| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 003/2013/0004/З |
| Дугаар | 111/ШШ2013/0006 |
| Огноо | 2013-03-22 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2013 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 111/ШШ2013/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
С.Туяацэцэгийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга Э.Мөнхбаяр, 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга М.Дэнсмаа нарт холбогдох сумын Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1/02 дугаар захирамж, тус сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаар тогтоолыг тус бүр хүчингүй болгож, 1 дүгээр багийн Засаг даргаар батламжлахыг Э.Мөнхбаярт даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Туяацэцэг, хариуцагч Заг сумын Засаг дарга Э.Мөнхбаяр, 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга М.Дэнсмаа, нарийн бичгийн дарга Л.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Туяацэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Туяацэцэг миний бие Заг сумын 1 дүгээр /Баянбулаг/ багийн Засаг даргыг сонгох сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшин 50,4 хувийн саналаар ялсан билээ. Гэтэл сумын Засаг дарга Э.Мөнхбаяр “Дээд, доодгүй Ардчилсан нам ялсан энэ үед багийн дарга ч Ардчилсан намын хүн байх шаардлагатай, би бүрэн эрхийнхээ дагуу Монгол Ардын намаас ялалт байгуулсан хүнийг батламжлахгүй” гэсэн шалтгаанаар 2 дугаар хуралдааныг завсарлаж дахин сонгууль явуул гэсэн. Энэ шийдвэрийг багийн иргэд эсэргүүцэж байсан. Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга М.Дэнсмаа нь 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаар хуралдааныг зарласан. Энэ хуралдаанд 1 дүгээр багийн 132 өрхийн 289 сонгуулийн насны сонгогчдоос 51 өрх буюу 38.6 хувийн ирцтэй хурлыг зохион байгуулсан. 2313 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цагт хуралдах байсан хурал ирц бүрдэхгүй байсаар өдрийн 15 цагийн үед хуралд ирсэн иргэд тарсан боловч орой 17 цагийн үед нэр дэвшигч У.Эрдэнэбаяр нь машин гаргаж хүмүүс цуглуулж, 19 цаг 10 минутад хурал эхэлсэн. Уг Хурал нь ирц бүрдээгүй байсан ч эхэлсэн. Сумын Засаг дарга Э.Мөнхбаяр нь өөрийн биеэр хуралд оролцон миний эсрэг ухуулга хийн “Монгол Ардын намаас нэр дэвшигч нь юм тараасан Баянхонгор аймгийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа” гэх мэтээр багийн иргэдийн өмнө миний нэр төрд бүдүүлгээр халдсан. Намайг иргэдэд юм тараасан гэж гүтгэн цагдаагийн хэлтсээс холбогдох хүмүүсийг дуудан шалгуулсан болно. Уг хуралдааны ирц бүдэхгүй байсан учир мөн сумын төвд оршин суудаг “хуралд суухгүй” гэсэн багийн иргэдийг албан шахалтаар суулгасан, хууль бус сонгууль болох гээд байсан тул миний бие “хуралд оролцохгүй, хэрэв ийм байдлаар сонгууль явуулбал би холбогдох байгууллагад хандах болно” гэдгээ сумын иргэдийн Нийтийн Хурлын дарга М.Давхарбаярт утсаар хэлсэн. Энэ бүхний дараа хурлын тогтоолтой танилцахад хуралдаанд Б.Болд, П.Жаргалсайхан хоёр оролцсон юм шиг, гэтэл У.Эрдэнэбаяр ялсан нь тогтоол дээр ойлгомжгүй, ирц бүрдээгүй байхад хуулиа барилгүй иргэдийн саналаар хуралдааныг эхлүүлсэн гэх мэт ойлгомжгүй зүйлүүд их байна. Энэ хууль бус хуралдааны тогтоолоо үндэслэн сумын Засаг дарга Э.Мөнхбаяр нь У.Эрдэнэбаярыг түр томилсон тушаал гарган багийн даргын ажилд авсан байна. Миний бие хууль бус шийдвэрийг эсэргүүцэн дээд шатны байгууллагад хандахад багийн Засаг даргыг томилох, чөлөөлөх асуудал нь сумын Засаг даргын эрхийн асуудал тул гомдлоо холбогдох байгууллагад гарга” гэсэн хариу өгснөөр шүүхэд хандсан.
Намайг томилохоос татгалзсан шалтгаан нь өөрөө хууль бус. Учир нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг барьжээ. Мөн 2 дугаар хуралдаан нь уг хуулийн 23.11 дэх заалтыг зөрчсөн байна.
Иймд Заг сумын Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1/02 дугаар захирамж, тус сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаар тогтоолыг тус бүр хүчингүй болгож, 1 дүгээр багийн Засаг даргаар батламжлахыг Э.Мөнхбаярт даалгуулж өгнө үү гэжээ. /хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/ цаашид 1х/х1 гэж тэмдэглэнэ/
Хариуцагч Заг сумын Засаг дарга Э.Мөнхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2012 он бол Монгол Улсын Их Хурлын болон Орон нутгийн сонгуулийн жил байсан бөгөөд аль ч шатны сонгуулийг хуулийн дагуу шударга явуулахаар холбогдох хууль тогтоомжид заасан. Жишээ нь: Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 37.11.11, Аймаг, сум, д.үргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийн 34.6.1, 34.8.9-д зааснаар сонгогчдыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт т'эх зэргийг хуулиар хорьсноос гадна, нэрсийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээ авахаар заасан байдаг. С.Туяацэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “миний бие багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргад нэр дэвшсэн байхад сумын Засаг дарга томилохоос татгалзсан шийдвэр гаргасан тул хүчингүй болгож өгнө үү” гэсэн байна. Манай сумын багуудын иргэдийн Нийтийн Хурлын дарга Тэргүүлэгчдийг сонгох, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хурал 2013 оны 1 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд болсон. Багийн удирдлагуудыг сонгох бие даасан хууль одоогоор байхгүй боловч дээр дурдсан хуулиудын заалтыг баримтлах нь зүйтэй. Энэ нь сонгуулийг шударга явуулахад оршино. Сонгогчдын саналыг татах, худалдан авах зорилгоор ямар ч буруу үйлдэл хийхгүй байхыг мөрдлөг болгох ёстой. Би энэ зарчмыг баримтлаж ажилласан. Улсын Их Хурлын сонгуулиар манай намын Монгол Ардын намын дарга сонгогчдод мөнгө тараасан нь шүүх, цагдаад шалгагдаж, хэвлэл мэдээллээр цацагдсан гашуун туршлага болж байсан. Энэ удаагийн багийн даргын сонгуульд дээрх зүйл давтагдаж болзошгүй талаар дэл сул яриа байсан юм. Иймд бүх багийн түвшинд явагдсан сонгуультай холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй яриаг эцэс болгох үүднээс аймгийн Цагдаагийн хэлтэст хандан шалгуулах хүсэлт гаргасан юм. Аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч ахмад М.Дамдиндорж ирж ажиллаад Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзлаа гэсэн хариуг надад ирүүлсэн. Миний бодоход мөрдөн байцаагч нь байцаалт авах, шалгавал зохих зарим хүнтэй уулзаагүй юм болов уу гэж бодсоноо нуух хэрэггүй байх.
С.Туяацэцэгийг томилохоос татгалзсан үндэслэлээс дурдвал:
Бүх шатны Засаг дарга нь улс төрийн албан тушаалтан байдаг бөгөөд Засаг дарга бол намын гишүүнээс түдгэлзээгүй албан тушаал гэдгээрээ намын ухуулга, сурталчилгаа, улс төрийн үйл ажиллагаа явуулдаг нь ажилд сөргөөр нөлөөлөх талтай. Одоогийн үйлчилж буй хууль эрх зүйн хүрээнд бол Хуралд олонх болсон нь засаглалаа барьж, цөөнх болсон нь хяналтаа тавьж сөрөг хүчин болж ажилладаг. Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заахдаа Засаг даргыг тухайн шатны хурлаас нэр дэвшүүлж, дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд томилно гэж заасан нь улс төрийн албан тушаалтны хувьд нэг намын төлөөлөл байж хариуцлагаа хамтдаа хүлээх нь зохимжтой гэсэн ерөнхий үзэл санаа байж болох юм. Засаг даргыг улс төрийн албан тушаалтных нь хувьд томилохоос нь хүнийг үзэл бодлоор нь ялгаварласан бодлого болохгүй байх. Учир нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зөвхөн засаг дарга нарын хувьд томилохоос татгалзахыг, татгалзсан нөхцөлд дахин «уралдаж нэр дэвшүүлэхийг хуульчилж өгсөн нь хуулийн зүгээр нэг үзэл санаа биш болов уу. Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан нам олонх болж бодлогоо хэрэгжүүлж байна. Миний бие Ардчилсан намын гишүүн, сумын Засаг дарга юм. С.Туяацэцэг нь Монгол
ардын намын гишүүн, дэд даргын сонгуульт ажилтай хүн. Иймд улс төрийн албан тушаалтны хувьд тохиромж муутай гэж үзсэн. Томилохоос татгалзсан гол шалтгаан бол С.Туяацэцэг буюу түүний шадар туслагч сонгогчдод мөнгө, эд зүйлс өгсөн байж магадгүй гэсэн таамаг байсан юм. Энэ нь тодорхой үйлдлүүдээр нотлогдож байна. С.Туяацэцэгийн нөхөр Алтансүх багийн Засаг дарга байсан М.Дарьбат нар 1 дүгээр багийн иргэн Б.Догсолмаа нарын хүмүүст “С.Туяацэцэгийг дэмжээрэй” гэж мөнгө өгсөн нь сонгогчдын санал худалдаж авах гэсэн үйлдэл юм. С.Туяацэцэг нь Баянбулаг багийн иргэн Д.Дэлгэрдалайгийнд архи, мөнгө өгсөн гэдгийг гэрчилсэн иргэн Л.Должинсүрэнгийн тодорхойлолт, М.Алтансүх, Дарьбат нар “С.Туяацэцэгийг дэмжээрэй” гэж Б.Нармандах гэдэг айлд мөнгө өгснийг гэрчилсэн Б.Батбаатар нарын тодорхойлолт, нотлох баримтаар эд зүйл, мөнгө тараасан нь нотлогдож байна. 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2 дугаар хуралдааны ирц бүрдээгүй нь үнэн, үүнийг хүлээн зөвшөөрч байна. Багийн иргэдийн саналаар тус багийг эзэнтэй болгох үүднээс У.Эрдэнэбаярыг багийн Засаг даргын орлон гүйцэтгэгчээр томилсон сайгаа. Багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулж, багийн Засаг даргыг шударгаар сонгох нь зүйтэй гэж үзэж байна гэжээ. /х/х42-45/
Хариуцагч Заг сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга М.Дэнсмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Заг сумын 1 дүгээр багийн Хурал 1 дүгээр сарын 4-нд болж багийн Засаг даргаар С.Туяацэцэг сонгогдсон боловч сумын Засаг дарга батламжлаагүй учир 14 хоногийн дотор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид хуралдаж багийн иргэдийн Нийтийн Хурлыг 1 дүгээр сарын 15-нд хийхээр зар тараасан. 15-ны өдөр малчид, хөдөлмөрчид ирж хуралдаан эхлэхэд ирц хүрээгүй тарсан боловч малчид “цас зудтай, өвлийн хүйтэнд дахин ирж амжихгүй, баг эзэнгүй байна, багийн даргатай болмоор байна, ирсэн дээрээ хурлаа хийе” гэж дахин цугларсан. Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч нараас Д.Оюунгэрэл, Б.Мөнхдалай нар байсан боловч ирээгүй, очиж дуудаад ч ирээгүй. Бусад Тэргүүлэгчид ярилцаж байгаад 60 хувийн ирцтэйгээр хурлаа хийсэн. Энэ хурал нь ирц бүрэн хүрэх боломж байсан боловч "Ардчилсан намын дарга нь “хуралд битгий суу” гээд байгаа юм чинь яаж ирц бүрдэх вэ” гэж малчин Х.Хүрэлбаатар хэлж байсан, мөн Б.Байгаль “багийн Засаг дарга сонгох багийн хуралд 60 км газраас ирэхэд С.Туяацэцэг “юугаа хийж ирсэн юм, намайг унагах гэж ирэв үү” гээд олон юм яриад байх юм. Өөрөө нэр дэвшиж байж ингэж болдог юм уу” гэж байсан. Багийн Хурал эхлэх гээд С.Туяацэцэгтэй утсаар ярьж, хүн явуулж дуудуулсан боловч “би хуралд суухгүй, нэрээ татна” гэж хэлээд явуулсан байсан. Ингээд П.Жаргалсайхан, Б.Болд, У.Эрдэнэбаяр нар нэр дэвшээд У.Эрдэнэбаяр 60 хувийн саналаар багийн Засаг даргаар сонгогдсон. Багийн иргэдийн саналаар тус багийг эзэнтэй 5олгох үүднээс У.Эрдэнэбаярыг багийн Засаг даргын орлон гүйцэтгэгчээр томилсон. Багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулж, багийн Засаг даргыг шударгаар сонгох нь зүйтэй гэж үзэж байна гэв./х/х49-50/
Гуравдагч этгээд У.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:
Заг сумын 1 дүгээр багийн иргэн У.Эрдэнэбаяр миний бие багийн Засаг даргын орлон гүйцэтгэгч ажилтай. Баянбулаг буюу 1 дүгээр багийн Засаг даргыг сонгох 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуралд ирсэн иргэд 15 цагт тарсан боловч удалгүй өөрсдөө цуглаж, дутуу байсан хүнийг миний бие машинаар авчирч хурлыг 17 цаг 10 минутад эхэлсэн. Уг хурлын ирц хүрсэн гэж бодож байна. С.Туяацэцэг өөрөө хүмүүсийг суулгахгүй, зориудаар авч гаран айлд оруулж, архи, дарс уулган хорьсон болно. Энэ өдрийн хурлын тогтоолыг миний бие хүлээн зөвшөөрч байна. Мөн Монгол Ардын намын дарга хүмүүсийг битгий суу гэж хэлсэн болно. Сумын Засаг дарга Э.Мөнхбаяр С.Туяацэцэгийн эсрэг ухуулга гаргаагүй, харин Баянбулаг багийн иргэдэд сонгуулийн хууль, дүрмийг тайлбарлаад гараад явсан болно. Хуралд суусан иргэд С.Туяацэцэгийг ирж хуралдаа суугаач гэж гуйж байсан. Харин С.Туяацэцэг нь “би энэ сонгуулиас нэрээ татаж байна” гэсэн хариуг иргэдэд өгсөн. Ингээд иргэдийн санал, санаачлалаар ирц бүрэн бүрэлдэхүүнтэйгээр хурлыг зохион байгуулсан болно гэжээ./х/х-55/
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримт зэргийг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Заг сумын Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн хуралд оролцож байгаа иргэд..., ...нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэсний дагуу Заг сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 5 дугаар тогтоолоор тус хуралдаанд оролцсон иргэдийн 50.4 хувийн санал авсан Сүхбаатарын Туяацэцэгийг 1 дүгээр багийн Засаг даргаар батлуулахаар сумын Засаг дарга Э.Мөнхбаярт уламжилжээ. /х/х-17/
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д“...Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол..., ...баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилох...”-оор заасан байхад Заг сумын Засаг дарга Э.Мөнхбаяр нь 2013 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн “Багийн Засаг :аргыг томилохоос татгалзах тухай” 1/02 дугаар захирамждаа уг хуулийн 26 дугаар зүйлийн 15.3 дахь заалтыг үндэслэл болгосон нь утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт болжээ.
Мөн захирамжийн хоёр дахь заалтад Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтын дагуу багийн иргэдийн нийтийн Хурлыг хуралдуулж, багийн Засаг даргад дахин нэр дэвшүүлэхийг зөвлөсөн байх бөгөөд 26.4-т “...энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй...” гэж заасан байна.
Ингэснээр уг захирамж нь утга агуулгын илэрхий алдаатай болсон бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан “Захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай” гэдэгт актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ гэж хуулийн тайлбарт заажээ.
Үүнээс гадна С.Туяацэцэгийг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан үндэслэл, шалтгаанаа сумын Засаг дарга Э.Мөнхбаяр “...Миний бие Ардчилсан намын гишүүн, сумын Засаг дарга юм. С.Туяацэцэг нь Монгол Ардын намын гишүүн, дэд даргын сонгуульт ажилтай хүн. Иймд улс төрийн албан тушаалтны хувьд тохиромж муутай гэж үзсэн. Томилохоос татгалзсан гол шалтгаан бол С.Туяацэцэг буюу түүний шадар туслагч сонгогчдод мөнгө, эд зүйлс өгсөн байж магадгүй гэсэн таамаг байсан...” гэж тайлбарласан байна.
Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т зааснаар бүх шатны Засаг дарга нь улс төрийн албан тушаалтан бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д “...Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэх...”-ээр зааснаар үзэхэд С.Туяацэцэгийг багийн Засаг даргаар томилоход түүний намын гишүүнчлэл болон ямар сонгуульт ажилтай эсэх нь хамааралгүй байна. Түүнчлэн Заг сумын Засаг дарга Э.Мөнхбаяраас аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан “Заг сумын багийн Засаг дарга нарыг сонгох сонгуулийн үеэр иргэдэд эд зүйл амлаж, архидуулсан зэрэг хууль бус үйлдлүүдийг гаргасан байх тул шалгаж өгнө үү” гэсэн мэдээллийг шалгаад аймгийн Прокурорын газрын 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар Прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. /х/х-35/
Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд Заг сумын Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1/02 дугаар захирамж нь дээрх хуулийн заалтуудтай нийцэхгүй байх бөгөөд иргэн С.Туяацэцэгийн сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн байна.
Заг сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн шаардлагын тухайд:
Заг сумын 1 дүгээр багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаар тогтоолоор хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн санал авсан У.Эрдэнэбаярыг 1 дүгээр багийн Засаг даргаар баталж өгөхийг сумын Засаг дарга Э.Мөнхбаярт уламжилж, У.Эрдэнэбаярыг Заг сумын 1 дүгээр багийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. /х/х-32/
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар 23.11-д “...Засаг даргад нэр дэвшүүлэх..., ...сумын багийн Хуралд багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол хүчинтэйд тооцох...”-оор заажээ.
Гэтэл Заг сумын 1 дүгээр баг нь нийт 132 өрхтэй бөгөөд 298 сонгуулийн насны иргэдтэй бөгөөд 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаар хуралдаанд 79 сонгогчтойгоор ирц бүрдээгүй байхад хурлыг зохион байгуулсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч М.Дэнсмаагийн шүүхэд өгсөн “...Хурал 11 цагт эхлэх ёстой байсан ч ирц бүрдэхгүй гэсэн шалтгаанаар хурлын товыг энэ өдрийн 17 цагт дахин зарласан. Багийн иргэдийн ирц бүрдэхгүй байна..., ...Энэ хурал нь ирц бүрэн хүрэх боломж байсан...” гэсэн багийн иргэдийн Нийтийн Хурлын 2 дугаар хуралдааны тэмдэглэл /х/х-33/, хариуцагч нарын шүүхэд өгсөн “...1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2 дугаар хуралдааны ирц бүрдээгүй нь үнэн, үүнийг хүлээн зөвшөөрч байна. Багийн иргэдийн саналаар тус багийг эзэнтэй болгох үүднээс У.Эрдэнэбаярыг багийн Засаг даргын орлон гүйцэтгэгчээр томилсон байгаа...” гэж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2 дугаар хуралдаанд оролцсон сонгогчдын гарын үсэг бүхий нэрсийн жагсаалт /х/х28-29/, санал тоолж дүн гаргасан баримт /х/х-30/ зэргээр нотлогдож байна.
Иймд Заг сумын Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1/02 дугаар захирамж, тус сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 1 дүгээр сарын 15- ны өдрийн 2 дугаар тогтоолыг тус бүр хууль бус гэж үзэн хүчингүй болгож, С.Туяацэцэгийг 1 дүгээр багийн Засаг даргаар батламжлахыг Заг сумын Засаг дарга Э.Мөнхбаярт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4, 72 дугаар зүйлийн 72.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12, 10 дугаар зүйлийн 10.6, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 25.2, 26.3, 23 дугаар 23.11-д зааснаар С.Туяацэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1/02 дугаар захирамж, тус сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны 2 дугаар тогтоолыг тус бүр хууль бус гэж үзэн хүчингүй болгож, С.Туяацэцэгийг Заг сумын 1 дүгээр багийн Засаг даргаар томилохыг Заг сумын Засаг дарга Э.Мөнхбаярт даалгасугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мөнхбаяраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Туяацэцэгт олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол -аргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА