| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/04630/И |
| Дугаар | 191/ШШ2025/00741 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/00741
2025 01 28 191/ШШ2025/00741
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НСТ ХХК холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс учирсан хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч У.М,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г,
Хариуцагчийн төлөөлөгч М.Х,
Гэрч Э.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: У.М миний бие 2018.07.09-ний өдөр өөрийн эзэмшлийн Хюндэй маркийн 18 тонн даацтай 1998 онд үйлдвэрлэсэн KMFEB18YPWW00#### арлын дугаартай **-** *** улсын дугаартай авто машиныг НСТ ХХК-нд яаралтай мөнгөний хэрэгцээ гараад 10,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байсан. Миний бие танил болох С.Од өөрийн машинаа 20,000,000 төгрөгөөр зарахаар ярилцаж байсан. Улмаар 14,850,000 төгрөгийг НСТ ХХК-нд төлж барагдуулан зээлийн алданги болох 3,000,000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. НСТ ХХК нь зээлийн эргэн төлөлтийг Б.Б гэх хүний 201118**** тоот дансаар авдаг байсан. Ингээд С.Од 3,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа чи эхлээд 3,000,000 төгрөгөө надад өгөөд би зээлээ хаачихъя, дараа нь чи 17,000,000 төгрөгөө бэлдчихээд машиныхаа нэрийг надаас шилжүүлээд авчих гэж тохиролцсон.
Улмаар НСТ ХХК нь уг автомашиныг миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн албан бичгийг надад хийж өгсөн юм. Тэгтэл С.О нь Hap сарны технологи ХХК-д "танайд зээлтэй байгаа У.Мын зээлийг би төлж барагдуулсан болно. У.М нь **-** *** улсын дугаартай Хюндэй маркийн машиныг надад шилжүүлж өгөх үүрэгтэй байсан боловч 2 жил гаруй хугацаанд олдохгүй байна, одоогоор миний бие уг машинаар замын хөдөлгөөнд оролцож чадахгүй, надад маш их хүндрэлтэй байгаа тул миний нэр дээр шилжүүлж өгнө үү, миний бие ямар нэгэн хууран мэхлэх санаа зорилгогүй тул үүнээс үүсэх аливаа асуудал маргааныг бүрэн хариуцах болно гэх утгатай хүсэлтийг бичиж өгсөн байх ба НСТ ХХК нь миний зөвшөөрөлгүйгээр миний машиныг С.Оын хамаарал бүхий компанийн нэр дээр шилжүүлж өгсөн байсан. Гэтэл одоо С.О нь 17,000,000 төгрөг болон машиныг маань ч өгөхгүй, машин одоо миний өмч болсон чи шүүх, цагдаагаараа яв гэх болсон. Энэ асуудлаар миний бие Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гарган шалгуулсан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах прокурорын тогтоол гарсан. Би өөрийн машинаа 20,000,000 төгрөгөөр үнэлж байгаа ба энэ асуудлаар НСТ ХХК-тай удаа дараа очиж уулзаж, миний машиныг буцааж өгөхийг шаардаж байсан. Учир нь би НСТ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээлээ бүрэн төлж дуусгасан. Гэтэл НСТ ХХК нь миний зөвшөөрөлгүйгээр миний барьцаанд тавьсан авто машиныг өөр хүнд шилжүүлэх эрхгүй гэж үзэж байна. Иймээс миний зөвшөөрөлгүйгээр машиныг маань С.Од шилжүүлж өгсөн НСТ ХХК нь миний өмчлөлийн Хюндэй маркийн 18 тонны даацтай 1998 онд үйлдвэрлэсэн KMFEB18YPWW00#### арлын дугаартай 22** *** улсын дугаартай автомашины үнэ болох 20,000,000 төгрөгийг хариуцах ёстой. Иймд хариуцагч НСТ ХХК-аас машины үнэ болох 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Мын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь У.М нь манай байгууллагатай 2018.07.09-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн 1998 онд үйлдвэрлэсэн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээл авснаас хойш нэхэмжлэгч У.М нь өөрийн эзэмшлийн машиныг С.О гэх хүнд зарсан учир тухайн хүнд шилжүүлж өгөх талаар манай компанийн захирал болон нягтланд утсаар мэдэгдэж байсан. Мөн 2019 онд байгууллагаас машинаа шилжүүлж авах тухай албан бичгийг авсан, уг албан бичгээр тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжтой байсан, өөрөө тэр үйлдлээ хийгээгүй байна.
Бидэнд мэдэгдсэнээр У.Мын авсан зээлийг С.О гэх хүн төлж дуусгасан. Харин сүүлд С.О нь манай компанид 3,000,000 төгрөгийг У.Мын өмнөөс төлж түүний зээлийг дуусгасан тул У.Мтай утсаар яриулж, С.Оын нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлж өгөх бичиг хийж өгсөн юм. Энэ тухай нэхэмжлэгч У.М өөрөө мэдэж байгаа бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ч машиныг С.Од зарсан мөн С.О нь зээлийг нь төлж дуусгасан тухай тодорхой бичсэн байна. Тиймээс манай байгууллага гэрээний дагуу үүргээ биелүүлсэн, ямар нэгэн үүргийн зөрчил үүсгээгүй. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3-т зааснаар гэрээний хугацаа дуусахаас өмнө манай байгууллага тээврийн хэрэгслийг нь зарсан бол хохирол шаардах эрхтэй. Харин бидний хооронд гэрээний харилцаа нэгэнт дууссан, хуулийн 235.3-т заасан хохирол шаардах үндэслэлгүй байна.
Мөн У.Мын нэхэмжлэлийн хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд У.Мын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч нотлох баримтаар,
2018.08.09, 2018.10.16, 2018.11.06, 2018.11.30, 2018.12.19, 2019.04.30-ний өдрүүдийн ХААН банкны шилжүүлгийн баримт, зээл төлөлтийн дансны хуулга /хуулбар/, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022.09.23-ны өдрийн 3359 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, НСТ ХХК-ийн 2019.10.30-ны өдрийн албан бичиг /хуулбар/, тус шүүхийн 2014.01.26-ны өдрийн 1950 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг,
4.Хариуцагч нотлох баримтаар,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, НСТ ХХК-ийн 2021.09.29-ний өдрийн 21/09-57 дугаар Авто тээврийн үндэсний төвд хүсэлт гаргах тухай албан бичиг, 2018.07.09-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ /хуулбар/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хуулбар/, гэрч Э.Агийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
5.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр Авто тээврийн үндэсний төвөөс 22** *** улсын дугаартай, Hyundai маркийн зүтгүүрийн хувийн хэргийн баримтууд, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас У.Мын гаргасан 5550 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн материал гэсэн баримтуудыг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч У.М нь хариуцагч НСТ ХХК‑нд холбогдуулж гэрээнээс учирсан хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчийн гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...Миний бие 2018.07.09-ний өдөр өөрийн эзэмшлийн 22** *** улсын дугаартай, Хюндэй маркийн, 18TON даацтай тээврийн хэрэгсэл буюу зүтгүүрийг НСТ ХХК-ийн барьцаанд тавьж, 10,000,000 төгрөгийг зээлж авсан, зээлийн төлбөрөөс 14,850,000 төгрөгийг төлж, алданги 3,000,000 төгрөг төлөгдөөгүй байсан, тухайн үед танил С.Од тус тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгөөр худалдахаар болж, С.О нь урьдчилгаа төлбөр болгож миний зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөгийг НСТ ХХК-нд төлж дуусгасан, харин С.О надад 17,000,000 төгрөгөө төлөөгүй байж миний зөвшөөрөлгүй, чирэгч толгойг НСТ ХХК-тай хуйвалдан өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байх ба, С.О ч олдохгүй, зүтгүүр ч олдохгүй болсон учир тээврийн хэрэгслийн үнэ болох 20,000,000 төгрөгийг НСТ ХХК хариуцан төлөх үүрэгтэй...” гэж тайлбарлав.
Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг “...нэхэмжлэгч У.М нь 2018.07.09-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн 22** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 10,000,000 төгрөгийг зээлсэн, зээл авснаас хойш нэхэмжлэгч У.М нь уг тээврийн хэрэгслийг С.О гэх хүнд худалдсан, авсан зээлийг С.О нь бүрэн төлсөн, улмаар 2019 онд манай байгууллага албан бичиг өгсөн, үүний дагуу нэр дээрээ шилжүүлэн авах боломж нэхэмжлэгчид байсан, бидний хооронд гэрээний харилцаа дууссан, харин сүүлд С.О гэдэг хүн манай байгууллага дээр ирсэн, тэр үед У.Мтай утсаар яриулж, С.Оын нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөх талаар дахин бичиг хийж өгсөн, үүнийг нэхэмжлэгч мэдэж байгаа, гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хохирол шаардах хууль зүйн үндэслэлгүй...” гэж тайлбарлан мэтгэлцэнэ.
3.Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022.09.23-ны өдрийн 3359 дүгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай материал, Авто тээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн баримт, нэхэмжлэгчийн гарган өгсөн ХААН банк ХК-ийн шилжүүлгийн баримт зэргээс үзвэл,
Нэхэмжлэгч У.М нь хариуцагч НСТ ХХК-тай 2018.07.09-ний өдөр Иргэний хуулийн 235 дугаар зүйл, 281 дүгээр зүйлийг удирдлага болгон барьцаат зээлийн гэрээг байгуулж, өөрийн өмчлөлийн, 1998 онд үйлдвэрлэгдсэн, 2013.07.05-ны өдөр Монгол улсад орж ирсэн, цагаан өнгийн, 22** *** улсын дугаартай, ******** 18TON маркийн зүтгүүрийг барьцаалж, 10,000,000 төгрөгийг 1,50%-ийн хүүтэй, 2019.05.09-ний өдрийг хүртэл зээлж авсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 235 дугаар зүйлийн 235.1.1.-д заасан шаардлагад нийцсэн зээл болон фидуцийн гэрээний харилцааг үүсгэжээ.
Энэхүү барьцаат зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч У.М нь 2018.07.09-ний өдөр өөрийн өмчлөлийн, 1998 онд үйлдвэрлэгдсэн, 2013.07.05-ны өдөр Монгол улсад орж ирсэн, цагаан өнгийн, 22** *** улсын дугаартай, ******** 18TON маркийн зүтгүүр болох тээврийн хэрэгслийн гэрчилгээг хариуцагч НСТ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн, хариуцагч НСТ ХХК нь зээлийн 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч У.Мт олгосон байна.
4.Нэхэмжлэгч У.М нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу, гэрээний хугацаанд буюу 2019.05.09-ний өдөр гэхэд үндсэн зээлд 10,000,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг, нийт 11,500,000 төгрөгийг хариуцагч НСТ ХХК-нд төлж дуусгах үүрэгтэй байсан, тэрээр 2018.08.09-ний өдөр “22** шаланз толгой” гэсэн утгаар 1,150,000 төгрөг, 2018.11.30-ны өдөр “22**uny Hyundai” гэсэн утгаар 1,000,000 төгрөг, 2018.10.16-ны өдөр “22**uny Hyundai” гэсэн утгаар 1,600,000 төгрөг гэх мэтээр төлөлт хийж байсан боловч зээлийг бүрэн төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн ч 2019.10.30-ны өдөр түүний өмнөөс С.О үлдэх 3,000,000 төгрөгийг хариуцагч НСТ ХХК-нд төлж, нэхэмжлэгчийн зээлийг хаасан талаар зохигчид маргаангүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч У.М нь нийт зээл, хүүд 15,210,082 төгрөгийг хариуцагч НСТ ХХК-нд төлсөн, хариуцагч НСТ ХХК нь 2019.10.30-ны өдөр “...манай байгууллагын нэр дээр бүртгэлтэй байгаа 22** *** улсын дугаартай автомашиныг У.М нэр дээр гэрчилгээг нь гаргаж өгнө үү...” гэсэн утга бүхий Авто тээврийн үндэсний төвд хандсан албан бичгийг нэхэмжлэгч У.Мт өгснийг тухайн үед түүний дүү У.Мө, С.О нар хамт очиж авсан, уг үйлдлийг нэхэмжлэгч У.М зөвшөөрснөөр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1., 281 дүгээр зүйлийн 281.1., 235 дугаар зүйлийн 235.4.-т зааснаар зохигчдын хооронд үүссэн зээл болон фидуцийн гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзэхээр байна.
5.Үүний зэрэгцээ 2018 онд нэхэмжлэгч У.М, С.О нарын хооронд маргааны зүйл болсон 22** *** улсын дугаартай, ******** 18TON маркийн зүтгүүрийг 20,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан, урьдчилгаа төлбөр болгож С.Оас 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч У.Мын зээлийг хариуцагч НСТ ХХК-нд төлж дуусгах байдлаар түүнд төлсөн, барьцааны зүйлийг нэхэмжлэгч У.М өөрийн эзэмшилд байлгаж, С.Оын хамт Дорнод аймагт хадланд ашиглаж, тээвэр хийж байсан, тухайн үед С.О нь нэхэмжлэгч У.Мыг Дорнод аймагт орхиод тээврийн хэрэгсэл болон бусад бүх зүйлийг аваад Улаанбаатар хотод ирсэн үйл баримтын талаар нэхэмжлэгч маргаангүй.
Тодруулбал, нэхэмжлэгч У.М нь хугацаа хэтрүүлсэн ч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1., 208 дугаар зүйлийн 208.1.-д зааснаар зээлийн төлбөрийг бүрэн төлсөн, хариуцагч НСТ ХХК нь өөрийн нэр дээр байсан 22** *** улсын дугаартай, ******** 18TON маркийн зүтгүүрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч У.Мын нэр дээр буцаан шилжүүлэхээр 2019.10.30-ны өдөр албан бичгийг өгч бие биенийхээ өмнө хүлээсэн үүргээ харилцан биелүүлсэн байна.
Харин нэхэмжлэгч У.М нь хариуцагч НСТ ХХК-ийн 2019.10.30-ны өдрийн албан бичгийг үндэслэн Авто тээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.-д зааснаар тухайн зүтгүүрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр 72 цагийн дотор шилжүүлэн бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй буруутай болох нь тогтоогдсон ба тэрээр “...тухайн үед С.О үлдэгдэл 17,000,000 төгрөгөөр төлж дуусгасны дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээг НСТ ХХК-ийн нэр дээрээс С.Оын нэр дээр шууд шилжүүлэхээр тохиролцсон боловч шилжүүлэн аваагүй болохоо...” нэхэмжлэгч У.М хүлээн зөвшөөрсөн.
6.Нэхэмжлэгч У.М нь С.Отай амаар тохиролцсон гэрээний дагуу 22** *** улсын дугаартай, ******** 18TON маркийн зүтгүүрийг түүнд бодитоор шилжүүлэн өгсөн байх боловч гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй, үүний улмаас С.О нь хариуцагч НСТ ХХК-нд “...миний бие У.Мын зээлийг төлж барагдуулсан. У.М нь 22** *** улсын дугаартай ******** 18TON маркийн, 1998 оны машиныг надад шилжүүлж өгөх үүрэгтэй байсан боловч 2 жил гаруй хугацаанд олдохгүй байна, одоогоор миний бие уг машинаар замын хөдөлгөөнд оролцож чадахгүй байгаа тул тээврийн хэрэгслийг миний нэр дээр шилжүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий, огноо тодорхойгүй өргөдлийг гаргасан байна.
Уг өргөдлийг үндэслэн хариуцагч НСТ ХХК нь 2021.12.30-ны өдөр Авто тээврийн үндэсний төвд хандсан “...манай компанийн нэр дээрх **-** *** улсын дугаартай автомашиныг Сэнгээ овогтой Отгонтулгын нэр дээр шилжүүлэн өгнө үү...” гэсэн агуулга бүхий албан бичгийг С.Од өгсөн байх ба, С.Оын гаргасан 2021.12.31-ний өдрийн хүсэлтээр тухайн тээврийн хэрэгсэл нь Автодевелопмэнт ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн болох нь Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаа, холбогдох баримтуудаар тогтоогдсон.
7.Улмаар нэхэмжлэгч У.М нь 2022.08.31-ний өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст “...2022.08.31-ний өдөр С.О нь НСТ ХХК-тай хамтран миний эзэмшлийн ******** маркийн 22** *** улсын дугаартай чирэгч толгойг залилсан гэх...” агуулга бүхий гомдлыг гаргасан, энэхүү гомдлын дагуу тус цагдаагийн хэлтэс нь холбогдох ажиллагааг явуулсан байх ба, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022.09.23-ны өдрийн 3359 дүгээр прокурорын тогтоолоор “...С.Оын үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна...” гэсэн үндэслэлээр түүний гаргасан гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч У.М нь өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3-т зааснаар шаардах эрхтэй, тэрээр хохирол болох 20,000,000 төгрөгийг маргааны зүйл болсон 22** *** улсын дугаартай, ******** 18TON маркийн зүтгүүрийг С.Од худалдсан 20,000,000 төгрөгөөр тооцон, хариуцагч НСТ ХХК-ийг өөрийнх нь зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг С.Од шилжүүлсэн гэм буруутай гэж тайлбарлах ба, хариуцагчийн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тохиолдолд шаардах эрхээ хэрэгжүүлэх учиртай.
8.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3-т зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаардах эрхтэй байх ба, дээр дурдсан үйл баримтуудаар хариуцагч НСТ ХХК нь гэрээний хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэгч У.Мын зээлийн гэрээний барьцааны зүйл болсон 22** *** улсын дугаартай, ******** 18TON маркийн зүтгүүрийг өөрийнх нь зөвшөөрөлгүй захиран зарцуулсан гэм буруутай үйлдэл буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3-т заасан үндэслэл баримтаар тогтоогдсонгүй.
Дээр нэгэнт дүгнэснээр хариуцагч НСТ ХХК нь зээл болон фидуцийн гэрээний дагуу үүргээ биелүүлж 2019 онд 22** *** улсын дугаартай, ******** 18TON маркийн зүтгүүрийг нэхэмжлэгч У.Мын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг зөвшөөрсөн албан бичгийг өгсөн, нэхэмжлэгч У.М нь уг албан бичгийг үндэслэн Авто тээврийн үндэсний төвд хандаж тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, улмаар С.О нь нэхэмжлэгч У.Мтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу 2021 онд хариуцагч НСТ ХХК-нд хандаж, 2021.12.30-ны өдрийн албан бичиг, өөрийн хүсэлтийн дагуу тухайн тээврийн хэрэгслийг Автодевелопмэнт ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн үйлдэлд хариуцагч НСТ ХХК хамааралгүй, энэ нь нэхэмжлэгч У.М, С.О нарын хооронд үүссэн, маргааны зүйл болсон 22** *** улсын дугаартай, ******** 18TON маркийн зүтгүүрийг худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой тусдаа асуудал болох нь тогтоогдож байна.
Энэ талаар шүүх хуралдаанд оролцсон гэрч Э.А “...Бид нэг өрөөнд хамт суудаг байсан болохоор бие биенийхээ утсаар ярьсан асуудлыг мэддэг байсан, ...тухайн үед У.М манай дарга байсан Бтой утсаар ярьсан, өөрөө машины гэрчилгээг шилжүүлэхийг зөвшөөрсөн, ...машин нь худалдан авч байгаа ахынх нь хашаанд байгаа, нэрээ шилжүүлэхийг зөвшөөрсөн, ...тухайн үед худалдан авч байгаа гэдэг ах нь ирсэн, даргын өөдөөс хараад сууж байсан, тэр хүний нэрийг санахгүй байна, ...өмнө нь У.М 2019 онд манай байгууллагаас албан бичиг авсан боловч тээврийн хэрэгслээ шилжүүлж аваагүй байсан юм байна лээ, ...дараа нь 2021 онд тээврийн хэрэгслийг худалдан авах гэж байгаа хүнд нь дахин албан бичиг өгсөн...” гэх агуулга бүхий мэдүүлгийг өгсөн.
Өөрөөр хэлбэл, хариуцагч НСТ ХХК нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, өөрийн нэр дээр бүртгүүлсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан нэхэмжлэгч У.Мын нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн хууль ёсны үйлдлийн улмаас нэхэмжлэгч У.М машингүй, мөнгөгүй болж 20,000,000 төгрөгөөр хохирсон гэж үзэх үндэслэлгүй, үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсонгүй.
9.Нөгөө талаар нэхэмжлэгч У.М нь хариуцагч НСТ ХХК-ийн 2019.10.30-ны өдрийн албан бичгээр гэрээний харилцаа дуусгавар болж, барьцааны зүйл болох зүтгүүр буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах үүрэгтэйгээ мэдсэн, үүний улмаас өөрт нь хохирол учирсан гэж үзсэн бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 3 жилийн дотор буюу 2019.10.30-ны өдрөөс эхлэн 2022.10.30-ны өдрийн дотор хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тогтоосон журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эсхүл хариуцагч НСТ ХХК-нд гомдлын шаардлага эрхтэй байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй, 2024.08.07-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх ба, хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан талаарх бичгийн баримтгүй, энэ талаарх хариуцагч талын тайлбарыг шүүх үндэслэл бүхий байна гэж дүгнэлээ.
Харин нэхэмжлэгч У.М нь 2022.08.31-ний өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргахдаа С.Од холбогдуулсан байх ба, маргаантай асуудлаар эрүүгийн журмаар шалгуулсан явдал нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1., 79 дүгээр зүйлийн 79.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэл болохгүй, нэхэмжлэлийн шаардлага хөөн хэлэлцэх хугацаан дотроо гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх үндэслэлгүй байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч талын тайлбарласнаар “...С.О түүнд 17,000,000 төгрөгийг төлөөгүй, түүний зөвшөөрөлгүй зүтгүүрийг НСТ ХХК-тай хуйвалдан өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 20,000,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул НСТ ХХК‑нд холбогдох гэрээнээс учирсан хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай У.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
10.Нэхэмжлэгч У.Мын 2024.08.07-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 260,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.3.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3.-т зааснаар НСТ ХХК‑нд холбогдох гэрээнээс учирсан хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай У.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.‑д зааснаар нэхэмжлэгч У.Мын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА