Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/709

 

 

Ч.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Ууганбаяр,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Галхүү,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/300 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Бийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2110000000060 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ч.Б /РД:000000000/, ....тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд буюу 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр “Өү” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Грийн арт хотхоны барьж буй барилгын халаалтын паар хадгалж байсан өрөөний хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч нийт 124 ширхэг халаалтын паарыг хүч  хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор 0000УНЭ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн, 0000УБЛ улсын дугаартай “Хонда Инсайт” маркийн, 0000УНД улсын дугаартай “Тоёота Рактис” маркийн тээврийн хэрэгслүүдийг ашиглан тус тээврийн хэрэгслүүдэд хуваан ачиж өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Бэлхийн 00 дугаар гудамжны 000тоотод буулгаж “Өү” ХХК-д 16.714.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Биндэръяа Нуур овогг Чулуунхүүгийн Батхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, тус ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг ялтны оршин суух Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан Тоёота приус 20 маркийн, Хонда Инсайт маркийн, Тоёота Рактис маркийн тээврийн хэрэгслүүдийн үнэлгээгээр тогтоогдсон үнэ нийт 26,800,000 төгрөгийг Ч.Баас гаргуулж улсын орлого болгох хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авч, хэрэгт битүүмжлэгдсэн С.Ггийн эзэмшлийн Тоёота приус 20 маркийн 0000УНЭ улсын дугаартай, Ч.Тгийн эзэмшлийн Хонда Инсайт маркийн 0000УБЛ улсын дугаартай, Ч.Эгийн эзэмшлийн Тоёота Рактис маркийн 0000УНД улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, тээврийн хэрэгслүүдийг битүүмжлэлээс чөлөөлж, хохирол нөхөн төлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Б давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэнээ мөрдөн байцаалтын шатнаас эхэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улсаас учруулсан хохирлыг барагдуулсан болно. Миний бие хувиараа барилгын дотор заслын ажил эрхэлдэг бөгөөд Улаанбаатар хотын төвийн 6-н дүүрэгт ажил олдсон газар нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ажиллаж өрх гэрээ тэжээдэг болно. Мөн шүүхийн тогтоолд миний бие улсад 26,000,000 төгрөгийг улсын орлогод хураалгахаар албадлагын арга хэмжээ авхуулсан болно.

Анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлаж, Сүхбаатар дүүргээс гарч болохгүйгээр шийдвэрлэсэн нь миний хувьд хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээх, шийдвэрт тусгагдсан албадлагын арга хэмжээг биелүүлэх нөхцөл байдлаар хангагдахгүй байна. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тоггоож хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Галхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ч.Б нь гэм буруу дээрээ маргадаггүй. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан бөгөөд бусдад төлөх төлбөргүй. Мөн миний үйлчлүүлэгч Ч.Б нь анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хүлээн зөвшөөрдөг. Гэвч тэрээр эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд барилгын дотор заслын ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс тогтоосон бүсчлэл буюу Сүхбаатар дүүрэгт ажил хөдөлмөр хийх боломжгүй байна. Харин Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд ажих хийж, ар гэрээ тэжээх боломжтой. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан миний үйлчлүүлэгч Ч.Бт анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг өөрчилж, Улаанбаатар хотын 6 дүүргээр тогтоож өгнө үү...” гэв.

Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Бт 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон. Шүүгдэгч Ч.Б нь шүүхийн тогтоосон бүсчлэлээс өөр дүүрэгт ажил хөдөлмөр эрхлэх талаар шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэж, энэ талаар прокурорт санал гарган шийдвэрлүүлэх бүрэн боломжтой тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Ч.Бт холбогдох эрүүгийн 2110000000060 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Грийн арт хотхоны барилгыг барьж буй барилгын халаалтын паар хадгалж байсан өрөөний хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, нийт 124 ширхэг халаалтын паарыг хүч  хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор 0000УНЭ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн, 0000УБЛ улсын дугаартай “Хонда Инсайт” маркийн, 0000УНД улсын дугаартай “Тоёота Рактис” маркийн тээврийн хэрэгслүүдийг ашиглан тус тээврийн хэрэгслүүдэд хуваан ачиж өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Бэлхийн 00 дугаар гудамжны 000тоотод буулгаж “Өү” ХХК-д 16,714,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогчийн төлөөлөгч М.Б-ын: “... Манай компани барилга дээр ажил гүйцэтгэхээр халаалтын паар 202 ширхэгийг барилгын 3 дугаар блокийн 1 давхрын өрөөнд хурааж, хаалга хийн түгжсэн. Хөл хорио дуусаад 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажил дээр ирэхэд паарнууд хулгайлагдсан, хашааны ар талын хэсэг буюу зүүн талын хашаанд хоёр хэсэгт зай гарсан, фонариар хаачихсан, хүний хөлийн мөр гарсан байсан. ...80 ширхэг паар алга болсон. ...23 цаг өнгөрч байхад цагдаа нар ирж зураг авч барилга руу орсон. Тэр үед харуул дахин паар алга болсон байна гэхэд нь би гарч барилгын хойгуур тойроход барилгын араас 3 машин хөдлөөд явсан. Паарны нэг бүрийн үнэ 137.000 төгрөг.  Хулгайлан авч явахаар 48 ширхэг паар гаргаж тавьсан байсан...” /1хх 26-27/,

иргэний нэхэмжлэгч У.Б-ийн: “...Би төрсөн ах Ганзоригийн “Биг" худалдааны төвд байрлах барилгын материалын лангуу дээр 3 жил ажиллаж байна. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр лангуугаа нээчхээд байж байхад 9811-тэй дугаараас “халаалтын паар худалдаж авах уу” гэж ярьсан. Би “үзэж хараад авна” гэж хэлсэн. ...паарыг үзэхэд 50/80 хэмжээтэй Турк улсад үйлдвэрлэсэн паар байсан. Тэр паарыг тус бүрийг 100.000 төгрөгөөр худалдаж авахаар болж агуулахдаа буулгуулсан. Паар буулгахад 3 эмэгтэй, 1 эрэгтэй бас хамт буулгаж өгсөн. Тэр үед “портерынхоо хөлсийг өгнө” гэж ярилцаад байсан. Тэр хүмүүс мөнгөө аваад явсан. 2021 оны 01 дүгээр сарын 19-ий өдөр лангуу дээр байхад урд өдөр нь надтай уулзсан эгч “өчигдөр чамд зарсан паар хулгайн паар байсан байна. Гадаа цагдаа нар ирчихсэн байна” гэхэд нь би гадаа гарсан. Тэр үед цагдаа ирээд миний худалдаж авсан паарнуудыг хулгайн эд зүйл гэж хэлээд зургийг нь дарж, маргааш нь ирээд ачаад явсан. ...Тухайн үед паар зарсан хүмүүсээс өөрийн төлсөн мөнгө болох 7.900.000 төгрөгийг бүрэн гүйцэт шилжүүлэн авсан. ...” /1 хх 46-47/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-9/,

У.Б-ээс 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр цагаан 140 см урт, 30 см өргөн 10 см зузаан паар 79 ширхгийг хураан авч, хохирогч М.Балдангомбод бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 16-17/,

хулгайлсан пааруудыг зөөвөрлөсөн Ч.Бийн эзэмшлийн 0000УНЭ улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл, Ч.Тгийн эзэмшлийн 0000УБЛ улсын дугаартай Хонда Инсайд загварын хар хөх өнгийн тээврийн хэрэгсэл, Ч.Эгийн эзэмшлийн 0000УНД улсын дугаартай Тоёота Рактис загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжилсэн” мөрдөгчийн тогтоолууд /1-р хх-ийн 18-24/,

хөрөнгийн үнэлгээ зуучлалын “Дамно" ХХК-ийн “...Стандарт халаалтын Турк улсад үйлдвэрлэсэн Unmak Ekstra загварын 22/500/800 хэмжээтэй халаалтын паар 1 ширхэг нь 137.000 төгрөгийн үнэтэй 79 ширхэг паар, үнэлэгдэж буй эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 10.823.000 төгрөгөөр, ...43 ширхэг паар, үнэлэгдэж буй эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 5.891.000 төгрөгөөр үнэлэгдэв.” /1хх 49-50, 2 хх 44-47/, “...0000УБЛ улсын дугаартай Honda insight маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 01 дүгээр сарын байдлаар зах зээлийн жишиг хандлага, ажиглалтын аргаар тооцон нийт 6.900.000 төгрөгөөр үнэлэгдэв.” /1-р хх-ийн 59/, “...0000УНД улсын дугаартай Тоуоta Ractis маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 01 дүгээр сарын байдлаар зах зээлийн жишиг хандлага, ажиглалтын аргаар тооцон нийт 8.200.000 төгрөгөөр үнэлэгдэв.” /1-р хх-ийн 61/, “...0000УНЭ улсын дугаартай Тоуоta Рrius 20 маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 01 дүгээр сарын байдлаар зах зээлийн жишиг хандлага, ажиглалтын аргаар тооцон нийт 11.700.000 төгрөгөөр үнэлэгдэв.” /1-р хх-ийн 63/ гэсэн үнэлгээнүүд,

0000УНД улсын дугаартай Тоуоta Ractis маркийн тээврийн хэрэгсэл, 0000УНЭ улсын дугаартай Тоуоta Рrius 20 маркийн тээврийн хэрэгсэл, 0000УБЛ улсын дугаартай Honda insight маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 224-227, 2-р хх-ийн 43/,

Ч.Бийн хэргээ хүлээн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /1-р хх-ийн 95-96, 2-р хх-ийн 209/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Ч.Бийн цоожтой хаалга бүхий байранд хууль бусаар нэвтэрч бусдын 16,714,000 төгрөгийн үнэ бүхий 124 ширхэг халаалтын паарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 3 ширхэг тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн...” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Анхан шатны шүүх Ч.Бийн үйлдлийг зөв зүйлчилсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Ч.Баас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын өмчлөлийн 3 ширхэг тээврийн хэрэгслүүдийн үнэ болох 26,800,000 төгрөгийг гаргуулан улсын  орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Ч.Бт тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор гэм бурууд нь тохируулан хорих ял оногдуулсан байх ба энэ нь Ч.Бийн үйлдсэн “Хулгайлах” гэмт хэргийн арга, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

Ч.Бийн 2021 оны 01 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч   зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон нь хууль зүйн үндэслэлтэй байх ба тус ялын хүрээг Ч.Бийн оршин сууж буй Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Тодруулбал, шүүх үйлдсэн гэмт хэргийнх нь хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тухайн хүнийг  цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхуйц ялыг тухайн шүүгдэгчид оногдуулдаг бөгөөд Ч.Бийн боломж бололцоо, хүсэл сонирхолд нийцүүлэн зорчих эрх хязгаарлах ялын хүрээ хязгаарыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Бийн “зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/300 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТЗОРИГ

              ШҮҮГЧ                                                         Ц.ОЧ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ