Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2013 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 111/ШШ2013/0018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүх хуралдааныг Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн шүүгч Б.Сугар, Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Ц.Сувдмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай “Албан тушаалаас чөлөөлөх, түр орлон гүйцэтгэгч томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулж, ийг ажил, албан тушаалд нь эгүүлэн томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага

бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч , өмгөөлөгч Э.Ганхөлөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар, иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1991 онд Монгол Улсын Техникийн Их сургуулийг Геологийн инженер мэргэжлээр төгссөн, магистр зэрэгтэй. 2009 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажилласан бөгөөд 2012 оны 4 дүгээр сард зарлагдсан Төрийн албаны шалгалтад орж тэнцэн, 2012 оны 5 дугаар сарын 11- нд төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн албан хаагч юм. Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн  дүгээр “Албан тушаалаас чөлөөлөх, түр орлон гүйцэтгэгч томилох тухай” захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.3.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн бөгөөд би энэ захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн байгууллага болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ” гэсний дагуу 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл нь 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 438 тоот “Өргөдөл шилжүүлэх тухай” албан бичгээр Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд шилжүүлсэн. Гэтэл салбар зөвлөл нь миний өргөдлийг хуульд заасан журмаар шийдвэрлэж өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Аймгийн Захиргааны хэргийн шүүх миний нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар албан бичиг ирүүлснээр шүүх “...захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой...” гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөл 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаар тогтоолоороо “Аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дүгээр захирамжаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан ийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй” гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Намайг ажлаас чөлөөлөх үндэслэлд Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан ерөнхий менежерийн 2012 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй /39,5% F/ биелүүлсэн гэсэн байна. Би энэ үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээтэй танилцаагүй бөгөөд ямар журмаар ийнхүү үнэлэгдснийг ойлгохгүй байна. Миний 2009 онд ажилд томилогдсоноос хойшхи хугацаанд өөрийн удирдсан байгууллагаа жил дараалан дор дурьдсан ажлын өндөр амжилтуудыг гарган ажил үүргээ гүйцэтгэсээр ирсэн.

Үүнд: 2009 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, жилийн эцсийн үнэлгээгээр Улсын хэмжээнд 3 дугаар байр эзэлж, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын /цаашид ГХБГЗЗ гэх/ батламж, мөнгөн шагналаар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагуудад хийсэн хяналт шинжилгээний үнэлгээгээр маш сайн үнэлгээ авч 3 дугаар байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар,

-нутгийн өөрөө удирдах байгууллагаас тодорхойлсон бодлого, шийдвэрийг үйл ажиллагаандаа бүтээлчээр хэрэгжүүлэх, салбарынхаа өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө бүх шатны хурал болон төрийн байгууллагуудтай нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж амжилт гаргасан тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 213 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт жуух”, мөнгөн шагналаар,

-2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, ГХБГЗЗГ-ын “Шилдэг менежер” өргөмжлөл, мөнгөн шагналаар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагуудад хийсэн Хяналт-шинжилгээ үгнэлгээгээр маш сайн үнэлгээ авч дэд байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар, мөн байгууллагын тэргүүний 3 албан хаагчид гадаадад аялах эрхийн бичгээр,

-2011 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, ГХБГЗЗГ-ын “Шилдэг менежер” өргөмжлөл, мөнгөн шагналаар, нийслэл, дүүргийн Газрын алба, аймгуудын мэргэжлийн байгууллагуудын дунд зарласан “Цахим алба” болзолт уралдаанд 2 программ шинээр зохиож ажилдаа нэвтрүүлж ашигласан амжилтаар “Тэргүүн байр” эзэлж, батламж, мөнгөн шагналаар,

-аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагуудад хийсэн Хяналт-шинжилгээ үнэлгээгээр маш сайн үнэлэгдэж 5 дугаар байр эзэлсэн, улсын хэмжээнд зохиогдсон гамшигаас хамгаалах команд штабын сургуульд хамт олноо мэргэжлийн анги болгон зохион байгуулж хуулиар хүлээсэн үүргээ амжилттай сайн биелүүлсэн тул “Өргөмжлөл” зэргээр шагнагдаж, жил бүр тодорхой амжилт гаргаснаас гадна байгууллага, хамт олноо удирдан зохион байгуулж спортын төрөл бүрийн тэмцээнүүдэд оролцож өндөр амжилт гаргаж байсан бөгөөд энэ эрчээ алдалгүй ажил үүргээ гүйцэтгэсээр ирсэн байтал ийнхүү үнэлсэн гэж байгааг нь үндэслэлгүй байна.

Мөн 2010 онд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалтыг зөрчиж аймгийн Нэгдсэн эмнэлгийн газраас 1200 м2 талбай бүхий газрыг иргэн н.Ариунзаяад эзэмшүүлсэн гэсэн зөрчил гаргасан гэжээ. Гэтэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ” гээд 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан бөгөөд аймгийн Газрын албаны даргын эрх хэмжээнд хамааралгүй эрх хэмжээг үндэслэсэн байгаа нь хууль бус шийдвэр болохыг баталж байна.

Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай “Албан тушаалаас чөлөөлөх, түр орлон гүйцэтгэгч томилох тухай” хууль бус захирамжийг хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн томилохыг даалгах, мөн нэхэмжлэлийн шаардлагаа дээрх захирамж гарсан өдрөөс хойш өдийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ нь 2009 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажилласан бөгөөд 2010 оны 4 дүгээр сард төрийн албаны шалгалтад 1-ээр тэнцэж, 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. Гэтэл Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн  дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.3.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байдаг. Уг захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийсэн. 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны салбар зөвлөл 2013 оны 4 сараас 08 сар хүртэл 4 сарын хугацаанд уг асуудлыг шалгах ажиллагааг явуулж,  аймгийн Засаг даргын захирамж хуульд нийцсэн байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Ажлаас чөлөөлөх үндэслэлд төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан ерөнхий менежерийн 2012 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу 39.5%, Р үнэлгээ авсан гэдэг. тухайн үр дүнгийн гэрээтэй танилцаагүй, ямар журмаар ийнхүү үнэлж дүгнэснийг мэдэхгүй байна.

2009   онд уг ажилд томилогдсоноос хойш өөрийн удирдсан байгууллагаа жил дараалан ажлын өндөр амжилтуудыг гарган, хуулиар хүлээсэн үүргээ амжилттай сайн биелүүлж, удаа дараа шагнагдаж, жил бүр тодорхой амжилт гаргаснаас гадна байгууллага, хамт олноо удирдан зохион байгуулж спортын төрөл бүрийн тэмцээнүүдэд оролцож өндөр амжилт гаргаж байсан. Энэ эрчээ алдалгүй ажил үүргээ гүйцэтгэсээр ирсэн байхад түүний үр дүнг гэрээг “F” гэж үнэлсэн нь үндэслэлгүй.

2010   онд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалтыг зөрчиж аймгийн Нэгдсэн эмнэлгийн газраас 1200 м2 талбай бүхий газрыг иргэн *******д эзэмшүүлсэн гэсэн зөрчил гаргасан гэж үзсэн байдаг. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан. Аймгийн Газрын албаны даргын эрх хэмжээнд хамааралгүй эрх хэмжээг үндэслэсэн ажлаас халсан нь Засаг даргын захирамж хууль бус болохыг харуулж байна.

Иймд Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ нь Аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь, Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 67 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний бүтцийн агентлаг болох Хот байгуулалт, барилга захиалагчийн алба, Газрын алба гэсэн хоёр агентлагийг нэгтгэж, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болгон өөрчлөн зохион байгуулжээ. нь энэхүү шинээр нэгтгэсэн агентлагын даргаар удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй томилогдсон бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан хууль болон журмын болзол, шалгуурыг хангаагүй байсан нь өөрөө хууль бус томилгоо буюу тухайн үеийн Засаг даргын хууль ёсны бус захирамж байна.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”, “Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ыг тус тус баталж, 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон. Нэхэмжлэгч нь төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан ерөнхий менежерийн 2012 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн байна.

Дээрх үр дүнгийн гэрээг 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс дүгнэж, нийт бүтээгдэхүүн нийлүүлэлтийн дундаж оноо 7.5, тусгай захиалгат бүтээгдэхүүний нийлүүлэлтийн бүтээгдэхүүний дундаж оноо 30, мэргэжлийн түвшиний үнэлгээний дундаж оноо 7.5, нийт дундаж оноо 39.5 “F” гэсэн үнэлгээ авсан.

Ийнхүү үнэлсэн шалтгаан нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасантай нийцэж байна. Улсын Дээд Шүүхийн тайлбарт “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэдгийг “ажлын байрны тодорхойлолтод болон албаны чиг үүрэгт дурдсан хэрэгжүүлбэл зохих ажлыг хийж гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдох, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэрэг зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэж заасан.

Энэ нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын 2012 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөгөө биелүүлсэн буюу сумдад газар олголт хангалтгүй зохион байгуулагдсан, үүнтэй холбоотойгоор аймгийн хэмжээний газар өмчлөлийн нэгдсэн дүн муу байгаа, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө муу хийгдсэнээс аймгийн хэмжээнд 99 аж ахуйн нэгжийн 67000 м2 талбай бүхий газар илүү эзэмшиж байсныг 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үеэр хууль зөрчсөн тогтоол гаргуулсан.

Сумдын газрын даамлуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулаагүй. Аймгийн хэмжээнд баригдсан барилга, байгууламжид хяналт тавьж ажиллаагүйн улмаас зөвшөөрөлгүй газар барилга бариулсан, баримт бичиггүй барилга бариулсан, чанаргүй барилгын тоо нэмэгдсэн буюу барилгын чанар шаардлага хангахгүй, аж ахуйн нэгжүүдэд олгосон нийт 2594 м2 талбай бүхий газар нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд ороогүй байгаа гэх мэт алдаа дутагдал гаргасан бөгөөд мөн аймгийн хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр баригдсан барилга, байгууламжийн тендер сонгон шалгаруулалт явуулаагүй, мөн салбарын хэмжээнд хуулийн хэрэгжилт, сурталчилгаа хангалтгүй, иргэдэд ач холбогдлыг нь тайлбарлан таниулаагүйн улмаас газар өмчлөлийн асуудал туйлын хангалтгүй 2012 оны 12 дугаар сарын 31- ний өдрийн байдлаар 17 хувьтай байсан байна.

2010 онд газрын тухайн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг зөрчиж аймгийн нэгдсэн эмнэлгийн эзэмшил газраас 1200 м2 талбай бүхий газрыг иргэн н.Ариунзаяад эзэмшүүлсэн байдаг. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д газар эзэмшигч газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг нь бусдад ашиглуулж болдог ч 35.2 дахь хэсэгт зааснаар дээрх эрхүүд нь төрийн байгууллагад хамаардаггүй.

Аймгийн нэгдсэн эмнэлэг нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль болон холбогдох журмаар төрийн байгууллагын статусаа хадгалан үйл ажиллагаагаа явуулж, иргэдэд үйлчилсээр байгааг энд дурдах нь зүйтэй.

Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн. Иргэн *******г хүсэлт гаргасан гэж үзвэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болох”-оор заагдсан байна.

Мөн хуулийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж « байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг тус тус ноцтой зөрчсөн байна. Аймгийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 277 тоот захирамжаар иргэн Ю.Адъяад 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгосон 2130 м2 талбай бүхий газрын гэрчилгээг 2008 оны 2 дугаар сарын 18-ны өдөр олгосон атал мөн дээрх захирамжийг дахин үндэслэн 2009 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр “Өлзийт” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд эзэмшүүлэх гэрчилгээ дахин олгосон нь тогтоогдсон.

нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байж, удирдлагын санаа бодолд нийцэх эсэхээс үл хамааран тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг урьдчилан анхааруулж байх үүрэгтэй атлаа энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. нь хуульд заасан удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй тул байгууллагын даргаар томилогдсон, мөн ажиллаж байх хугацаандаа төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй бөгөөд эрх бүхий албан тушаалтны захирамж гарсны дараа албан хаагчийн тангараг өргөсөн гэх мэт нөхцөл байдлыг шүүх харгалзан үзнэ үү.

Дээрх нөхцөлөөс харахад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн албаны төв зөвлөлд гомдол гаргадаг ба уг гомдлыг харьяаллын дагуу Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд шилжүүлсэн байдаг. Тухайн үед салбар зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж байсан учраас уг гомдлыг шийдвэрлэх хугацааг сунгасан. Төрийн албаны салбар зөвлөлөөс тухайн үр дүнгийн гэрээг үнэн зөв дүгнэсэн эсэхийг шалгахаар 5 хүний бүрэлдэхүүнтэй комиссыг /ажлын хэсэг/ томилсон. Ажлын хэсгээс дүгнэлт гарч, түүнд үндэслэн салбар зөвлөл хуралдаж, Засаг даргын захирамж үндэслэлтэй гарсан, үр дүнгийн гэрээгээр 39.5% буюу “F” үнэлэгдсэн нь үндэслэлтэй байна гэж үзсэн.

1-рт, үр дүнгийн гэрээний 1.1-д зааснаар “С” буюу дутагдалтай, “F” буюу хангалтгүй гэсэн үнэлгээний аль нэгийг өгсөн бол энэ тухай үндэслэлээ бичнэ гэж илтгэх хуудсанд заасан учраас энэ дагуу дүгнэлт өгсөн. Сумдад газар өмчлөл хангалтгүй зохион байгуулагдсан, үүнтэй холбоотойгоор аймгийн хэмжээний нэгдсэн дүн муу гарсан. Юуг үндэслэж тогтоосон гэхээр Засгийн газрын 2012 оны 182 дугаар тогтоолын биелэлт байгаа. Түүнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлсэн байдал, иргэдэд одоо эзэмшиж байгаа газрыг өмчлүүлсэн байдлаар гаргахад Баянхонгор аймгийн нийт 20 сумын 8 суманд газар олголт 17 хувьтай явагдсан. Газар олголт хэдийг олгохоос хэд нь олгогдсон талаар гаргасан хүснэгтэд биелэлтийг гаргасан мэргэжилтэн ын гарын үсэг зурагдаагүй, хянасан дарга ийн гарын үсэг зурагдаж, уг биелэлтийг 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан байдаг. Энэ шалгуураар илтгэх хуудасны 1,1-ийг хангалтгүй, муу дүгнэгдсэн гэж үзсэн.

2-рт, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө муу хийгдсэний улмаас аймгийн хэмжээнд 99 аж ахуйн нэгжийн 67.000 м2 талбай бүхий газрыг илүү * эзэмшиж байсныг 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу сонгуулийн үеэр хууль зөрчсөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг гаргуулсан байна гэж дүгнэсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 113 дугаар “Газрын харилцааны талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын 1-рт иргэн, аж ахуйн нэгжийн зөвшөөрөгдсөн талбайнаас илүү эзэмшиж байгаа 1-р хавсралтад заасан газарт дуудлага худалдааны анхны үнийг 2 дахин өсгөн нөхөн төлбөр төлүүлж, газрыг нэмж эзэмшүүлэн, цаашид ийм зөрчил гаргахгүй байх талаар анхаарч ажилласугай гэж заасан.

Үүнээс юу харагдаж байна гэхээр газрын харилцаанаас хяналт тавин ажиллаж чадаагүйн улмаас ямар ч зөвшөөрөлгүйгээр газар нэмээд эзэмшсэн байна. Энэ тогтоолыг яагаад хууль бус гэж үзсэн гэхээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна”, мөн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар төсөл сонгон шалгаруулалт буюу дуудлага худалдааны үндсэн дээр газрыг эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл дуудлага худалдааны анхны үнийг 2 дахин өсгөж, нөхөн төлбөр төлүүлээд газрыг эзэмшүүлэх тухай уг хурлын тогтоол нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтыг зөрчжээ. Ийм байдлаар хууль зөрчсөн тогтоол гаргуулаад 99 аж ахуйн нэгжийн гэрээ олголт хийсэн байна. 99 аж ахуйн нэгжийн жагсаалтыг нотлох баримтаар өгсөн.

Сумдын газрын даамлуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулаагүй, туршлага солилцсон байна гэж дүгнэсэн. Илтгэх хуудсыг бичиж өгөх үүрэг бүхий этгээд нь Газрын албаны дарга байна. Илтгэх хуудасны 1.3-т газрын даамлуудын чадавхийг дээшлүүлэхэд харилцан туршлага солилцох зорилгоор Богд сумын газрын даамлын үйл ажиллагаатай танилцах, төлөвлөлт, зохион байгуулалттай танилцаж, 2013 оны 5 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд Богд суманд ажиллалаа. Туршлага солилцох уулзалтад 18 сумын газрын даамлууд оролцож, үр дүнтэй ажил болсон гэсэн туршлага солилцсон тэмдэглэл байна. Гэтэл гэрээнд туршлага солилцох биш сургалт явуулна гэж заасан учраас хангалтгүй дүн авсан байдаг.

1.4-д аймгийн хэмжээнд баригдсан барилга байгууламжид хяналт муу тавьж, зөвшөөрөлгүй газарт барилга барьсан, барилга нь чанарын шаардлага хангахгүй байгаа зэрэг алдаа дутагдал гарсан гэж дүгнэсэн. Улсын байцаагчийн дүгнэлт гарсан, хэрэгт нотлох баримтаар өгсөн. 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 05-04-013/228 дугаар Газрын зөрчлийг арилгуулах тухай” улсын байцаагчийн дүгнэлтэд иргэн Ю.Адъяа болон “Өлзийт” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн газар эзэмшлийн тухайд: Тус газар нь 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 277 дугаар шийдвэрээр 2130 м2 газрыг 15 жилийн хугацаатай сургуулийн зориулалтаард дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн байх бөгөөд мөн дээрх шийдвэрээр 2130 м2 газрыг 15 жилийн хугацаатай сургуулийн зориулалтаар “Өлзийт” МСҮТ-д дугаар бүхий эрхийн гэрчилгээг 2009 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр давхардуулан бичиж олгосон.

Өөрөөр хэлбэл, 2 жилийн хугацаатай, хоёр өөр эрхийн гэрчилгээний дугаартайгаар ижил шийдвэрийг үндэслээд ижил м.кв газрын гэрчилгээг олгосон байна.

Улмаар 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 186 дугаар шийдвэрээр “Өлзийт” МСҮТ-ийн гаргасан хүсэлтийг харгалзан иргэн эд сургуулийн байрны зориулалтаар 1227 м2 талбайг шилжүүлж 903 м2 газрыг үлдээсэн байна. Одоогийн байдлаар өөрчлөлт орсон газруудад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй. Мөн илэрч буй зөрчил дутагдал, зөрчигдсөн хууль тогтоомжийн талаар дурдсан байна.

Үүнд: Аймгийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 277 дугаар шийдвэрээр 2130 м2 газрыг 15 жилийн хугацаатай сургуулийн зориулалтаар иргэнд дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, “Өлзийт” МСҮТ-д дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус давхардуулан бичиж олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, газар эзэмших үйл явцад газар эзэмшигчтэй байгуулсан гэрээг харилцан дүгнэж ажиллаагүй нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэсэн заалтыг зөрчсөн.

Мөн өргөдөл хүсэлтийг шийдвэрлэхдээ хуулийн хугацаанд хянан шийдвэрлэдэггүй, явцын талаарх мэдээ мэдээллийг өргөдөл хүсэлт гаргагчид танилцуулаагүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл (эс үйлдэхүй)-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсэн заалт хангалтгүй хэрэгжсэн, хяналт тавьж ажиллаагүй байна гэж дүгнэжээ.

Үр дүнгийн гэрээг дүгнэх илтгэх хуудасны 1,5-д аймгийн хэмжээнд төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр баригдсан барилга, байгууламжийг төсөл сонгон шалгаруулалтаар явуулаагүй нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтыг зөрчсөн.

А зэрэглэлийн бүсэд буюу инженерийн шугам сүлжээ бүхий газарт барилга байгууламж барих тохиолдолд төсөл сонгон шалгаруулалтыг заавал явуулах журмыг зөрчсөн, эрхээ хэрэгжүүлээгүйгээс зөвшөөрөлгүй газарт барилга байгууламж баригдсан асуудал яригдаж байгаа.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

“Би аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай “Албан тушаалаас чөлөөлөх, түр орлон гүйцэтгэгч томилох тухай” захирамжийн дагуу 4 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын ажлыг авсан. Энэхүү ажил авснаас хойш өргөдөл, гомдол, зөрчлүүд байгаатай танилцлаа.

Үүнд:  Ю.Адъяагаас гомдол ирснийг аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчаар шалгуулахад 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 277 дугаар шийдвэрээр Ю.Адъяад газар эзэмших гэрчилгээ олгосон боловч Өлзийт МСҮТ-д 2009 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр олгосон гэрчилгээг захирамжгүй буюу 2007 оны 277 тоот тогтоолыг давхар ашигласан зөрчил, *******ийн гомдлын дагуу шалгуулахад иргэн *******ийн барьсан ахмадын өргөөний зүүн талын 2 давхар барилга, *******н барьсан Чандманы уурын зуухны зүүн талын барилга, *******ын ******* сургуулийн зүүн урд талын халуун усны барилга зэрэг нь газрын зөвшөөрөлгүй баримт бичиггүй, зөрчилтэйгөөр барилгын ажил дууссан. Тухайн үед албан ёсны хяналт шаардлага тавьж зөрчлийг арилгуулаагүй.

2012 оны 3 дугаар сарын 27-ны өдөр олгосон 45 дугаар байрны ард талын 592 м2 газар, 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр олгосон 45 дугаар байрны ард байрлах 592 м2 газар, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр олгосон 45 дугаар байрны ард талын 400 м2 тайлбай, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр олгосон 45 дугаар байрны ард байрлах 360 м2 талбай, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр олгосон “******* *******” ХХК-ийн ард байрлах 650 м2 гэх мэт нийт 2594 м2 газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа нь Газрын тухай хуулийг зөрчсөн.

Мөн 2012 оны 10 дугаар сарын 113 дугаар тогтоолыг эргэж харах хянах шаардлага тулгараад байна. Учир нь энэ 99 аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн асуудлыг хянаж үзэхэд хүсэлт гаргасан 20 өргөдлийн хүрээнд шийдэх асуудал яригдах ёстой байтал хавтгайруулан нийтэд нь 99 газарт газар сунгах тогтоол гаргасан байна.

Энэ нь тухайн газрын албаны албан тушаалтны буруу төлөвлөгөөнөөс болж өнөөдөр Хот байгуулалтын ерөнхий төлөвлөлт хийхэд саад учраад байна. Эндээс дүгнэхэд газрын асуудал эрхэлсэн байгууллага нь аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ёстой байтал газрын асуудлыг хавтгайруулан олгож төрийн өмчийн 6,5 га газрыг үнэгүйдүүлсэн байдал бий болсон ба уг газрууд дээр одоо болтол захирамж гаргахгүй, гэрчилгээ олгогдохгүй ямар нэгэн шийдэлд хүрч чадахгүй мухардалд ороод байна.

Дээрх байдлуудаас хараад аймгийн Засаг даргын шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дүгээр захирамжаар иргэн ийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэл муутай байна. Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлт хожуу гарсан, ийн үр дүнгийн гэрээ огноогүй, Хөгжлийн бодлогын хэлтсийн 39.5 хувьтай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, д мэдэгдээгүй байна. Газар олголт улсад 10 хувьтай, Баянхонгор аймагт мөн 10 хувьтай байгаа болно. нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа удаа дараа байранд орж, шагнагдаж байсан байна” гэв. /хх-175/

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Учир нь, нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай “Албан тушаалаас чөлөөлөх, түр орлон гүйцэтгэгч томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулж, ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

нь 2012 оны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хэрэгжилтийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 290 дугаар албан тоотоор аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж /х/х 18-46/, аймгийн Засаг дарга ******* Төсвийн ерөнхийлөн захирагчтай Ерөнхий менежер ийн байгуулсан 2012 оны үр дүнгийн гэрээг илтгэх хуудсаар дүгнэхдээ 39,5 оноо өгч “F” буюу хангалтгүй гэж үнэлжээ.

Ийнхүү дүгнэсэн үндэслэлдээ: “..Сумдад газар өмчлөл хангалтгүй зохион байгуулагдсан үүнтэй холбоотойгоор аймгийн хэмжээний газар өмчлөлийн нэгдсэн дүн муу байна. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөлт муу хийгдсэнээс аймгийн хэмжээнд 99 аж ахуйн нэгжийн 67000 м2 талбай бүхий газар илүү эзэмшиж байсныг 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үеэр хууль зөрчсөн тогтоол гаргуулсан байна.

Сумдын газрын даамлуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулаагүй /туршлага солилцсон/. Аймгийн хэмжээнд баригдсан барилга байгууламжид хяналт муу тавьж ажилласан, зөвшөөрөлгүй газар барилга барьсан, барилга чанарын шаардлага хангахгүй байгаа. Аймгийн хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр баригдсан барилга байгууламжийн тендер сонгон шалгаруулалт явуулаагүй. Мэдлэг чадвар дээшлүүлэх англи хэлний сургалтын үр дүн хангалтгүй гарсан, мөн аймгийн хэмжээнд салбарын хуулийн хэрэгжилт, сурталчилгаа хангалтгүй байна.

нь Төсвийн ерөнхийлөн захирагчтай Ерөнхий менежерийн байгуулсан 2012 оны үр дүнгийн гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн, мөн 2010 онд Нэгдсэн эмнэлгийн газраас иргэн *******д 1200 м2 талбайг эзэмшүүлсэн зэргийг үндэслэн албан тушаалаас нь чөлөөлөх..” гэжээ.

Мөн Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ дүгнэсэн тухай илтгэх хуудсыг албажуулахад оролцогч талууд гээд аймгийн Засаг дарга ******* гарын үсэг зурсан байх боловч Ерөнхий менежер аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга ийн гарын үсэг зурагдаагүй, мөн уг илтгэх хуудсыг хэзээ дүгнэсэн нь тодорхойгүй, огноо бичигдээгүй байна. /х/х 54-59/

Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дүгээр захирамжаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга ийг Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан Ерөнхий менежерийн 2012 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй 39,5% буюу “Р” үнэлгээтэй биелүүлж, 2010 онд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалтыг зөрчиж аймгийн Нэгдсэн эмнэлгийн эзэмшил газраас 1200 м2 талбай бүхий газрыг иргэн *******д эзэмшүүлсэн зэрэг зөрчил гаргасан байх тул Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.3.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /х/х-114/

Нэхэмжлэгч нь уг захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргахад Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөл 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор “Аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дүгээр захирамжаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан ийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй” гэж дүгнэжээ./х/х-5/

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “...Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа 12 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн...” гэж заасан ба “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгохоор, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д “...хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно...”, 15.4.1-д “...давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна...” гэж хуулийг тайлбарлажээ.

ийг “...удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн...” гэж үзсэн талаар нотлох баримтуудыг хариуцагч талаас гаргуулахаар тус шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 3/36 дугаар албан тоот, 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 38 дугаар захирамж, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Нотлох баримт гаргуулах тухай” 39 дүгээр захирамжуудаар шаардсан боловч ирүүлээгүй. /х/х 62, 75-76, 78-80/

Үүнтэй холбоотойгоор тус шүүхээс 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох бичиг баримтад хийсэн үзлэгээр /х/х-126/ нь аймгийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 110 дугаар захирамжаар сарын үндсэн цалинг хоёр сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын арга хэмжээ авагдсан захирамжийг хуулбарлан авсан./х/х-128/

ийг 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөх захирамж гарах хүртэл дээрх захирамжаас өөр сахилгын арга хэмжээ авсан эрх зүйн акт байхгүй, анх сахилгын арга хэмжээ авагдсанаас хойш нэг жил өнгөрсөн тул сахилгын шийтгэлгүйд тооцох бөгөөд мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 3/293 дугаартай “..манай байгууллагаас

2012   онд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан ийн ажлын талаар дүгнэлт гараагүй” гэсэн албан тоот /х/х-61 ар тал/ зэргээс дүгнэхэд нь албан үүргээ удаа дараа буюу хоёр ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлж, зөрчил давтан гаргасан гэж шууд дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Түүнчлэн хариуцагч тал “... нь 2010 онд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалтыг зөрчиж аймгийн Нэгдсэн эмнэлгийн газраас 1200 м2 талбай бүхий газрыг иргэн *******д эзэмшүүлсэн, мөн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөлт муу хийгдсэнээс аймгийн хэмжээнд 99 аж ахуйн нэгжийн 67000 м2 талбай бүхий газар илүү эзэмшиж байсныг 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үеэр хууль зөрчсөн тогтоол гаргуулсан...” гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 160 дугаар захирамжаар *******д 1200 м2 талбай бүхий газрыг эзэмшүүлсэн байх бөгөөд Газрын тухай хуульд заасан журмаар газрыг зөвхөн эрх бүхий Засаг дарга эзэмшүүлэх эрх хэмжээ эдлэхээр хуульчлан заасан байх ба дээрх дурдагдаж буй Засаг даргын захирамж, газрын гэрчилгээ, кадастрын зураг, газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ зэргээр уг газрыг эзэмшүүлээгүй, харин Засаг даргын захирамжаар эзэмших эрх үүсч захирамжийг үндэслэн гэрчилгээ олгогдсон болох нь нотлогдож байна. /х/х 64-70/

Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2013   оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн “Аймгийн газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөөний биелэлт, 2013 оны төлөвлөгөө батлах тухай” 20 дугаар тогтоолоор аймгийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг “Хангалттай” гэж дүгнэж, тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталжээ. /х/х129-150/

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “...Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ...", 33.1.1-д “...энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана...” гэж заасан бөгөөд хариуцагч талын ярьж байгаа дээрх зөрчлүүд нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын эрх хэмжээ болон ажлын байрны тодорхойлолт, ажлын чиг үүрэгт хамааралгүй байхад захирамжийн үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй байна. /х/х 102-106/

Нэхэмжлэгч нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолт, 2012 оны үр дүнгийн гэрээ, төлөвлөгөөнд заасан ажил, үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх ба Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд, Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх, түр орлон гүйцэтгэгч томилох тухай” дүгээр захирамжийг хүчингүй болгож, ийг урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, түүний ажилгүй байсан 7 сар 11 хоногийн хугацааны цалин 5.798.900 /таван сая долоон зуун ерэн найман мянга есөн зуу/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Үүнээс гадна Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газрын харилцааны талаар авах арга хэмжээний тухай” 113 дугаар тогтоолыг хууль зөрчсөн, мөн тогтоолыг гарахад хэрхэн, яаж нөлөөлсөн зэргийг хариуцагч тал баримтаар нотлоогүй бөгөөд харин уг тогтоол тамга, тэмдэггүй байгаа нь бичиг хэргийн стандарт хангасан эсэх нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй. /х/х-176/

Түүнчлэн аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 05-04-013/228 дугаар дүгнэлтээр “...иргэн Ю.Адъяа болон “Өлзийт” МСҮТ-ийн газар эзэмшлийн талаар зөрчил илэрсэн...” гэж байгаа нь маргаан бүхий захирамжийн үндэслэл биш, өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхэд уг маргаан бүхий акттай холбоотой хэрэг үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад уг дүгнэлтийг гаргасан байх тул шүүх үнэлэх боломжгүй юм. /х/х 179-180/

Харин энэ зөрчлийг арилгахын тулд тухайн эрх зүйн актын буюу албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас эрх нь зөрчигдсөн иргэн хэн боловч хуульд заасны дагуу зохих дээд шатны байгууллага, захиргааны хэргийн шүүхэд хандах эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 72 дугаар зүйлийн 72.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 25 дугаар зүйлийн

25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 39 дүгээр зүйлийн 39.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх, түр орлон гүйцэтгэгч томилох тухай” дүгээр захирамжийг хүчингүй болгож, ийг урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагч аймгийн Засаг даргад даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ийн ажилгүй байсан 7 сар 11 хоногийн хугацааны цалин 5798900 /таван сая долоон зуун ерэн найман мянга есөн зуу/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ

                       ШҮҮГЧИД                Б.СУГАР

                                                           Ц.СУВДМАА