| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0024/Э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2018-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 30
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Энхбаатар
Нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Лхагвын *******т холбогдох 1831000000015 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Булган аймгийн Булан суманд 1974 оны 01 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, илчит тэрэгний машинист мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн ******* сум, 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, 5 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* төмөр зам, хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дархан татах хэсгийн харъяа ******* дипод машинч ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт Лхагвын *******, /РД: *******/,
Шүүгдэгч Л.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны орой 18 цагийн үед Сэлэнгэ аймаг, ******* сум, 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, 5 дугаар байрны ******* тоотод орших өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хамт байсан иргэн З.*******тэй маргаж, улмаар түүнийг биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Л.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 18-нд яллагдагчаар өгсөн: ...Би 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ямар нэг ажилгүй өөрийн гэртээ амарч байсан юм. Тэр өдрийн 12 цаг өнгөрч байх үед манай ажлын найз ******* гэх залуу “найз нь ачтай болчихлоо, баяраа чамтай хуваалцахаар ирлээ” гээд манай гэрт нэг шил “Хараа” нэртэй архитай орж ирсэн. Тэгээд бид 2 тухайн архиа хувааж ууж дуусгаад 14 цаг өнгөрч байх үед би *******ад мөнгө өгч гаргаад дахин нэг шил 0,75 граммын архи авчруулсан. ******* гаднаас архи авч орж ирэхдээ манай ажлын ******* гэх залууг дагуулаад орж ирсэн юм. Тэр архийг бид 3 хувааж ууж байснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсон талаар ямар нэгэн зүйл огт санахгүй байна. Нэг мэдсэн цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд ирсэн байсан. Юу болсон талаар санахгүй байна. Ямартай ч миний өмссөн саарал өнгийн майк сугаараа урагдаж цус болсон, өмдний ар хэсэг урагдсан байсан. Мөн миний зүүн талын суганы доод хэсгээр бага зэрэг өвчин зовиуртай болсон байсан. Одоо бол биед зовиур байхгүй. Би өөрийн буруугаа ойлгож гэмшиж байна. Хуулийн дагуу хөнгөн арга хэмжээ авч өгөхийг хүсье. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 43-р ху/,
2.Шүүгдэгч Л.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... Би 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр найз *******тэй хамт архи ууж байгаад хоорондоо марган улмаар *******ийг зодож хөнгөн гэмтэл учруулсан. гэх мэдүүлэг,
3.Хохирогч З.*******ий мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: ...Би 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өдөр ямар нэг ажилгүй өөрийн гэртээ амарч байсан юм. 15 цагийн үед ажил орчихоод гэртээ харих гэж төмөр замын ягаан 5 давхрын гадаа явж байтал манай ажлын ******* гэх залуутай тааралдсан. ******* “найз нь өвөө болсон, *******ын хамтаар тэмдэглэж байна” гэхээр нь бид 2 тэдний гэр лүү хамт орсон. Тэдний гэрт ******* ганцаараа тодорхой хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэмээр байдалтай байсан. Тэгээд тус архиа тойруулаад ууж эхэлсэн. Тус архиа дуусаад ******* дахин нэг шил архинд явж мөн нэг шил 0,75 граммын архи авчирсан. Тэр архийг ууж байхад *******ын эхнэр нь ирээд түүнийг авч явсан. ******* яваад удаагүй байхад манай ажлын гэх залуу *******ын гэрт ирсэн. Тэгээд бид нар үлдэгдэл архиа тойруулаад ууж дуусгасан. Архи дуусаад дахин нэг шил арх авахаар дэлгүүр явсан. Тухайн үед ******* бид 2 галт тэрэгний гэмтлийн талаар ярьж байгаад нэгнийхээ үгийг даалгүй хэрүүл маргаан хийтэл ******* босч ирээд ууж дуусгасан байсан 0,75 литрийн “Хараа” архины шилээр дух хэсэг рүү нэг удаа цохих үед миний духнаас болон хамарнаас цус гарсан. Би гараараа нүүрээ дарж байх үед ******* намайг шалан дээр унагаад дээр сандайлаад суусан байх үед гаднаас орж ирээд бид 2-г салгаад намайг дагуулаад гарахаар татсан. Миний хувьд тухайн үед нилээн хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний дээр *******т архины шилээр дух руугаа цохиулсны улмаас ухаан санаа балартаад тэдний гэрээс гарч чадаагүй юм. Тэр үед цагдаагийн газар луу утасдаад дуудлага өгч байгаа сонсогдсон. Удаа ч үгүй дахин ******* намайг зодохоор барьцалдаад ноцолдож байгаад намайг уначихсан байхад нэг цагаан өнгийн модон сандлаар миний нуруу руу болон толгойн ар хэсэг рүү тус бүр нэг удаа цохих үед сандал нь эвдрэх шиг болсон. Тэр үед цагдаагийн газраас нэг залуу ирчихсэн *******ыг бариад надаас холдуулж түүнийг цагдаагийн газар луу эрүүлжүүлэхээр авч явсан. Бид 2-н дунд ямар нэгэн өс хонзонгийн зүйл байхгүй. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 14-р ху/,
4.Гэрч Л.ын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: ...Би 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 08 цагаас ажилтай байсан бөгөөд тус өдөр манай нөхөр ямар нэг ажилгүй гэртээ амарч байсан. Би өглөө 11 цагийн үед нөхөр лүүгээ залгаж ярихад манай нөхөр “орондоо унтаж байна” гэсэн. Түүний дараа 15 цагийн үед ярихад манай нөхөр “жаахан архи уучихсан байна, хөгшин нь одоо орондоо ороод унтлаа” гэсэн. Тэгээд би нөхрийгөө унтсан юм байх гэж бодоод ажлаа хийж байгаад орой 19 цагийн үед манай ажлын хүн манай нөхрийг хүнтэй зодолдсон талаар хэлэхээр нь ажлаасаа гараад гэртээ шууд иртэл манай гэрт цагдаагийн газраас хүмүүс ирчихсэн, манай нөхрийг саатуулахаар аваад явсан байсан. Гэрийн гал тогооны өрөөнд зодоон болсон гэмээр шал цус болчихсон, ширээ сандал эвдэрсэн байдалтай байсан. Тухайн үед яг юу болсон талаар надад харсан үзсэн зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р ху/,
5.Гэрч Б.ын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн гэртээ ямар нэг ажилгүй амарч байсан. Тэгсэн өдрийн 16 цагийн үед манай хамт ажилладаг найз ******* над руу утасдаад “*******ын гэрт байна, ороод ирээч” гэж хэлэхээр нь гэрээсээ гараад *******ын гэрт орсон. Тэдний гэрт *******, ******* нар нэг шил 0,75 граммын архи хувааж уусан байсан. Тус архи талаасаа арай бага хэмжээтэй болсон байсан. Тэр архийг нь би ганцаараа шахуу ууж дуусгаад тэдний гэрээс гарч дэлгүүр ороод нэг шил 0,75 граммын “Соёрхол” нэртэй архи аваад эргээд орсон. Тэгсэн *******, ******* нар хоорондоо зодолдоод ******* *******ий дээр нь гараад суусан байдалтай байхаар нь би тэр 2-г салгаад *******ийг хартал нүүр цус болчихсон байхаар нь түүнийг ариун цэврийн өрөө лүү оруулаад цусыг нь угаалгаад эргэж суулгаад миний авсан архийг задалж нэг, нэг хийж өгсөн. Тэгсэн дахин маргалдаад нэг нэгийгээ хэл амаар доромжлоод дахин барьцалдаад зодолдоод байсан. Тэгэхээр нь би тэр 2-г салгаад *******ийг татаад гэрээс нь гарах гээд хаалга онгойлгочихоод ноцолдож байх үед тэдний орцонд явж байсан 2 эмэгтэй надад хандаж “наад хүний чинь нүүр нил цус болсон байна, ийм зүйл болсон байхад цагдаагийн газар луу дуудлага өгдөггүй, хаашаа янзын юм бэ” гэж хэлэхээр нь би утсаа гаргаад цагдаагийн газар луу дуудлага өгсөн. Тэр 2 салахгүй ноцолдсоор гал тогооны өрөө рүү орсон бөгөөд тус өрөөнд ******* шалан дээр уначихсан байдалтай байхад цагдаагийн нэг залуу ирсэн. Тэр залуу байхад ******* гал тогооны өрөөнд байсан жижиг цагаан өнгийн модон сандлаар *******ийг цохиход сандал нь эвдэрсэн. Яг хаашаа нь цохисон талаар бол харж амжаагүй. Тэгээд тухайн цагдаа залуу *******ыг салгаж аваад хэвтүүлээд байж байхад дахин цагдаа нар ирж *******ыг саатуулахаар аваад явсан. Би удалгүй гэртээ харихаар явсан. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 20-р ху/,
6. Гэрч И.гийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Л.*******, З.******* бид нар нэг албан байгууллагад ажилладаг. *******тай бол илүү дотно найзалж, нөхөрлөдөг. Л.*******ын хувьд даруу төлөв, хүнд тусархуу, хүн чанар сайтай хүн байгаа юм. Бид 2 найзалж, нөхөрлөөд олон жил болж байгаа. Бид 2-н дунд заримдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх үед байдаг байсан. Тухайн үеүдэд янз бүрийн ааш авир гаргаж байсан удаа байхгүй. З.*******ий хувьд зан ааш сайтай дүү шүг санагддаг. Тэрнээс өөрөөр тэр хүний талаар мэдэх зүйл байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ааш араншинтай талаар харж байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх 21-р ху/,
7.Гэрч Ч.ын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Л.*******, З.******* бид нар нэг албан байгууллагад ажилладаг. *******тай бол илүү дотно найзалж, нөхөрлөдөг. Л.*******ын хувьд даруу төлөв, хүнд тусархуу, хүн чанар сайтай хүн байгаа юм. Бид 2 найзалж, нөхөрлөөд олон жил болж байгаа. З.*******ий хувьд хувийн зан байдлын талаар мэдэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх 23-р ху/,
8.Гэрч Г.*******ын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай бэр амаржаад би тэр өдөр өвөө болсондоо баярлаад өөрийн найз *******тай баяраа хуваалцахаар тэр өдрийн 12 цаг өнгөрч байх үед нэг шил 0,75 литрийн “Ерөөл” гэх нэртэй архи аваад гэрт нь очсон. Тэдний гэрт ******* ганцаараа амарч байсан. Тэгээд тэр архиа бид 2 хувааж уугаад дуусгасан. Тэр архи дууссаны дараа ******* “дахин нэг шил архи аваад ир” гэж хэлээд надад мөнгө өгөөд гаргасан. Би тэдний ойролцоо байх дэлгүүрээс нэг шил 0,75 граммын архи аваад эргээд орох гэж байтал *******ын байрны хажуухан мөн ажлын газрын залуу ******* тааралдахаар нь түүнийг дагуулаад орсон. Тэгээд бид 3 хамт тус архиа ууж байхад манай эхнэр аваад гэр лүү явсан. Тэгээд би гэртээ хариад унтсан. Бид 3 хэн нэгэнтэйгээ маргалдсан зүйл огт болоогүй. Зүгээр сайхан ярилцаад архи уугаад уусан. Намайг гэртээ харьсны дараа тийм асуудал болсон юм билээ. ...гэх мэдүүлэг, /хх 26-р ху/,
9.Гэрч Б.ын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний хувьд 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд Эрүүгийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэсэн. Тус өдрийн 18 цагийн үед цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд “******* сумын 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, 5 дугаар байрны ******* тоотод 2 хүн зодолдоод нэг нэгнийгээ гэмтээчихлээ” гэсэн дуудлага ирсний дагуу явсаар 5 дугаар байрны 3 дугаар орцны 2 давхар луу гарахад баруун гар талын бор бүргэд хаалга онгорхой байсан бөгөөд тус айлын гал тогооны өрөөнд 2 хүн зодолдож байгаа чимээ гарсан. Харин үүдний хэсэгт цагдаагийн газарт дуудлага өгсөн гэх эрэгтэй зогсож байсан. Тэгээд гал тогооны өрөө хэсэг рүү яваад очтол саарал өнгийн майк өмссөн намхан, махлаг залуу нөгөө залуугаа жижиг сандлаар нурууны хэсэг рүү нь 2 удаа цохиход сандал нь бутарсан. Тэр үед нь би түүний үйлдлийг таслан зогсоогоод шалан дээр хэвтүүлээд Цагдаагийн газрын жижүүрийн автомашин ирсний дараа эрүүлжүүлэх байр луу өгч явуулсан. Тэгээд би зодуулсан гэх ******* гэх залууг аваад аймгийн нэгдсэн эмнэлэг орж үзүүлээд Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд оруулах гэтэл түүнийг эрүүлжүүлэх байранд хонуулах боломжгүй гэснээр гэр бүлийнх нь хүний хамт гэр рүү нь явуулсан. Миний хувьд ******* гэх хүн *******ийг сандлаар цохихоос өмнө таслан зогсоох цаг хугацаа гараагүй. ...гэх мэдүүлэг, /хх 28-р ху/,
10.Гэрч Д.ын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... ******* миний эхнэрийн төрсөн дүүтэй суусан юм. Эрдэнбаярын хувьд даруу, төлөв, хүндтэй мэндтэй устай, өөрөөсөө ахмад хүмүүсийг их хүндэтгэдэг залуу байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх 30-р ху/,
11.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн № 50 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.З.*******ий биед хүзүүнд шарх, дух, хамар, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 33-р ху/,
12.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн № 49 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Л.*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй. гэх дүгнэлт /хх-ийн 37-р ху/,
Шүүгдэгч Л.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 58-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 43-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 53-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн *******-35,38-39-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 5-6-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 7-9-р ху/, хэд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 10-р ху/, согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол, /хх-ийн 46-р ху/, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх-ийн 50-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.*******ыг 2018 оны 01 дүгээр сарын 07-ны орой 18 цагийн үед Сэлэнгэ аймаг, ******* сум, 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, 5 дугаар байрны ******* тоотод орших өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хамт архи ууж байсан иргэн З.*******тэй маргаж, улмаар түүнийг биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх санал ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ мөрдөн бйцаалтын ажиллагаа хчлбаршуулсан журмаар явагдсан, мөн прокурорын гаргасан шүүгдэгчийг 500 нэгжээр торгох ялаар шийтгэх саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь яллагдагчийг байцаасан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлсэн байдал зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон торгох ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Лхагвын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Лхагвын *******ыг 500 /таван зуу/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 /таван зуун/ нэгжээр торгох ялыг 1 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******т мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Л.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эвдэрхий цагаан өнгийн модон сандал 1ш, 0.75 граммын хэмжээтэй “Хараа” нэртэй архины хоосон шийл 1 ширхэгийг тус тус шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН