Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 307/ШШ2025/00112

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/00892/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (ИБД: *******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******, *******),

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт (РД: *******, утас: ) нарт холбогдох,

“Гэрээслэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах болон хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., Ш.,

Хариуцагч Д.,

Хариуцагч О.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч О.*******, Д. нарт холбогдуулан гэрээслэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах болон хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод байрлах 23.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь манай ээж Ж., ах Ш., Ш., дүү Ш. болон миний өмчлөлд бүртгэлтэй 5 хүний дундын өмч юм.

2018 оны 07 дугаар сард ээж Ж. нь эгч Ш.т хандаж “О.******* намайг салхинд гаръя гэж гэрээс авч гараад, өвлийн хүйтэнд холбооны цаад талд байдаг нотариат дээр дагуулж очоод гарын үсэг зуруулсан. Юун дээр гарын үсэг зурснаа мэдээгүй” гэсэн. Улмаар эгч маань улсын бүртгэлийн хэлтсээс лавлахад ээж Ж.гээс О.*******ийн нэр дээр гэрээслэл үйлдсэн байна гэсэн. Ээж маань бичиг үсэг огт мэдэхгүй, 80 гарсан өндөр настан бөгөөд гэрээслэл үйлдэх ямар ч боломжгүй юм.

Энэ талаар ээжээс лавлахад “Би юун дээр гарын үсэг зурснаа мэдэхгүй, юутай ч би байраа О.*******т юу гэж өгөх вэ дээ” гээд байсан. Тэгэхээр нь ээж Ж., эгч Ш., Ш. нарын хамт би Дархан-Уул аймаг, ******* байрлах тойргийн нотариатч Д.тай очиж уулзсан. Манай ээж “Би гэрээслэлээ авъя, хүүхдүүддээ харуулъя” гэхэд тойргийн нотариатч Д. нь “Үхсэн хойно чинь гэрээслэлийг задална” гээд 3 удаа хөөгөөд гаргасан.

Хүн өөрийн биеэр өөрийн гарын үсэгтэй гэрээслэлийг үзье гэхэд гэрчилсэн нотариатч нь үзүүлэхгүй, төрсөн үр хүүхдүүд нь амьд сэрүүн хамт амьдарсаар атал бидэнд огт мэдэгдэлгүйгээр нагац дүү О.******* нь танил талаараа хууль зөрчиж уг гэрээслэлийг үйлдүүлсэн гэж үзэж байна.

Миний ээж Ж. нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нас барсан. Бид нотариатч Д. хууль бус үйлдлийн талаар холбогдох байгууллагуудад хандсан бөгөөд шүүхээр өв залгамжлалын асуудлаа шийдвэрлүүл гэж хариу өгсөн.

Иймд бичиг үсэг огт мэдэхгүй, өндөр настай ээжийн минь Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод байрлах 23.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өөрт ногдох хэсгээ гэрээсэлсэн гэх нотариатч Д. 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 001 тоот гэрээслэлийг хүчингүй болгож өгнө үү.

Миний бие Ш.******* нь төрсөн цагаасаа ээжийгээ нас барах хүртэл ээжтэйгээ хамт амьдарсан бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод байрлах 23.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас талийгаач ээж Ж.д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.   

2.Хариуцагч О.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Хариуцагч О.******* миний бие 1979 онд мэндэлснээсээ хойш өөрийн эмээ Ж.гийн хажууд өсөж торнисон бөгөөд амьдралынхаа бүхий л цаг хугацааг эмээгийнхээ дэргэд өнгөрөөсөн. Эмээгийн минь бие нь муудаж 2018 онд хэвтэрт ороход нь би асран хамгаалагч нь болж эмээгээ асарч, эм тариаг нь зөөж өгдөг ганц хүн нь байсаар эмээ минь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нас барсан.

Эмээгийн минь бие муу хүндхэн он жилүүдийг өнгөрөөж байхад ээжийн минь дүү нэхэмжлэгч Ш.******* ч бусад эгч, дүү нар нь ч надад огт тусалдаггүй байсан. Би эмээгээс гадна 2 хүү нь болох 72 настай , 69 настай нарыг ч мөн асран хамгаалж, халамжилсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд эдгээр хүмүүс нь өнөөдрийг хүртэл миний асаргаанд хамт амьдарч байна.

Нэхэмжлэгч нь өөрийн ээж Ж.г бичиг үсэг мэддэггүй гэж худлаа бичсэн байна. Эмээ минь өөрийн нэрээ бичиж чаддаг, ном сонин их унших дуртай, бичиг үсэг мэддэг хүн байсан.

Эмээ минь амьд сэрүүн байхад ээжийн минь эгч, дүү нар ирж үргэлж хэрүүл маргаан үүсгэж биднийг гэрээс минь хөөж туудаг байсан. Ингээд эмээ минь нас дээр гарах үедээ надад хандаж миний муу шар охин л намайг болон ах нараа харж хандсаар бүх амьдралаа зориулж байна даа, миний охин л цаашдаа энэ хэдэн ах нараа харж хандах хүн шүү гэж үргэлж хэлдэг байсан. Гэвч би талийгаач эмээгээ амьдарч буй орон сууцныхаа өөрт ногдох хэсгийг надад өвлүүлсэн болохыг эмээгээ өнгөрснөөс жилийн дараа л гэрээслэлийг нь задлах үед л олж мэдсэн. Түүнээс би эмээгээ дагуулж явж нотариат орсон зүйл огт байхгүй. Тухайн үед өөрийнхөө зээ охин болох Р. хамт явж тухайн гэрээслэлийг үйлдсэн байсан.

Иймд талийгаач эмээ Ж. минь өөрийн хүсэлтээр хуулийн дагуу надад Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод байрлах 23.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өөрт ногдох хэсгээ надад гэрээслэн үлдээсэн тул хариуцагч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 135/ШЗ2023/06383 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийн хуулбар, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 7/503 дугаартай “Гомдол шилжүүлэх тухай” албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 02 дугаар сарын 01-ний  өдрийн 3/568 дугаартай “Хариу өгөх тухай” албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 9/4-980 дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4/1576 дугаартай “Хариу өгөх тухай” албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 0412, 0414 дугаартай итгэмжлэл, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн төрүүлсэн хүүхдийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа, 0056718 дугаартай гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монголын нотариатчийн танхимын 011 дугаартай албан бичгийн хуулбар, Ж.гийн нас барсны гэрчилгээний хуулбар, Дархан сумын 16 дугаар багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 319 дугаартай оршин суугаа газрын тодорхойлолт, Г. сэтгэлийн үг гэсэн захидлын хуулбар (хх 3-22, 48-53 хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

4.Хариуцагч нараас 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0476 дугаартай итгэмжлэл, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 24/043 дугаартай өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 0056718 дугаартай гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000311227 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монголын нотариатчийн танхимын 011 дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан сумын 16 дугаар багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 301 дугаартай О.*******ийн оршин суугаа газрын тодорхойлолт, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0099 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1154 дугаартай шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.гийн нас барсны  бүртгэлийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, О.*******, Ш., Ш., Ш.ын нарын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 12 дугаар сарын 001 дугаартай гэрээслэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Ж.гийн гар бичмэл гэрээслэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар, Ж.гийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зургууд, 000311227 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 11 дүгээр сарын 27-н өдрийн 2115 дугаартай Дархан сумын 16 дугаар багийн Засаг даргын оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар  (хх 41, 54, 56-58, 78-97 хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

5.Шүүхээс хариуцагч О.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ын хүсэлтээр Р., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр Г. гэрчийн мэдүүлэг авсан болно. (хх 68-69, 105-106 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ш.*******ын хариуцагч О.*******, Д. нарт холбогдуулан гаргасан гэрээслэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах болон хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., Ш, нар нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг “...Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод байрлах 23.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь манай ээж Ж., ах Ш., Ш., дүү Ш. болон Ш.******* нарын бүртгэлтэй 5 хүний дундын өмч юм. 2018 оны 07 дугаар сард ээж Ж. нь эгч Ш.т хандаж “О.******* намайг салхинд гаръя гэж гэрээс авч гараад, өвлийн хүйтэнд холбооны цаад талд байдаг нотариат дээр дагуулж очоод гарын үсэг зуруулсан. Юун дээр гарын үсэг зурснаа мэдээгүй” гэсэн. Улмаар эгч маань улсын бүртгэлийн хэлтсээс лавлахад ээж Ж.гээс О.*******ийн нэр дээр гэрээслэл үйлдсэн байна гэсэн. Ээж маань бичиг үсэг огт мэдэхгүй, 80 гарсан өндөр настан бөгөөд гэрээслэл үйлдэх ямар ч боломжгүй юм. Энэ талаар ээжээс лавлахад “Би юун дээр гарын үсэг зурснаа мэдэхгүй, юутай ч би байраа О.*******т юу гэж өгөх вэ дээ” гээд байсан. Тэгэхээр нь ээж Ж., эгч Ш., Ш. нарын хамт би Дархан-Уул аймаг, Д******* байрлах тойргийн нотариатч Д.тай очиж уулзсан. Манай ээж “Би гэрээслэлээ авъя, хүүхдүүддээ харуулъя” гэхэд тойргийн нотариатч Д. нь “Үхсэн хойно чинь гэрээслэлийг задална” гээд 3 удаа хөөгөөд гаргасан. Хүн өөрийн биеэр өөрийн гарын үсэгтэй гэрээслэлийг үзье гэхэд гэрчилсэн нотариатч нь үзүүлэхгүй, төрсөн үр хүүхдүүд нь амьд сэрүүн хамт амьдарсаар атал бидэнд огт мэдэгдэлгүйгээр нагац дүү О.******* нь танил талаараа хууль зөрчиж уг гэрээслэлийг үйлдүүлсэн гэж үзэж байна. Иймд бичиг үсэг огт мэдэхгүй, өндөр настай ээжийн минь Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод байрлах 23.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өөрт ногдох хэсгээ гэрээсэлсэн гэх нотариатч Д. 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 001 тоот гэрээслэлийг хүчингүй болгож өгнө үү. Ш.******* нь төрсөн цагаасаа ээжийгээ нас барах хүртэл ээжтэйгээ хамт амьдарсан бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод байрлах 23.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас талийгаач ээж Ж.д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож өгнө үү” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.

Хариуцагч О.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлаа “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараас сонсоход хувийн таарамжгүй харилцааны улмаас гомдсон гомдлоо яриад байна гэж харж байна. О.******* бол Ш., Ш., Ш. нарын хууль ёсны асран хамгаалагч нь юм. Дүү нартайгаа хамт амьдармаар байна гэсэн хэр нь яагаад эдгээр хүмүүсийн асрамжийн талаар маргахгүй байна вэ? О.*******ийг л байрнаасаа гаргая, байраа авъя гэж шаардлага гаргаад байгааг ойлгохгүй байна. Шүүх хуралдаанаар гэрээслэлийг хүчингүй болгуулъя гээд хувийн сэдлээр хандаж байна гэж бодож байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй буюу Д. нотариатчийн гэрээслэл гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгох ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,

Хариуцагч Д. татгалзлынхаа үндэслэлийг “...2015 онд Ж. манай ажил дээр ирсэн. Дархан-Уул аймгийн ******* тоот 2 өрөө байрыг өмчилдөг. Энэ байрны хувьд Ж.гээс гадна 4 өмчлөгчтэй байсан. Ж. гуай би өөрт ногдох хувиа зээ охин О.*******т өв залгамжлуулахыг хүсэж байна гээд гэрээслэх хүсэлтийг гаргасан. Иргэний хуулийн 520 дугаар зүйл, 526 дугаар зүйл болон Нотариатын тухай хуулийг үндэслэн гэрээслэл гэрчлэхэд ямар бичиг баримтыг бүрдүүлдэг талаар зөвлөөд холбогдох бичиг баримтыг авчрахыг хэлж өгсөн. Тухайн үед гэрээсэлж байгаа хүний ухаан санаа эрүүл гэсэн эмчийн бичиг байх шаардлагатай, гэрээслэх гэж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь хаана ямар байдалтай байгаа фото зураг, гэрээслэлээ өөрөө гараараа бичсэн байх ёстой, гэрээслэлийн агуулгад өөрийнхөө ногдох хувийг ямар үндэслэлээр өгч байгаа талаар бичиж ирээрэй гээд үүний үндсэн дээр бүрдүүлсэн материалыг үндэслэж гэрээслэл үйлдсэн. Тухайн үед миний санаж байгаагаар Ж. гуай эрүүл саруул ухаантай, ягаан үстэй дээлтэй эмээ ирсэн. Холбогдох бичиг баримттайгаа ирээд бид хоёр уулзсан. Ямар учраас зээ охиндоо гэрээсэлж байгааг асуусан. Тэгэхэд би олон хүүхэдтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон намайг О.******* өдий зэрэгтээ хүргэсэн болохоор намайг өнгөрсөн хойно энэ зээ охин маань энэ хүмүүсийг асран хамгаалаад явна. Зөвхөн өөрт ногдох хувийг гэрээсэлж байгаа юмаа гэдгийг ярилцаад тэмдэглэл үйлдэж, зургаар баталгаажуулсан. Гэрээслэлийг хоёр хувь үйлдэж нэгийг нь өөрт нь, нэгийг нь Нотариатчидын танхимд хадгалагддаг. Хуульд гэрээслэгч нь нас барснаар гэрээслэлийг задалдаг. Нэхэмжлэгч талаас энэ гэрээслэлтэй холбоотой гомдлыг бусад байгууллагуудад гаргаад шүүхээр шийдвэрлүүлэх асуудал байна гэж хариу өгсөн. Нотариатч нь Иргэний хууль, Нотариатын тухай хуулиудыг яаж зөрчөөд, ямар хууль бус үйлдлээр гэрээслэлийг гэрчилсэн гэдэг талаар тайлбар байхгүй байна. Өвлөгч нараас аав, ээжийнхээ гал голомтод амьдарна гээд байгаа боловч гэрээслэлтэй холбоотой хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй. Хариуцагч миний хувьд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарласан.

3.Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2015 оны 12 дугаар сарын 001 дугаартай гэрээслэлээр ...иргэн Ж. нь дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн, Дархан-Уул аймаг, ******* тоот, 40,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өөрт ногдох хувийг зээ охин О.*******т гэрээсэлж, тус гэрээслэлийг нотариатчаар гэрчлүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Иргэн Ж. нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нас барсан болохыг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний улсын бүртгэлд бүртгэжээ.

2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0099 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр дээрх гэрээслэлийн дагуу улсын бүртгэлийн дугаар бүхий, Дархан-Уул аймаг, ******* тоот, 23.1 м.кв талбайтай, 40,000,000 төгрөгийн үнэ бүхий Ш., Ш., Ш.*******, Ш. нарын хамтран өмчлөгчтэй орон сууцны өвлүүлэгч Ж.д оногдох 20 хувийг өвлөгч О.*******т өвлүүлжээ.

4.Зохигчид дээрх үйл баримтад маргаагүй бөгөөд талуудын маргааны зүйл нь дээрх гэрээслэл хүчин төгөлдөр эсэх, тус гэрээслэлийг Ж. бичсэн эсэх, нотариатчийн үйлдэл хуульд нийцсэн эсэх асуудал байна.

5.Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.1-д “Иргэн нь хуульд зааснаар өвлөх эрхтэй буюу эрхгүй нэг буюу хэд хэдэн иргэн, түүнчлэн төр буюу хуулийн этгээдэд өөрийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь үзэмжээрээ хуваарилан гэрээсэлж болно” гэж зааснаар иргэн өөрийн эд хөрөнгийг гэрээслэх эрхтэй.

6.Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.1-д “Гэрээслэлийг бичгээр хийж, үйлдсэн газар, он, сар, өдрийг зааж, нотариатаар, гэрээслэл хийсэн газар нотариат байхгүй бол баг, сумын Засаг даргаар гэрчлүүлнэ” гэж, 523.3-т “Энэ хуулийн ...523.1-д заасан шаардлагыг хангаагүй гэрээслэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан бөгөөд маргаан бүхий гэрээслэл нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

7.Нотариатын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Нотариатч гэрээслэлийг гэрчлэхдээ дараах баримт бичгийг үндэслэнэ: 40.1.1.гэрээслэл үйлдэх үед гэрээслэгч нь өөрийн үйлдлийг бүрэн ойлгох чадвартай гэдгийг нотолсон мэргэжлийн эмчийн магадлагаа; 40.1.2.гэрээслэж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрх нь гэрээслэгчийн өмч болохыг нотолсон баримт” гэж зааснаар нотариатч нь гэрээслэлийг гэрчлэхдээ дээрх байдлуудыг үндэслэжээ.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн сэтгэцийн эмч Б. ...Ж. нь сэтгэцийн эмчийн үзлэгээр эрүүл болохыг тодорхойлов... гэх тодорхойлолт, Дархан сумын 16 дугаар багийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2115 дугаартай ...тус багийн ******* тоотод Ж. нь хүү Ш., Ш., Ш. нарын хамт оршин суудаг болохыг тодорхойлов... гэх тодорхойлолт, мөн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 000311227 гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн, нотариатчаас гэрээслэл гэрчлүүлж байгаа үеийн байдал, гэрээслэлийн зүйлийг гэрэл зургаар бэхжүүлж, яагаад гэрээслэл үйлдэх болсон талаар холбогдох тэмдэглэлийг мөн үйлджээ.

8.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд ...тухайн орон сууц нь миний эцэг, эхийн гал голомт учир үр хүүхдүүдэд нь өвлөгдөх ёстой, манай дүү Ш.******* нь эхнэрээсээ салаад орох оронгүй явж байгаа, нотариатч Д. нь ээжийг маань амьд сэрүүн байхад гэрээслэлийг үзүүлээгүй, ийм учиртай гэрээслэл, өвлөх эрхийн гэрчилгээ гарсан талаар үр хүүхдүүдэд нь мэдэгдээгүй. Одоо О.******* нь тухайн байрыг зарах гэж байна. Тухайн гэрээслэл дээрх гарын үсэг, бичвэр зэрэг нь ээж Ж.гийн гарын үсэг биш.. гэж маргасан.

2011 онд батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 6.14 дүгээр зүйлд “Нотариатч нь өв нээгдсэн үед гэрээслэлийг албан ёсоор задалж, гэрээслэлээр өв залгамжлагчид танилцуулахдаа гэрээслэгчийн нас барсны гэрчилгээ, эсхүл энэ тухай лавлагааг үндэслэн гүйцэтгэнэ” гэж зааснаар нотариатч нь гэрээслэлийг өв нээгдсэн үед буюу өвлүүлэгч нас барснаар задалж, гэрээслэлээр өв залгамжилсан этгээдэд танилцуулах үүрэгтэй байх ба үүнийг бусад этгээдэд мэдэгдэх үүрэгтэй гэж үзэх боломжгүй юм.

Мөн тухайн маргаан бүхий орон сууц нь 5 иргэний дундын өмчлөлийн орон сууц бөгөөд нэхэмжлэгч Ш.******* нь өөрөө тус орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байх ба хариуцагч О.******* нь тухайн орон сууцыг дангаараа захиран зарцуулж, зарах гэж байна гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гэрээслэл гэх бичвэр, гэрээслэл дээр зурагдсан гарын үсэг зэрэг нь ээж Ж.гийнх биш, ээж маань бичиг үсэг огт мэдэхгүй гэж маргах боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр дээрх баримтууд дээрх бичвэр, гарын үсэг нь гэрээслэгч Ж.гийнх мөн эсэх дээр шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шинжээчээс шинжилгээний баримт дутуу үндэслэлээр дүгнэлт гаргахгүй буцаасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд уг хүсэлтээсээ татгалзсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар шүүхээс хэргийн оролцогч нарын хүсэлтээр буюу хариуцагчийн хүсэлтээр гэрч Р.Сарантуяа, нэхэмжлэгч талын хүсэлтээр Г.Ариунцэцэг нараас мэдүүлэг авч, нотлох баримтаар бүрдүүлсэн боловч гэрчүүд хэн аль нь гэрээслэлийг гэрчлүүлэх үед хамт явсан гэж тайлбарлаж, тухайн нөхцөл байдлын талаар буюу нэг үйл явдлын талаар мэдүүлэг өгсөн боловч тэдний мэдүүлэг хоорондоо зөрүүтэйгээс шүүх үнэлээгүй болно.

Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр гэрээслэл гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

9.Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.3-т “Гэрээслэгч бүх эд хөрөнгөө хууль ёсны өмчлөгч бус этгээдэд гэрээслэх тохиолдолд өвлүүлэгчийн насанд хүрээгүй буюу хөдөлмөрийн чадваргүй, түүнчлэн түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй нөхөр /эхнэр/, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, хууль ёсны бусад өвлөгчдөд хуульд зааснаар өвлүүлбэл зохих хөрөнгийн хоёрны нэгээс багагүй хэсгийг заавал өвлүүлнэ. Ийнхүү заавал өвлүүлэх хэсгийн хэмжээг тодорхойлохдоо хуваарьт болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн өвлүүлэгчид оногдох хэсгийг оролцуулан тооцно” гэж заасан.  

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, хэрэв эдгээр өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ нар нь хууль ёсны өвлөгч байх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй талаар хуульчилжээ.

Дээрх хуульд зааснаар хариуцагч О.******* нь нас барагчийн зээ охин байх бөгөөд гэрээслэлээр өвлүүлсэн хөрөнгө нь хууль ёсны өвлөгч этгээдэд өвлүүлэгдсэн байх учир нэхэмжлэгч Ш.*******ыг Ж.д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

10.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 522 дугаар зүйлийн 522.1, 522.3-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ш.*******ын хариуцагч О.*******, Д. нарт холбогдуулан гаргасан гэрээслэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН