Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2013 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 111/ШШ2013/0010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүгч Ц.Сувдмаа, Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

“Бишрэлт холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох

Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 184 дүгээр захирамжийн “Бишрэлт Холдинг” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Бишрэлт холдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ганбаатар, Б.Батжаргал, Н.Мөнхзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн, гуравдагч этгээд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга С.Батбаяр, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэцэнбилэг, иргэдийн Г.Ваанчиг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Должинсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Бишрэлт холдинг” ХХК нэхэмжлэлдээ: “Тус компани нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 389 дүгээр захирамжаар Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээ /НААҮ/-ний барилгын ард байрлах 895 мкв газрыг “Арилжааны банк, зочид буудлын” зориулалтаар эзэмших эрх авсан.

Газар эзэмших захирамж гарсан боловч Газрын тухай хуулийн 34.1-т зааснаар гэрээ байгуулж гэрчилгээ өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Манай компани нь гэрчилгээ гарсны дараа холбогдох барилгын компанитай хамтран ажиллах гэрээг байгуулж газрыг зориулалтын дагуу ашиглахаар төлөвлөж байсан. Гэтэл газрыг зориулалтын дагуу ашиглах эрхээ эдлэх боломжийг олгож, гэрчилгээ гаргаж өгөлгүй үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлээгүй атлаа Баянхонгор аймгийн Засаг дарга 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 184 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь манай хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Иймд Баянхонгор аймгийн Засаг дарга 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 184 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү ” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ганбаатар, Б.Батжаргал, Н.Мөнхзаяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 389 дүгээр захирамжаар 895 м.кв газрыг Арилжааны банк зочид буудлын” зориулалтаар эзэмших эрх авсан. Тухайн газраа зориулалтын дагуу эзэмшихээр бид барилгын зураг төслөө гаргуулах талаар мэргэжлийн байгууллагад хүсэлтээ гаргаад байсан.

Манай компанийн эзэмшлийн газар дээр эрчим хүчний өндөр хүчдэлийн шугам мөн холбооны шугам байдаг учраас техникийн нөхцөл авах шаардлагатай болж, бид газар эзэмшлийн гэрээг хийж, гэрчилгээ авч чадаагүй.

Манай компани 2010 оноос одоог хүртэл дээрх асуудлыг шийдвэрлэхээр техникийн нөхцөл гаргуулах гэж холбогдох байгууллагуудад хандсаар ирсэн. Тухайлбал Эрчим хүчний компанитай бид уулзаж өндөр хүчдэлийн шугамыг өөр тийш шилжүүлж болох эсэх талаар уулзаж ярилцахад боломжгүй гэж бидэнд хариу өгсөн. Тэгээд газрыг хажуу тийш нь сунгах талаар холбогдох байгууллагад хүсэлтээ гаргаад шийдвэрлэгдээгүй байтал 2013 оны 4 дүгээр сард аймгийн Засаг дарга 184 дүгээр захирамж гаргаж “Бишрэлт Холдинг” ХХК-ийн газрыг хүчингүй болгосон. Хүчингүй болгосон үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 зааснаар газрыг зориулалтын дагуу эзэмшээгүй үндэслэлээр гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гарсан нь хууль зүйн талаасаа үндэслэлгүй юм. Учир нь газар эзэмших эрх үүсээгүй, газрын гэрчилгээ олгогдоогүй байхад газрыг эзэмшиж, ашигласан гэж үзсэн. Энэхүү захирамжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар ...”90 хоногт багтаан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсний дараа гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох талаар заасан хэдий ч бид шаардлагатай үйл ажиллагааг явуулж ирсэн.

Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн тогтоолын 1.10-д хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан...”зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй... гэж тайлбарласан байдаг. Гэтэл манай компани газар эзэмших гэрээ хийгээгүй, гэрчилгээ аваагүй учраас эзэмших эрх үүсээгүй байсан. Түүнчлэн “Бишрэлт Холдинг” ХХК нь газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь юугаар нотлогдож байгаа нь тодорхой биш зориулалтын дагуу ашиглаагүйг тогтоосон баримт хэрэгт байхгүй, Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 184 дүгээр захирамжид “Бишрэлт холдинг” ХХК-ийн газар эзэмших “гэрчилгээг” хүчингүй болгохоор заасан нь илт хууль бус захиргааны акт юм. Учир нь газар эзэмших эрх гэрээ байгуулагдаж, гэрчилгээ олгогдож, улсын бүртгэлд бүртгүүлснээр хэрэгжиж эхэлдэг. Манай компани аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газартай гэрээ байгуулаагүй, гэрчилгээ аваагүй байсан учраас байхгүй зүйлийг хүчингүй болгосон утга агуулгын алдаатай захирамжийг хүчингүй болгох үндэстэй. Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 184 дүгээр захирамжийн “Бишрэлт Холдинг” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргаас шүүхэд гаргасан тайлбартаа:

“Баянхонгор аймгийн Засаг дарга 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 389 дүгээр захирамж нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт зааснаар Баянхонгор сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээ /НААҮ/-ний барилгын ард байрлах 895 м.кв газрыг арилжааны банк, зочид буудлын зориулалтаар “Бишрэлт холдинг” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Тус компани Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34,2 дахь хэсэгт “үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэсэн заалтыг зөрчиж аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандан эрхээ хэрэгжүүлээгүй. Захирамжаар эзэмших эрхийг олгосоор байтал “Бишрэлт холдинг” ХХК нь тухайн газрыг зориулалтын дагуу эзэмших эрхээ хэрэгжүүлээгүй тул газрын -тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т зааснаар газар эзэмших эрхийг Баянхонгор аймгийн Засаг дарга 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 184 дүгээр захирамжаар хүчингүй болгосон” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 184 дүгээр Засаг даргын захирамжаар “Бишрэлт Холдинг” ХХК-ийн “Арилжааны банк зочид буудлын зориулалтын” олгосон 895 м.кв газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэсэн үндэслэлээр буюу газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар тухайн газрыг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар ..."үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэж байж улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан байдаг. Гэтэл “Бишрэлт Холдинг” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн баримтаар нотлогдож байгаа.

“Бишрэлт Холдинг” ХХК нь газраа зориулалтын дагуу эзэмших нөхцөл бүрдээгүй үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээл байсныг нотлох ямар ч баримт байдаггүй. Өөрийн зохих ёсоор биелүүлэх үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Иймд Засаг даргын 184 дүгээр захирамжийн “Бишрэлт Холдинг” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй юм” гэв.

Гуравдагч этгээд Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас шүүхэд гаргасан тайлбартаа:

“Аймгийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 389 дүгээр захирамжаар “Бишрэлт холдинг” ХХК-д хуучнаар Нийтийн аж ахуйн үйлчилгээ /НААҮ/-ний барилгын ард 895 м.кв газрын арилжааны банк, зочид буудлын зориулалтаар олгосон. Тус компани нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй, газар эзэмших гэрээ, гэрчилгээ аваагүй бөгөөд 2010-2013 онд уг газартаа үйл ажиллагаа явуулаагүй юм.

Иймд газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт зөрчигдсөн тул аймгийн Засаг даргын 2013 оны 184 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэжээ.

Гуравдагч этгээд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэцэнбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 389 дүгээр захирамжаар “Бишрэлт холдинг” ХХК-д 895 м.кв газар олгосон 389 дугаарын захирамж нь хууль бус захирамж юм.

Уг газар аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар байсан. Түүнчлэн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар 90 хоногт багтаан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй.

Техникийн нөхцөлөө тогтоолгох талаар манай байгууллагад албан ёсоор хандаж байгаагүй. Хэрвээ хөрөнгө мөнгө гаргаад барилга барих гэж байсан юм бол техникийн нөхцөлөө гаргуулж болох байсан болов уу.

“Бишрэлт Холдинг” ХХК нь 2010 оноос хойш зохих байгууллагуудад газрын техникийн нөхцөлийн талаар хандаж уулзаж байсан гэж байгаа. Манай байгууллага дээр ирж холбогдох хүмүүстэй албан ёсоор уулзаж, танилцуулагдаагүй байдаг юм. Иймд аймгийн Засаг даргын 184 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангах боломжгүй гэж үзлээ.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 389 дүгээр захирамжаар Баянхонгор сумын 1-р багийн нутаг дэвсгэрт орших Нийтийн аж ахуйн үйлчилгээ /НААҮ/-НИЙ барилгын хойд талд 895 м.кв газрыг “Бишрэлт Холдинг” ХХК-д Арилжааны банк, зочид буудлын” зориулалтаар эзэмших эрх олгож, 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 184 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар олгож байгаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг тухайн газар эзэмших гэрээний хавсралт болгоно”, 34.8-т “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж зааснаас үзэхэд газар эзэмших эрх бүхий “Бишрэлт холдинг” ХХК нь газар эзэмших эрх олгосон шийдвэр буюу Засаг даргын захирамж гарснаас хойш холбогдох байгууллагад хандан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй тул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг “Бишрэлт холдинг” ХХК-тай гэрээ байгуулаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй гэж үзэж шууд буруутгах боломжгүй юм.

2. "Бишрэлт холдинг” ХХК газар эзэмших эрх олгогдсон 2010 оны 9 дүгээр сарын 01- ний өдрөөс хойш газраа эзэмших талаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дээрх газраа 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь тус компани эзэмших эрх олгогдсон газраа ашиглах, эзэмших талаар үйл ажиллагаа явуулж байснаа нотлохоор барилгын /эскиз/ зураг төсөв, Баянхонгор аймагт томилолтоор ажиллаж байсан баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг гаргасан боловч газар эзэмших эрхийн гэрээ байгуулахаар албан ёсоор зохих байгууллагад хандаж байгаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

3. Нэхэмжлэгч “Бишрэлт холдинг” ХХК-ийн Б.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "... Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 184 дүгээр захирамжид “Бишрэлт холдинг” ХХК-ийн газар эзэмших “гэрчилгээг” хүчингүй болгохоор заасан нь илт хууль бус захиргааны акт юм. Учир нь газар эзэмших эрх гэрээ байгуулагдаж, гэрчилгээ олгогдож, улсын бүртгэлд бүртгүүлснээр хэрэгжиж эхэлдэг.

Манай компани аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай гэрээ байгуулаагүй, гэрчилгээ аваагүй байсан учраас байхгүй зүйлийг хүчингүй болгосон утга агуулгын алдаатай захирамжийг хүчингүй болгох үндэстэй ...” гэжээ.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан.

Гэтэл “Бишрэлт холдинг” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг газар эзэмших эрх олгосон 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2 жил 10 сарын хугацаанд хийлгээгүй, уг үнэлгээг хийлгэхээр эрх бүхий байгууллагад хандаж байгаагүй болох нь тус компанийн гаргасан тайлбар болон хэргийн бусад оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байх тул гэрээ, гэрчилгээ олгоогүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэх нь газар эзэмших эрх авсан аж ахуй нэгжид хуулиар хүлээлгэсэн үүрэг бөгөөд, 90 хоногийн хугацааг хуульчлан тогтоож өгчээ.

Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 184 дүгээр захирамж нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9, 72 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар нэхэмжлэгч Бишрэлт холдинг” ХХК-ийн Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 184 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг :үхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЬЯАСҮРЭН

                 ШҮҮГЧИД     Ц.СУВДМАА

                  Б.СУГАР