Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/710

 

    

 

 

 

А.Мөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

шүүгдэгч А.М,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/677 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Отгонбаяр 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 34 дугаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн А.Мөд холбогдох 2308000000772 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.....тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.М нь 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” ХХК-нд ажиллаж байхдаа тус компанийн агуулах дотроос иргэн Б.Бын эзэмшлийн “iphone XS max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 780.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:  Шүүгдэгч А.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг нэг жилийн хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...шийтгэх тогтоолын нүүр хэсэгт “Өсвөр насны шүүгдэгч А.М нь 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” ХХК-д ажиллаж байхдаа тус компанийн агуулах дотроос иргэн Б.Бын эзэмшлийн “iphone XS max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 780.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх эрүүгийн 2308000000772 дугаартай А.Мөд холбогдох хэргийг бичсэн ...атлаа 1 дүгээр хуудасны ар тал буюу 2 дугаар нүүрнээс эхлэн 5 дугаар нүүр хүртэл “....шүүгдэгч Б.Б...”-д холбогдсон хэргийг бичжээ.

Шийтгэх тогтоолын дээрх зөрүүтэй байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн бөгөөд А.Мөд холбогдох хэргийг хэлэлцсэн гэсэн атлаа Б.Бод холбогдох хэргийн үйл баримтыг дурдаж түүнд ял оногдуулсан нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна.

Шийтгэх тогтоолыг хэргийн оролцогч нарт гардуулах ажиллагаа буруу явагдсан буюу 2 өөр хэргийн шийтгэх тогтоолын хуудсыг хооронд хольж үдэж прокурорт гардуулсан байх боломжтой мэтээр ойлгогдохоор боловч 1 хуудасны 2 нүүрэнд буюу хоёр талд өөр өөр хэргийн үйл баримт хэвлэгдэж хавсаргагдсан байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/677 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.   

Шүүгдэгч А.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад шийтгэх тогтоолыг засаж дахин өгсөн. Өөр хэлэх тайлбар байхгүй...” гэв.

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос А.Мөд холбогдох “...2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” ХХК-нд ажиллаж байхдаа тус компанийн агуулах дотроос иргэн Б.Бын эзэмшлийн “iphone XS max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 780.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” үйлдэлтэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн 2308000000772 дугаартай эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тус А.Мөд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцэж хянан шийдвэрлэж, 2023/ШЦТ/677 дугаар шийтгэх тогтоолоор А.Мийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн атлаа прокурор, шүүгдэгч нарт “...шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсгүүдэд иргэн Б.Бод холбогдох хэргийн талаар бичсэн...” шийтгэх тогтоолыг гардуулан өгсөн болох давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Мийн тайлбар, прокурорын эсэргүүцэлдээ хавсарган ирүүлсэн шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож байна.

Харин хэрэгт байгаа шийтгэх тогтоол нь бүхэлдээ шүүгдэгч А.Мөд холбогдох хэргийн талаар дүгнэсэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийтгэх тогтоол байна.

            Хэрэгт байгаа шийтгэх тогтоол, оролцогч нарт гардуулан өгсөн шийтгэх тогтоолын зөрүүтэй байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;”,  1.8-д “...шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол;...” гэж зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болж байна. 

Иймд прокурор Д.Отгонбаярын “...Шийтгэх тогтоолын дээрх зөрүүтэй байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн. А.Мөд холбогдох хэргийг хэлэлцсэн гэсэн атлаа Б.Бод холбогдох хэргийн үйл баримтыг дурдаж түүнд ял оногдуулсан нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. ...” гэсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/677 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.  

2. Шүүгдэгч А.Мөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ