Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/00136

 

С.Д-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02861 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Д-гийн хариуцагчА- цэцэрлэгт холбогдуулан гаргасан цалин болон ээлжийн амралтын олговорт нийт 1 400 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтрийг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2020 оны 4 дүгээр сар хүртэлА- цэцэрлэгт бүлгийн багшаар ажилласан. Тус цэцэрлэгийн захирал н.Ань ямар ч шалтгаангүйгээр ажлаас чөлөөлсөн. Тухайн үе нь хорио цээрийн үе буюу 2-3 сар байсан. 3 сард цалингүй байсан учир 4 сараас өөр ажилд орсон. Хорио цээрийн үед ажлаас халж болохгүй, учир ажилласан хугацаанд дутуу олгосон цалин болон ажилласан хугацааны амралтын мөнгө гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн миний нийгмийн даатгалын дэвтрийг өнөөдрийг хүртэл өгөөгүй тул дэвтрээ гаргуулахаар шаардлага гаргасан. Харин 2 сард 420 000 төгрөгийн цалин олгосон. Миний хувьд ажлаас чөлөөлсөн тушаалд маргахгүй бөгөөд 2020 оны 2, 3 сарын цалинг 400 000 төгрөгөөр тооцож, үүн дээр амралтын мөнгийг 1 000 000 төгрөг гэж, нийт 1 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2020 оны 9 сард цалин гэж 200 000 төгрөг орсон. Утсаар холбогдох гэсэн боловч захирал Ануцэнд нь миний утас болон мессэнжерийг блоколсон холбогдож чадаагүй. Тухайн байгууллагад 5 сарын эхээр очиж цалин болон амралтын мөнгөө авах талаар өргөдөл өгсөн боловч өргөдлөө зас гэхээс өөр ямар нэг хариу өгөөгүй учир шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. ИймдА- цэцэрлэгээс нийт 1 400 000 төгрөг болон ниймийн даатгалын дэвтрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна.А- цэцэрлэгт нэхэмжлэгч С.Даариймаа нь 2019 оны 9 сард бүлгийн багшийн ажил албан тушаалд томилогдон ажиллаж байсан ба түүний ажлаас гарах хүсэлтийн дагуу 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно, гэж мөн Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 14 дэх хэсэгт ... хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олголгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэж тус тус заажээ. Иймд нэхэмжлэгч С.Д- нь ажлаас гарах хүсэлтээ гаргасан тул тэрээр цалин болон амралтын мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн дотоод журмын 7.9-т байгууллагад 11 сар ажиллаагүй тул амралтын мөнгийг тооцон олгох боломжгүй, ажилласан хугацааны цалинг олгосон тул зөвшөөрөхгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин нийгмийн даатгалын дэвтрийг шүүхэд гаргаж өгсөн байгаа гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчА- цэцэрлэг НҮТББ-аас ажилласан хугацааны цалин болон амралтын мөнгө 1 154 719 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 245 281 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.Д-гийн ажилласан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийж, нийгмийн даатгалын дэвтрийг хүлээлгэн өгөхийгА- цэцэрлэг НҮТББ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчА- цэцэрлэг НҮТББ-аас улсын тэмдэгтийн хураамжинд 32 850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Д-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны өгөөд үндэслэл бүхий болоогүй тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна. Тус хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хэвийн явагдаж байсан. Гэтэл шинэ төрлийн коронавируст халдвар дэлхий дахинд хурдацтай тархснаас болж Монгол Улсын Засгийн газрын хуралдаан болон Улсын Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаас өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 02- ны өдөр хүртэл зогсоох шийдвэр, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргасан. Үүний улмаас цэцэрлэгийн зүгээс ажилчдынхаа цалинг олгож чадахгүйд хүрсэн боловч ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан. Нэхэмжпэгч С.Даариймаа нь 4 сард ажлаас гарах хүсэлтээ гаргасан тул түүнийг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ажпаас халах тухай тушаал гаргасан бөгөөд 4 сар хүртэл ажилласан болохоо нэхэмжлэгч ажпаас гарах өргөдөлдөө бичсэн байгаагаар нотлогдоно. Нэхэмжлэгч нь ээлжийн амралтын мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 7 дугаар сарын 09-ний дотор нэхэмжпэлийн шаардлагаа гаргах ёстой байтал уг хугацааг хэтрүүлж буюу 7 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гаргасан, хуульд заасан хугацаа хэтрүүлээгүй гэж үзсэн. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаас үзэхэд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргана гэдэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-р бүлэгт заасан журмын дагуу нэхэмжпэлийг харьяалах шүүхэд гаргахыг хэлдэг. Нэхэмжпэгч нэхэмжлэлээ тогтоосон журмын дагуу биш зөрчилтэй гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахгүй. Гэтэл нэхэмжлэгчийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүх хариуцагчийг зөв тодорхойлоогүй гэх үндэслэлээр эмжпэлийг хүлээн авахаас татгалзсныг шүүх анхаарсангүй. Дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нь 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр дууссан байтал уг хугацааг хэтрүүлж буюу 7 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Түүнчлэн, шүүх нэхэмжлэгчийг хариуцагч байгууллагын удирдлагад 2020 оны 2 сараас хойш хандсаныг урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Ulemj гэх хаяг нь хариуцагч байгууллагын ажилтан болохоос удирдах албан тушаалтан буюу шийдвэр гаргах түвшний албан тушаалтан биш. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Даариймаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Д- нь хариуцагчА- цэцэрлэгт холбогдуулан ажилласан хугацааны цалинд 400 000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 1 000 000 төгрөг, нийт 1 400 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтрийг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны 1 400 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

ХариуцагчА- цэцэрлэгийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Д- нь тус цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, ажилд томилох тухай тушаал болон ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргээр тогтоогджээ. /хх-ийн 61-62-р тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Миний бие тус цэцэрлэгт 2019 оны 9 сараас 2020 оны 4 сар хүртэл ажилласан бөгөөд гар дээр 700 000 төгрөгийн цалин авдаг байсан, тухайн үед цар тахал гарч 2 сард 400 000 төгрөгийн цалин олгосон, түүнээс хойш цалин олгоогүй тул ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацааны цалинд нийт 400 000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 1 000 000 төгрөг, нийт 1 400 000 төгрөгийг нийгмийн даатгалын дэвтрийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн бол

хариуцагч татгалзалдаа дэлхий дахинд цар тахал гарсны улмаас цэцэрлэгийн үйл ажиллагаа 2020 оны 01 сард зогсож, ажилчдын цалинг олгох боломжгүй болсон, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох үүрэгтэй юм. Нэхэмжлэгч С.Д- нь 2020 оны 3 сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөх өдөр хүртэл буюу 2020 оны 4 сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны цалинд нийт 400 000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч байгууллага нь 2020 оны 9 сард 200 000 төгрөгийн цалин шилжүүлсэн гэж нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарласан байх бөгөөд үлдэх цалинг шаардах эрхтэй. /хх-ийн 69-р тал/

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч С.Д-гийн ажилласан хугацааны цалинг бүрэн олгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбарт үндэслэн, нэхэмжлэгч С.Д-гийн ажилласан хугацааны 1 сар 6 хоногийн цалинг сарын 420 000 төгрөгөөс тооцож, 337 210 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Ээлжийн амралтын олговорт 1 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно ... гэж,

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ээлжийн амралт олгох зааврын 15-д Ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ гэж тус тус заасан тул анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Д-гийн ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг дээрх хууль, журамд нийцүүлэн тооцож, 817 509 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хариуцагч татгалзалдаа болон давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэх боловч хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч С.Д-г 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлсөн болох нь ажил олгогчийн тушаалаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нь 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүх 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлий 65.1.11-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. /хх-ийн 11-р тал/.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан. Нэхэмжлэгч С.Д- нь 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дах хэсэгт зааснаар өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолох тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд хариуцагчА- цэцэрлэгээс ажилласан хугацааны цалинд 337 210 төгрөг, ээлжийн амралтын олговорт 817 509 төгрөг, нийт 1 154 719 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч С.Д-д олгож, нийгмийн даатгалын дэвтрийг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн ажилласан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчА- цэцэрлэгт даалгаж, нэхэмжлэлээс 245 281 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 79 дүгээр зүйлийн 79.1, 43 дугаар зүйлийн 43.3, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт тус тус нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02861 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 263 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Г.ДАВААДОРЖ