Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/00413

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 27 197/ШШ2025/00

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: БГД.... тоот хаягт байрлах, Ө.Г ХХК /РД: 000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД... тоот хаягт байрлах, Э.М.Т ХХК /РД: 0000000/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 7,472,928 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ө.Г ХХК нь хариуцагч Э.М.Т ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 7,472,928 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчтай 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр УБ/23/174 дугаар Цахим худалдааны хамтран ажиллах гэрээ, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр УБ/23/173 дугаартай Олон улсын цахим худалдааны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ тус тус байгуулж, гэрээний дагуу дагуу 2,000 ам доллар буюу 6,945,100 төгрөгийг өгсөн. Хариуцагч гэрээний дагуу хийгдэх ёстой ажлуудыг хийгээгүй тул үндсэн төлбөр 6,945,100 төгрөг, алданги 527,828 төгрөг, нийт 7,472,928 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

3. Хариуцагч Э.М.Т ХХК нь нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээний зорилго нь Ө.Г ХХК-ийн бүтээгдэхүүнийг Монголын болон Хятадын зах зээл дээр цахим худалдааны платформд байршуулан сурталчилж өгөх байсан. Манай компани хийх ёстой ажлаа гүйцэтгэсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.

4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэг талаас Э.М.Т ХХК, нөгөө талаас Ө.Г ХХК нар 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр УБ/23/174 дугаар Цахим худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж, тус гэрээгээр Ө.Г ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг Э.М.Т ХХК-ийн эзэмшлийн www.madeinmongolia.asia цахим дэлгүүрт байршуулж дамжуулан худалдаалахаар харилцан тохиролцож, Ө.Г ХХК-аас Э.М.Т ХХК-д 6,945,100 төгрөгийг шилжүүлсэн байна. /1хх 13-15/

4.2. Нэг талаас Э.М.Т ХХК, нөгөө талаас Ө.Г ХХК нар 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр УБ/23/173 дугаар Олон улсын цахим худалдааны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, тус гэрээгээр Ө.Г ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг Э.М.Т ХХК-ийн эзэмшлийн www.madeinmongolia.asia худалдааны платформоороо дамжуулан БНХАУ-ын JD.com онлайн худалдааны платформд худалдаалахаар харилцан тохиролцсон байна. /1хх 11-12/

5. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн УБ/23/174 дугаар Цахим худалдааны хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д нийцсэн, 476.3-д заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг.

5.1. Талуудын хооронд байгуулагдсан цахим худалдааны хамтран ажиллах гэрээний дагуу Ө.Г ХХК нь 6,945,100 төгрөгийг төлсөн нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д заасан гэрээний хураамж гэж үзнэ.

5.2. Нэхэмжлэгч Ө.Г ХХК нь дээрх гэрээний дагуу өөрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж чадаагүй гэх үйл баримтад зохигч маргаагүй.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж заасан.

Талууд хамтран ажиллах гэрээний дагуу ашиг олж чадаагүй тул хамтын үйл ажиллагаанаас гарах алдагдлыг хамтран хариуцах ёстой. Тиймээс Ө.Г ХХК-ийн Э.М.Т ХХК-д төлсөн 6,945,100 төгрөгийн алдагдлыг тэнцүү буюу 3,472,550 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй байна.

5.3. Нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр УБ/23/173 дугаартай Олон улсын цахим худалдааны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар алданги 527,828 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч Ө.Г ХХК-ийн төлсөн төлбөр нь энэхүү гэрээнд бус 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн УБ/23/174 дугаар Цахим худалдааны хамтран ажиллах гэрээнд хамааралтай байх тул алданги гаргуулах шаардлага хууль зүйн үндэслэлгүй.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3,472,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11-д заасныг баримтлан хариуцагч Э.М.Т ХХК-аас 3,472,550 /гурван сая дөрвөн зуун далан хоёр мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,378 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,517 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.М.Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70,510 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Г ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.БАТМӨНХ