Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00156

 

С- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02937 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С- ХХК-ийн хариуцагч А- ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт нийт 900 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, хариуцагчийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С- ХХК болон А- ХХК нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 18-1941 тоот шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулан хамтран ажилласан. Манай компанийн зүгээс гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж, А- ХХК-д шатахууныг бөөний үнээр зээлээр нийлүүлэн ажилласан бөгөөд А- ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ эс биелүүлж шатахууны төлбөрөө хугацаандаа төлөхгүй байгаа болно. А- ХХК-ийн манай компанид төлөх төлбөрийн үлдэгдэл 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 600 000 000 төгрөг байгаа бөгөөд тус төлбөрийн үлдэгдлийг талууд тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-д Худалдан авагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг худалдан авагч талд төлөх-өөр заасан. Тус заалтын дагуу А- ХХК-ийн манай компанид төлөх алдангийн хэмжээ 2020 оны 7 сарын 30-ны өдрийн байдлаар 578 494 780 төгрөг болсон бөгөөд үндсэн төлбөрөө алдангийн хамт төлөхийг удаа дараа шаардсан. Манай компаниас албан бичиг хүргүүлсэн байдаг. Иймд гэрээний дагуу зээлээр авсан шатахууны үлдэгдэл төлбөр 600 000 000 төгрөг, гэрээний дагуу шатахууны төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги болох 300 000 000 төгрөг, нийт 900 000 000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 657 950 төгрөгийн хамт хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А- ХХК-иас гэрээний үүрэгт 900 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А- ХХК-иас 4 657 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэрэглэх ёстой хуулийг буруу хэрэглэн тайлбарлаж шийдвэр гаргасан байна. Манай компани С- ХХК-тай 2018 оны 5 сарын 07-ны өдөр, 2018 оны 5 сарын 17-ны өдөр шатахуун зээлээр худалдан авах гэрээ байгуулсан үйл баримтын талаар ямар нэгэн маргаан байхгүй болно. Харин тооцоо нийлсний дараа манай компани шатахуун хүлээн авсан анхан шатны баримтуудаа нэг бүрчлэн тулган үзхэд хүлээн авсан шатахууны тоо хэмжээн дээр зөрүү гарсан ба энэ нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах үндэслэл болж байгаа юм. Мөн 2020 оны 7 сарын 30-ны өдөр тооцоо нийлэхэд алдангийн хэмжээ 578 494 780 төгрөг байсан гэсэн тайлбар нь илтэд үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд тооцоо нийлж манай компанийн гүйцэтгээгүй үүргийг 600 000 000 төгрөг гэж тодорхойлж байгаа тохиолдолд алдангийг гүйцэтгээгүй үүрэг болох уг дүнгээс тооцож нэхэмжлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Хэрэгт зөвхөн тооцоо нийлсэн акт авагдсан ба шатахуун хүлээлгэж өгч, авч байсан анхан шатны баримтууд авагдаагүй байхад тооцоо нийлсэн актын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх нь буруу юм. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагчийн гүйцэтгээгүй үүргээс алданги тооцохдоо тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох ёстой байсан. Түүнчлэн шүүх талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу тодорхойлжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрээ гаргасан ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байгааг энд дурдаж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайд Өмнөговь аймгийн Манлай суманд оршин суудаг, уурхай дээр ажилладаг манай компанийн ажилтан бөгөөд түүнд шуүх хэзээ хуралдааны товыг мэдэгдсэн нь тодорхойгүй, хурлын тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зуруулсан эсэх нь тодорхойгүй байх ба утсаар мэдагдэхэд холбогдох боломжгүй байсан тул зурвас бичиж үлдээсэн гэжээ. Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч хөдөө орон нутгаас ирж шүүх хуралдаанд оролцох боломжит хугацаанд хурлын товыг мэдэгдсэн эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Манай компани өмнө нь уг хэрэг маргаан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хянагдаж байх үед хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, мөн эрх зүйн туслалцаа авах хүсэлтээ байгаа талаар хүсэлтээ гаргаж байсан ба уг хэрэг маргаанд эрх зүйн туслалцаа авах эрхийг хангахгүйгээр хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд нь буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С- ХХК нь хариуцагч А- ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 900 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Зохигчид 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч С- ХХК нь 1 литр нь 1 950 төгрөгийн үнэтэй, 300 000 литр шатахуун нийлүүлэх, хариуцагч А- ХХК нь шатахууны төлбөрийг дараа сарын 20-ны дотор багтаан төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, талуудын байгуулсан гэрээ зэргээр тогтоогдсон байна. Улмаар талууд 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж, хариуцагч А- ХХК-ийн 669 354 482 төгрөгийн өрийг баталгаажуулжээ. /хх-ийн 6-8, 20-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул хариуцагч А- ХХК нь худалдан авсан шатахууны үнийг нэхэмжлэгч С- ХХК-д төлөх үүрэгтэй юм.

 

Хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар нэхэмжлэгч С- ХХК-д төлөх хариуцагч А- ХХК-ийн өрийг 669 354 482 төгрөгийн хэмжээнд баталгаажуулсан байх боловч нэхэмжлэгч С- ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр 600 000 000 төгрөг, түүний алданги 300 000 000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлон, нийт 900 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Талуудын байгуулсан гэрээний 3.3-т худалдан авагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөх-өөр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч С- ХХК нь 300 000 000 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй талаар зохицуулсан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд хариуцагч А- ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 600 000 000 төгрөг, алдангид 300 000 000 төгрөг, нийт 900 000 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч С- ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо талууд тооцоо нийлсний дараа баримтуудаа тулган үзэхэд шатахууны тоо хэмжээн дээр зөрүү гарсан тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй, мөн анхан шатны шүүх хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэргийг эзгүйд шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь шатахууны тоо, хэмжээн дээр зөрүү гарсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Хариуцагч А- ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.Баасанцогт, Б.Бат-Өлзий, Г.Цогбадрах, Ц.Төмөр нарт итгэмжлэл олгосон байх бөгөөд анхан шатны шүүх хариуцагч талд нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, эрх, үүрэг, хэргийн материалыг танилцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул шүүх хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангасан гэж үзнэ. /хх-ийн 65, 75, 93-р тал/.

 

Улмаар шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр хариуцагч байгууллагын хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гар утас руу удаа, дараа залгахад утас нь холбогдоогүй талаар шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд хариуцагч нь энэхүү үүргээ биелүүлээгүй, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын холбогдох утасны дугаар, хаягийн мэдээллийг өгөөгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02937 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 657 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Г.ДАВААДОРЖ