Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/680

 

 

 

 

Л.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ариунжаргал,

шүүгдэгч Л.Ггийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,

хохирогч С.Г, түүний өмгөөлөгч Ц.Билгүүн,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/563 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Л.Гд холбогдох 2306000000346 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч биеийн байцаалт:

...тоотод оршин суух, урд ял шийтгэгдэж байсан:

2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.  

Холбогдсон гэмт хэрэг: Шүүгдэгч Л.Г 2022 оны 12 дугаар сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах Sound нэртэй зочид буудал, караокены гадна хамт ажилладаг гэх иргэн С.Гтэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүнийг газар унагаж биед нь халдаж, нүүрэн тус газар нь өшиглөж зүүн чамархайн ясанд шугаман хугарал, тархины баруун духны дэлбэнгийн няцрал, баруун нүд, хацрын зөөлөн эдэд цус хуралт зэрэг хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Л.Ггийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Л.Г-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч С.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, 1.4-т яллагдагчид оногдуулах ялыг... хөнгөрүүлэх нөхцөл байдал , 1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоосон байх ба шүүх дээрх нөхцөл байдлыг хэргийг шийдвэрлэхдээ харгалзан үзэж байхаар зохицуулсан байна.

Хохирогч Г.Г машинд суугаад явах гэж байх үедээ Л.Ггийн нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон ба Л.Г огт эсэргүүцээгүй, ...машинаас буугаад С.Г дахин Л.Гг 2-3 удаа цохиход нь Л.Г “Чамайг боль гээд байгаа юм биш үү” гэж хэлээд С.Гг цохиход газарт сөхрөөд суух үед нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн байдаг. Энэ цохилт өшиглөлтийн улмаас хүнд зэрэгт хамаарах гэмтэл учирсныг Л.Г хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн асуудлаар маргадаггүй, учруулсан хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан.

Хохирогч С.Г машин дотор болон машинаас буугаад Л.Гг олон удаа нүүр толгойн хэсэгт цохиж зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа нь яллагдагчид шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл болно” гэж заасан байгааг давж заалдах шатны шүүх харгалзан үзэж Л.Гд оногдуулсан торгуулийн ялыг багасгаж өгнө үү.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийг харгалзан үзээгүй гэж үзэхээр байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг багасгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.   

Хохирогч С.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би шүүгдэгч Л.Гд зодуулснаас хойш миний толгой байнга өвдөж, мартамхай болж ажлын ачаалал даах чадваргүй болсон бөгөөд нүднээс байнга нулимс гоождог болсон. Надад анхан шатны шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй тул би шүүх хуралдаанд оролцоогүй. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардаж аваагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан” гэж тайлбарлаж байна. Гэтэл шүүгдэгч Л.Г намайг хавсарч унагааж 2 удаа нүүр лүү минь өшиглөсний улмаас миний эрүүл мэндэд хохирол учирсан. Би маш гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна...” гэв. 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн материалтай танилцахад хохирогч С.Ггээс нэг л удаа мэдүүлэг авсан байдаг бөгөөд уг мэдүүлэгт “би гомдолтой байна” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс шүүх хуралдаан болохоос 3 хоногийн өмнө миний үйлчлүүлэгч С.Гд шүүх хуралдааны тов мэдэгдэх ёстой байсан боловч шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. Иймд миний үйлчлүүлэгч С.Г нь анхан шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч “хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан тул ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулгаар гомдол гаргасан байна. Өөрөөр хэлбэл, хохирогч С.Г нь өөрийн буруутай үйлдлийн улмаас эрүүл мэнддээ хүнд хохирол учруултлаа зодуулсан мэт гомдол гаргасан нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтэд миний үйлчлүүлэгчид учирсан гэмтлийн зовуурийг тодорхойлохдоо толгой өвдөж, нойргүйдэж, хараа муудна гэж дурдсан байдаг. Миний үйлчлүүлэгч С.Ггийн толгой өвдөж, хараа муудсан бөгөөд нойргүйдэлтэй болсон. Мөн хэрэгт хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг хавсаргаагүй байсан. Хохирогч С.Г нь бутлуурын цехэд ажилладаг бөгөөд маш дуу чимээ ихтэй газар байдаг бөгөөд гэмтлийн эмч “Таныг хагалгаагаар 2-3 жил түр зуур л аргаллаа. Та ажлаа хийхээ түр больсон нь дээр шүү” гэж зөвлөсөн боловч бага насны 2 хүүхэдтэй тул ажил хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд байгаа. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

Прокурор Д.Ариунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч талаас “анхан шатны шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдээгүй тул шүүх хуралдаанд оролцож чадаагүй” гэж тайлбарласанд прокурорын зүгээс эргэлзэж байна. Учир нь, хохирогч С.Г нь яллах дүгнэлт үйлдэгдэхээс өмнө прокурор дээр ирж уулзахдаа “би Л.Гд ямар нэгэн гомдол саналгүй тул ялгүй салгаж болох уу” гэж хэлэхэд нь би “Л.Г таны эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан тул хуульд заасны дагуу үйлдсэн гэмт хэрэг нь тохирох ял оногдуулах ёстой” гэж тайлбарласан. Шүүгдэгч Л.Г нь урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хорих ялын санал гаргасан. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингөөс “торгох ял оногдуулж өгнө үү” гэж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.   

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Л.Гд холбогдох 2306000000346 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророоос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасан ба анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Л.Ггийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.       

Шүүгдэгч Л.Г 2022 оны 12 дугаар сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах Sound нэртэй зочид буудал, караокены гадна хамт ажилладаг гэх иргэн С.Гтэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар С.Гг газар унагаж, нүүрэн тус газар нь өшиглөж “...зүүн чамархайн ясанд шугаман хугарал, тархины баруун духны дэлбэнгийн няцрал, баруун нүд, хацрын зөөлөн эдэд цус хуралт...” гэсэн хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч С.Ггийн “...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ...23:00 цагийн үед замаасаа 2 ширхэг том пиво аваад очсон. ...Тэгээд бид хамтдаа суугаад авчирсан юмаа ууж дуусгаад тэр буудлаас гарцгаагаад цайзын уулзварын ойролцоох нэгэн газарт бааранд ороод хэдэн пиво авч уугаад тэндээсээ би нэлээн муудаад сүүлдээ явах гээд тэндээс гартал нэлээн согтчихсон. Тэгээд би маргааш өглөө нь сэрсэн бөгөөд миний баруун нүд хөхөрчихсөн байсан...” /хх-ийн 19/,

гэрч Б.А-ын “...Тэгээд би буудлын гадаа ирэхэд Г нь би мөнгөгүй байхад чинь би маргааш бүх тооцоог нь хийчихье гэж хэлж байсан бөгөөд Г нь ч түүн рүү чимээгүй байхгүй маргалдаад байсан. Тэгтэл Г нь Ггийн нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон бөгөөд Г нь тэр үед түүнийг зөрүүлж цохиогүй. Тэгтэл машины жолооч Н нь бууцгаа машин дотор зодолдохгүй шүү, шил хагаллаа гэтэл бид нар бууцгаасан. Тэгээд гадаа гарч ирээд Г нь намайг харахад Г рүү дайраад зодолдох гээд байж байтал Г нь түүнийг газарт унагаачихсан нүүр рүү нь өшиглөж байхаар нь би салгахад Г босож ирэхгүй буудлын хан налж суугаад байхаар нь У бид нар очиж түүнийг босгоод гэрт нь хүргэж өгсөн. Тэр үед Галаа муудалцаж байсан шигээ хүн рүү уурлахгүй үхлээ, харъя гээд байсан. Гг гэрт нь оруулахад Ггийн нүд хөхөрчихсөн байсан...” /хх-ийн 21/,

гэрч З.Уын “...Г Г нар хоорондоо караокены тооцоон дээрээс болоод муудалцсан ба Г, Г нар хоорондоо нэлээн муудалцаж байгаад гэнэт Г нь Ггийн толгой руу нь хэд хэдэн удаа цохисон ба тэр хооронд Г, Гтэй машинаас бууж ирээд Г нь Гг 3-4 удаа цохиж байхад Г огт хөдлөөгүй тэвчээд байгаад байсан бөгөөд гар далайхгүй байж байгаад сүүлдээ Г-ийн уур нь барагдсан байдалтай Гг чимээгүй бай боль гээд хэлээд байгаа юм бишүү чамайг гэж хэлээд Гг цохитол Г газарт сөхрөөд суусан. Тэр үед нь Г Ггийн нүүр рүү нь 1 өшиглөчихсөн. Тэгтэл Г нь түүнтэй зодолдохоо болиод нүүрээ дараад орилоод суугаад байхаар нь бид нар бөөндөө Гг гэрт нь хүргэж өгсөн...” /хх-ийн 24-25/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1732 дугаартай шинжээч дүгнэлт: “...С.Ггийн биед зүүн чамархайн ясанд шугаман хугарал, тархины баруун духны дэлбэнгийн няцрал, баруун нүд, хацрын зөөлөн эдэд цус хуралт үүсжээ. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай хүнд зэргийн гэмтэл болно...” /хх-ийн 30-31/,

камерийн бичлэг /хэрэг хавсаргагдсан/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Л.Ггийн хохирогч С.Гг хүч хэрэглэн зодож, түүний эрүүл мэндэд нь “...зүүн чамархайн ясанд шугаман хугарал, тархины баруун духны дэлбэнгийн няцрал, баруун нүд, хацрын зөөлөн эдэд цус хуралт...” гэсэн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан...” гэсэн шинжийг агуулсан бөгөөд анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.   

          Шүүхээс шүүгдэгч Л.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, хорих гэсэн ялуудаас торгох ялыг сонгож хорин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоожээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын хэмжээний дотор байх ба анхан шатны шүүх Л.Гд хүнд биш ял оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.  

          Шүүх, шүүгдэгч Л.Ггийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Гд учирсан хохирол төлбөрийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1732 дугаар шинжээчийн  “...Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. ...” /хх 30-31/ гэсэн дүгнэлтэд нийцжээ.   

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/563 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ЗОРИГ

     ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ

     ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ