| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/07364/И |
| Дугаар | 191/ШШ2025/00843 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/00843
| 2025 01 30 | 191/ШШ2025/00843 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ХЭ ХХК хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.У-г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******гийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.******* ******* ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Э.******* нь манай байгууллагатай 2023.08.10-ны өдөр 20230423 дугаартай зээлийн гэрээ байгуулж Aiwa 55 inch N19 Webos загварын зурагтыг 1,782,000 төгрөгөөр авч төлбөрийг 12 сарын хугацаатай жилийн 30%-ийн хүүтэй, төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч дээрх зурагтыг зээлээр худалдан авснаас хойш Э.******* нь нэг ч төгрөг төлөөгүй, төлөх талаар ямар ч санаачилга гаргахгүй, утсаа авахгүй алга болсон. Иймд үлдэгдэл дээр хүү алданги тооцоод 2,877,036 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.18-ний өдрийн 102/Ш32024/19632 тоот захирамжаар нэхэмжлэл гаргасан хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.У-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн төлбөрийн хуваарь, зээлдэгчийн захиалгын хуудас, 2023.08.10-ны өдрийн бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ, зээл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.18-ны өдрий 19632 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
3.Тус шүүхийн 2025.01.24-ний өдрийн 4711 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******гийн оршин суугаа хаягийн лавлагааг төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* ******* ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...Э.******* нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна... гэж тайлбарлажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Хүсэлт гаргагчийн тайлбар, зээлийн төлбөрийн хуваарь, зээлдэгчийн захиалгын хуудас, 2023.08.10-ны өдрийн бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ, зээлийн тооцоолол, зээл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудаас үзвэл, Э.******* нь хүсэлт гаргагч ******* ******* ХХК-нд 2,877,036 төгрөгийн өр төлбөртэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.******* нь зээлийн гэрээнд бичигдсэн Баянгол дүүргийн ... тоот хаягт болон оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаан дээрх Баянгол дүүргийн ... тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.18-ны өдрий 19632 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, шүүхийн ажиллагааны баримт буюу шүүхэд дуудан ирүүлэх шүүхийн мэдэгдэх хуудас, хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.
3.Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.******* нь ******* ******* ХХК-нд зээлийн өр төлбөртэй, хаана оршин суугаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* ******* ХХК-ийн хүсэлтийг хангаж, Э.*******г эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзсэн болно.
4.Хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2.‑т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т зааснаар Э.У-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Э.*******гийн оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгчд мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА