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөр тооцож, эмнэлгийн хуудас олгосныг зөв гэж үзснийг тус тус үндэслэлгүй гэж дүгнэхээр байна.
14. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны талаар тогтоогдсон үйл баримт, холбогдох нотлох баримтуудыг үндэслэхэд нэхэмжлэгч Д.Н жирэмсний амралт эхлэх хугацаа нь түүний жирэмсний 31-32 долоо хоногоос нь тооцоход 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 5 дугаар сарын 8-ны өдрийг хамаарч байна.
Тодруулбал, “Ж” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Б.А “…Гэхдээ анагаах ухаанд эмчийн дээрх тодорхойлсон урьдчилсан төрөх хугацаанаас 7 хоногийн өмнө эсхүл 7 хоногийн дараа төрөх магадлалтай тул Д.Н хувьд 2024 оны 5 дугаар сарын 01, 02-ны өдрийн үед ч жирэмсний амралт авах боломжтой байсан.” гэх мэдүүлэг, тус эмнэлгээс Д.Н жирэмсний амралт эхлэх хугацааг 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөр тодорхойлж, эмнэлгийн хуудсыг цахимаар дахин илгээсэн нөхцөл байдал, Д.Н эмчээр хөтлүүлсэн “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч” баримт, 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн чанд авиан шинжилгээ, гэрч “А” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч С.О мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Н жирэмсний амралт эхлэх хугацаа нь хэрэв түүний жирэмсний 31 долоо хоногоос тооцвол 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр, 32 долоо хоногоос тооцвол 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдөр эхлэнэ гэж үзэхээр байна.
15. Холбогдох журамд жирэмсний ямар хугацаанд эмнэлгийн хуудас олгох асуудлыг тодорхой зохицуулсан байхад “Ж” өрхийн эрүүл мэндийн төв болон хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн жирэмсний амралт эхлэх хугацааг Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журмын Нэгийн 1.5-д заасны дагуу үндэслэлтэй тогтоогоогүй байх ба шүүхээс энэ нь нэхэмжлэгчийн хуульд заасан журмаар жирэмсний тэтгэмж авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзлээ.
16. Дээрх байдлаар нэхэмжлэгч Д.Н жирэмсний амралт авах эрх түүний ургийн тээлтийн хугацаа 31-32 долоо хоногт хүрсэн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 8-ны өдрийн үед үүссэн, нэхэмжлэгч 2023 оны 11-12 сар, 2024 оны 01-4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байх тул энэ тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн байх шаардлагыг нэхэмжлэгч хангасан гэж үзлээ.
Иймд энэ талаарх хариуцагчийн маргааныг үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын Д.Н жирэмсний тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид жирэмсний тэтгэмж олгохыг даалгаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.1.2, 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын Д.Н жирэмсний тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид жирэмсний тэтгэмж олгохыг тус байгууллагад даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 773 төгрөгийг улсын орлогоос нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА