Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/681

 

 

 

 

 

С.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

яллагдагч С.О, түүний өмгөөлөгч Б.Бадраа,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЗ/1058 дугаар “Хэргийн прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 33 дугаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн С.От холбогдох эрүүгийн 2308009960651 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагчийн биеийн байцаалт:

...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Яллагдагч С.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Залуус хорооллын 000 дугаар байрны 000 тоотод оршин суух иргэн Т.Пын гэрт 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өөрийн төрсөн ах Бтай маргалдаж, улмаар түүний зүүн гуян тус газарт хутгалж зүүн гуянд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.           

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Яллагдагч С.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор ...хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэпг “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлсэн эсэх асуудлыг талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

....Яллагдагч С.О төрсөн ах С.Быг хутгалсан үйл баримт 2023 ны 02 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагийн орчимд болсон бөгөөд С.Б тухайн өдрийнхөө 23 цаг орчимд буюу 4 цаг орчмын дараа нас барсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Гэр бүлийн гишүүд, төрөл садангийн хүмүүсийн хооронд ...гэмт хэрэг үйлдэгдсэн, хүний амь нас хохирсон тохиолдолд дан ганц үхлийн шалтгаан тогтоосон нэг удаагийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хангалттай тодорхой болоогүй, ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

1. Дахин шинжилгээ хийлгэж хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох: ...Амь хохирогчийн гуя баруун доош чиглэлд 8,3 см гүн хутгалагдсан тохиолдолд гуяны артер, венийн судас дайраагүй, бүтэн байх боломжтой эсэх, хэрэв артер, венийн судас гэмтсэн тохиолдолд хүн ямар хугацаанд амьдрах боломжтойг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйл, Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлүүдэд зааснаар дахин шинжилгээ хийх шаардлагатай,

2. Амь хохирогчид огилт, бөөлжилт байсан эсэхийг эргэлзээгүй тогтоох: ...Амь хохирогч бөөлжиж байсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н, түүний хүү гэрч Анар нарын мэдүүлгээс өөр байдлаар тогтоогдоогүй бөгөөд ...яллагдагчтай гэр бүлийн гишүүдийн харилцаатай, хамт амьдардаг хүмүүсийн мэдүүлгийг үнэлж амь хохирогч “бөөлжиж байсан” гэсэн үйл баримтыг тогтоох нь учир дутагдалтай тул хэрэг болох цаг хугацаанд хамт байсан гэрч, түргэн тусламжийн эмч, амь хохирогчийн очсон цагдаагийн байгууллагын ажилчид, үзүүлсэн шүүх эмнэлгийн ажилчдаас “амь хохирогч тухайн үед ямар байдалтай байсан, бөөлжиж байсан эсэх” талаар асууж тодруулах, амь хохирогчийн гэрийн гаднах хэсэг, амьд байхдаа очсон дээрх байгууллагуудын хяналтын камерын бичлэгт үзлэг хийж тодорхой болгох.

3. Прокурорын яллах дүгнэлтийн талаар: 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн яллах дүгнэлтийн яллагдагчийн биеийн байцаалт хэсэгт “33 настай”, “Баялаг Ивээл” ХХК-д ажилладаг гэж зөрүүтэй бичигдсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т заасан прокурорын яллах дүгнэлтийн үг, үсэг, техникийн шинжтэй алдаа гэж үзэв гээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.     

Прокурор Д.Ганчимэг эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч С.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт Залуус хорооллын 486 дугаар байрны 9/330 тоотод оршин суух иргэн Т.Пын гэрт 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдөр өөрийн төрсөн ах Бтай маргалдаж, улмаар түүний зүүн гуян тус газарт хутгалж зүүн гуянд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 4-9, 16-21, 92-105-р хуудсанд/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н /хх-ийн 27-29-р хуудсанд/, гэрч Т.П /хх-ийн 30-32-р хуудсанд/ нарын мэдүүлэг, аюулын эрсдэлийн зэрэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 76-77-р хуудсанд/, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2904 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх- ийн 198-199-р хуудсанд/, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 680 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ бүхий шинжээчийн дүгнэлт/хх-ийн 236-246-р хуудсанд/ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон.

Шүүгчийн захирамжид дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Шүүгчийн захирамжинд заагдсан дахин шинжилгээ хийлгэж хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох, амь хохирогчид огилт, бөөлжилт байсан эсэхийг эргэлзээгүй тогтоохын тулд цуг байсан гэрч, түргэн тусламжийн эмч, амь хохирогчийн очсон цагдаагийн байгуулллагын ажилчид, үзүүлсэн шүүх эмнэлгийн ажилчдаас мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлаггүй юм. Үндэслэл нь шинжээчийн 2 удаагийн дүгнэлт ямар нэгэн эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, эдгээр хүмүүсийг гэрчээр мэдүүлэг авах болон бусад ажиллагааг хийж гүйцэтгэснээр хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй юм.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад эргэлзээ төрүүлж байгаа нотлох баримт байхгүй бөгөөд яллагдагчийн шууд санаатай гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байхад хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг шүүх хийсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж хуульчлагдсан бөгөөд Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2904 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 680 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ нь дээрх хуульд зааснаар үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй, шинэ нөхцөл байдал бий болсон үндэслэлд хамаарахгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЗ/1058 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний зүгээс ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэв.  

Яллагдагч С.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ахдаа хүнд гэмтэл учруулсан. Надад ямар шийтгэл оногдуулахыг мэдэхгүй байна...” гэв.  

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Бадраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Уг хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт яллагдагч С.О, хохирогч С.Б нарын хувийн таарамжгүй харилцааны улмаас болсон бөгөөд миний үйлчлүүлэгч С.О нь хохирогчийн зүүн гуян тус газар хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Хохирогч тухайн үед 3-4 цагийн дараа шүүх эмнэлэг дээр очиж гэмтлийн зэрэг тогтоолгоход хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Мөн хохирогч нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бус Хан-Уул дүүргийн өөрийн амьдардаг орон сууцны орцонд нас барсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийг өвчний улмаас нас барсан гэж дүгнэсэн. Уг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж, дахин шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй. Учир нь, анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийг гэрчээр оролцуулж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна...” гэв.    

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс яллагдагч С.От холбогдох эрүүгийн 2308009960651 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан:

- дахин шинжилгээ хийлгэж хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох,

- амь хохирогчид огилт, бөөлжилт байсан эсэхийг эргэлзээгүй тогтоох,  

- прокурорын яллах дүгнэлтийн “яллагдагчийн биеийн байцаалт хэсэгт “33 настай”, “Баялаг Ивээл” ХХК-д ажилладаг” гэж зөрүүтэй бичигдсэн үг, үсэг, техникийн шинжтэй алдааг залруулах гэсэн үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагагүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүх нь шүүхээс шийдвэр гаргах боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, процесс ажиллагааны зөрчлийг арилгах, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шалтгаантайгаар хэргийг прокурорт буцаах эрхтэй ба бусад асуудлыг шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх нь зүйтэй. 

Мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэрэгт буй баримтын хүрээнд яллагдагч С.От холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЗ/1058 дугаар “Хэргийн прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.   

2. Яллагдагч С.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ЗОРИГ

     ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ

     ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ