| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2024/0063/З |
| Дугаар | 110/ШШ2024/0052 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 110/ШШ2024/0052
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.О,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын хоорондын хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч Б.О нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Иргэн Б.О өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах”-аар маргасан байна.
2. Нэхэмжлэгч нь анх тус шүүхэд “Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” шаардлагыг гаргасан бөгөөд шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч “Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан.
3. Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох талаар Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан байх ба Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлөөс бичгийн хэлбэрээр хариу өгөөгүй байна.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
4.1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар баг буюу Хотгор багт байнга оршин суудаг иргэн Б.О нь улсад нийт 20-иос доошгүй жил ажилласан. Үүнээс хөдөлмөрийн хүнд нөхцөл болох Хотгорын нүүрсний уурхайд дугуйт ачигч буюу экскаваторын операторчноор 12 жил 6 сараас доошгүй жил ажилласан учраас хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарахаар 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын байцаагчид материалыг өгөх гэсэн боловч нийгмийн даатгалын байцаагч Н.Жанарбек нь уг бичиг баримтуудыг хүлээн авахаас татгалзсан юм.
4.2. Ингээд өндөр насны тэтгэврийг зохих журмын дагуу тогтоож өгөх асуудлаар Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор гомдол гаргасан боловч одоо хүртэл тус газраас гомдлын хариу өгөөгүй байна.
Иймээс Б.О өндөр насны тэтгэвэр авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа учраас 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4.3. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШЗ2024/0200 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм. Уг шүүгчийн захирамжийн агуулга нь Б.О гомдлыг аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл нь шийдвэрлэхээс өмнө шүүх захиргааны хэрэг үүсгэх боломжгүй гэсэн. Тухайн үед би уг шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрч ямар нэгэн гомдол гаргаагүй юм.
4.4. 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга А.А ажлын байранд очиж түүнтэй Б.О итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С уулзаж, уг албан тушаалтанд иргэн Б.О тус салбар зөвлөлд 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар лавлан асуухад, тэрээр тус зөвлөлийн дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр болсон хурлаар иргэн Б.О гомдлыг хэлэлцээгүй гэж амаар хариу өглөө.
4.5. Иймээс иргэн Б.О өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа учир дахин тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Монгол улсын иргэн Б.О би одоо 55 настай, улсад 20-иос доошгүй жил ажилласан, үүнээс хөдөлмөрийн хүнд нөхцөлд уурхайд дугуйт ачигч буюу экскаваторын операторчноор 12 жил 6 сараас доошгүй жил ажилласан тул өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж үзэж байна.
4.6. Иймд, Иргэн Б.О өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1. Нэхэмжлэгч Б.О нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хотгор багт оршин суудаг. Хотгор багийн нүүрсний уурхайд ажиллаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь Б.О өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян- Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Б.О 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэрт тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
5.2. Нэхэмжлэгч Б.О нь улсад 20-иас доошгүй жил ажилласан. Улсад ажилласан зарим жилүүдэд маргаантай байхаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 443 дугаартай шүүхийн шийдвэрээр ажилласан жилийг тогтоолгосон. Тухайн шүүхийн шийдвэр нь 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр албажиж гарсан. “Х” ХХК-ийн удирдлага аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг ба Б.О нь 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Х” ХХК-ийн захирлаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргуулж аваад, өндөр насны тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай материалуудыг тус аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагч Н.Ж гэдэг хүнд аваачиж өгсөн.
5.3. Харин байцаагч Н.Ж нь уг бичиг баримтуудыг хүлээн авахаас татгалзсан. Сүүлдээ байцагчаас тодруулахад “... таны материалууд бүрэн байгаа. Улсын баярын наадмын дараа таны мөнгө орно” гэдэг байдлаар хэлсэн. Улсын баяр наадмын дараа Б.О мөнгө нь орж ирээгүй.
5.4. Тэгээд 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасан. Гэвч Б.О гомдлыг 2024 оны 8 дугаар сарын 17-ны хүртэл шийдээгүй учраас шүүхэд хандсан.
5.5. Захиргааны хэргийн анхан шатны шүүх гомдлыг тухайн байгууллагын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл хэлэлцээгүй байгаа гэж нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан. Дараа нь 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хандахад, Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл гомдлыг бас хэлэлцээгүй байсан.
Иймд 2 сарын хугацаанд тус газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл гомдлыг хэлэлцээгүй учраас шүүхэд хандаж байна.
5.6. Нэхэмжлэгч Б.О нь Хотгорын уурхайд дугуйт ачигч буюу экскаваторын операторчноор ажилласан. Хөдөлмөрийн хүнд нөхцөлд 16 жил ажилласан. Нийгмийн даатгалын байцаагч Н.Ж нь “Партизан” нэгдэлд ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөөгдөөгүй гэсэн. Мөн ажил төрлийн шаардлагаар ажиллаж Б.О шиг мэргэжилтэй хүн байдаггүй.
Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Б.О нь анх байцаагч Н.Ж өндөр насны тэтгэвэр тогтоолгох талаар амаар хүсэлт гаргасан ба 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд албан ёсоор бичгээр хандсан тул нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж багасгаж байна. Холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн гэв.
6. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газраас шүүхэд гаргасан тайлбартаа:
6.1. Б.О тэтгэврийн шимтгэл төлсөн хугацааг тооцож үзэхэд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт жил нь 19 жил 10 сар болж байна. Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.5-д заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангахгүй байна.
6.2. Мөн Нийгмийн даатгалын дэвтрийн 26 дугаар хуудсанд бичигдсэн ажил албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлд бичигдсэн тушаал болон хүнд нөхцөлд ажилласныг нотлох ажилд томилсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал шийдвэрүүдийг аймгийн Архивын лавлагаагаар авч ирэхийг шаардахад, Б.О нь Нийгмийн даатгалын газарт одоо хүртэл авч ирж өгөөгүй болно. 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 42 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн гэх боловч нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдсөөр байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг шинжлэн судалж, нэхэмжлэгч Б.О Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “Иргэн Б.О өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч нь анх “Х” ХХК-ийн захирлын 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ажилд томилох тухай” 06/09 дугаар тушаалаар[1] 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дугуйт ачигчийн операторчноор ажилд томилогдож, 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12/22 дугаар тушаалаар[2] туслах механикаар томилогдон, улмаар 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 15/27 дугаар тушаалаар[3] экскаваторын операторчноор дахин томилогдон ажиллаж байгаад 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 42 дугаар тушаалаар[4] өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн боловч 2024 оны 8 дугаар сар хүртэл ажиллаж, ажил олгогчоос түүний нийгмийн даатгалын төлсөн нь хэрэгт авагдсан тушаалууд болон нэхэмжлэгчтэй цуг ажиллаж байсан гэрч З.К, Х.Т Н.А нарын мэдүүлгүүдээр[5], 2024 оны нийгмийн даатгалын төлөлтийн тэмдэглэгээгээр[6] тус тус тогтоогдож байна.
3. Мөн нэхэмжлэгч нь Батлан хамгаалах яамны сайдын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0168 дугаар ангид алба хааж, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар 10 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагдсан нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 08/1082 дугаартай лавлагаагаар[7], мөн тэрээр Ногооннуур сумын “Партизан” нэгдэлд нормчноор 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 130/ШШ2024/00443 дугаар шийдвэрээр[8] тус тус тогтоогджээ.
4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн /2023 он/ 5 дугаар зүйлийн 5.1.5-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” гэж өндөр насны тэтгэвэр авах эрхийг хуульчилжээ.
5. Хуулийн дээрх заалтаар хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхийг эрэгтэйн хувьд нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх, мөн 55 нас хүрсэн байх урьдчилсан нөхцөлүүдийг нарийвчлан заажээ.
6. Нэхэмжлэгч нь 1968 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, одоо 56 настай болох нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар[9], “Х” ХХК-д 2006 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарыг дуустал ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаа 15 жил 11 сар болох нь хэрэгт авагдсан 2006 оны 11 дүгээр сараас 2024 оны 7 дугаар сарын дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг тодорхойлсон 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолт[10], аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн түүний нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн тэмдэглэл[11] зэргээр тогтоогдож байна.
7. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн /2023 он/ 23 дугаар зүйлд нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох хугацааг нарийвчлан зохицуулсан байх ба 23.1.1-т “ажилтны 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацаа;” 23.1.2-т “ажилтны төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хөдөө аж ахуйн нэгдэл, хоршоолол, шашны байгууллагад 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, цалин хөлсний сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа”, 23.1.3-т “Монгол Улсын иргэний 1995 оноос өмнө цэргийн жинхэнэ болон хугацаат цэргийн алба хаасан хугацаа” гэж тус тус заажээ.
8. Мөн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно” гэж заасан.
9. Хуулийн дээрх заалтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн Ногооннуур сумын “Партизан” нэгдэлд нормчноор ажилласан 2 жил, цэргийн алба хаасан 2 жилийн 1 жилийг 1 жил 6 сараар тооцон 3 жилийг тус тус нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцоход, нэхэмжлэгч нь нийт 20 жил 11 сар /15 жил 11 сар+2+3/ нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж үзэхээр байна.
10. Хариуцагчаас нэхэмжлэгчийн “Партизан” нэгдэлд нормчноор ажилласан 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэж тайлбарласан боловч Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6-д “ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, дутуу, эсхүл хугацаа хожимдож төлөгдсөн, шимтгэл төлөлтийн тайланг ирүүлээгүй, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах баримт бичгийг даатгуулагчид болон нийгмийн даатгалын байгууллагад хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүйн улмаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг авч чадаагүй, эсхүл хугацаандаа бүрэн аваагүй бол учирсан хохирол, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гарсан зардлыг ажил олгогчоор төлүүлэх” гэж заасан тул ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэж буруутгах, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхийг хязгаарлах үндэслэлгүй.
11. Нэхэмжлэгч нь “Х” ХХК-д нийт 15 жил 11 сар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ба 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх 3 жил 10 хоногт туслах механикаар ажиллаж байсныг хасахад, мөн 2017 оны 12 сард 2 удаа нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөнийг[12] 1 сараар тооцоход нийт 12 жил 10 сар 20 хоног дугуйг ачигчийн операторчноор болон экскаваторын операторчноор /жолооч/ ажиллаж байсан нь тогтоогдож байна.
12. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үйлчилсэн 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 6-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална” гэсний дагуу Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын Дөрөв. Хөдөлмөрийн хүнд нөхцөл хэсгийн 2-т заасан уул уурхайн үйлдвэрлэлийн ... ачих төхөөрөмжийн операторчин, ... хүнд даацын машин (белаз, краз, самосваль, экскаватор, ... хийн дугуйт “ машинч, жолооч гэж заасан байх ба энэ тушаалын холбогдох хэсгээр 2006 оны 11 дүгээр сараас 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн ачих төхөөрөмж буюу дугуйт ачигчийн операторчноор ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 4 жил, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл экскаваторын операторчноор буюу жолоочоор ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 8 жил 3 сар 20 хоногийн хугацаанд ажилласан дээрх ажлууд нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарч байна.
13. Харин нэхэмжлэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сар хүртэл 7 сар экскаваторын жолоочоор ажилласан нөхцөл нь 2023 онд батлагдсан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэсний дагуу батлагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын Дөрөв. Хөдөлмөрийн хүнд нөхцөл хэсгийн 4.2. Уул уурхайн үйлдвэрлэлийн 677. 21-т бичигдсэн “жолооч ачих тэрэгний” дүйцүүлэн хэрэглэх ажил мэргэжил “Уурхайн технологийн зориулалттай хүнд даацын авто машины жолооч” гэж зааснаар мөн адил хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарчээ.
14. Иймээс дээрх байдлаар нэхэмжлэгч Б.О нь хуульд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагуудыг хангасан байхад хариуцагчийн өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр авах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б.О өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
15. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно” гэж бөгөөд нэхэмжлэгч нь 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд өргөдөл гаргасан байх тул энэ өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994/ 15 дугаар зүйлийн 6, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 23.1.1.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн /2023 он/ 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.3, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.О өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША
[1] Хэргийн 32 дугаар тал
[2] Хэргийн 61 дүгээр тал
[3] Хэргийн 46 дугаар тал
[4] Хэргийн 33 дугаар тал
[5] Хэргийн 65, 69, 73 дугаар тал
[6] Хэргийн 38 дугаар тал
[7] Хэргийн 31 дүгээр тал
[8] Хэргийн 4-5 дугаар тал
[9] Хэргийн 19 дүгээр тал
[10] Хэргийн 8-9 дүгээр тал
[11] Хэргийн 37-38 дугаар тал
[12] Хэргийн 9 дүгээр тал