| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2205000002539 |
| Дугаар | 2023/ДШМ/711 |
| Огноо | 2023-07-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Ш.Анужин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2023/ДШМ/711
Б.Н, Т.П нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ш.Анужин,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/392 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.М давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Б.Н, Т.П нарт холбогдох 2205000002539 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
2. тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Winsway шөнийн цэнгээний газрын гадна Ж.Отай төлбөр тооцоо хийхтэй холбоотойгоор маргалдаж улмаар түүний нүүр болон биеийн бусад хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Н, Т.П нар нь бүлэглэж 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Winsway шөнийн цэнгээний газрын үүдэнд “танай шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байгаад хүнд доромжлууллаа, энэ асуудлыг шийдэж өгөхөөс нааш тооцоог чинь хийхгүй” гэж хэллээ гэсэн шалтгаанаар хохирогч Б.Мтой маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь тус бүр нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Т.Пн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Нн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Т.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялуудыг нэмж нэгтгэн 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тэднийг цагдан хоригдсон хугацаагүй, Ж.Оад төлөх төлбөргүйг дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Т.П, Б.Н нараас тус бүр 120,000 төгрөг гаргуулж Б.Мт олгож, Б.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Б.М давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс эмнэлэгт хэвтэн эмлүүлсэн зардлыг гаргах боломжгүй гэж үзсэн. Мөрдөгчид эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримтыг бүрэн өгсөн. Шаардлагатай гэж үзвэл хэвтэн эмчлүүлсэн эмнэлгээс баримтыг дахин авч болно.
Шүүгдэгч Б.Н, Т.П нарт өгсөн ялыг эсэргүүцэж байна. Хүний биед хүнд хохирол учруулан хагалгаанд орох хэмжээний гэмтэл учруулсан байтал хөнгөн ял шийтгэсэнд гомдолтой байна...” гэжээ.
Прокурор Ш.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол төлбөрт нийт 6,455,070 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад улсын яллагчийн зүгээс хохирогч Б.Мт шууд учирсан хохирлыг 1,340,470 төгрөг гэж үзсэн бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Б.Н, Т.П нараас хувь тэнцүүлэн гаргуулах, үлдэгдэл 5,114,600 төгрөг болон ажилгүй байх хугацааны цалин хөлсийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналыг гаргасан. Анхан шатны шүүхээс хохирогч Б.Мийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тооцохдоо түүний томографит харуулсан рентгений зураг, чих, хамар, нүдний эмчид үзүүлсэн баримтыг үндэслэж 240.000 төгрөгөөр тогтоож уг зардлыг шүүгдэгч Б.Н, Т.П нараас хувь тэнцүүлэн гаргахаар шийдвэрлэсэн. Харин хохирогч Б.Мийн “Гранд Мед” эмнэлэгт хагалгаанд орж, хэвтэн эмчлүүлсэн баримтуудыг өвчний түүх байхгүй тул уг гэмт хэргийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх хохирогч Б.Мт цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Мөн хохирогч Б.М давж заалдах гомдолдоо “анхан шатны шүүх шүүгдэгч нарт хэт хөнгөн ял шийтгэл оногдуулсан” гэж дурдсан байна. Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Н, Т.П нарт холбогдох 2205000002539 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Winsway шөнийн цэнгээний газрын гадна Ж.Отай төлбөр тооцоо хийхтэй холбоотойгоор маргалдаж улмаар түүний нүүр болон биеийн бусад хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Н, Т.П нар нь бүлэглэж 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Winsway шөнийн цэнгээний газрын үүдэнд “танай шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байгаад хүнд доромжлууллаа, энэ асуудлыг шийдэж өгөхөөс нааш тооцоог чинь хийхгүй” гэж хэллээ гэсэн шалтгаанаар хохирогч Б.Мтой маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь тус бүр нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
камерын бичлэг: “...Бичлэг эхлэхэд дэлгэцийн гол хэсэгт 5 эрэгтэй хүн зогсож байх ба гол хэсэг нь нуруун дээрээ дүрс бүхий хар өнгийн фудволктой, цагаан өнгийн гуталтай эрэгтэй, хар өнгийн фудволктой залуу хоёр өөд өөдөөсөө хараад зогсож байна. Бичлэгийн 00:56 цагт хар өнгийн фудволктой залуу нуруун дээрээ зурагтай хар өнгийн фудволк цагаан өнгийн гуталтай залууг түлхэж байх ба нуруун дээрээ зурагтай хар өнгийн фудволктой залуу хар өнгийн фудволктой залуу баруун гараараа хар өнгийн фудволктой залууг цохих үед хар өнгийн фудволк өмссөн залуу нуруун дээрээ зурагтай хар өнгийн фудволк цагаан гуталтай залуугийн нүүрний зүүн хэсэг рүү нэг удаа цохиж байгаа бичлэг байна. Ханан талд зогсож байсан 3 эрэгтэй хүн салгах үед ханан талд зогсож байгаа хар өнгийн хүрэм өмссөн залуу нуруун дээрээ зурагтай хар өнгийн фудволк цагаан өнгийн гуталтай залуугийн зүүн талаас толгой хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохиж байна. ... 2 дахь бичлэгийг тоглуулахад өмнөх камерын бичлэгийн эсрэг талаас бичсэн бичлэг байх ба бичлэгийн 00:53 цагт хар өнгийн фудволктой залуу нуруун дээрээ зурагтай хар өнгийн фудволктой цагаан өнгийн гуталтай залууг баруун гараараа цохиж байгаа нь харагдаж байна. ...” /хх-ийн 124-126/,
хохирогч Ж.Оын “...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Winsway нэртэй караокед 3 найзын хамт орж үйлчлүүлж байгаад 04 цагийн үед гарахаар болж тооцоо хийх гээд тухайн караокены подваль хэсэгт гар утсаараа интернэт банк ашиглах гэсэн боловч болж өгөхгүй байсан юм. Энэ үед шөнийн цэнгээний газрын зохион байгуулагч хамгаалагч нартай маргалдаж зохион байгуулагч гэх шар залуу миний зүүн хацар, хамар хэсэгт 2 удаа гараараа цохиж хамраас цус гарсан. Цусаа хараад миний уур хүрч дайрахад дахин миний хамар руу цохиж би газар унасан. Тэр үед нэлээд олон удаа өшиглөсөн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/,
хохирогч Б.Мийн “...Би 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хороололд Winsway нэртэй ресторанд ороод ...зөөгчийг нь дуудаад би зүгээр танайд үйлчлүүлж байгаад хүнд доромжлууллаа, та нар арга хэмжээ авч өгсөнгүй, та нар миний бусдад доромжлуулсан асуудлыг хэрхэн шийдэх вэ, би шийдэж өгсний дараа тооцоогоо хийнэ гэдгээ хэлсэн. Тэгээд бид нарын хооронд маргаан үүссэн. Гэтэл хамгаалагч гэх залуу гараад ир гээд намайг дуудсан. Намайг гадагшаа гарахад 4-5 залуу гадаа зогсож байсан. Намайг тооцоогоо хий гээд дүү бид хоёр руу дайраад бид хоёрын биед халдаж, намайг боож газар унагаасан. Би нэг залуутай нь маргалдаад нэг удаа цохиход тухайн залуу миний нүүрэн тус газар цохисон. Гэтэл хажуу талд байсан залуучууд салгаад дүү бид хоёрыг зодоод байсан. Би 9 дүгээр сарын 21-ний өдөр Гранд мед эмнэлэгт хэвтээд нүдний ухархай цөмөрсөн ясанд имплант суулгах болон хамрын яс тэгшлэх хагалгаанд орсон. ...” /хх-ийн 74-75/, “...Хуулбарлаж авсан камерын бичлэгийг үзэхэд миний өөдөөс хараад зогсож байсан хар өнгийн фудволктой залуу эхлээд миний зүүн нүдний хэсэгт гараараа нэг удаа цохисон. Мөн хажуу талд нь байсан зохион байгуулагч гэх залуу мөн зүүн шанаа нүдний хэсэгт нэг удаа цохисон. Миний биед учирсан гэмтлийг хамгаалагч гэх хар өнгийн фудволктой залуу, зохион байгуулагч гэх залуу нар учруулсан. Би баримттай хохирлоо нэхэмжилж байгаа. ...” /хх-ийн 78/,
гэрч Б.Б-ийн “...шөнийн цэнгээний зохион байгуулагч гэх шар залуу манай найз О-ыг цохиж байсан. Шар залуутай хамт 4-5 хүн байсан. Манай хоёр найз хоёулаа газар унасан байдалтай байсан. Найзууд дээрээ очоод О-ыг босгож ирэх үед шөнийн цэнгээний газрын зохион байгуулагч гэх шар залуу О-ын шанаа хэсэгт гараараа цохисон. Би боль гэж хэлээд салгах гэхэд дахин барилцаж аваад миний үгэнд орохгүй байхаар нь би цагдаа дуудсан юм...” /хх-ийн 17-18/,
гэрч Б.М-ын “...Манай ах М-г зохион байгуулагчаа дууд гэж зөөгчид нь хэлсэн. Тэгсэн чинь хамгаалагч нар гаднаас орж ирээд гараад ирээ гээд дуудаж гаргаж ирээд бүлэглэн зодсон. ...” /хх-ийн 64-65/, “...Гадаа гараад байж байгаад тухайн залуучууд манай ахыг цохиж гэмтэл учруулсан. Би яг хэн нь цохисон гэдгийг мэдэхгүй байна. ...” /хх-ийн 88-89/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14729 дугаартай: “...1. Ж.Оын биед зүүн хоншоорын хөндийн гадна хажуу ханын хугарал, зүүн хацар ясны нумны зөрөөгүй хугарал, хамрын ясны зөрөөгүй хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны уг, зүүн дээд, доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх-ийн 20-21/, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 12804 дугаартай: “...1. Б.Мийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун мөр, хамар, эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шинэ гэмтэл байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх-ийн 93-94/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,
шинжээч Ө.Сарангэрэлийн “...Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Гэмтлүүд нь олон тооны гэмтэл байсан учраас олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж бичсэн байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 100/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Н, Т.П нарын бүлэглэн “Winsway шөнийн цэнгээний газрын үүдэнд “танай шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байгаад хүнд доромжлууллаа, энэ асуудлыг шийдэж өгөхөөс нааш тооцоог чинь хийхгүй” гэж хэллээ гэсэн шалтгаанаар хохирогч Б.Мтой маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь тус бүр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар /бүлэглэж/ үйлдсэн” гэсэн гэмт хэргийн шинжийг,
шүүгдэгч Б.Нн “...”Winsway” шөнийн цэнгээний газрын гадна Ж.Отай төлбөр тооцоо хийхтэй холбоотойгоор маргалдаж улмаар түүний нүүр болон биеийн бусад хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан байна.
Анхан шатны шүүхийн Б.Н, Т.П нарын үйлдлийг зүйлчилсэн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, шүүгдэгч Т.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний дотор гэм бурууд нь тохируулан торгох ял тус тус оногдуулсан байх ба энэ нь Б.Н, Т.П нарын үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын байдал, тэдгээрийн хувийн байдал зэрэгт тус тус тохирсон.
Түүнчлэн оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Иймд хохирогч Б.Мийн гаргасан давж заалдах гомдлын “хөнгөн ял шийтгэсэнд гомдолтой байна” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин түүний гаргасан давж заалдах гомдлын “...эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлыг гаргуулах” агуулга бүхий хэсгийг хүлээн авч, шүүгдэгч нараас гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал, шүүгдэгч Б.Н, Т.П нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Мийн биед учирсан гэмтлийн эмчилгээ, эдгэрэлтийн явцад гарсан нийт зардал нь 1,340,400 төгрөг болсон байх бөгөөд хохирлын баримтууд /хх-ийн 156-162/ хавтаст хэрэгт авагдсан байтал анхан шатны шүүх хохирлыг буруу тооцож шийдвэрлэсэн байна.
Иймд шүүгдэгч Б.Н, Т.П нараас тус бүр 670.200 төгрөгийг гаргуулж нийт 1,340,400 төгрөгийг хохирогч Б.Мт олгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/392 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Т.П, Б.Н нараас тус бүр 120,000 төгрөг гаргуулж Б.Мт олгож, ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Т.П, Б.Н нараас тус бүр 670,200 төгрөг гаргуулж нийт 1,340,400 төгрөгийг Б.Мт олгож, ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Б.Мийн гаргасан давж заалдах гомдлын “...хөнгөн ял шийтгэсэн...” гэсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ