| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2023/02654/И |
| Дугаар | 191/ШШ2025/00832 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/00832
2025 01 30 191/ШШ2025/00832
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХХ ХХК-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ДТХ ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 69,760,000 төгрөг болон 119,900,000 төгрөгийн үнэ бүхий V2 маркийн 2000 ширхэг тулаас буюу 59,400,000 төгрөгийн үнэлгээ бүхий V2 маркийн, цагаан өнгөтэй, солонгос тулаас 900 ширхэгийг, 60,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий V2 маркийн цагаан өнгөтэй, хятад тулаас 1100 ширхэгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.
Хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* ******* ******* ХХК нь манай байгууллагатай 2022.05.12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж нийт 2 нэр төрлийн 2000 ширхэг бараа материалыг 30 хоногийн хугацаатай, нэгж үнэ 110 төгрөг байхаар түрээсэлсэн. Гэрээний дагуу манай байгууллага хариуцагч Дэмжих ******* ******* ХХК-нд 2022.05.13-ны өдөр нийт 59,400,000 төгрөгийн үнэлгээ бүхий V2 маркийн, цагаан өнгөтэй, солонгос тулаас 900 ширхэгийг, 60,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий V2 маркийн цагаан өнгөтэй, хятад тулаас 1100 ширхэгийг тус тус ажилтан болох Б.*******т хүлээлгэн өгч зарлагын баримт үйлдсэн. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь барьцаанд 9,000,000 төгрөг, түрээсийн төлбөр болох эхний 30 хоногийн төлбөрт 900 ширхэг солонгос тулаас 30 хоногийг 110 төгрөгөөр тооцож 2,970,000 төгрөг, 1100 ширхэг хятад тулаас 30 хоногийг 110 төгрөгөөр тооцож 3,630,000 төгрөг, нийт 6,600,000 төгрөгийг тус тус төлсөн. Ингээд гэрээний хугацаа дуусахад хариуцагч түрээсийн төлбөр болон тулаасыг буцаан өгөх үүрэгтэй байтал өгөөгүй, үргэлжлүүлэн түрээсэлсэн учраас гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.4-т зааснаар гэрээний хугацааг тухайн нөхцөлөөр сунгасанд тооцсон.
Бидний зүгээс гэрээний үүргээ биелүүлж, түрээсийн төлбөр төлөх, түрээсэлсэн бараа материалыг буцаан өгөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан, барилгын талбайд нь очсон, н.*******, нягтлан ******* зэрэг хүмүүсийн гар утсаар залгаж шаардаж байсан. Гэвч хариуцагч нь төлбөрийг төлдөггүй, бараа материалыг буцаан өгөөгүй болно. Тиймээс 2022.05.12-ны өдрөөс 2023.06.20-ныг өдрийг хүртэл нийт 388 хоногийн түрээсийн төлбөр 69,760,000 төгрөг болон 2000 ширхэг бараа материалыг нэхэмжилсэн. Шүүх хуралдааны явцад хоёр дахь шаардлагаа 119,900,000 төгрөгийн үнэ бүхий V2 маркийн 2000 ширхэг тулаас буюу 59,400,000 төгрөгийн үнэлгээ бүхий V2 маркийн, цагаан өнгөтэй, солонгос тулаас 900 ширхэг, 60,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий V2 маркийн цагаан өнгөтэй, хятад тулаас 1100 ширхэгийг тус тус гаргуулах гэж тодруулж байна. Учир нь бид гэрээ байгуулах үедээ тухайн бараа бүтээгдэхүүнийг буцаан өгөх боломжгүй бол үнийг төлөх талаар тухайлан тайлбарлаж, бараа материалын үнийн саналыг танилцуулдаг. Үнийн саналд V2 маркийн солонгос тулаас 1 ширхэг нь 66,000 төгрөг, хятад тулаас 1 ширхэг нь 55,000 төгрөгөөр тус тус тооцогдож тусгагдсан байгаа. Энэ үнийн саналыг хариуцагч тал тухайн үедээ танилцаж мэдсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Манай байгууллага түрээсийн гэрээний дагуу авсан бараа бүтээгдэхүүнээ Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХК-ийн захиалан бариулсан хотхоны барилгын ажлыг хийхэд ашигласан. Манай байгууллага тус байгууллагатай төлбөр тооцооны асуудалтай шүүхийн байгууллагаар явж байгаа. Улмаар ХХК нь түрээсийн гэрээ байгуулсан бүх байгууллагын түрээсийг төлж барагдуулж байгаа тул бид тус компанитай хамт нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлөх ёстой гэжээ.
3.Нэхэмжлэгч нотлох баримтаар,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.05.13-ны өдрийн зарлагын баримт, 2022.05.12-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээ, ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбар, 2022.05.05-ны өдрийн Б.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа хуулбар, 2022.04.01-ний өдрийн бараа материалын үнийн санал, V2 маркийн тулаасыг харуулсан гэрэл зураг, нэхэмжлэх, хавсралт болох тооцоолол гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-нд холбогдуулж түрээсийн гэрээний үүрэгт 69,760,000 төгрөг болон 2000 ширхэг барилгын туслах материал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад хоёр дахь шаардлагыг 119,900,000 төгрөгийн үнэ бүхий V2 маркийн 2000 ширхэг тулаас буюу 59,400,000 төгрөгийн үнэлгээ бүхий V2 маркийн, цагаан өнгөтэй, солонгос тулаас 900 ширхэгийг, 60,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий V2 маркийн цагаан өнгөтэй, хятад тулаас 1100 ширхэгийг гаргуулах гэж тодруулсан болно.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...хариуцагч тал түрээсийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, түрээсийн төлбөр төлөхгүй, түрээсийн зүйл болох 2000 ширхэг тулаасыг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй тул гэрээнд зааснаар гэрээний хугацаа сунгагдсан, бид түрээсийн төлбөрийг төлүүлэх, түрээсийн зүйл болсон бараа материалыг буцаан авах талаар хариуцагчид удаа дараа шаардлага тавьсан, холбогдох хүмүүстэй нь утсаар ярьсан, барилгын талбайд хүртэл очсон боловч төлбөр төлөгдөөгүй, түрээсийн зүйлийг буцаан өгөхгүй байгаа тул шаардах эрхтэй... гэж тайлбарлана.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...бид түрээсийн гэрээний дагуу авсан барилгын бараа материалыг ХХК-ийн хотхоны барилгын ажлыг хийхэд ашигласан, бидний хооронд төлбөр тооцооны асуудал байгаа бөгөөд бүх түрээсийн гэрээний төлбөрийг тус компани төлж байгаа учир энэхүү нэхэмжлэлд дурдсан төлбөрийг ХХК-тай хамтран төлнө... гэжээ.
3.Зохигчдын хооронд 2022.05.12-ны өдөр 22/081 дугаартай барилгын туслах материал түрээслүүлэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч ******* ******* ******* ХХК нь 59,400,000 төгрөгийн үнэлгээ бүхий V2 маркийн, цагаан өнгөтэй, солонгос тулаас 900 ширхэгийг, 60,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий V2 маркийн цагаан өнгөтэй, хятад тулаас 1100 ширхэгийг 2022.05.12-ны өдрөөс 2022.06.11-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаатай, 1 өдрийн 1 ширхэг тулаасыг 110 төгрөг байх нөхцөлтэйгөөр ашиглаж, түрээсийн төлбөр болон барьцааны төлбөр төлөх, гэрээний хугацаа дуусмагц түрээсийн зүйлийг акт үйлдэж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч ******* ******* ХХК нь түрээсийн зүйлийг хариуцагч ******* ******* ******* ХХК-нд хүлээлгэн өгөх, түрээсийн гэрээг сунгасанд тооцож түрээсийн төлбөр, хохирлыг шаардах эрхтэй байхаар харилцан тохиролцжээ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 318.3., 189 дүгээр зүйлийн 189.1.-д заасан шаардлагад нийцсэн түрээсийн гэрээний харилцааг үүсгэсэн байх ба, хуулийн 318.5.-д зааснаар түрээсийн гэрээний харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилдэг онцлогтой.
4.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3., 5 дугаар зүйлийн 5.1.1., 5.1.2.-т зааснаар 1 ширхэг тулаасны нэгж үнийг 110 төгрөгөөр тооцож, V2 маркийн, цагаан өнгөтэй, 900 ширхэг, солонгос тулаас 30 хоногийн 2,970,000 төгрөг, V2 маркийн, цагаан өнгөтэй, 1100 ширхэг хятад тулаас 30 хоногийн 3,630,000 төгрөгөөр тооцон түрээслэхээр нийт 119,900,000 төгрөгийн үнэлгээ бүхий V2 маркийн 2000 ширхэг тулаасыг 2022.05.13-ны өдрийн зарлагын баримтаар хариуцагч ******* ******* ******* ХХК-нд хүлээлгэн өгсөн, хариуцагч ******* ******* ******* ХХК нь түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1., 3.2., 3.3., 4 дүгээр зүйлийн 4.1.1., 4.1.2., 4.1.4.-т зааснаар түрээсийн зүйлийг хүлээн авч, 30 хоногийн түрээсийн төлбөрт 6,600,000 төгрөг /2,970,000 төг + 3,630,000 төг/, барьцаанд 9,000,000 төгрөгийг төлж, хэн аль нь гэрээний үүргийг зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байгаа нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1., 208 дугаар зүйлийн 208.1.-д заасантай нийцжээ.
Харин түрээсийн гэрээний 30 хоногийн хугацаа 2022.06.11-ний өдөр дууссан байхад хариуцагч ******* ******* ******* ХХК нь түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.4., Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1.-д зааснаар түрээсийн зүйл болох 2000 ширхэг тулаасыг гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.4.-т зааснаар түрээсийн гэрээг тухайн нөхцөлөөр сунгагдсан гэж үзэхээр байна.
Ийнхүү гэрээний хугацаа сунгагдсанаас хойш хариуцагч ******* ******* ******* ХХК нь түрээсийн зүйл болох 2000 ширхэг тулаасыг ашиглаж, үр шимийг нь хүртсэн байх бөгөөд тэрээр 2022.06.12-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023.06.20-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөр огт төлөөгүй, төлбөрийн үлдэгдэлтэй, түрээсийн зүйлийг бүрэн бүтэн буцаан өгөөгүй, өгөхийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас шаардаж байсан болох нь нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, нэхэмжлэгч талаас гарган өгсөн нотлох баримуудаар тогтоогдсон бөгөөд хариуцагч тал тооцоололд ямар нэгэн маргаангүй, төлбөрийг ХХК-тай хамтран төлөх агуулга бүхий тайлбарыг шүүхэд ирүүлжээ. Гэхдээ тайлбарт дурдсан хариуцагч ******* ******* ******* ХХК болон ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ, төлбөр тооцооны маргаантай асуудал нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.
5.Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ******* ******* ХХК нь түрээсийн гэрээ болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1., 208 дугаар зүйлийн 208.1., 318 дугаар зүйлийн 318.1., 326 дугаар зүйлийн 326.1.-д зааснаар түрээсийн төлбөр төлөх үүргийг хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлэх байтал энэ үүргээ бүрэн биелүүлээгүй, түрээсийн зүйл болох V2 маркийн 2000 ширхэг тулаасыг нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд буцаан өгөх үүрэгтэй байтал уг үүргээ мөн биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь түрээсийн төлбөрт 2022.05.13-ны өдрөөс 2023.06.20-ны өдрийг хүртэл V2 маркийн, цагаан өнгөтэй, 900 ширхэг солонгос тулаасыг 1 ширхэгийг 110 төгрөгөөр тооцож, нийт 388 хоногийн 38,412,000 төгрөг,
V2 маркийн, цагаан өнгөтэй, 1100 ширхэг хятад тулаасыг 1 ширхэгийг 110 төгрөгөөр тооцож, нийт 388 хоногийн 46,948,000 төгрөг, бүгд 85,360,000 төгрөгөөс 30 хоногийн түрээсийн төлбөр 6,600,000 төгрөг, барьцааны 9,000,000 төгрөг, нийт 15,600,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл түрээсийн төлбөрийг 69,760,000 төгрөг гэж,
мөн 59,400,000 төгрөгийн үнэлгээ бүхий V2 маркийн, цагаан өнгөтэй, солонгос тулаас 900 ширхэгийн нэгжийн үнийг 66,000 төгрөгөөр,
60,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий V2 маркийн цагаан өнгөтэй, хятад тулаас 1100 ширхэгийн нэгжийн үнийг 55,000 төгрөгөөр тус тус тооцсон тооцоолол нь үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэсэн ба, тэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 326 дугаар зүйлийн 326.1., 326 дугаар зүйлийн 326.2.-т зааснаар хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөр болон түрээсийн зүйлийг буцаан шаардах эрхтэй, хариуцагч ******* ******* ******* ХХК нь төлбөрийг төлөх, түрээсийн зүйлийг буцаан өгөх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй болох нь нэгэнт тогтоогдсон.
6.Хариуцагч ******* ******* ******* ХХК нь шүүх хуралдаанд биечлэн оролцох, тайлбар гаргах, мэтгэлцэх эрхтэй, тайлбар, татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй байтал энэ эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.
Иймд хариуцагч ******* ******* ******* ХХК-иас түрээсийн төлбөрт 69,760,000 төгрөг, түрээсийн гэрээний зүйл болсон 119,900,000 төгрөгийн үнэ бүхий V2 маркийн 2000 ширхэг тулаас буюу 59,400,000 төгрөгийн үнэлгээ бүхий V2 маркийн, цагаан өнгөтэй, солонгос тулаас 900 ширхэгийг, 60,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий V2 маркийн цагаан өнгөтэй, хятад тулаас 1100 ширхэгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзсэн болно.
7.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 2023.06.20-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 506,750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 506,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 326 дугаар зүйлийн 326.1.-д зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 69,760,000 төгрөг болон 119,900,000 төгрөгийн үнэ бүхий V2 маркийн 2000 ширхэг тулаас буюу 59,400,000 төгрөгийн үнэлгээ бүхий V2 маркийн, цагаан өнгөтэй, солонгос тулаас 900 ширхэгийг, 60,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий V2 маркийн цагаан өнгөтэй, хятад тулаас 1100 ширхэгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 506,750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 506,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА