Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/00137

 

Э.Т-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03158 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Т-ийн хариуцагч А- ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Т- нь өөрийн найз н.Г-гийн хүсэлтээр хариуцагч байгууллагын ажил хүлээлцэх комисст аудитороор ажилласан. Энэ ажлын дараа Э.Т-ийг нягтлан бодогчоор ажиллах санал тавихад хүлээн зөвшөөрч, ямар нэгэн төлбөр тооцоогүйгээр А- ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. 2019 оны 3 дугаар сарын 15-ний өдөр ажилд томилсон тушаал гарсан. Уг тушаал дээр 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс гэсэн байсан. Ажил их байгаа учир эртхэн орохыг гуйсны дагуу ажилдаа орсон. Өмнө ажил хүлээлцэхэд бичиг баримтуудыг харж байсан учир ажлаа мэдэж байсан. Мэргэжлийн хүмүүс биш байсан учир ажлыг 2, 3 хоногийн дотор компанийн зөвлөх Ц.Ч-, компанийн ерөнхий менежер н.Г- нар цуг байхад ажлыг хүлээн авч, хариуцуулж өгөөд, ямар асуудал байгаа талаар зөвлөмж өгсөн. 1, 2 хоногийн дараа А- ХХК-ийн зүгээс нягтлан бодогчоор ажиллах хүсэлт тавьж, хүсэлтийг Э.Т- хүлээн зөвшөөрсөн. 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс ажлаа эхэлсэн учир тухайн өдрөөс ажилласанд тооцьё гэж тохиролцсон. Иймд 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг Э.Т-ийн ажил эхэлсэн хугацаа гэж тооцон тушаал гарч А- ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан. Э.Т-т ажил санал болгосон А- ХХК-ийн ерөнхий менежер н.Г- нь тус компанийн эзэн буюу захирал Ц.Х- гэж хүн бий. Тэр хүн Монгол Улсад бус гадаадад байдаг. Гадаадаас чиглэл өгч ажилладаг. Монгол Улс дахь бүх үйл ажиллагааг ерөнхий менежер удирдаж явуулдаг гэж хэлсэн. Үүний дагуу н.Г- нь нэхэмжлэгчийг Ц.Х- захиралтай танилцуулсан. Нэхэмжлэгч Э.Т- нь захиралтай мессенжерээр бүх ажил үүргийн чиглэлээ авч, зарим тохиолдолд утсаар ярьж холбогдоод бүх ажил үүргээ явуулдаг байсан. Зарим тохиолдолд утсаар, зарим тохиолдолд Монгол Улс дахь шууд удирдлага болох н.Г-гээс үйл ажиллагааны чиглэл, удирдамжаа авдаг байсан. Захирлын зөвшөөрлийн дагуу н.Г-гийн тушаалыг биелүүлж, гүйцэтгэж байсан. 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 09 тоот аудиторын тушаалд Э.Т-ийн талаар дурдсан. А- ХХК-ийн санхүүгийн бүх баримтыг засч залруулж, бүх зүйлсийг цэгцэлнэ гэж тохирсон. Э.Т- нь Ц.Х-, н.Г- нартай хэт замбараагүй байна, бүх зүйлсийг нэг дор шийдэх боломжгүй, хагас жилийн тайлан гаргая, хагас жилийн тайлангаар бүх алдаа дутагдал гарч ирэх учир энэ процесст ажлаа цэгцэлье гэж тохирсон байсан. А- ХХК нь их хэмжээний авлагатай байсан учир өр барагдуулалтад хамтарч ажилласан. Компанийн харилцагчдын бүртгэл, мэдээлэл их замбараагүй байсан тул 3 дугаар сарын хугацаанд өдөр шөнөгүй сууж, цэгцэлсэн. Өдөр тутмын үйл ажиллагаанд гарах алдаа дутагдлыг компанийн удирдлага Ц.Х-, н.Г-, Ц.Ч- нарт тайлбарлаж хэлсэн. Энэ хугацаанд компани дээр гарсан үйл ажиллагаатай холбоотой догдолдлыг их хэмжээгээр ил гаргаж тавьсан. Түүнчлэн компанийн ажилчид мөнгө аваад, буцааж өгөхгүй байгааг илрүүлсэн. Энэ явцад ямар нэгэн шалтгаангүйгээр Э.Т-ийг гэнэт ажлаас халж, ажлаа чөлөөл гэж хэлсэн. Бодит байдалд н.Г- гэх хүнтэй Ц.Х-, Ц.Ч- нар хамтарч ажилладаг бололтой байсан. Компанийн үйл ажиллагаатай холбоотой янз бүрийн доголдлыг гаргаж ирсэн учир халсан гэж нэхэмжлэгч бодож байгаа. 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 37 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн. Энэ тушаалд ямар нэгэн үндэслэл, хуулийн заалт байхгүй. Зүгээр л ажлаас чөлөөлөв гэсэн үгтэй. Ямар ч хууль, эрх зүйн шаардлага хангахааргүй тушаал гарсан. Нэгэнт хамтарч ажиллаж болохгүй гэж байгаа учир энэ нөхцөл байдлыг ойлгож, 2 сарын тэтгэмж олгохыг хүсэхэд татгалзсан. Э.Т- нь үндэслэлгүй халагдсан учир эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Иймд Э.Т-ийг хуучин ажилд нь эгүүлэн томилж, ажиллаагүй хугацааны цалинг ажилласнаар бодож олгоно уу. 2 500 000 төгрөгийг гар дээр бэлэн авахаар цалингаа тохиролцсон. Ц.Х- захирал байхгүй байсан учир гэрээ, контрактыг засна. Түр зуур цалин нь 320 000 төгрөг гэх гэрээн дээр гарын үсэг зурчих. Чамд 2 500 000 төгрөгийн цалин өгч байна гэж хэлсэн. Э.Т- нь гар дээр 2 500 000 төгрөг авдаг байсан бөгөөд уг дүнгээс тооцож ажиллаагүй хугацааны цалин олгох, ажиллаагүй хугацааны нийгмийн даатгалыг 3 138 732 төгрөгөөс тооцож нөхөн төлөх, ажилд эгүүлэн тогтоохыг хариуцагч талд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нь компаниас Э.Т-ийг нягтлан бодогчоор ажиллах хүсэлт гаргасан гэж хэлж байна. Манай компанид батлан даалтаар орж ирсэн хуульч мэргэжилтэй н.Г- гэх хүн бий. Тэр хүн миний найз маш өндөр чадвартай, шударга үнэнч, олон газар ажиллаж байсан аудиторын мэргэжилтэй нягтлан бодогч учир өөр хүн ажилд аваад хэрэггүй гэж хэлсэн. Манайд жил орчим ажиллаж байсан залуу учир итгээд Э.Т- гэх ангийнх нь хүүхдийг ажилд авсан. Ямар нэгэн асуудал гарвал би хариуцна гэж хэлсэн. 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Э.Т- ирж уулзаад, ажил хүлээлцсэн. Ажил хүлээлцэхдээ мөнгөн гүйлгээ, дансанд байгаа мөнгө, бараа материалын тооллого зэрэг бүгдийг хийсэн. Би захирлын үүргийг гүйцэтгэж байсан учир би тушаал гаргасан. Э.Т-ийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг ч би гаргасан. Манайд ерөнхий захирлын орон тоо байхгүй, захирлын үүрэг гүйцэтгэгч гэж бий. Иймд аливаа банкны шилжүүлэг, гэрээ, контракт хийх зэрэг бүх зүйл дээр миний гарын үсэг шаардлагатай. Э.Т- нь дуртай үедээ ажилдаа ирдэг, архи уудаг, шоудаад алга болдог байсан. Өр авлага маш сайн цуглуулсан ч энэ өр авлага компанид орсон зүйл байхгүй. 200 000 000 орчим төгрөгийн авлага байхгүй болсон. 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр орж ирснээсээ хойш найзынхаа хувийн дансаар байгууллагын орлого авсан. Аливаа төрийн байгууллага, компанийн ажил тушаал, заавар, шийдвэрийн дагуу явдаг. Маш их зөрчил гарсан. 2019 оны 6 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд аудитын шалгалт явуулсан. Компанийн тухай хуулинд хэрвээ өмч хөрөнгө шамшигдсан гэж үзэж байвал аудитын шалгалт оруулна гэж заасан байдаг. Үүний дагуу аудитын шалгалт явагдсан. 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш аудитын шалгалт ороод урьдчилсан байдлаар ажлын хэсэг байгуулахад маш их зөрчил илэрсэн. Авлага, өглөг, холбогдох бичиг баримтууд өгөхөд өмнөх нягтлан бодогч руу өөрийн буруугаа тохдог байсан. Шалгалтаар ирсэн хүмүүс өмнөх нягтлан бодогчийн асуудал тодорхой байна. Чиний хариуцсан ажил тодорхойгүй байна гэж хэлсэн. Нягтлан бодох бүртгэл дээр заагдсан анхан шатны баримт байхгүй байсан. Аудитын шалгалт ирсэн өдөр нэхэмжлэгч нь шууд ажил тасалж алга болсон. Маргааш нь ирээгүй. Цагийн бүртгэлээс харагдана. Цагийн бүртгэлийг н.Г-, нэхэмжлэгч Э.Т- нар хариуцна. Тоног төхөөрөмж нь нууц дугаартай байдаг. Сүүлд цагийн бүртгэлийн файлыг устгасан. Аудитын байгууллагаас албан тоот ирсэн. Гарын үсэг зурахгүй, тамга дарахгүй, юу ч өгөхгүй, залгахаар утсаа авахгүй байна гэж гомдол хэлж байсан. Ажил хийсэн гэхэд хэцүү. Жишээ нь: 2019 оны 7 сард цалинг нь би өөрөө зогсоосон. Цалингийн цэсээ гаргаж өгдөггүй байсан. Цалингийн жагсаалт гаргаж, баталгаажуулахгүй бол цалинг чинь өгөхгүй гэж хэлсэн. Кассын зарлагын баримт хавтаст хэрэгт байдаг. Үүн дээр гарын үсэг огт байхгүй. Мөнгө гаргасан бол мөнгө тайлагнасан баримт огт байдаггүй. 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гарсан 700 000 иентэй холбоотой баримт хаана байна гэж асуумаар байна. Хулгай хийсэн, яасан нь мэдэгдэхгүй. Мөн ОХУ-ын 24 151 рубль гэж бүр нэгжтэй нь тушаасан. н.Одгэрэл, Э.Т- нар гарын үсэг зурсан. Э.Т- ажлаас гарахдаа энэ мөнгийг тушаагаагүй. Өөрийн эвдэрхий сейфийг тушаагаад мөнгө авсан. Хэдэн төгрөг авсан нь мэдэгдэхгүй, баримт байхгүй. Иргэний хэрэг бус эрүүгийн хэрэг байна гэж хэлж байгаа. Эрүүгийн хэрэг дундаа зохион байгуулалттай гэмт хэрэгт тооцогдоно. Нэхэмжлэгчийг сар орчим ажилласны дараа би сэтгэл дундуур байсан ч итгэл гэх зүйл байх ёстой учир итгэж байсан. 2019 оны 5 сард хүн ёсоор, ахмад хүн, байгууллагыг удирдаж байгаа хүний ёсоор нэхэмжлэгчид хэлж байсан. Миний амьдралд 2 зарчим бий. Нэгдүгээрт, хүн чанар, хоёрдугаарт, мэргэжлийн ёс зүй хэрэгтэй гэж хэлсэн. Мэргэжлийн ёс зүйгээ хаяж болох ч хүн чанараа хаяж болохгүй гэж хэлсэн. Эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус тушаал гаргасан гэх тайлбар нэхэмжлэгч талаас хэлж байна. Хөдөлмөрийн тухай хуулинд ажил олгогчийн итгэлийг алдсан, ажлаа хийгээгүй гэх 2 заалт байдаг. Энэ зүйл заалтын дагуу ажлаас чөлөөлье гэж бодсон хэдий ч энэ хүний дараагийн карьерийг бодсон. Бусад газар очоод ажилд орох боломжтой тушаал гаргасан. Хүмүүсийн нийгмийн даатгалын дэвтэр огт бөглөгдөөгүй байсан. Нийгмийн даатгалын дэвтрийг бөглөж, нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулах нь нягтлан бодогчийн анхан шатны ажил юм. Ийм байхад ажил хийсэн гэж ойлгох уу, Санхүүгийн тайлан нягтлан бодох бүртгэлийн журамтай нийцэхгүй. Анхан шатны баримт, бэлэн мөнгөний баримтуудад гарын үсэг байхгүй. Энэ хүн ажиллаж байхдаа нягтлан бодох бүртгэлийн дүрмийг мөрдөөгүй. Аудитын байгууллагаас энэ хүний ажил учир дутагдалтай байна. Бидэнд мэдээллээ цаг хугацаанд нь өгөхгүй байна гэх мэдээлэл өгч байсан. Ийм асуудал үүссэн учир халахаас өөр аргагүй болсон. Ажлаас халахаар компанийн удирдлага шийдвэр гаргасан хэдий ч ажлаас халах асуудлыг өөрийнх нь итгэлт найз н.Г- 2019 оны 6 дугаар сарын дундуур гаргаж тавьсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Т-ийг А- ХХК-ийн нягтлан бодогчийн ажил, албан тушаалын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч А- ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 32 449 230 төгрөг гаргуулан Э.Т-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Э.Т-ийн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 320 196 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйд гомдолтой байна. Үүнд: нэхэмжлэгч нь 2019 оны 8 сарын 26-ны өдөр, А- ХХК-ийн захирлын 2019 оны 7 сарын 26-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаалын Э.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилохыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд улмаар сард 3 138 732 төгрөгний цалин авдаг байсныг тогтоох, нийгмийн даатгалын шимтгэлийг 3 138 732 төгрөгөөр тооцон ажлаас үндэслэлгүй халагдсанаас эргэн ажилд орох хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, өөрчилсөн. Анхан шатны шүүх ажлаас чөлөөлөх тухай тушаалын Э.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгоогүйн дээр, нэмэгдүүлсэн шаардлага болох сард 3 138 732 төгрөгний цалинтай болохыг тогтоолгох шаардлагыг шийдвэрлээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. А- ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Ц.Х- бөгөөд Ц.Х- нь Ц.Ч-ад 2018 оны 3 сарын 23-ны өдөр 3 жилийн хугацаатай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалаж зээлийн гэрээнд гарын үсэг зурах, хуулийн этгээдийг төлөөлж банкинд данс нээлгэх, компаний бүртгэлийн болон хөрөнгийг лавлагааг төрийн байгууллагас гаргуулах, компаний нэр дээрх хөрөнгийг захиран зарцуулах, захиран зарцуулахтай холбоотой бусад үйлдэлд бүрэн төлөөлөх, компанийг төлөөлж төрийн болон төрийн бус байгууллага, иргэн банктай харилцах, компаниас гарах албан бичигт төлөөлж гарын үсэг зурах зэргээр компаний үүсгэн байгуулагчийн эдлэх бүх эрхийг эдлэхээр итгэмжлэлийг олгожээ. Энэхүү итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгчийг ажилд авч ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд А- ХХК-ийг төлөөлөх эрх Ц.Ч-ад байгаагүй байхад төлөөлөх мэтээр нэхэмжлэлийн хувийг гардуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, Ц.Ч- нь шүүх буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд А- ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд төдийгүй хариуцагч биш этгээд юм. Хэдийгээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаалд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг иш татаж, ажлаас чөлөөлөх болсон шалтгааныг заагаагүй үйлдэл нь нэхэмжлэгч Э.Т-ийг цаашид ажил хөдөлмөр эрхлэхэд нь саад болохгүй гэдэг үндэслэлээр өөртэй нь ярилцаж, гаргасан зөрчил дутагдлыг нь өөрт нь амаар ойлгуулж дээрх тушаалыг гаргасан гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль бусаар татан оролцуулсан Ц.Ч-ын тайлбарт дурдагдсан бөгөөд энэхүү тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасанчлан нотлох баримтын хэмжээнд авч үзээгүй явдал нь, мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан шүүх нотлох баримтыг үнэлэх үйлдэлд алдаа гаргасныг үгүйсгэх аргагүй юм. Хөдөлмөрийн тухай хуулинд хөдөлмөрийн харилцааг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, хөдөлмөрийн гэрээг ажилтан болон ажил олгогчийн санаачлагаар цуцлах гэсэн үндсэн 3 төрөл байдаг бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үйлдэл нь хэд хэдэн үндэслэл бий бөгөөд 37 дугаар тушаалд үндэслэлийг нь дурдаагүй боловч хариуцагчийн гаргасан тайлбарыг үндэслэн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг зөрчсөн үйлдлийг нэхэмжлэгч нь гаргаагүй байна гэж дурдах нь ач холбогдолгүй юм. Түүнчлэн хариуцагч нь, нэхэмжлэгчийг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа үндэслэлийн талаар 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан албан бичгээр, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 607 дугаар хариу мэдэгдэх хуудсыг нотлох баримтаар өгсөн боловч энэ баримтанд дүгнэлт хийгээгүй явдал нь, хэргийг хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн гэх хардалт төрж буйг анхаарч үзнэ үү. Шүүхээс, нэхэмжлэгчийн цалин олговрыг тооцохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дүнгээр нь бус нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргаж өгсөн баримтаар тооцсон нь үндэслэлгүй бөгөөд гагцхүү нэг талын цалингийн хүснэгт, банкны дансны хуулга /Э.Т-ийн /зэрэг бусад баримтаар тогтоох боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.Т- нь хариуцагч А- ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч А- ХХК-ийн захирлын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.Т- нь тус компанийн нягтлан бодогчийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, ажилд томилох тухай тушаал болон ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 3, 63-р тал/

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт ажилтны эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж, баталгаажуулах тухай шаардлагыг дутуу бичсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

Ажил олгогч нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Э.Т-ийг ажлаас халахдаа, Хөдөлмөрийн тухай хуулийн ямар нэгэн зүйл, заалтыг баримтлаагүй, ажлаас халах болсон үндэслэлийг тодорхой заагаагүй байх боловч хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ.

 

Хариуцагч А- ХХК нь нэхэмжлэгч Э.Т-ийг ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, мөн удаа дараа ажил тасалсан, ажлын байран дээр архидан согтуурсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

 

Хэргийн 125-126 дугаар талд Гэгээн үдэш ХХК-ийн албан бичиг авагдсан байх бөгөөд тус албан бичгийн хавстралтаар хариуцагч байгууллагын ажилтнуудын цагийн бүртгэлийг хүргүүлжээ. Гэвч тус баримт нь нэхэмжлэгч Э.Т-ийг ажил тасалсан гэдгийг эргэлзээгүй нотолсон баримт биш байх бөгөөд 3 гэж гараар тэмдэглэж, тодруулсан хэсэг нь хариуцагч байгууллагын хэн гэдэг ажилтныг илэрхийлж байгаа нь тодорхой бус байх тул дээрх баримтад үндэслэн, нэхэмжлэгч Э.Т-ийг ажил тасалсан гэж шууд дүгнэх боломжгүй юм.

 

Түүнчлэн, хэргийн 106-107 дугаар талд ажилтан, ажил олгогч нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдсан байх бөгөөд тус гэрээнд ажил олгогчийг төлөөлөн хариуцагч А- ХХК-ийн захирал Ц.Х- гарын үсэг зураагүй гэж үзэхээр байна. Тодруулбал, тухайн үед Ц.Х- Монгол Улсад байгаагүй нь түүний гадаад паспортын хуулбараар тогтоогджээ. /хх-ийн 75-р тал/

 

Талууд хэдийгээр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч энэхүү нөхцөл байдал нь ажилтан, ажил олгогч нарын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг үгүйсгэхгүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлд хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, дээрх хөдөлмөрийн гэрээг эрх бүхий этгээдтэй байгуулсан гэж үзэхгүй бөгөөд тус гэрээнд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх эрх хариуцагч байгууллагад үүсээгүй гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан.

 

Хариуцагч А- ХХК нь нэхэмжлэгч Э.Т-ийг дээрх хуульд зааснаар ажил олгогчийн итгэлийг алдсан, ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, компанийн өр авлагыг компанийн дансанд төвлөрүүлээгүй, санхүүгийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн заавар, журмыг мөрдөн ажиллаагүй, ажилчдын нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, баталгаажуулаагүйгээс ажилчид хохирсон бөгөөд энэхүү нөхцөл байдал нь аудитын шалгалтаар тогтоогдсон гэжээ.

 

Гэвч нэхэмжлэгч Э.Т-ийг ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй гэдгийг нотолсон гэх Голден пэйж аудит ХХК-ийн санал, зөвлөмж нь нэхэмжлэгч Э.Т-ийг ажлаас чөлөөлснөөс хойш 2 сарын дараа буюу 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гарсан байна. /хх-ийн 89-91-р тал/. Нөгөө талаар дээрх аудитын санал, зөвлөмж нь нэхэмжлэгч Э.Т-ийг дангаараа гэм буруутай гэдгийг нотлоогүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч Э.Т-ийг ажлаас чөлөөлсөн гэх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Э.Т-ийг хариуцагч А- ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч А- ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 32 449 230 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Э.Т-т олгож, холбогдох дэвтэрт бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагч А- ХХК-д даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасанд тус тус нийцжээ.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулах тухай шаардлагыг орхигдуулсан байх тул шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулсан болно.

 

Нэхэмжлэгч Э.Т- нь ажлаас чөлөөлөх тухай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн нэг сарын үндсэн цалин 3 138 732 төгрөг болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан боловч энэхүү шаардлагуудыг бие даасан шаардлага гэж үзэх боломжгүй бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагын үндэслэл гэж үзнэ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо Ц.Ч- нь хариуцагч байгууллагыг төлөөлөх эрхгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, мөн тус хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаараагүй гэх боловч хариуцагч байгууллагын захирал Ц.Х-аас 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр компанийн үүсгэн байгуулагчийн эдлэх бүх эрхийг Ц.Ч-ад итгэмжлэн олгожээ. /хх-ийн 8-р тал/

Мөн 4 дүгээр хавтаст хэргийн 135 дугаар талд Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 607 дугаар мэдэгдэх хуудас авагдсан байх боловч тус мэдэгдэх хуудсанд энэхүү хөдөлмөрийн маргаантай холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх агуулга байхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21ий өдрийн 102/ШШ2020/03158 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дах заалтын ... нийгмийн ... гэснийн дараа болон эрүүл мэндийн гэж нэмж, өөрчлөн, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320 196 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Г.ДАВААДОРЖ