2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/00837

 

 

 

 

 

 

 

 

 

   2025        01         30                                          191/ШШ2025/00837

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч О.Аззаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А ХХК‑ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХЗДХС Б.Э холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.С,

Хариуцагчийн төлөөлөгч Ж.А, Б.Э,

Иргэдийн төлөөлөгч Б.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ХЗДХС Б.Э 2024.02.14-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох MP*, www.dobu.mn, www.mass.mn зэрэг цахим болон фэйсбүүк хуудсаар А ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан ор үндэслэлгүй, худал мэдээллийг олон нийтэд тарааж, БНХАУ-ын ХМ ХХК нь А *******ийг 100 хувийн хөрөнгөөр барьж босгосныг хуулийн байгууллагуудтай нийлж дээрэмдсэн мэтээр мэдээлэл цацсан.

Тодруулбал, “...А ******* гэх барилгыг БНХАУ-ын ХМ ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьсан, ...өмчийн эзэн БНХАУ-ын иргэн өөрөө гарын үсэг зураагүй байхад гарын үсэг зурсан мэтээр баталгаажуулж өмчлөлийг нь А ХХК өөрсдийн өмчлөлд хууль бусаар шилжүүлж авсан. Тухайн нотариатч энэ үйлдлээ хийгээд АНУ руу зугтаж алга болсон нь тогтоогдсон, ...нотариатын үйлдлийг шалгасан Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр тухайн гарын үсэг нь тэр хүний, өмчийн эзний гарын үсэг биш байна, энийг хуурамчаар үйлдсэн байна гэдгийг тогтоосон, ...энэ асуудал бол манай маш олон хуулийн байгууллагуудын албан тушаалтнуудын оролцоотой, цаанаа эрх бүхий хүний нөлөөтэй, зохион байгуулалттай хийгдсэн ажиллагаа. Бүртгэлийн байгууллага, Нотариатын байгууллага, Хил хамгаалах байгууллагын оролцоотой, улаан цагаан гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийг шалгахгүй байгаа нь хуулийн байгууллагынхан өөрсдөө оролцоотой байна гэсэн үг, ...арваад жилийн өмнөх ханшаар 10 гаруй сая долларын хөрөнгө оруулсан асуудлыг олон хуулийн байгууллагын алба хаагчид үгсэн хуйвалдаж, хөрөнгийг нь дээрэмдсэн, ...ХЗДХ-н с** энэ асуудлыг илрүүлээд, гэмт хэрэгтэн торны цаана орох нөхцөл байдал үүсэнгүүт хэвлэл мэдээллийн хэрэгслээр их хэмжээний мөнгө санхүүжүүлээд, Хууль зүйн с** Хятадуудад үйлчилсэн гэдэг мэдээ цацаж байна, ...Жижиг гар бол бүгдийг нь оролцуулж, ийм өндөр нөлөөтэйгөөр энийг хийж чадахгүй, энэ асуудлыг шалгуулъя гэхээр Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллага хэрэг үүсгэхгүй, хаагаад байна гэдэг бол жижиг гарын хийдэг асуудал биш, ...том нөлөө бүхий хүнийг багцаалж байгаа...” гэх мэтээр мэдээллийг шууд цацаж, манай байгууллагын ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар халдсан.

А ХХК болон ХМ ХХК нарын хооронд хамтран ажиллах гэрээ, хөрөнгө оруулалттай холбоотой маргаан гарсан бөгөөд уг асуудлыг гэрээнд заасны дагуу Хонгконгийн олон улсын арбитрт хэрэг маргаан үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Энэ үед Монгол улсын ХЗДХС Б.Э нь маргаанд хөндлөнгөөс оролцож, ингэхдээ ор үндэслэлгүй мэдээлэл цацаж, А *******ийг дээрэмдэж өөрсдийн мэдэлд шилжүүлж авсан мэтээр хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасанд гомдолтой байна. Иймд Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.6, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3-т зааснаар манай байгууллагын ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2023 оны 160 дугаар тогтоолоор ХМ ХХК-ийн хөрөнгө оруулагчийг залилсан, улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн талаарх гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг ХЗДХСад даалгасны дагуу, түүнчлэн ХМ ХХК-иас гаргасан удаа дараагийн гомдолд дурдсан асуудлаар дотоод хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг ХЗДХСын 2023.11.22-ны өдрийн А/400 дугаар тушаалаар байгуулж дотоод хяналт шалгалт хийлгэсэн.

ХМ ХХК-ийн гаргасан гомдлын гол агуулга нь Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээр бүртгэлтэй тус компани нь А ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу 2010-2012 оны хооронд 7.54 сая ам.долларын хөрөнгө оруулж, уг хөрөнгө оруулалтаар баригдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-220302**** дугаарт бүртгэлтэй, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн /14242/, Олимпын гудамж, 5 тоот хаягт байрлах, 16 давхар, 14,386.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө (70 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусаагүй гэх барилга)-ийн 60 хувийг 2013 оноос эхлэн өмчилж байсан байна. Гэвч энэхүү өмчлөх эрхийг нь 2015 онд А ХХК-ийн өмчлөлд хууль бусаар шилжүүлж өмчлөх эрхэд халдсан гэж дурдсан байсан.

Ингээд дээр дурдсан Ажлын хэсгээс ХМ ХХК-ийн гаргасан гомдолд дурдсан асуудлаар нотариат, улсын бүртгэл, түүний хяналт шалгалт, хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхэд Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Захиргааны ерөнхий хууль, холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актын хүрээнд дотоод хяналт шалгалтыг хийхэд гадаадын хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нөхцөл байдлууд илэрсэн. Гадаадын хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нөхцөл байдал нотариат, улсын бүртгэл, хил хамгаалах зэрэг байгууллагын үйл ажиллагаанд илэрсэн бөгөөд энэ талаар дотоод хяналт шалгалт хийсэн ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтэд дэлгэрэнгүй дурдсан байна.

ХЗДХСын ярилцлага, мэдээлэл нь дээрх ажлын хэсгийн санал, дүгнэлтэд тусгагдсан гадаадын хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нөхцөл байдлын талаарх мэдээлэлд үндэслэсэн, нэхэмжлэгч байгууллагын нэр хүндийг гутаасан мэдээлэл биш, нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хариуцагч тал тайлбараа тодорхой хэлсэн, мэдээлэл нь хяналт шалгалт, баримтад үндэслэсэн байна. ХЗДХС Б.Эыг мэдэгдэл хийхээс өмнө энэ асуудлын талаар олон нийтийн сүлжээнд цацагдсан, тухайн үед н.Н с** байхдаа олон нийтэд дэлгэсэн. Тийм учраас с** Б.Эыг буруугүй гэж үзэж байна. Учир нь нэгэнт олон нийтийн сүлжээнд тарсан мэдээллийг дурын иргэн жишээ татаж болох ба энэ нь бусдын нэр төрд халдсан гэмт хэрэгт тооцогдохгүй гэсэн хуулийн заалттай нийцнэ… гэжээ.

 

4.Нэхэмжлэгч тал нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, www.dobu.mn, www.mass.mn, www.ikon.mn сайтуудад нийтлэгдсэн “Хятад улсын иргэний өмч хөрөнгийг дээрэмдсэн гэх агуулга бүхий нийтлэлүүд, ХЗДХС Б.Эын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хийсэн яриа бүхий видео бичлэгийг буулгасан сиди, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2024.05.13-ны өдрийн 06/8483 дугаар албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2024.03.05-ны өдрийн 4/786 дугаар хариу мэдэгдэх хуудас, А.Бэс Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст гаргасан гомдол, мэдээлэл, Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2024.05.29-ний өдрийн 05/3472 дугаар албан бичиг, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.04.14-ний өдрийн 180 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.04.23-ны өдрийн 343 дугаар магадлал, Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын 2024.01.19-ний өдрийн ТГ/60 дугаар албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2024.08.09-ний өдрийн 254 дугаар хэрэг бүртгэлтийн бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, 2024.11.22-ны өдрийн 364 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол гэсэн баримтуудыг,

 

5.Хариуцагч тал нотлох баримтаар,

Авлигатай тэмцэх  газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2024.02.19-ний өдрийн 06/3198 дугаар албан бичиг,  ХЗДХСын 2023.11.22-ны өдрийн А/400 дугаар ажлын хэсэг байгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газарт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх ажлын удирдамж, ажлын хэсгээс ХМ ХХК-ийн гомдлын мөрөөр хийсэн хяналт шалгалтын тухай илтгэх хуудас гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

6.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,

Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр ХЗДХС Б.Эын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хийсэн яриа бүхий видео бичлэгийг буулгасан CD-д хийсэн үзлэгийн тэмдэглэл, Авлигатай тэмцэх газрын 2024.05.27-ны өдрийн 03/9314 дугаар, 2024.05.22-ны өдрийн 03/9073 дугаар албан бичиг, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024.05.15-ны өдрийн 3/2552 дугаар албан бичиг, Шүүх, шинжилгээний ерөнхий газрын 2024.06.27-ны өдрийн 2156 дугаар, 2023.06.23-ны өдрийн 2382, 2023.10.17-ны өдрийн 3326 дугаар шинжээчийн дүгнэлт гэсэн баримтуудыг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч ХЗДХС Б.Э холбогдуулж ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчийн гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...ХЗДХС Б.Э нь манай А ХХК-ийг ХМ ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьсан А ******* барилгыг хууль бусаар шилжүүлэн авсан, энэ нь эрх бүхий хүний нөлөөтэй, зохион байгуулалттай, хуулийн байгууллагынхантай үгсэн хуйвалдсан, ...Бүртгэлийн байгууллага, Нотариатын байгууллага, Хил хамгаалах байгууллагын оролцоотойгоор хөрөнгийг нь дээрэмдсэн... гэх мэтээр худал мэдээг олон нийтэд цацсан нь манай байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэж байгаа учраас ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэхээр шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг “...Засгийн газрын 2023 оны 160 дугаар тогтоолоор ХМ ХХК-иас гаргасан хөрөнгө оруулагчийг залилсан, улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн талаарх гомдлыг шийдвэрлэхийг ХЗДХСад даалгасны дагуу, мөн ХМ ХХК-ийн гаргасан гомдлын дагуу с**аас ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгээс Нотариат, Улсын бүртгэл, Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхэд хяналт, шалгалт хийхэд гадаадын хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдсон, ХЗДХСын хийсэн ярилцлага, мэдээлэл нь ажлын хэсгийн санал, дүгнэлтэд үндэслэсэн тул, нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй...” гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

3.ХЗДХСын 2023.11.22-ны өдрийн А/400 дугаар тушаал, түүний хавсралтаар ХМ ХХК-иас гаргасан  2023.11.09-ний өдрийн гомдолд дурдсан асуудлын хүрээнд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх ажлын удирдамжийг баталсан байх ба энэ нь Монгол улсын Засгийн газрын 2023 оны 160 дугаар тогтоолын дагуу явагдсан талаар зохигчийн хэн аль нь маргаангүй.

 

Ажлын хэсэг нь с**ын 2023.11.22-ны өдрийн А/400 дугаар тушаал, удирдамжийн дагуу 2023.11.22-ны өдрөөс 2023.12.12-ны өдрийг хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газарт хяналт шалгалт явуулж, шаардлагатай бүх баримт бичгийг судалж, холбогдох албан хаагчдаас тайлбар авах зэргээр ХМ ХХК-иас гаргасан өргөдлийн дагуу хийгдсэн ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгч 2023 оны 12 сард илтгэх хуудас бичиж, с**ад танилцуулжээ.

 

4.Уг илтгэх хуудасны дүгнэлт хэсгийн:

Нэгд: “...ХМ ХХК болон А ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-220302**** дугаартай, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн /14242/, Олимпын гудамж 5 тоот хаягт байрлах, 70%-ийн гүйцэтгэлтэй, 14,386.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015.08.21-ний өдрийн 197 дугаартай нотариатчийн гэрчилсэн хамтран өмчлөгч хасуулах хэлцлээр А ХХК-ийн өмчлөлд бүрэн шилжүүлж бүртгэсэн улсын бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009/-ийн 11.5 дахь хэсэг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 64.2, 109.2, Компанийн тухай хуулийн 87.1, 88.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн...”, “...улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагаа хууль тогтоомжид заасны дагуу явагдаагүй гэж үзэв...” гэж,

Хоёрт: “...Эрхийн улсын бүртгэлийн Ү-220302**** дугаарт бүртгэлтэй, А ******* барилгын улсын бүртгэлийн хувийн хэргийн хуулбар дундаас /41-61/ 2015.08.21-ний өдөр хийгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн өөрчилсөн буюу өмчлөлд шилжүүлсэн улсын бүртгэлтэй холбогдох нотариатын үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 21.1.1, 21.2.1, 32, 46.4, 46.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлага болон Бүгд Найрамдах Монгол улс, БНХАУ-ын хооронд Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний шаардлагыг тус тус зөрчсөн...”

Гуравт: “...Монгол улсын хилээр нэвтрэхэд хориг тавьсан гэх мэдээллийн дагуу холбогдох цахим санг үзэхэд Хил хамгаалах ерөнхий газрын улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн санд БНХАУ-ын иргэн HF, ZD нарыг “саатуулах мэдээлэлд бүртгэгдсэн” гэж тэмдэглэн, хил нэвтрэх үед нь Хил хамгаалах ерөнхий газрын Шалган нэвтрүүлэх хэлтэст мэдэгдэх төлөвөөр 2023.06.12-ны өдөр тэмдэглэл хийж бүртгэсэн нь Монгол улсын хилийн тухай хуулийн 17.7-д заасныг зөрчсөн байна...” гэж тус тус дүгнэжээ.

 

Улмаар ...Улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дд даалгаж, хугацаатай албан даалгавар хүргүүлэх,

... Хил хамгаалах ерөнхий газрын холбогдох албан хаагч, түүнд хяналт тавих үүрэгтэй албан тушаалтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх талаар зохих арга хэмжээ авах, зөрчлийг арилгах ...зэргээр дотоод хяналтыг сайжруулахыг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Х.Лд хугацаатай албан даалгавар хүргүүлэх,

...Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагын шалгасан болон шалгагдаж байгаа хэрэгт дүгнэлт гаргаж, эцэслэн шийдвэрлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах талаар Улсын ерөнхий прокурорт хандах,

... Нийт нотариатчид нотариатын үйлдэл хийхдээ Нотариатын тухай хууль болон нотариатын үйлдэл хийх зааврыг чанд баримтлан ажиллах талаар Нотариатчдын танхимын ерөнхийлөгч Ч.Баянжаргалд албан даалгавар хүргүүлж, үүрэг чиглэл өгөх гэх мэтээр холбогдох арга хэмжээ авахыг тус тус санал болгосон байна.

 

Өөрөөр хэлбэл, Ажлын хэсэг нь гүйцэтгэсэн ажил үүргийн явц, үр дүнг с**ад танилцуулах зорилгоор илтгэх хуудас үйлдсэн байх ба, энэхүү илтгэх хуудсыг тухайн үедээ с** танилцсан, илтгэх хуудас нь мэдээлэл агуулсан албаны бичиг баримтын төрөлд хамаарч байна.

5.Дээрх илтгэх хуудасны хүрээнд хариуцагч ХЗДХС Б.Э нь 2024.02.14-ний өдөр мэдээлэл хийснийг нэхэмжлэгч нь 2024.02.23-ны өдөр CD /си-ди/-нд буулгаж авсан байх ба, түүний гарган өгсөн 1 ширхэг CD /си-ди/-нд шүүхээс үзлэг хийж баримтжуулсан 2024.05.27-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл,

-MP* гэсэн лого бүхий цахим хуудсанд ХЗДХС Б.Э ярилцлага өгч байгаа нь харагдах ба тэрээр, “... 14,000 метр квадрат А ******* гэх БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай барьсан оффисын барилгыг өөрсдийн өмчлөлд хууль бусаар шилжүүлж авсан гэх гомдол ирсэн. Засгийн газар энэ асуудлын талаар хоёр удаа тогтоол гаргаж, энэ компанийн асуудлыг ХЗДХСад хариуцуулж шийдвэрлэх үүрэг, чиглэл өгөгдсөн байдаг. /Засгийн газрын 2023.05.03-ны өдрийн 160 дугаартай тогтоолыг дэлгэцэнд харуулсан/. Нэг нь Н с**ыг байхад нэг нь намайг с**аар томилогдсоны дараа. Ингээд миний бие ХЗДХСын хувьд ажлын хэсэг гаргаж, энэ асуудлыг шалгаж авч үзсэн. Шалгаж авч үзээд энэ асуудлаар шалгалтын ажлын хэсэг илтгэх хуудас, дүгнэлтээ гаргаж, надад танилцуулсан. Энэ шалгалтын дүнгээр олон ноцтой асуудлууд тогтоогдсон.

Нэгдүгээрт энэ үйлдлийг тухайн Хятад ард улсын иргэний хөрөнгийг шилжүүлсэн үйлдлийг гэрчилсэн нотариат тухайн өмчийн эзэн Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн гарын үсэг зураагүй байхад гарын үсгийг нь хуурамчаар зурж баталгаажуулж, өмчлөлийг шилжүүлсэн асуудал тогтоогдсон. ...Тухайн хуурамч гарын үсгийг нотариатч гэрчилсэн үйлдлийг улсын бүртгэлийн байгууллага тэр хөрөнгийг шилжүүлэхдээ Бүртгэлийн тухай хуульд заасан 11 шаардлага хангах асуудлыг 8 нь хангагдаагүй байхад бүртгэл хийж тэр хөрөнгийг шилжүүлсэн. ...Энэ асуудлаар манай Монгол улсын хил хамгаалах байгууллагын албан тушаалтан тухайн өмчийн эзэн Бүгд найрамдах Хятад ард улсын иргэнийг саатуулах этгээдийн жагсаалт, ямар ч байгууллагын шийдвэр гараагүй байхад бүртгэлд оруулсан байсан асуудал мөн тогтоогдсон. Өөрөөр хэлбэл олон этгээдүүд оролцсон....

Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагад тухайн компани гомдол гаргасан асуудлаар нийтдээ 8 удаагийн эрүүгийн хэрэг үүсгэгдэж, 4 удаагийн эрүүгийн хэргийг хэрэг үүсгэхээс татгалзаж, хааж шийдвэрлэсэн нөхцөл байдал мөн тогтоогдсон. За тийм учраас энэ асуудал болон манай маш олон хуулийн байгууллагуудын албан тушаалтнуудын оролцоотой, цаанаа эрх бүхий хүний нөлөөтэйгөөр, зохион байгуулалттайгаар хийгдсэн ажиллагаа байна гэж үзсэн. Тийм учраас энэ асуудлаар албан даалгавар гаргаж улсын бүртгэлийн байгууллага, хил хамгаалах байгууллага, нотариатын байгууллагын албан хаагчдад хариуцлага тооцсон /Монгол улсын ХЗДХСын 2024.01.16-ны өдрийн 1/1 дугаар сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай албан даалгаврыг дэлгэцэнд харуулсан/

...Энэ бол хуулийн байгууллагынхан өөрсдөө оролцоотой байна гэсэн үг. Тийм учраас энэ асуудлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд анхааралдаа авч, сая с**ын шалгалтаар илэрсэн асуудлуудыг бүгдийг нь шилжүүлсэн. Тэгэхээр энэ асуудлыг би яагаад ярьж байна вэ гэхээр энэ бол 10-аад жилийн өмнөх ханшаар бараг 10 гаруй сая долларын хэмжээний хөрөнгө оруулалттай асуудлыг олон хуулийн байгууллагын албан хаагчид үгсэн хуйвалдаж, хөрөнгийг нь дээрэмдсэн байх боломжтой ийм асуудал тогтоогдсон.... гэх байдлаар яриа цааш үргэлжлэх ба,

Бичлэгийн 05 минут 03 секундэд сэтгүүлчээс /эмэгтэй/ энэ хэргийн ард томоохон улс төрчид байж хуулийн байгууллага, хил хамгаалах газруудыг татан оролцуулж гэж асуухад с**аас “…жижиг гар бол бүгдийг нь оролцуулж, ийм өндөр нөлөөтэйгөөр энийг хийж чадахгүй. Нотариат, хил, хуулийнхан, улсын бүртгэл бүгдээрээ ингэж оролцоотой. Тэгээд энийг шалгуулая гэхээр хэрэг үүсгэхгүй, энийг хаагаад байна гэдэг бол энэ бол жижиг гарын хийдэг асуудал биш. Тийм учраас энэ дээр миний хувьд хатуу хариуцлага тооцож, эзнийг нь олж тогтооно” гэж сэтгүүлчийн асуусан асуултад хариулт өгөх байдлаар цааш үргэлжилнэ. ...

 

Энэхүү мэдээлэл нь Б.Э: Монголын хуулийн байгууллагынхан хятад иргэний өмчийн “Ayud tower”-ийг хуйвалдаж, дээрэмдсэн гэсэн гарчигтайгаар https://www.dobu.mn сайтад,

Б.Э: “Манай хуулийнхан, улсын бүртгэлийнхэнтэй хамтарч хятад иргэний өмчийг дээрэмдсэн” гэсэн гарчигтайгаар https://www.mass.mn сайтад,

Б.Э: “Хятад улсын иргэний өмч хөрөнгийг манай улсын хууль хүчнийхэн үгсэн хуйвалдаж, дээрэмдсэн нь тогтоогдсон” гэсэн гарчигтайгаар https://www.ikon.mn сайтад тус тус нийтлэгдсэн байна.

 

6.Зохигчийн хэн аль нь эрхийн улсын бүртгэлийн Ү-220302**** дугаартай, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ... байрлах, А ******* барилгатай холбоотой, маргаантай асуудлын талаар эрүүгийн журмаар холбогдох байгууллагад, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхэд зохих журмын дагуу тус тус хандсан байх ба, зарим маргаан эцэслэн шийдвэрлэгдэж, зарим маргаан эрүүгийн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болох нь тогтоогдсон.

 

6.1.Авлигатай тэмцэх газрын 2024.05.22-ны өдрийн 03/9073 дугаар албан бичгээр А ХХК-ийн төлөөлөгч Б.Гын 2022.08.18-ны өдөр гаргасан “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан нь ХМ ХХК-ийн хувьцааг хууль бусаар БНХАУ-ын иргэн Ж.Дд шилжүүлж, түүнд давуу байдал бий болгосон...” гэх гомдол мэдээллийг шалгаж, 2022.09.12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хэрэг бүртгэлтийн 220200510 дугаартай хэрэг,

ХЗДХСын 2024.01.31-ний өдрийн 1/447 дугаар албан бичгээр ирүүлсэн “...ХМ ХХК-ийн Сүхбаатар дүүргийн *** тоотод бүртгэлтэй, м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус компанид мэдэгдэлгүйгээр өмчлөх эрхийг 2015 онд А ХХК-ийн өмчлөлд хууль бусаар шилжүүлсэн гэх гомдлын мөрөөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагаа болон шилжүүлэх хэлцлийг гэрчилсэн Нотариатын баримт бичгийг шалгахад тухайн аж ахуй нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг шалгуулах...” агуулга бүхий мэдээллийг шалгаж, 2024.03.17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хэрэг бүртгэлтийн 240200177 дугаартай хэргийг тус тус нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

 

Нийслэлийн Прокурорын газрын 2024.08.09-ний өдрийн 254 дүгээр “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” Прокурорын тогтоолоор “...2015.08.21-ний өдөр ХМ ХХК-ийг төлөөлж ZD, А ХХК-ийг төлөөлж А.Б нарт холбогдох баримтыг нотариатаар батлуулж, баримтад үндэслэн 2015.08.24-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт ХМ ХХК-ийн 60%-ийн эрхийг А ХХК-нд шилжүүлэн бүртгүүлснээр талуудын хүсэл зориг хууль ёсны үндэслэлтэй болох нь тогтоогдож, үр дагавар буюу ХМ ХХК, А ХХК-ийн хүсэлтийн дагуу хийгдсэн холбогдох бүртгэлийн ажиллагаа, түүнийг хийж гүйцэтгэсэн албан тушаалтнуудын үйлдэл нь албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэж үзэхээргүй байна...” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хийж, хэрэг бүртгэлтийн 240200177 дугаартай хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байна.

 

Улмаар уг прокурорын тогтоолд ...СЭС компаниас зээл авах зорилгоор 2015.08.24-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт ХК ХХК-ийн 60%-ийн эрхийг А ХХК-нд шилжүүлсэнтэй холбоотой А ХХК нь ХК ХХК-ийг залилсан байж болзошгүй гэх нөхцөл байдлыг тодруулахаар хэрэг бүртгэлтийн 230901632 дугаартай хэрэг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 онд хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргасан ХМ ХХК-ийн хүсэлт, холбогдох баримт материалыг хууль бусаар хүлээн авч, компанийн мэдээлэлд зориуд өөрчлөлт оруулан БНХАУ-ын иргэн Ж.Дд давуу байдал бий болгосон байж болзошгүй” гэх хэрэг бүртгэлтийн 220200510 дугаартай хэрэг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст тус тус хянагдаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болохыг дурджээ.

 

6.2.Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2024.05.13-ны өдрийн 06/8486 дугаар албан бичиг, тус шүүхийн 2024.05.16-ны өдрийн 171 дүгээр шүүхийн тогтоолын дагуу ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын 2024.05.27-ны өдрийн 03/9314 дүгээр албан бичиг, нэхэмжлэгч талаас гарган өгсөн Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст 2024.01.30-ны өдөр гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл зэрэг баримтаар,

 “...А ХХК-ийн захирал А.Бэс ХЗДХС Б.Э холбогдуулан гаргасан 2024.02.01-ний өдрийн “...ХК ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Ж.Д гэгчид эрх мэдэл олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, түүнд илт давуу байдал олгосон, надад ямар ч мэдээлэл өгөлгүй, нууцаар 2024.01.16-ны өдрийн 1/1 дугаартай албан даалгавар гаргаж харьяа байгууллагадаа хууль бус үйлдэл хийхийг даалгаж, нууцаар өмчид халдахаар оролдсон байж болзошгүй...” гэсэн агуулга бүхий гомдлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулан 2024.02.20-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн талаар,

 

Нийслэлийн Прокурорын газрын 2024.03.05-ны өдрийн 4/786 дугаар хариу мэдэгдэх хуудсаар Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс бүртгэлийн АТГ-182 дугаартай гэмт хэргийн шинжтэй гомдолд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж, улмаар 2024.02.23-ны өдөр “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” санал гаргаж прокурорын хяналтад ирүүлснийг тус прокурорын газраас хянаад 2024.03.01-ний өдрийн 106 дугаартай тогтоолоор “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж” шийдвэрлэсэн талаар хариуг тус тус нэхэмжлэгчийн өмгөөлөгчид өгсөн байна.

 

6.3.Монгол улсын Дээд шүүхийн тамгын газрын 2024.05.29-ний өдрийн 05/3472 дугаар албан бичиг, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.04.14-ний өдрийн 001/ХТ2020/00180 дугаар тогтоол, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбар зэргээс үзвэл,

Улсын дээд шүүх нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2019.01.24-ний өдрийн 181/ШШ2019/00280 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.04.12-ны өдрийн 650 дугаар магадлалтай, ХМ ХХК-ийн нэхэмжлэлтэй А ХХК-нд холбогдох 2015.08.20-ны өдрийн хамтарсан хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан, тус барилгын 60%-иас гуравдагч этгээдэд шилжсэнээс үлдэх талбай болох нийт 6415,3 м.кв талбай, 15 автомашины дулаан зогсоолыг А ХХК-ийн өмчлөлөөс ХМ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэж,

“...анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлоогүй, улмаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй... нэхэмжлэгч нь сүүлийн буюу 2015 онд байгуулсан өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулснаар өмнө 2009, 2011 онд байгуулсан 09/08, 09/08/01 тоот гэрээний үр дагавар болох өөрийн 60%-ийн өмчлөлд хамаарах, түүнд ногдох хөрөнгөө шаардсан байтал шүүх дан ганц сүүлийн гэрээг дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон... нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болсон, 2015.08.20-ны өдрийн хэлцэл нь зохигчийн хооронд 2009, 2011 онд байгуулсан хэлцлийн үргэлжлэл тул өмнөх гэрээний харилцааг дүгнэхгүйгээр сүүлийн хэлцлийн үр дагаврыг тооцох боломжгүй...” гэх агуулга бүхий дүгнэлтийг хийж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

 

Энэхүү хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, Улсын дээд шүүхээр дахин хянагдаагүй, харин Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн, тус шүүхээс  2023 оны 01 сард Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон, энэ талаар бичгийн баримтгүй боловч нэхэмжлэгч тал маргаангүй.

 

6.4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.04.23-ны өдрийн 221/ШТ2024/0343 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай тогтоол, зохигчийн тайлбараар,

Нэхэмжлэгч А ХХК нь ХЗДХСад холбогдуулан С**ын 2024.01.16-ны өдрийн 1/1 дүгээр албан даалгаврын 1.1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх 2024.03.20-ны өдрийн 2560 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан байх ба, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “...ХЗДХСын 2024.01.16-ны өдрийн “сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 1/1 дүгээр албан даалгаврын 1 дэх заалтаар А ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулах хугацаатай үүргийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дд хүлээлгэснээс үзвэл хэрэгжсэн эсэхээс үл хамаарч энэхүү албан даалгавар нь нэхэмжлэл гаргагчийн хувьд үр дагавар үүсгэсэн, заавал биелэгдэх, захиргааны актын шинжийг агуулж байгаагаас гадна тус компаниас зөрчигдөх болзошгүй эрхээ хамгаалуулахаар маргаж буй тохиолдолд захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж үзэхгүй...” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 2024.04.04-ний өдрийн 3044 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба, энэхүү маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар зохигчид маргаангүй.

 

6.5.А ХХК-ийн захирал А.Б нь Монгол улсын ерөнхийлөгчид хандаж “...А ХХК, ХМ ХХК нарын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой маргааныг шүүх болон хууль хяналтын байгууллага хянаж зохих шийдвэрээ гаргасан нь хуулийн хүчин төгөлдөр байгаа... хуульд байхгүй давуу байдал бий болгосон Хууль зүйн яам, түүний с**ын хууль бус үйлдлийг зогсоож, шалгах өгөхийг хүсье, хоёр компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу Хонконгийн арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг үүсгэсэн тул гомдлыг хүлээн авч, хоёр компани маргаанаа шүүхийн журмаар хараат бусаар шийдвэрлүүлэх боломжийг олгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасныг Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын 2024.01.19-ний өдрийн ТГ/60 тоот албан бичгээр ХЗДХС Б.Э шилжүүлж, гомдлын агуулга үндэслэлтэй эсэх, уг асуудалтай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаж үзэж, хариу өгөхийг мэдэгдсэн.

 

6.6.Тус шүүхийн 2024.10.10-ны өдрийн 17207 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газраас ирүүлсэн 2024.06.27-ны өдрийн 2156 дугаартай шинжээчийн дүгнэлтээс үзвэл,

ХМ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Доос гаргасан Сүхбаатар дүүргийн *** тоот хаягт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2015.08.21-ний өдөр хуурамч бичиг баримт бүрдүүлж компанийн хөрөнгийг залилсан гэх гомдлыг гаргаж, уг гомдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын дэслэгч Ч.Оргилын гаргасан 2024.06.24-ний өдрийн нэмэлт шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг үндэслэн 2024.06.27-ны өдрийн 2156 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байх ба,

дүгнэлт хэсэгт “...Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт Ү-220302**** дугаартай хувийн хэрэгт хадгалагдаж байх “44” гэж дугаарласан хуудсанд байх 2015.08.01-ний огноотой “үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл” гэсэн баримтын “Өөрийн хүсэлтээр хасагдагч” гэсэн хэсэгт ХМ ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал ZD” гэсний ард зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн 2015.08.13-ны өдрийн огноотой гэрээ, 2015.03.25-ны өдрийн огноотой № 15 дугаартай “итгэмжлэл олгох тухай” ...гэх мэт баримтууд дээрх Ж.Д /ZD/-ы гарын үсгийн чөлөөт загваруудтай тохирч байна...” гэжээ.

 

Энэхүү эрүүгийн хэрэгт дурдсан шинжээчийн дүгнэлтээс өмнө дахин хоёр дүгнэлт гарсан байх ба, тус шүүхийн 2024.10.24-ний өдрийн 328 дугаар шүүхийн тогтоолын дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газраас ирүүлсэн 2023.10.17-ны өдрийн 3326 дугаар, 2023.06.28-ны өдрийн 2382 дугаар шинжээчийн дүгнэлтүүдээс үзвэл, “...Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт Ү-220302**** дугаартай хувийн хэрэгт хадгалагдаж байх “44” гэж дугаарласан хуудсанд байх 2015.08.01-ний огноотой “үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл” гэсэн баримтын “Өөрийн хүсэлтээр хасагдагч” гэсэн хэсэгт ХМ ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал ZD” гэсний ард зурагдсан гарын үсэг нь чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай бүтцийг илэрхийлэх ерөнхий шинж тэмдгүүдээрээ өөр байх тул хооронд нь харьцуулан шинжлэх боломжгүй байна...” гэж дүгнэжээ.  

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ХЗДХС Б.Э ажлын хэсгийн 2023 оны 12 сарын илтгэх хуудсыг үндэслэн 2024.02.14-ний өдөр нийтэд мэдээлэл хийх үед ХМ ХХК-ийн захирал Ж.Д /ZD/-ы гарын үсэгтэй холбоотой Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.10.17-ны өдрийн 3326 дугаар, 2023.06.28-ны өдрийн 2382 дугаар шинжээчийн дүгнэлтүүдээр Ж.Д /ZD/-ы гарын үсгийг харьцуулан шинжлэх боломжгүй гэсэн, харин 2024.06.27-ны өдрийн 2156 дугаартай шинжээчийн дүгнэлт гараагүй байсан байна.

7.Èðãýíèé õóóëèéí 27 дугаар зүйлийн 27.6-д “хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна” гэж,

21 ä¿ãýýð ç¿éëèéí 21.2.-ò “Èðãýíèé íýð, íýð òºð, àëäàð õ¿íä, àæèë õýðãèéí íýð õ¿íäèéã ãóòààñàí ìýäýý òàðààñàí ýòãýýä ò¿¿íèéõýý ¿íýí çºâèéã íîòîëæ ÷àäàõã¿é áîë ýðõ íü çºð÷èãäñºí ýòãýýäèéí øààðäëàãààð óã ìýäýýã òàðààñàí õýëáýð, õýðýãñýë, ýñõ¿ë ººð õýëáýð, õýðýãñëýýð íÿöààõ ¿¿ðýã õ¿ëýýíý”, 21.3.-т “бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ” ãýж òóñ òóñ çààжээ.

 

Хуулийн дээрх заалтад зохицуулагдсан “Гутаасан мэдээ” гэдэгт бодит байдалд нийцээгүй, иргэн, хуулийн этгээдийг хууль буюу ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн буюу буруу шударга бус үйлдэл хийсэн гэх агуулгатай мэдээг тарааснаар иргэний нэр төр, алдар хүнд, иргэн, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг нь доройтуулсан байхыг ойлгоно.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан, уг мэдээнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээхээр байх ба, түүний тараасан гутаасан мэдээний улмаас нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндэд нөлөөлж, үнэлэмж нь буурсан тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар шаардах эрхтэй байна.

 

 

8.Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй “...А ******* гэх барилгыг БНХАУ-ын ХМ ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьсан, ...өмчийн эзэн БНХАУ-ын иргэн өөрөө гарын үсэг зураагүй байхад гарын үсэг зурсан мэтээр баталгаажуулж өмчлөлийг нь А ХХК өөрсдийн өмчлөлд хууль бусаар шилжүүлж авсан. Тухайн нотариатч энэ үйлдлээ хийгээд АНУ руу зугтаж алга болсон нь тогтоогдсон, ...нотариатын үйлдлийг шалгасан Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр тухайн гарын үсэг нь тэр хүний, өмчийн эзний гарын үсэг биш байна, энийг хуурамчаар үйлдсэн байна гэдгийг тогтоосон, ...энэ асуудал бол манай маш олон хуулийн байгууллагуудын албан тушаалтнуудын оролцоотой, цаанаа эрх бүхий хүний нөлөөтэй, зохион байгуулалттай хийгдсэн ажиллагаа. Бүртгэлийн байгууллага, Нотариатын байгууллага, Хил хамгаалах байгууллагын оролцоотой, улаан цагаан гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийг шалгахгүй байгаа нь хуулийн байгууллагынхан өөрсдөө оролцоотой байна гэсэн үг, ...арваад жилийн өмнөх ханшаар 10 гаруй сая долларын хөрөнгө оруулсан асуудлыг олон хуулийн байгууллагын алба хаагчид үгсэн хуйвалдаж, хөрөнгийг нь дээрэмдсэн, ...ХЗДХ-н с** энэ асуудлыг илрүүлээд, гэмт хэрэгтэн торны цаана орох нөхцөл байдал үүсэнгүүт хэвлэл мэдээллийн хэрэгслээр их хэмжээний мөнгө санхүүжүүлээд, Хууль зүйн с** Хятадуудад үйлчилсэн гэдэг мэдээ цацаж байна, ...Жижиг гар бол бүгдийг нь оролцуулж, ийм өндөр нөлөөтэйгөөр энийг хийж чадахгүй, энэ асуудлыг шалгуулъя гэхээр Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллага хэрэг үүсгэхгүй, хаагаад байна гэдэг бол жижиг гарын хийдэг асуудал биш, ...том нөлөө бүхий хүнийг багцаалж байгаа...” гэх тайлбар нь хариуцагч ХЗДХС Б.Эын 2024.02.14-ний өдөр хийсэн дээр дурдсан мэдээллийн агуулгаас зөрүүтэй гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, ХЗДХС Б.Эын хийсэн мэдээлэл болон хэвлэл мэдээллийн байгууллагын нийтэлсэн гарчиг агуулгаас дүгнэхэд мэдээлэл нь нэхэмжлэгч байгууллагатай шууд хамааралтай биш, А ХХК-ийн нэр дурдагдаагүй, А ХХК, ХК ХХК-ийн хоорондын хэрэг маргааны талаарх мэдээллийг агуулаагүй байх бөгөөд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т тодорхойлсон “гутаасан мэдээ”-ний шинжид нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч ХЗДХС Б.Эын хэлсэн, нэхэмжлэгч талын үндэслэл болгосон мэдээлэл нь тус компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит байдалд нийцээгүй гэх, түүний хэлсэн мэдээллийн улмаас нэхэмжлэгч А ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, үнэлэмжийг нь доройтуулсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй.

 

9.Харин хариуцагч ХЗДХС Б.Эын хэлсэн 2024.02.14-ний өдрийн мэдээлэл нь Засгийн газрын 2023 оны 160 дугаар тогтоол, с**ын 2023.11.22-ны өдрийн А/400 дүгээр тушаал, удирдамж, 2023 оны 12 сарын илтгэх хуудас, ХМ ХХК-ийн ирүүлсэн гомдол зэрэг баримтанд үндэслэсэн байх ба, энэхүү мэдээлэл нь хяналт, шалгалтын ажлын үр дүнгийн талаар болон “А *******” барилга, тус барилгын өмчлөл шилжсэн Улсын бүртгэл, Нотариат, Хил хамгаалах байгууллагын хууль бус үйл ажиллагаа, үүнд олон хүн оролцоотой байгаа талаар танилцуулж, сэтгүүлчээс тавьсан асуултад хариулт өгсөн агуулгатай байна.

 

Тиймээс иргэдийн төлөөлөгчийн гаргасан “....Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, ...хариуцагч тал тайлбараа тодорхой хэлсэн, мэдээлэл нь хяналт шалгалт, баримтад үндэслэсэн байна..., тийм учраас с** Б.Э буруугүй...” гэх агуулга бүхий дүгнэлтийг шүүх үндэслэл бүхий байна гэж дүгнэлээ.

 

Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 21.3.-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ХЗДХС Б.Э холбогдох ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

10.Нэхэмжлэгч А ХХК-ийн 2024.03.13-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140,400 төгрөг /70,200+70,200/-ийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасантай нийцнэ. 

 

11.Нийслэлийн Прокурорын газрын 2024.11.22-ны өдрийн 364 дүгээр “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” Прокурорын тогтоол нь хэрэгт хамааралгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.3.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т зааснаар хариуцагч ХЗДХС Б.Э холбогдох ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ЭНХТУЯА

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        И.АМАРТӨГС

 

   ШҮҮГЧ                                                             О.АЗЗАЯА