Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00097

 

М- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02796 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М- ХХК-ийн хариуцагч А-сургуульд холбогдуулан гаргасан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 27 145 870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М- ХХК нь А-сургуультай 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 0013 тоот тогтвортой ашиглуулах гэрээ байгуулсан. Тус гэрээний 1.1-д А-сургуулийн хичээлийн төв байр дахь цайны газрын зориулалттай өрөөг 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай ажиллуулахаар тохиролцсон. Тухайн цайны газрын зориулалттай өрөө олон жил засвар үйлчилгээ хийгээгүй, засварт бага бус хэмжээний хөрөнгө, мөнгө шаардлагатай байсан учир М- ХХК-ийн зүгээс 50 390 640 төгрөгийн салгаж болохгүй их засварыг хийх, үүний үр дүнд обьектыг 5 жилийн турш тогтвортой түрээсэлж, цайны газрын үйл ажиллагаа явуулж, тус ашгаар оруулсан засварын зардлаа нөхөн авахаар тооцсон. Талууд дээрх тогтвортой ашиглуулах гэрээг үндэслэн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Улмаар 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр А-сургуулиас 1/1665 тоот албан бичгээр байгууллагын дотоод асуудалд орж өөрт хамааралгүй асуудлаар шаардлага гаргаж, тогтвортой ашиглуулах гэрээний 2.1-д заасан үүргээ зөрчиж, цайны газрыг лацадсан. Түрээслүүлэгч хууль бусаар хэвийн үйл ажиллагаанд халдаж, цаашид ажиллах боломжгүй болсон тул бидний зүгээс салгаж авах тоног төхөөрөмжөө авах зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээгээ цуцалсан. Талуудын хооронд байгуулсан тогтвортой ашиглуулах гэрээний 4.1-т Түрээслэгч нь тогтвортой ашиглуулах гэрээний 5 жилийн хугацааны дотор үндэслэлгүйгээр түрээсийн гэрээг цуцлавал түрээслэгчийн барилгын их засварт зарцуулсан 50 сая төгрөгийг буцаан олгож түрээслэгчийг хохиролгүй болгоно гэж заасныг үндэслэн 50 сая төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг арбитрт гаргасан. Арбитрын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 376 тоот шийдвэрээр талуудын хооронд байгуулсан 0013 тоот тогтвортой ашиглуулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэсэн. Иймд тогтвортой ажиллуулах гэрээнд үндэслэн байгуулсан дараагийн гэрээнүүд болох 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22 тоот түрээсийн гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 15/15 тоот түрээсийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл болж байна. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангагдаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй болно. Иймд уг хоёр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. А-сургууль арбитрт тайлбар гаргахдаа дээрх гэрээнүүд салшгүй гэж тайлбарлаж байсан хэрнээ тус тусдаа бие даасан гэрээ хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. А-сургууль өөрөө төрийн өмчийнх тул 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22 тоот, 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 15/15 тоот гэрээнүүдэд Төрийн өмчийн хороо зөвхөн зөвшөөрөл олгох үүднээс оролцсон. Иймд түүнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, Төрийн өмчийн хорооны эрх ашиг хөндөгдөхгүй, хамааралгүй болно. Шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэвэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үр дагавар үүсэх тул түрээсийн гэрээгээр шилжүүлэн өгсөн түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй болно. Иймд 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сарын хооронд түрээсийн төлбөрт төлсөн мөнгөнөөс баримтаар тогтоогдсон 27 145 870 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тогтвортой ажиллуулах гэрээний асуудлыг шийдвэрлэхдээ түрээсийн гэрээний асуудлыг арбитр мөн шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй болно. 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн түрээсийн гэрээнд Төрийн өмчийн хороо оролцсон гурван талт гэрээ. Түүнчлэн энэ хоёр гэрээ тогтвортой ажиллуулах гэрээтэй салшгүй холбоотой гэрээ биш, тусдаа бие даасан гэрээ. Уг хоёр гэрээнд тогтвортой ажиллуулах гэрээний дагуу байгууллаа гэсэн үг өгүүлбэр байхгүй. Түрээсэлж байгаа хөрөнгө тус сургуулийн зөвхөн нэг давхрын тодорхой хэсгийг хамарч байгаа тул гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага тавигдахгүй. Гэрээг Засгийн газрын 2001 оны тогтоолоор батлагдсан гэрээний загварын дагуу байгуулсан, манайх хариуцагч биш болно. Нэхэмжлэгч тал өөрөө гэрээ цуцлах тухай саналыг манайд болон Төрийн өмчийн хороонд тавьж, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг өгсөн. Түрээсийн гэрээг энэ хүртэл хэрэгжүүлээд нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулж, ашиг олж байсан болно. Энэ тухай арбитрын шийдвэрт бичигдсэн байгаа. Хэрэгжээд дууссан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, төлсөн төлбөрийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлээр шаардсан мөнгө бүхэлдээ хариуцагч байгууллагад ороогүй, зарим хэсэг нь Төрийн өмчийн хороонд буюу улсад орохоор гэрээнд заасан. Мөнгө төрийн санд орсон, уг төрийн сангаас зарлага буцаан гаргах эрх манайд байхгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар А-сургууль, Төрийн өмчийн хороо, М- ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22 тоот, 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 15/15 тоот Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул А-сургуулиас төлбөрт төлсөн 27 145 870 төгрөгийг буцаан гаргуулах тухай Морс трейд энд сервис ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523 119 төгрөгөөс 363 879 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 159 240 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагчийн маргаагүй асуудлаар шүүх дүгнэлт өгсөн. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч бодитоор хөрөнгийг эзэмшиж, ашигласан, тэрээр бусдын эд хөрөнгийг эзэмшиж, ашигласан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болохгүй. Иймд бодитоор ашигласан ашиглалтыг буцаах боломжгүй учир мөнгөн хөрөнгөөр тооцож төлөх үүрэг үүсэх бөгөөд гэрээнд төлбөр сар бүр 2 244 000 төгрөг байхаар тусгагдсан тул энэ хэмжээгээр харилцан буцаах зүйлийг тооцогдох учиртай. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй тул төлбөрт төлсөн мөнгийг буцаан гаргуулах үндэслэлгүй гэжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд болох А--аас гаргуулан авахаар нэхэмжилсэн. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын тус үндэслэлийг арбитрын хүчин төгөлдөр шийдвэртэй гэж маргасан. Харин хариуцагч хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч тухайн байрыг тодорхой хугацаанд ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Ашиглалтын зах зээлийн төлбөрт тооцож үнийг төлөх ёстой хэмээн маргаагүй. Энэ асуудлаар хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Хэрэв хариуцагч ийнхүү сөрөг нэхэмжлэл гаргасан бол шүүхийн дээр дүгнэсэнчлэн харилцан буцаан өгөх шаардлагуудын дүнг харилцан тооцох талаар хууль зүйн дүгнэлт өгч болох юм. Гэтэл хариуцагчийн гаргаагүй тайлбар, гаргаагүй сөрөг нэхэмжлэл, гаргаагүй хууль зүйн үндэслэлийг өөрөө гарган ирж үндэслэл болгон шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж заасныг зөрчөөд зогсохгүй талууд мэтгэлцэх, шүүх хөндлөнгийн байх зарчмыг хангаагүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг шүүх хэрэглээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагууд шууд уялдаа холбоотой. Гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцох шаардлагыг хангавал түүний үр дагавар болох уг хүчин төгөлдөр бус гэрээний дагуу урьд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах шаардлагын хууль ёсны үндэслэл бий болно. Шүүх талуудын байгуулсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэсэн. Гэсэн атлаа тус хүчин төгөлдөр бусад тооцсон үр дүн хууль зүйн үндэслэлгүйгээр хариуцагчид шилжин очсон 27 145 870 төгрөг буцаан гаргуулах шаардлагад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан журмыг хэрэглэхгүй байх хууль зүйн үндэслэлийг дурдаагүй байна. Аливаа хэлцлийг шүүх хэзээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохоос үл хамааран тухайн хэлцэл байгуулсан цагаасаа хүчин төгөлдөр бус иймд байгуулсан цагаас нь хойш эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэх учраас тус гэрээний дагуу төлөгдсөн төлбөрийг хүлээн авагч нь хууль зүйн үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан этгээдэд тооцогдох тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан шаардах эрхийг хөрөнгө шилжүүлэгчид олгосон. Гэвч шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй, төлбөрт төлсөн мөнгийг буцаан гаргуулах үндэслэлгүй гэжээ. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч А-сургууль /цаашид А- гэх/-д холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн төлбөрт төлсөн 27 145 870 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тогтвортой ашиглуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч А- нь хичээлийн төв байрны 187 м.кв цайны газрын зориулалттай талбайг 5 жилийн хугацаатай түрээслүүлэх, нэхэмжлэгч М- ХХК нь түрээсийн талбайг зориулалтын дагуу ашиглаж, төлбөрийг заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, тогтвортой ашиглуулах гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 16-р тал/

 

Улмаар нэхэмжлэгч М- ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 03, 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус бүр хариуцагч А- болон Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газартай төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн 3 талт гэрээг байгуулж, дээрх цайны газрыг 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл түрээслэхээр тохиролцжээ. /хх-ийн 18-27-р тал/

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... талуудын байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн тогтвортой ашиглуулах гэрээг арбитрын шийдвэрээр хүчин төгөлдөр бусд тооцсон, дараагийн түрээсийн гэрээнүүд нь анхны тогтвортой ашиглуулах гэрээг үндэслэн байгуулагдсан, мөн түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан бол хариуцагч татгалзалдаа Талуудын байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 03, 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн түрээсийн гэрээнүүд нь хамгийн анхны тогтвортой ашиглуулах гэрээг үндэслэн байгуулагдаагүй бөгөөд зохих этгээдийн зөвшөөрлөөр хийгдсэн тусдаа гэрээ бөгөөд тус гэрээнүүд хэрэгжиж дууссан, хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй гэжээ.

 

Талуудын байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн тогтвортой ашиглуулах гэрээг Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 376 дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон байна. Арбитрын шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм.

 

Анхан шатны шүүх зохигч болон Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын хооронд 2014 оны 10 дугаар сарын 03, 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 3 талт гэрээнүүдийг тогтвортой ашиглуулах гэрээг үндэслэн байгуулагдсан гэж дүгнэн, хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Учир нь талуудын хооронд нийт 3 удаагийн гэрээ байгуулагдаж, гэрээний зүйл нь нэг хөрөнгө байгаа боловч Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журамд зааснаар талууд сүүлийн хоёр гэрээг эрх бүхий байгууллагаар батлуулж, шинэчлэн байгуулсан нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаараагүйгээр эхний гэрээг үндэслэн байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт нийцээгүй байна.

 

Нөгөө талаар түрээсийн гэрээний зүйл болох 187 м.кв талбайн хувьд тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн хэсэг болно. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасан үл хөдлөх хөрөнгийг түрээслэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага тавигдахгүй юм. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээслүүлэх түрээсийн гэрээг зохих байгууллагад бүртгүүлээгүй нь талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй.

 

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, зохих этгээдийн зөвшөөрөлтэйгөөр сүүлийн 2 түрээсийн гэрээг байгуулсан байх тул гэрээ Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ. Нэхэмжлэгч М- ХХК нь гэрээний хугацаанд түрээсийн талбайг эзэмшилдээ байлгаж, үйл ажиллагаа явуулж байсан үйл баримт тогтоогдсон бөгөөд талууд гэрээний хугацааг сунгаагүй байна. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох түрээсийн төлбөрт төлсөн 27 145 870 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасанд тус тус нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч А--д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн төлбөрт төлсөн 27 145 870 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч М- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02796 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч А--д холбогдуулан гаргасан 2014 оны 10 сарын 3-ны өдрийн 22 тоот, 2015 оны 1 сарын 2-ны өдрийн 15/15 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн төлбөрт төлсөн 27 145 870 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч М- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523 119 төгрөгөөс 363 879 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 159 240 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн /100200600941/ тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Г.ДАВААДОРЖ