| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 003/2013/0008/З |
| Дугаар | 111/ШШ2013/0016 |
| Огноо | 2013-10-17 |
| Маргааны төрөл | Тендер, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2013 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 111/ШШ2013/0016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааныг Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн шүүгч Б.Сугар, Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Ц.Сувдмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар “Монфа трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох, “Тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгох, аймгийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1а/180 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийн “Цомбо” ХХК-тай 5-р багцад, “Тавин-Ус” ХХК-тай 6-р багцад гэрээ байгуулах эрх олгосон заалтыг хүчингүй болгож, “Монфа трейд” ХХК-тай дээрх багцуудад гэрээ хийхийг даалгаж өгөх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Монфа трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндээхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн, хариуцагч аймгийн Засаг даргын өмгөөлөгч П.Өлзийбаяр, хамтран хариуцагч аймгийн Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амараа, О.Жаргалмаа, гуравдагч этгээд “Цомбо” ХХК-ийн өмгөөлөгч Р.Уранцэцэг, иргэдийн төлөөлөгч Г.Ваанчиг, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Монфа трейд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх” БХ-2013/Эм-01 тоот нээлттэй тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны шийдвэр нь Зүрх судасны болон цусны даралт бууруулах, шээлгэх эмүүд нэртэй 5-р багцад, Даавар, дотоод шүүрэл, элэг цөс, ходоод гэдэс, нойр булчирхайн эмүүд нэртэй 6-р багцад шалгаруулалт хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.3, 28.7.4, 28.7.5 дугаар заалтуудыг илт зөрчиж гэрээ байгуулах эрхийг 5 дугаар багцад манай компаниас 2.838.600 төгрөгөөр их үнийн санал өгсөн “Цомбо” ХХК-д, 6-р багцад манай компаниас 8.443.800 төгрөгөөр их үнийн санал өгсөн “Тавин-Ус” ХХК-д олгосон байна. Нийт 11 сая гаруй төгрөгөөр хямд үнэ санал болгосон манай компанийг тендерийн үнэлгээний шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тендерээс хассаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Манай “Монфа трейд” ХХК нь Монгол Улсын стандарт шаардлагыг хангасан эм эмнэлгийн хэрэгслийг Олон улсад нэрд гарсан, шилдэг эмийн үйлдвэр, компаниудаас нийлүүлдэг, эрүүл мэндийг эрхэмлэн дээдэлж үйл ажиллагаа явуулдаг компани билээ. Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх БХ-2013/Эм-01 тоот тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.3, 28.7.4-д заасан шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх шалгуур нь “тендерийн үнэ” байна гэсэн шалгуурыг барилгүй өндөр үнэ санал болгосон компаниудыг сонгосон үйлдэл нь хуулиа зөрчсөн оролцогчдын тэгш байдлыг хангаагүй шударга бус явагдсан тендер гэж үзэж байна.
Энэхүү тендерийн талаарх гомдлоо 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханд хандан албан бичиг илгээсэн бөгөөд аймгийн Тендерийн үнэлгээний хорооны дарга О.Тойвгоогоос 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Тендерийн үнэлгээний хорооны мэдэгдлийн хариу гэж тодорхойгүй бүрхэг хариу өгсөн. Энэхүү мэдэгдэлд харьцуулах үнэлгээ 70 оноо, санхүүгийн үнэлгээ 10 оноо, чанарын үнэлгээ 2.7 оноо тавьсан бөгөөд “чанарын үзүүлэлт хангалтгүй, гарал үүсэл нь тодорхой бус эм нийлүүлэх магадлалтай” байна гэж үзсэн хариу ирсэн. Гэтэл манай компани сүүлийн хоёр жил Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газарт Даавар, дотоод шүүрэл, элэг, цөс, ходоод гэдэс, нойр булчирхайн эмүүд нэртэй 6 дугаар багцын эмүүдийг тендерийн гэрээний дагуу хангаж ирсэн бөгөөд харин ч чанар сайтай эмүүд байна гэж магтаж байсан. Иймээс энэхүү мэдэгдэл нь ташаа болсон байна.
Уг тендерийн 5, 6 дугаар багцад санал болгож байгаа эмүүд нь улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаатай эмүүд бөгөөд уг тендерийн материалын техникийн тодорхойлолтод эм тус бүрийн гарал үүслийг тодорхой бичсэн байгаа тул гарал үүсэл тодорхойгүй, чанарын баталгаагүй эм гэдэг нь худал юм. Тендерийн хариу мэдэгдэл нь шуудангаар дамжиж 5 хоногийн дараа ирсэн бөгөөд Сангийн яамны Худалдан Авах ажиллагааны бодлогын газрын дарга С.Хангайд 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 багт энэ талаарх гомдлоо өөрийн биеэр очиж танилцуулахад хугацаа шахуу тул шүүхэд хандах нь зүйтэй гэж амаар хариу өгсөн тул шүүхэд хандсан. Тендерт оролцогчийн санхүүгийн байдал, туршлага, үнийн санал гэсэн гурван гол үзүүлэлтийг баримталж манай улсад тендер зохион байгуулдаг зарчимтай. Үүний санхүүгийн байдал, тендерийн туршлагаар манай компани “Цомбо”, “Тавин-Ус” ХХК-иудаас огт дутахгүй бөгөөд харин ч илүү байгаа. Манай компани улсын төв эмнэлгүүдэд сүүлийн 10 жил дээр дурдсан гол эмүүдээр тендерт шалгарч нэг ч удаа гомдолгүйгээр хугацаанд нь бүрэн хангаж ирсэн. Тиймээс энэ удаагийн тендерт үнийн санал голлох ёстой болж байгаа болно. Эмийн хувьд 2012 оны Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдаж авах тендерийн жишиг баримт бичгийн 35.4.2- т чанарын үнэлгээг гаргах үзүүлэлтийг дурдсан байна.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын урьдчилсан баталгаажилт гэдэг нь UNISEF, Глобал сангаас ядуу буурай оронд сүрьеэ, хумхаа, ДОХ зэрэг халдварт өвчний эмийг үнэгүй тараахын тулд тендер зарлахдаа баримталдаг хамгийн доод шалгуур юм. Гэтэл манай Калбе үйлдвэр бол түүнээс хавьгүй дээгүүр Current GMP, Quality Management System EN 9001-2000 сертификат авсан байгаа. Гэтэл үнэлгээний хороо энэ үзүүлэлтээр манай компанийг 0 гэж үнэлсэн нь дэндүү хоцрогдсон, зориудын гэж болох үйлдэл юм. Мөн хатуу зохицуулалттай эрх бүхий гэрчилгээгээр манайхыг 0 гэж үнэлжээ. Энэ бол зөвхөн Европын холбоонд орсон орнуудад зориулагдсан бөгөөд Ази тивээс ганц Япон, Америк тивээс ганц АНУ орсон байдаг. Гэтэл тендерт шалгарсан “Цомбо”, “Тавин Ус” компаниуд нь ОХУ, Хятад улсаас эм импортолдог тул ийм гэрчилгээ байхгүй нь ойлгомжтой. Энэ мэтчилэнгээр чанарын үнэлгээг гаргахдаа зориудаар эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж илт буруу үнэлгээ хийсэн байгаа. Үүнийг нарийн шалгавал ашиг сонирхлын зөрчилд орсон байдал ч гарч ирж болохоор байна.
Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1 а/180 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийн “Цомбо” ХХК-тай байгуулсан гэрээний 5-р багцад холбогдох хэсгийг, “Тавин-Ус” ХХК-тай байгуулсан гэрээний 6-р багцад холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Монфа тоейд” ХХК-тай дээрх багцуудад гэрээ хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Монфа трейд” ХХК шаардлагаа ихэсгэсэн нэхэмжлэлдээ: “Хууль зөрчиж явуулсан Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан Эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн БХ-2013/Эм-01 тоот тендерийн 5, 6 дугаар багцад холбогдох Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүйд тооцож хамгийн хямд үнэ өгсөн манай компанид шилжүүлэн гэрээ хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндээхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Анх шүүхэд хандахдаа Тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 3 дугаар сарын 4- ний өдрийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгох, аймгийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1 а/180 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийн “Цомбо” ХХК-тай 5-р багцад, “Тавин-Ус” ХХК-тай 6-р багцад гэрээ байгуулах эрх олгосон заалтыг хүчингүй болгож “Монфа трейд” ХХК-тай дээрх багцуудад гэрээ хийхийг даалгаж өгөхийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Харин одоо аймгийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1 а/180 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийн “Цомбо” ХХК-тай 5-р багцад, “Тавин-Ус” ХХК-тай 6-р багцад гэрээ байгуулах эрх олгосон заалтыг хүчингүй болгож, “Монфа трейд” ХХК-тай дээрх багцуудад гэрээ хийхийг даалгаж өгөхийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Мөн “Тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгох” шаардлагаа “аймгийн Тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хуралдааны шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн болохыг тогтоолгох, мөн Баянхонгор аймгийн Тендерийн Үнэлгээний хороо цаашид тендерийг хуулийн дагуу явуулж байхыг даалгуулах” гэж өөрчилж байна.
Манай “Монфа трейд” ХХК тендерийн 5 ба 6 дугаар багцын материалыг бүрдүүлэхдээ 33 эмэнд баталгаажилт хийгдсэн тохирлын 7 удаагийн гэрчилгээний хуулбар болон тухайн багцад орсон эмийн улсын бүртгэлийн 18 гэрчилгээний хуулбар зэрэг чанарын баталгаажилтын баримт бичгүүдийг хавсаргасан. Тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хуралдааны шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн.
1-рт “Монфа трейд” ХХК нь 2013 онд Баянхонгор аймгийн тендерт оролцсон. Хавтаст хэргийн 73-р хуудсанд бүх оролцсон компаниудын үнийн саналаас харахад манайх 5, 6-р багцад хамгийн бага үнийн санал өгсөн. Тухайлбал, 6-р багцад “Тавин ус” ХХК-иас харахад 8.500.000 төгрөгөөр хямд үнийн санал, 5 дугаар багцад “Цомбо” ХХК-иас 3 сая төгрөгөөр хямд үнийн саналыг өгсөн. Үнийн тендерт бараа, ажил үйлчилгээ худалдан авах журмын дагуу нийлбэр оноогоороо хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн тендер” гэж тодорхойлогдсон. 75-р хуудсанд үнэлгээний оноо тавьж, үнэ, чанар, санхүү гэсэн үзүүлэлтүүдээр тус бүр оноо өгөөд нийлбэр дүнгээр оноог гаргахад 6-р багцад “Монфа трейд” ХХК 82,7, “Тавин ус” ХХК 70.7, 5-р багцад “Монфа трейд” ХХК 82,7 “Цомбо” ХХК 75.9 оноо авсан.
Тендерийн үнэлгээний хороогоор хамгийн сайн үнэлэгдсэн, хамгийн өндөр оноо авсан компани бол манайх юм. 63-р хуудсанд эм ханган нийлүүлэхээр оролцож байгаа байгууллагууд санхүүгийн аудит хийлгэсэн байх ёстой. Гэтэл “Тавин-Ус” ХХК нь 2010 оны санхүүгийн аудитыг хийлгээгүй гэсэн материал хавсаргагдсан. Аудит хийлгээгүй бол журмынхаа дагуу тендерт оролцохоос хасагдах ёстой байтал 63-р хуудсанд аудит байхгүй гэж үнэлсэн мөртлөө 8 сая төгрөгөөр илүү байхад “Тавин-Ус” ХХК-тай гэрээ байгуулж, шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн.
2-рт Аймгийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1 а/180 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэлд шалгарсан компаниудыг дурдсан байдаг. Хавтаст хэргийн 98-99-р хуудсанд Тендерийн үнэлгээний хорооны дүрэм авагдсан. Уг дүрэмд шалгарсан компаниудыг вэб сайтад 5 хоногийн турш байрлуулж, энэ хугацаанд ямар нэгэн гомдол гараагүй бол тухайн компанитай гэрээ байгуулахаар заасныг зөрчиж, зориуд сайтдаа байрлуулахгүй, 1 хоногийн дотор нууцаар гэрээ хийсэн.
Аймгийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1 а/180 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай албан тоот гарангуут маргааш буюу 13-ны өдөр “Цомбо” ХХК, “Тавин ус” ХХК-иудтай яаравчлан гэрээ байгуулсан. Энэ нь 133, 135-р хуудсанд байгаа. “Монфа трейд” ХХК-д тендерт шалгараагүй гэсэн бичгээ /151-р хуудас/ 2013.03.16-ны өдөр буюу хагас сайн өдөр Баянхонгор аймгийн шууданд хийсэн, улмаар 18-ны орой бид нар хүлээж авсан нь дугтуйнаас харагддаг. Зүй нь Засаг даргын захирамж 12-нд гарсан даруй бидэнд мэдэгдэх байсан. Энэ олон хоног шууданд хийхгүй, хэний цүнхэнд яваад байсан нь сонирхолтой санагдаад байна. Оролцогчдод журмынхаа дагуу тараагдах ёстой. Иймээс тендер явуулах журам болон хуулийг зөрчсөн.
3-рт, Хэргийн материалд авагдсан Тендерийн үнэлгээний хорооны протоколуудыг уншсан. Тэгэхэд Засаг дарга та нар сайн үнэл, харин “Зи ая” ХХК нь уул уурхайн тоног төхөөрөмж оруулдаг учраас хассан нь зүгээр байх гэж хэлсэн, өөр зүйлийг хэлээгүй байдаг. Гэтэл мэргэжлийн хүн болох Н.Амараа бол чанарын үнэлгээг гол болгохгүй, уул уурхайн тоног төхөөрөмж оруулдаг компанийг оруулсан, хамгийн бага үнэлгээ авсан компанид өгсөн, аудит хийлгээгүй компанийг хасаагүй өгсөн зэрэг асуудлууд гарч байгаа. Тендерийн үнэлгээний хорооны бусад гишүүд нь мэргэжлийн хүн гэж Н.Амараагийн үгийг л харсан байгаа нь Тендерийн үнэлгээний зарчмыг зөрчиж байна. Н.Амараа болон мэдэгдлийг олон хоног шууданд хийлгүй хугацаа алдсан хүн хэн болохыг тогтоож хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Аймгийн Тендерийн үнэлгээний хороо нь 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн шийдвэрийг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж заасныг зөрчсөн. Хавтаст хэргийн 81-р хуудсанд тендерт шалгаруулалтын журмыг хавсаргасан. Хариуцагч тайлбарлахдаа хуулийн болон журмын дагуу хийсэн гэдэг. Уг журамд Монгол Улсад үйлдвэрлэгдсэн барааг илүүд үнэлсэн гэж ярьсан. Гэтэл үнэлгээний хорооны нэмэлт шалгаруулалт, үзүүлэлт нь захиалагч хамгийн сайн тендер шалгаруулахад мөрдөхөөр заасан. Хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасан. Хууль болон журмыг баримталсан бол нэхэмжлэгч яагаад гомдол гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаад гомдолтой байна.
Учир нь, өөрсдийнх нь үнэлгээгээр чанар муу гэж авагдсан нотлох баримт хэрэгт байгаа болохоос биш Мэргэжлийн хяналтын газрын үнэлгээ авагдаагүй байдаг. Мөн шинжээч томилуулж дүгнэлт гаргаж, өнөөдрийн шүүх хуралдаанд нотлоогүй ‘учраас чанартай эм сонгосон гэж үзэх үндэслэлгүй байна. Гэрээг 7 хоногийн дотор хийсэн гэж байна. Гэтэл хавтаст хэргийн 133-135-р хуудсанд тамга, тэмдэг дарсан гэрээ авагдсан байгаа. Чанарыг үнэхээр харсан бол 75-р хуудсанд байгаа жагсаалтыг харах, 5-р багцад “Монос” ХХК 4.1 оноог авсан байтал яагаад түүнийг шалгаруулаагүй юм вэ.
Чанарыг эрхэмлэж байгаа бол “Монос” ХХК-ийг шалгаруулах байсан. Хурлын тэмдэглэл дээр “Монфа трейд” ХХК яагаад шалгаруулаагүй талаар хариу мэдэгдэх хуудсанд гарал үүсэл нь тодорхойгүй, бараа материалыг нийлүүлэх гээд байна гэсэн. Эмийн бараа бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хамрагддаг, хилээр орж ирэхдээ хаанаас ямар материал яаж орж ирэх талаар гаалийн бичиг баримт бүрдүүлдэг. Монгол Улсын эмийн чанарын тохирлын гэрчилгээ байдаг. Энэ асуудлаар маргаж байгаа учраас Эрүүл мэндийн яаманд тохирлыг дахин юугаар хийх талаар яригдаж байгаа. Чанарын гэрчилгээний гол үзүүлэлт бол тохирлын гэрчилгээ учраас хавтаст хэрэгт канондуулж хийлгэх хүсэлт гаргасан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно” гэж заасныг зөрчсөн. Мөн 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ заасан. Давуу эрхийг олгосон гэж яриад байгаа боловч хариуцагчийн гаргаж өгсөн тендерийн журамд Монгол улсад үйлдвэрлэсэн бол давуу эрхийг олгоно гэсэн тайлбар байхгүй. Хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэснийг зөрчсөн нь хавтаст хэргийн 75-р хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байгаа гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Н.Амараа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2013 оны тендерийн нэг онцлог нь хямд үнийг биш, чанарыг эрхэмлэнэ гэж хуулинд өөрчлөлт орсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д “эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер” гэж заасан учраас чанарыг авч үзсэн. Мөн Сангийн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 194 тушаалаар Эм импексийн жишиг баримт бичгийн 45-ийн 4-т чанарын үнэлгээг 6 үзүүлэлтээр үнэлэхээр заагдсан. Энэ үнэлгээнд “Монфа трейд” ХХК-ийн 17 ширхэг сертификат байгаа. Үүнээс 6-р багцад 2, 5-р багцад 1 сертификат, бусад нь тухайн багцынхаа эм тус бүрт шаардлага хангахгүй байсан.
“Монфа трейд” ХХК нь 2010, 2011, 2012 оны тендерт ялж, эм ханган нийлүүлж байсан боловч зарим индонезийн эм нь чанарын шаардлага хангахгүй, эрүүл мэндийн даатгалын жороор үйлчлэхэд хүндрэлтэй, чанарын шинжилгээнүүд байхгүй байсан. 2013 онд чанарыг онцолсон бөгөөд нэхэмжлэгчийн сертификат, тохирлын гэрчилгээнүүд нь дутуу, үүнээс гадна импортын лиценз, эмийн бүртгэл, бусад харгалзах зүйлүүдийг авч үзсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12, Засгийн газрын 2011 оны Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах арга хэмжээний 103 дугаар тогтоолыг үндэслэн Монгол улсад эм үйлдвэрлэх “Цомбо”, “Тавин-Ус” ХХК-иудад давуу эрх олгосон.
Тендерийн үнэлгээний хороо нь 7 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд эмч, эм зүйч, нягтлан бодогч мэргэжлийн хүмүүс байдаг. Нягтлан бодогч санхүүгийн тайлан, аудитын үнэлгээг хийсэн. Бусад нь чанарын шинжилгээнд үнэлгээ хийж, багц тус бүрт нь яаж тоолж, компаниудыг харьцуулсан зэрэг бүх баримт нь эх хувиараа байгаа. Аймгийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн албан албан тоот гараад тухайн өдрөө “Цомбо”, “Тавин-Ус” ХХК-иудтай гэрээ хийгдээгүй, нэгдсэн эмнэлгээс дарга, эм зүйч Буяннэмэх, эрүүл мэндийн газраас нягтлан бодогч н.Тунгалаг нар явсан бөгөөд 7 хоногийн дараа гэрээ хийгдсэн. Би яваагүй, нэгдсэн тендер зарлачихаад сум, нэгдсэн эмнэлгээр нь салгаж гэрээ хийсэн байгаа гэв.
Хариуцагчийн төлөөлөгч О.Жаргалмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2013 оны тендерийн нэг онцлог нь үнийг биш чанарыг эрхэмлэн Тендерийн хуульд өөрчлөлт орсон. Төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах тухай авахад чанар ба үнэлгээний өндөр оноо бүхий тендерийг хамгийн сайн тендер гэж үзэж чанарыг авч үзсэн. Сангийн сайдын 2012 оны 9 дүгээр сарын 194 дүгээр тушаалд Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тухай тендерийн жишиг баримт бичгийн 35.4-т чанарын үнэлгээг 6 үзүүлэлтээр үнэлэхээр заагдсан. Үүнээс гадна импортын лиценз, тохирлын гэрчилгээ, эмийн бүртгэл бусад харгалзах бүх баримт бичгийг авч үзсэн. Бид нар 5, 6-р багцын эм тус бүрт нь тохирлын гэрчилгээг нь тулгаж үзсэн.
Тэгэхэд “Цомбо” ХХК-д 29-33, “Монфа трейд” ХХК-д 4 гарч ирсэн. Бүрэлдэхүүнээрээ ярилцаж байгаад нэг бүрчлэн хүн хүнээрээ дамжуулан шалгуулсан. 33 нэр төрлийн эмийн тохирлын гэрчилгээ байгаа тохиолдолд шалгаруулахаас нотлох баримтгүйгээр шалгаруулж болохгүй. Иймд тендерийн журмын дагуу үйл ажиллагаа явуулсан. Төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Засгийн газрын 2011 оны Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай 103 дугаар тогтоолыг үндэслэн дотоодын давуу эрхийг авч үзсэн. Монголд эм үйлдвэрлэдэг компаниудыг давуу эрхтэй оруулсан. “Цомбо” ХХК нь дивозалыг өөрөө үйлдвэрлэж, нийлүүлдэг учраас багаараа шийдвэр гаргаж шалгаруулсан” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:
Тухайн захиргааны хэрэгт холбогдох эм, эмийн бүтээгдэхүүн худалдан авахдаа дараах үйл ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 35 дугаар захирамжаар Тендерийн үнэлгээний хороог байгуулсан. Уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасны дагуу үнэлгээний хороо нь хууль болон жишиг баримт бичгийн дагуу тендерийг сонгон шалгаруулсан. Дээрх хуульд тендертэй холбоотой нарийвчилсан журмууд байхгүй учраас 11 сард Сангийн яамнаас явуулсан эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах талаарх сургалтад зөвлөмж гаргаад, журам болон жишиг баримт бичгийн дагуу чанарыг голчлон авч үзсэн.
Нэхэмжлэгчийн тайлбарт хэлсэн үнэлгээний оноо хавтаст хэрэгт байгаа. 5, 6-р багцад үнэлгээний хороо оноог яаж авч үзсэн бэ гэхээр 82.7, 70 авсан гэж байна. Яагаад чанарыг гол үзүүлэлт болгосон гэхээр 5-р багцад “Тавин-Ус” ХХК нь 4, “Монфа трейд” ХХК нь 2.7, “Цомбо” ХХК нь 4.3 оноо авсан. Хатуу зохицуулалттай, чөлөөт худалдааны гэрчилгээ, тохирлын гэрчилгээ зэрэг тендерт өгсөн баримтуудыг үзэж гаргасан. 6-р багцад “Тавин-Ус” ХХК нь 4, “Монфа трейд” ХХК нь 2.7 оноо авсан. Нэхэмжлэгч чанарын үзүүлэлтээр илт дутуу байсан учраас нөгөө хоёр компанийг сонгосон. Багц тус бүрт үнэлгээний чанарыг хангасан хамгийн сайн тендер шалгаруулахаар заасан бөгөөд Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан үнэлгээний хорооны 7 гишүүн ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн мэдүүлгийг бөглөсөн учраас ямар нэгэн хувийн ашиг сонирхолгүй, хууль зөрчөөгүй, хэн нэгний нөлөөнд ороогүй.
2013 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн хурал болж, тендерийн баримт бичигт заасны дагуу үнэлгээг гаргаж, шалгаруулсны дараа аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүлсэн. Улмаар Засаг дарга тендерт шалгарсан компаниудтай гэрээ байгуулахыг даалгасны дагуу эндээс хүмүүс хот руу явах гээд 2-3 хоног болж, очсоны дараа гэрээ нь байгуулагдсан. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар гомдол гараагүй. Харин 18-ны өдөр гомдол гарсан байдаг. Энэ талаар захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тогтоол гарсан. Иймээс Тендерийн үнэлгээний хорооны үйл ажиллагаа болон тендер нь хууль бус болсон гэж хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй, хуулийн дагуу явагдсан” гэв.
Гуравдагч этгээд “Цомбо” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Манай компани Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх БХ-2013/Эм-01 тоот нээлттэй тендерт оролцож тендерийн хуулийн дагуу бүх бичиг баримтыг нь бүрдүүлж хуулийн хугацаанд тендерийн материалыг Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн. 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны шийдвэрээр тус компанийг 5 дугаар багц зүрх судасны болон цусны даралт бууруулах, шээлгэх эмүүд, 8 дугаар багц Амин дэм эрдэс бодисууд зэрэг багцуудад шалгаруулан гэрээ хийх мэдэгдэл ирүүлсний дагуу гэрээ хийгдсэн болно.
2013 оноос Эм эмнэлгийн хэрэгслийн тендер шалгаруулахад зөвхөн хямд үнээс гадна чанар болон байгууллагын туршлага, хүчин чадал зэрэг олон үзүүлэлтийг харгалзан дүгнэх тусгай журам гарсан бөгөөд тендерийн үнэлгээний хороо уг журмын дагуу шалгаруулалтыг явуулсан гэж үзэж байна. “Монфа трейд“ ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаандаа 6 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газарт өөрийн компанийн үйл ажиллагааг сурталчлах семинар зохион байгуулж, эмч, эм зүйч нарт манай компанийг гүтгэн нэр хүндэд халдсан зохисгүй үйл ажиллагаа явуулсан мэдээлэл манай ирсэн.
Тус компанийн зөвлөх гэх Д.Цэндээхүү нь Эрүүл мэндийн яамны сайдын зөвлөлд байдаг, эм зүйн шинжлэх ухааны доктор гэх мэтээр өөрийгөө танилцуулж, өөрийн нэр хүнд албан тушаалаа ашиглан хувийн ашиг сонирхолд хөтлөгдөн бусад өрсөлдөгч компаниудын нэр хүндэд харшилсан хууль бус үйлдэл хийж байгаад харамсаж байна. Манай компани Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын тендерийн хорооны гишүүдтэй ашиг сонирхлын холбоо байхгүй болохыг мэдэгдэж байна. Гэрээ байгуулснаас хойш 2013 оны 10 оны 15-ны байдлаар 64243776 төгрөгийн эм нийлүүлж хуулийн хүрээнд хийгдсэн гэрээний дагуу манай компани гэрээний үүргээ 96 хувь биелүүлсэн” гэжээ.
Гуравдагч этгээд “Цомбо” ХХК-ийн өмгөөлөгч Р.Уранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Монфа трейд” ХХК нь тендерийн 5-р багцад ирүүлсэн эмийн жагсаалтад тус багцад заасан нийт 33 эмнээс зөвхөн зургаан ширхэг эмний гарал үүсэл тодорхой бусад эмний хувьд чанарын гэрчилгээ, тохирлын гэрчилгээ байхгүй байсан нь энэ чиглэлийн эмүүдийн нийлүүлэх эрхгүй гэж үзэх үндсэн шалтгаан болсон. Тендерийн жишиг баримт бичигт заасан гол шалгуур болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын урьдчилан баталгаажуулалт, эм, эмнэлгийн хэрэгсэл нь хатуу зохицуулалттай орны эрх бүхий байгууллагын гэрчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслийн чөлөөт худалдааны гэрчилгээ зэрэг баримт бичгийг ирүүлээгүй байна.
Тендерийн үнэлгээний хороо хууль, тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрээ гаргасан, уг 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн шийдвэр нь ямар нэгэн журам зөрчөөгүй байхад Захиргааны хэргийн шүүхээс уг шийдвэрийг хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй. Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр нэгэнт гарсан байхад захиалагч болох Засаг дарга нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 46.1.3-д заасан бүрэн эрхийн хүрээнд хуулиар хүлээсэн үүргийн дагуу тухайн шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэрийн хүрээнд Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг гэрээ байгуулж манай үйлчлүүлэгч “Цомбо” ХХК нь гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасны дагуу эмээ нийлүүлж үүргээ гүйцэтгэж байгаа.
Цомбо” ХХК нь өөрийн хүчин чадлаар Дибазол, Фуросемид, Аскорбины хүчил, Никотины хүчил, Витамин В1, В6, В12, Викасол, Алое, Эуффилин, Глюкоз, Димедрол, Кальций глюконат, Кальцийн хлорид зэрэг эмүүдийг өөрийн хүчин чадлаар үйлдвэрлэдэг. Энэ нь тендерийн урилгад заасан Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд 10%-ийн давуу эрхийн зөрүү тооцох шаардлагыг хангаж байгаа болно. Мөн бүх эмэндээ эмийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй энэ нь тендерийн баримт бичигт дурьдсан 30 гаруй гэрчилгээгээр нотлогдоно. Гэтэл нэхэмжлэгч тал манай энэ байдлыг үгүйсгэж “ хоёрхон эм үйлдвэрлэдэг” гэх мэтээр зориуд өөрийн дүгнэлтээр дүгнэсэн нь өрөөсгөл байна.
Гэрээ байгуулснаас хойш 2013 оны 10 дугаар сарын 15-ны байдлаар 64243776 төгрөгийн эм нийлүүлж хуулийн хүрээнд хийгдсэн гэрээний дагуу манай компани гэрээний үүргээ 96 хувь биелүүлсэн” гэв.
Гуравдагч этгээд “Тавин Ус” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Тус компани нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд Эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх БХ-2013/Эм-01 тоот тендерийн 6, 9, 14, 15 дугаар багцуудад шалгарч 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1 а/180 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай албан тоотын дагуу гэрээ байгуулж нийлүүлэлтийг хуваарийн дагуу бүрэн нийлүүлж байгаа билээ. Тус компани нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газартай олон жил тогтвортой хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдол гаргаж байгаагүй.
Бид Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Тендерийн үнэлгээний хорооны гишүүдтэй ямар нэгэн нэгдмэл ашиг сонирхол үгүй бөгөөд тендерийн үнэлгээнд аливаа байдлаар нөлөөлөөгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Бид 2005 оноос өнөөг хүртэл хот, хөдөөгийн олон эмнэлгийн тендерт оролцохдоо шүүхийн аливаа маргаанд холбогдогчоор татагдаж байгаагүй бөгөөд өнөөг хүртэл шударгаар өрсөлдөж ирснийг энд дурьдах нь зүйтэй гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Ваанчиг дүгнэлтдээ: “Монфа трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг дарга, аймгийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдох маргааныг хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Монфа трейд” ХХК нь “Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1 а/180 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийн “Цомбо” ХХК-тай 5-р багцад, “Тавин-Ус” ХХК-тай 6-р багцад гэрээ байгуулах эрх олгосон заалтыг тус тус хүчингүй болгуулж, “Монфа трейд” ХХК-тай дээрх багцуудад гэрээ хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн “аймгийн Засаг даргын Тамгын газрын Тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгч “Монфа трейд” ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.Цэндээхүү шүүх хуралдааны явцад “Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1 а/180 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийн “Цомбо” ХХК- тай 5 дугаар багцад, “Тавин-Ус” ХХК-тай 6 дугаар багцад гэрээ байгуулах эрх олгосон заалтыг хүчингүй болгуулж, “Монфа трейд” ХХК-тай дээрх багцуудад гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Харин “Баянхонгор аймгийн Тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа “аймгийн Тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн болохыг тогтоолгох, мөн Баянхонгор аймгийн Тендерийн Үнэлгээний хороо цаашид тендерийг хуулийн дагуу явуулж байхыг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна” гэжээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч /түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч/ нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй болохыг хуульчлан заасан байх бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндээхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ гурван шаардлагын хоёр шаардлагаас татгалзаж, үлдсэн шаардлагаа өөрчилсөн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал илэрсэн буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1 а/180 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийн “Цомбо” ХХК-тай 5 дугаар багцад, “Тавин-Ус” ХХК-тай 6 дугаар багцад гэрээ байгуулах эрх олгосон заалтыг хүчингүй болгуулж, “Монфа трейд” ХХК-тай дээрх багцуудад гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч нь “Баянхонгор аймгийн Тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа “аймгийн Тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хуралдааны шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн болохыг тогтоолгох, мөн Баянхонгор аймгийн Тендерийн Үнэлгээний хороо цаашид тендерийг хуулийн дагуу явуулж байхыг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.
7.Баянхонгор аймгийн Тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 3 дугаар сарын 4- ний өдрийн хуралдааны шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн бопохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндээхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "... Манай “Монфа трейд” ХХК тендерийн 5 ба 6 дугаар багцын материалыг бүрдүүлэхдээ 33 эмэнд баталгаажилт хийгдсэн тохирлын 7 удаагийн гэрчилгээний хуулбар болон тухайн багцад орсон эмийн улсын бүртгэлийн 18 гэрчилгээний хуулбар зэрэг чанарын баталгаажилтын баримт бичгүүдийг хавсаргасан. Хэргийн материалд авагдсан Тендерийн үнэлгээний хорооны протоколуудыг уншихад Засаг дарга “... та нар сайн үнэл, харин “Зи ая” ХХК нь уул уурхайн тоног төхөөрөмж оруулдаг учраас хассан нь зүгээр байх ...” гэснээс өөр зүйлийг хэлээгүй байдаг.
Гэтэл энэ тендер шалгаруулалтад мэргэжлийн хүн болох Н.Амараа нь чанарын үнэлгээг гол болгоогүй, уул уурхайн тоног төхөөрөмж оруулдаг компанийг оруулсан, хамгийн бага үнэлгээ авсан компанид оноо өгсөн. Тендерүүдийг үнэлэх шалгуур нь “тендерийн үнэ” байна гэснийг барилгүй өндөр үнэ санал болгосон компаниудыг сонгосон.
Тэнд байсан хүмүүс мэргэжлийн хүн гэж Н.Амараагийн үгийг л харсан байгаа нь Тендерийн үнэлгээний зарчмыг зөрчиж байна. Тендерт компаниудыг шалгаруулаад гэрээ байгуулах хүртэл 5 хоног цахимд байрлуулж эдгээр компаниудтай холбоотой санал, гомдол байгаа эсэхийг тодруулахаар хуульд заасан. Гэтэл гэрээ байгуулах эрх олгоод маргааш нь шууд нууцаар гэрээ байгуулсан.
Аймгийн Засаг даргын 1 а/180 тоот албан бичгийг манай компанид 4 өдрийн дараа явуулсан. Мөн “Тавин Ус” ХХК 2010 оны тайлан аудитын дүгнэлт байхгүй байхад тендерт шалгаруулсан нь хууль бус, мөн эмийн чанарыг голчилсон гэж байгаа хэдий ч аль эм нь сайн чанартайг баталсан мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулаагүй байж * тендерийн хорооны гишүүд болон Н.Амараа, О.Жаргалмаа нар өөрсдийн үзэмжээр дүгнэлт хийсэн. Манай “Монфа трейд” ХХК нь Монгол Улсын стандарт шаардлагыг хангасан эм эмнэлгийн хэрэгсэлийг Олон улсад нэрд гарсан, шилдэг эмийн үйлдвэр, компаниудаас нийлүүлдэг, эрүүл мэндийг эрхэмлэн дээдэлж үйл ажиллагаа явуулдаг компани юм ...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амараа, О.Жаргалмаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ үнэлгээнд “Монфа трейд” ХХК-ийн 17 ширхэг сертификат байгаа. Үүнээс 6-р багцад 2, 5-р багцад 1 сертификат, бусад нь тухайн багцынхаа эм тус бүрт шаардлага хангахгүй байсан. 2013 онд чанарыг онцолсон бөгөөд нэхэмжлэгчийн сертификат, тохирлын гэрчилгээнүүд нь дутуу, үүнээс гадна импортын лиценз, эмийн бүртгэл, бусад харгалзах зүйлүүдийг авч үзсэн. Тендерийн үнэлгээний хороо нь 7 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд эмч, эм зүйч, нягтлан бодогч мэргэжлийн хүмүүс байдаг. Нягтлан бодогч санхүүгийн тайлан, аудитын үнэлгээг хийсэн.
Бусад нь чанарын шинжилгээнд үнэлгээ хийж, багц тус бүрт нь яаж тоолж, компаниудыг харьцуулсан зэрэг бүх баримт нь эх хувиараа байгаа. Аймгийн Засаг даргын 2013 оны 13-ны өдөр аймгийн Засаг даргын 1 а/180 тоот албан тоот гараад тухайн өдрөө “Цомбо”, “Тавин ус” ХХК-иудтай гэрээ хийгдээгүй, нэгдсэн эмнэлэгээс дарга, эм зүйч н.Буяннэмэх, Эрүүл мэндийн газраас нягтлан бодогч н.Тунгалаг нар явсан бөгөөд 7 хоногийн дараа гэрээ хийгдсэн” гэжээ.
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх” БХ-2013/эм-01 тоот нээлттэй тендерийн Зүрх, судасны болон цусны даралт бууруулах, шээлгэх эмнүүд нэртэй 5 дугаар багцад нийт 6 компани санал ирүүлснээс “Цомбо” ХХК-ийг, Даавар, дотоод шүүрэл, элэг, цөс ходоод, гэдэс, нойр булчирхайн эмүүд нэртэй 6 дугаар багцад нийт 5 компани санал ирүүлснээс “Тавин Ус” ХХК-иудыг тус тус шалгаруулан гэрээ байгуулах эрх олгосон болох нь Баянхонгор аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүлэх тухай аймгийн Засаг даргын Тамгын газрын Тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн албан бичиг /х/х-51/, аймгийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1 а/180 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох” тухай албан тоот /х/х-8/ зэргээр нотлогдож байна.
Үүний дагуу Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар нь “Цомбо” ХХК, “Тавин-Ус” ХХК-иудтай 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээг тус тус байгуулжээ.
Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д "... гэрээ байгуулах эрх олгох тухай мэдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна ...” гэж заасныг зөрчсөн болох нь дээрх компаниудтай байгуулсан гэрээ /х/х133-136/, мөн нэхэмжлэгч талын тайлбар зэргээр нотлогдож байна.
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх” БХ-2013/эм-01 тоот нээлттэй тендерт оролцогч компаниудын импортын болон тохирлын гэрчилгээ, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага, чөлөөт худалдааны, Эм эмнэлгийн хэрэгсэл нь хатуу зохицуулалттай орны эрх бүхий байгууллагын гэрчилгээтэй сертификатуудыг, Эм эмнэлгийн хэрэгсэл нь Англи, америк, Европын фармакопейн шаардлага хангасан нотлох баримт, Эм эмнэлгийн хэрэгслийг тендерт оролцогч үйлдвэрлэдэг, эм эмнэлгийн хэрэгслийн хувьд тендерт оролцогч импортолдог зэргийг шалгаж, компани тус бүр дээр харьцуулах үнэлгээ хийж, нийлбэр оноог бодож гаргажээ./х/х-75/ Санхүүгийн үнэлгээг хийхдээ үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар санхүүгийн тайланг дутуу ирүүлсэн компанид 7 оноо өгч, бүрэн ирүүлсэн бол 10 оноо өгч дүгнэсэн байна./х/х-6З/
Зүрх, судасны болон цусны даралт бууруулах, шээлгэх эмнүүд нэртэй 5 дугаар багцад нийт 6 компани санал ирүүлснээс “Цомбо” ХХК 23732000, “Монфа” ХХК 20893400 гэсэн үнийг тус тус санал болгосон. /х/х-75/
Харьцуулах үнэлгээнд “Цомбо” ХХК 61.6, “Монфа трейд” ХХК 70 оноо, чанарын үнэлгээнд “Цомбо” ХХК 4.3, “Монфа трейд” ХХК 2.7, санхүүгийн үнэлгээнд “Цомбо” ХХК 10, “Монфа трейд” ХХК 10 гэсэн оноог авч, нийт оноогоор “Цомбо” ХХК 75.9, “Монфа трейд” ХХК 82.7 оноог тус тус авчээ. /х/х-65, 66, 75/
Даавар, дотоод шүүрэл, элэг, цөс ходоод, гэдэс, нойр булчирхайн эмүүд нэртэй 6 дугаар багцад нийт 5 компани санал ирүүлснээс “Тавин-Ус” ХХК 44330200, “Монфа трейд” ХХК 35886400 гэсэн үнийн санал ирүүлсэн байна. /х/х-75/
Харьцуулах үнэлгээнд “Тавин-Ус” ХХК 56.7, “Монфа трейд” ХХК 70, чанарын үнэлгээнд “Тавин-Ус” ХХК 4, “Монфа трейд” ХХК 2.7, санхүүгийн үнэлгээнд “Тавин Ус” ХХК 10, “Монфа трейд” ХХК 10 оноог тус тус авч, нийт оноогоор “Тавин Ус” ХХК 70.7, “Монфа трейд” ХХК 82.7 оноог тус тус авчээ. /х/х-65 ар тал/
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д зааснаар ”... шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна ...”, 28.7.3-д “...бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно...”, 28.7.4-т хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ ...” гэж зааснаас үзэхэд уг тендерийн 5 дугаар багцад шалгарсан “Цомбо” ХХК, 6 дугаар багцад шалгарсан “Тавин-Ус" ХХК- иудаас, “Монфа трейд” ХХК нь бага үнийн санал ирүүлсэн нь харагдаж байна.
Санхүүгийн үнэлгээний хувьд: Аймгийн Тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлд “Худалдан авах ажиллагааны ажилтан Н.Рэнцэнбямбаар компаниудын сүүлийн 3 жилийн санхүүгийн аудитын дүгнэлттэй тайланг шалгаруулж нягтлуулахад “Тавин Ус” ХХК 2010 оны тайлан аудитын дүгнэлт байхгүй байна” гэсэн /х/х-63/ байхад 6 дугаар багцад шалгарсан “Тавин Ус” ХХК-ийн санхүүгийн үнэлгээнд 10 оноо өгсөн нь учир дутагдалтай байгааг дурьдах нь зүйтэй байна.
Чанарын үнэлгээний хувьд: Баянхонгор аймгийн Тендерийн үнэлгээний хорооны дарга О.Тойвгоо “Монфа трейд” ХХК-д “Мэдэгдлийн хариу” гэсэн бичигт "... чанарын үзүүлэлт хангалтгүй, гарал үүсэл нь тодорхой бус эм нийлүүлэх магадлалтай байна гэж үнэлгээний хорооны гишүүдийн олонхи нь үзсэн тул танай компани энэ 2 багцад
шалгараагүй байна ...” гэсэн /х/х-10/, мөн хариуцагч О.Тойвгоо шүүхэд өгсөн тайлбартаа ”... үнэ, чанар хосолсон аргаар шалгаруулахаар шийдвэрлэж анх удаа эмийн чанарыг мэргэжлийн хүмүүсээр үнэлүүлсэн...” гэсэн /х/х-52/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амараа, О.Жаргалмаа нар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа "... 2013 оны тендерийн нэг онцлог нь үнийг биш чанарыг эрхэмлэсэн, Тендерийн хуульд өөрчлөлт орж, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний өндөр оноо бүхий тендерийг хамгийн сайн тендер гэж үзэхээр болсон...” гэсэн, нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр гаргасан ”... тендерийг эмийн чанарыг харж шалгаруулсан гэж байна.
Гэтэл ямар эмийг сайн гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй, энэ бол тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн болоод Н.Амраа, О.Жаргалмаа нарын өөрсдийнх нь үзэмжээр үнэлсэн дүгнэлт юм. Хэрвээ үнэхээр эмийн чанарыг эрхэмлэсэн юм бол 6 дугаар багцад 5 компани санал өгснөөс чанарын үнэлгээ дээр хамгийн өндөр оноог авсан “Монос” ХХК-ийг шалгаруулахгүй яасан юм бэ, гэтэл түүнээс доогуур оноо авсан “Тавин Ус” ХХК-ийг шалгаруулсан байна” гэжээ.
Тендерийн 5 дугаар багцад санал өгсөн 6 компанийн чанарын үнэлгээний оноо өгснийг харвал 5 дугаар багцад хамгийн өндөр буюу 4.3 оноог “Цомбо” ХХК, “Монфа трейд” ХХК 2.7 оноог тус тус авсан, харин 6 дугаар багцад санал ирүүлсэн 5 компаниас хамгийн өндөр буюу 4.1 оноог “Монос” ХХК, “Цомбо” ХХК 4, “Монфа трейд” ХХК 2.7 оноог тус тус авчээ. /х/х-75/
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д "... эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэх ...”-ээр заасан.
Дээрх нөхцөл байдлуудын улмаас дүгнэхэд уг тендерийг шалгаруулахдаа “чанарыг эрхэмлэсэн” гэж байгаа хэдий ч 5, 6 дугаар багцад санал ирүүлсэн компаниудын эмийн чанарыг хэрхэн, яаж тодорхойлсон талаар мэргэжлийн байгууллагаас ямар нэгэн дүгнэлт гараагүй болох нь нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч тал үүнийг үгүйсгээгүй, энэ талын баримтгүй байгаа зэргээр нотлогдож байх тул эмийн чанарын талаарх дүгнэлт гараагүй байна гэж үзэх боломжтой байна.
Түүнчлэн Аймгийн Тендерийн үнэлгээний хороо эмийн чанарыг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй байгаа бөгөөд “чанарыг эрхэм болгожээ” гэж шууд үзэхэд хангалтгүй байна.
Мөн аймгийн Тендерийн үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг явуулахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж байгаачлан 5, 6 дугаар багцуудад тендер шалгаруулалтын тодорхой үе шатуудад буюу тендерийг үнэлэх, гэрээ байгуулах зэрэг ажиллагаанууд зөрчилтэй, ойлгомжгүй дээрх дурьдагдаж буй шийдэл гаргасан болохыг шүүхээс дахин дурьдаж, цаашид анхаарах нь зүйтэйг тэмдэглэж байна.
Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндээхүүгийн гаргаж байгаа тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Гэхдээ Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх” БХ-2013/эм-01 тоот нээлттэй тендерт нийт 19 багцад шалгаруулалт явуулсан байх бөгөөд аймгийн Тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 3 дугаар сарын 04-ний хуралдааны шийдвэр нь бүхэлдээ Төрийн болон орон
нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй байна.
Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендер шалгаруулалт нь олон үе шат бүхий цогц үйл ажиллагаа бөгөөд түүний эцсийн шатууд нь тендерийг үнэлэх, гэрээ байгуулах зэрэг ажиллагаанууд гэж хуульд заасан байх ба Тендерийн үнэлгээний хороо хуульд заасны дагуу тендер шалгаруулалтын үе шат бүрийг явуулж, энэхүү тендер нь явагдаж бүрэн дуусчээ.
Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх” БХ-2013/эм-01 тоот нээлттэй тендер шалгаруулалт нь бүхэлдээ хууль зөрчсөн байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч талын гаргасан “Баянхонгор аймгийн Тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хуралдааны шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Үүнээс гадна Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1 а/180 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох” тухай албан бичгийг “Монфа трейд” ХХК-д 4 өдрийн дараа буюу 3 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн шуудан үйлчилгээний газар, 18-ны өдөр тус компани хүлээн авсан нь дугтуйн дээрх дардсаар нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч талын маргаж байгаачлан “12-ны өдрийн тус албан бичиг гараад 13-ны өдөр компаниудтай гэрээ байгуулсан байхад манай компанид явуулсан уг албан бичгийг хэн олон хоног шууданд хийлгүй хугацаа алдсан болохыг тогтоож, хариуцлага хүлээлгэх” гэсэн, мөн аймгийн Тендерийн үнэлгээний хорооны гишүүн, эм зүйч, эмийн мэргэжилтэн Н.Амараатай холбоотой гомдол, саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /шүүх хуралдаан дээр/ ярьж байсан бөгөөд энэ нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх асуудал биш тул зохих хууль, хяналтын байгууллагад хандаж энэ гомдол, саналаа тавих эрх нь нээлттэй юм.
2.Баянхонгор аймгийн Тендерийн Үнэлгээний хороо цаашид тендерийг хуулийн дагуу явуулж байхыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
Энэ нь Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх харьяаллын бус маргаан байна. Учир нь Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан маргааныг буюу захиргааны нэгэн бий болсон актын талаар гарсан маргааныг нэхэмжлэлийн үндсэн дээр хянан шийдвэрлэхээр хуульд заасан.
Энэ нь нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны акт нь хөндлөнгийн этгээд болох иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөний улмаас нэг талаас эрх ашгаа хамгаалах гэсэн тухайн иргэн, нөгөө талаас захиргаа хоёрын хооронд үүссэн маргаан юм.
Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан “Баянхонгор аймгийн Тендерийн Үнэлгээний хороо цаашид тендерийг хуулийн дагуу явуулж байхыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзаж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т зааснаар нэхэмжлэгч “Монфа трейд” ХХК нь “Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1 а/180 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийн “Цомбо” ХХК-тай 5 дугаар багцад, “Тавин-Ус” ХХК-тай 6 дугаар багцад гэрээ байгуулах эрх олгуулах заалтыг хүчингүй болгуулж, “Монфа трейд” ХХК-тай дээрх багцуудад гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан “Баянхонгор аймгийн Тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хуралдааны шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар “Баянхонгор аймгийн Тендерийн Үнэлгээний хороо цаашид тендерийг хуулийн дагуу явуулж байхыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ
ШҮҮГЧИД Ц.СУВДМАА
Б.СУГАР