Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 014

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ж

Улсын яллагч Б.Б

Иргэний нэхэмжлэгч Х.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1713000000078 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д овгийн Д овогтой О нь 1996 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Ц сумын 7 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БЛ00000000

 

Шүүгдэгч Д.О-гийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар 4,356 м.куб нойтон мод бэлтгэж, байгаль орчинд 1.244.073 /нэг сая хоёр зуун дөчин дөрвөн мянга далан гурав/ төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.О нь 2017 оны 10 дугаар сарын эхэнд Улсын тусгай хамгаалалттай газар болох Баян-Өлгий аймгийн Ц сумын 5 дугаар багийн нутаг “Баянзүрх” гэх газрын ойд хууль бусаар 4,356 м.куб нойтон мод бэлтгэж, байгаль орчинд 1.244.073 /нэг сая хоёр зуун дөчин дөрвөн мянга далан гурав/  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Шүүгдэгч Д.О-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Манайх Ц сумын 7 дугаар багт байдаг. Зундаа  7 дугаар багийн нутгаар зусаж, намаржиж, өвөлдөө "Цагаан гол" гэдэг газарт нүүж очиж өвөлждөг юм. 2017 оны 09 дүгээр сарын 17-ноос 20-ны үед байх өдрийг нь яг тодорхой санахгүй, манайх өвөлжөөнд буусан байсан. Нэг өдөр би Могойтын гүүрний дээд талын ойгоос түлээний мод бэлдэхээр гэрээс өөрийн мотоцикльтой гараад сумын төв орж хоол хүнсээ базааж аваад Могойтын гүүрний дээд талд байгаа "Баянзүрх" уулын бэлд ойд орж, ой дотроос унасан хуурай модноос би нийт 2-3 хоног түлээний мод бэлдсэн юм. Намайг мод бэлдээд дууссаны ард буюу яг явах өдөр замын нэг машинаар хүргэн ах Б ирсэн. Би бэлдсэн модыг ойгоос татаж доошоо буулгаж ирээд байхад Б ирээд надад тусалж уг модыг бид хоёр хагалж хурааж тавиад явах гэж байтал сумын байгаль хамгаалагч нар ирээд бид хоёрыг ойгоос зөвшөөрөлгүй мод бэлдэв гэж бидний бэлдсэн түлээний модыг эндээс хөдөлгөж болохгүй гэж хэлээд зургийг нь аваад явсан. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Байгаль орчинд учруулсан хохирол 3.732.219 төгрөгийг нөхөн төлөх болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч Д.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний аавын гэр Цаагаанголд өвөлжөөнд буусны хэд хоногийн дараа дүү Д.О ойгоос мод бэлтгэхээр өөрийн мотоцикльтой явсныг би мэдэж байгаа. Тэр модонд явсны дараа би сумын төв орж эгчийн гэрт хэд хонож ирэхэд миний нөхөр Б дүү Д.О нар аавынд ирсэн байсан. Ойд мод огтолж байхад сумын байцаагч нар ирж тааралдав гэж хэлж байсан. Хэзээ хаанаас ямар модыг огтолж бэлдсэн талаар би мэдэхгүй. Эхлээд Д.О яваад мод бэлдэж, араас нь миний нөхөр яваад хагалж хурааж өгсөн гэж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

- Гэрч Х.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн төрсөн хүү болох Д.О-г түлээний мод бэлдүүлэхээр өөрөө явуулсан. Миний гэр Баянзүрхэд өвөлжөөнд ирсний дараа би Д.О-г явуулж ойгоос унасан хуурай модноос түлээ бэлд гэсэн. Тэгээд тэр 2 хоног мод бэлдэж, араас нь хураах үед хүргэн Б-ийг явуулж, тэр хоёр тэнд бэлдсэн модыг хурааж байх үед сумын байгаль орчны байцаагч нар ирж үзсэн гэсэн. Бид мод бэлдэх үед сумын байцаагч С-гаас гоожин бичүүлж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25-р хуудас/,

- Гэрч П.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би  өөрөө Ховд  аймгийн  харьяат хүн. Эхнэр хүүхдийн хамт хотод хувиараа хар бор ажил хийдэг. Ц суманд миний эхнэр, хүүхэд өнгөрсөн 7 дугаар сарын сүүлээр хадам аавынд ирсэн. Би сүүлд 09 дүгээр сарын 20-ны үед эхнэр хүүхдээ аваад өвлийн идшээ базааж авахаар ирсэн. Намайг ирэх үед хадам аавын гэр одоо байгаа “Цагаан гол”-ын өвөлжөөнд ирсэн байсан. Тэгээд нэг өдөр би сумын төв ороод хонож маргааш нь хадам аавынд ирсэн чинь Д.О мотоцикльтой түлээнд явсан гэж аав хэлж байсан. Тэгээд би гэрт 1 хонож, өглөө сумын төв ороод Д.О-гийн араас нь очиж тусалмаар санагдаад тийшээ явах унаа хайгаад байтал сумын төвөөс замын машинд суугаад түүнд очсон юм. Намайг очиход Д.О ойгоос модоо татаж доошоо буулгаж тавьсан байсан. Би түүний бэлдсэн модыг нь өдөржин хагалж оройхон бид хоёр явах гэж байхад машинтай хүмүүс ирээд нөгөө модны зураг аваад бид нараас асууж байгаад яваад өгсөн. Миний мэдэх зүйл энэ. ...Түүний бэлдсэн модон дотор нойтон мод голдуу байсан. Бид хоёр арай л гэж хагалсан. Гартаа том сүхтэй явж байсан түүгээр бэлдсэн гэж хэлсэн. Би тэр сүхээр модыг нь хагалж тэнд хураагаад тавьсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

- Гэрч Т.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байх "Баянзүрх уулнаас мод бэлдэж байна” гэх мэдээлэл аваад би өөрийн машинтай Х-ын хамт яваад очиход Могойтын гүүрний дээд талд байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар нутаг болох "Баянзүрх" уулын  наана  гол дагуух бэлд Д.О хажуудаа өөрийн хүргэн ахын хамт ойгоос мод бэлдэж хагалж хурааж тавьсан байсныг илрүүлэн зургийг нь аваад модонд үзлэг хийгээд тэгээд би материалжуулаад прокурорт шилжүүлсэн юм. Д.О ойгоос 4,350 куб метр гаруй мод бэлдсэн бүгд нойтон шинэс мод байсныг хагалж хурааж тавьсан байсан. Би үзлэг хийсэн. Миний хажууд Х байсан. Ойгоос сүхээр цавчиж тайраад татаж наана буулгаж ирээд хагалж байхад бид очсон. Намайг очиход Д.О хажуудаа нэг залуутай байсан ба тэр нь хүргэн ах нь гэсэн. Би тэр үед “Эрхийн бичиг байгаа юу?” гэхэд Д.О надад “Эрхийн бичиг одоогоор байхгүй, гэрт байгаа” гэж хэлж байсан. Тэр газар нь голдуу намаржаа, хаваржаа газар тул өвөл нэг ч хүн амьтан айл хунар байдаггүй газар нутаг юм. О тухайн үед надад хэлэхдээ 2 хоногийн өмнө гэрээс мотоцикльтой ирээд ойгоос мод бэлдсэн гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

- Гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би зэргэлдээ орших “Шакен” хэмээх газарт эгчийнд хоноод өглөө Могойт руу явж байх үед мод хураасан байсныг тааралдав. Тэр хавийн айлуудаас асуухад Д.О, П.Б нар байсан нь тодорхой болсон юм. Кемелект өвөлждөг айл өрхүүдэд нойтон мод хагалж бэлтгэх хандлага байдаг. Бид байнга сануулга өгч ажилладаг байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

- Гэрч С.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би одоогоор жирэмсний амралттай байгаа. Сүүлд миний нөхөр болох Б.Х надад хэлэхдээ О Баянзүрх уулнаас түлээний мод гэж 4 куб метр гаруй модыг хагалж тэнд хураагаад тавьсан байсныг Т.С нар илрүүлсэн гэж би сонссон. Баянзүрх уулын ой нь улсын тусгай хамгаалалттай газарт ордог юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

          - Иргэний нэхэмжлэгч Х.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би сумын Засаг даргын захирамжаар албан ёсоор энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр томилогдсон байгаа. Шинжээчийн дүгнэлттэй би танилцсан. Тэр хэмжээний хохирол нөхөн төлбөрийг бид нэхэмжлэх болно. Өөрөөр тэр хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Харин сумын засаг даргын зүгээс иргэн Д.О-гийн ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж түүний нөхөн төлбөрийг нь бид хэдэн сараар хувааж төлүүлэхээр болсон байгаа. Тэднийх нэн ядуу өрх айл тул нөхөн төлбөрийг сар сараар хэлэлцэж хувааж төлүүлэхээр болсон байгаа. Тэд тэгж сумын Тамгын газарт хүсэлт гаргаж байсан тэгээд бид харилцан тохиролцож хувааж төлүүлэхээр болсон. ...О-гийн нийт төлбөр нь 1.244.073 /нэг сая хоёр зуун дөчин дөрвөн мянга далан гурав/ төгрөгийн хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж нийт 3.732.219 /гурван сая долоон зуун гучин хоёр мянга хоёр зуун арван ес/ төгрөгийг 2018 оны 02, 03 дугаар саруудад 2 хувааж төлүүлэхээр тохиролцсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

          - Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн М.Н-гийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаартай: “... 1. Ц сумын "Баянзүрх" гэх газар Улсын тусгай хамгаалалттай Алтай Таванбогдын Байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаарна.

       2. Тухайн моднууд шинэс буюу шилмүүст моднууд байна.

       3. Тухайн моднуудыг зөрүүд тайрч бэлтгэсэн байна.

       4. Ойн газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А-79-р тушаалын нэг дүгээр хавсралт болох Түлээний модны эзэлхүүнийг тогтоох аргачлалын дагуу Сийрэг шоо-метрт шилжүүлэв. Үүнд:

       Сийрэг эзлэхүүнийг тодорхойлоход тухайн нягт хураагдсан модны дундаж өндрийг урт, өргөнд нь үржүүлэх замаар тодорхойлно.

1.10 өндөр х 2.20 урт х 1.80 өргөн = 4.356 мЗ /Сийрэг шоометр/

       5.   Монгол Алтайн нурууны ой бүхий газар нь Байгаль орчны сайдын 1996 оны 230 дугаар тушаалаар нэгдүгээр мужийн ойд ордог бөгөөд Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 тоот тушаалын    1 дүгээр хавсралтын дагуу нэг метр куб  шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 204000 төгрөг, үүнийг нойтон түлээний итгэлцүүр (итгэлцүүр гэдэг нь: нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарц) 1.4-р үржүүлэн тогтооно. Ц сумын "Баянзүрх" гэх газраас зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэсэн нойтон түлээ модны экологи эдийн засгийн үнэлгээ нь  4.356м3х204000х1.4=1.244.073 төгрөгийн бодит хохирлыг учруулсан байна.

       6.   Хэзээ огтолсныг тогтоох боломжгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас/,

            - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 4-7-р хуудас/

            - Шүүгдэгч Д.О-гийн хууль бусаар бэлтгэсэн гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 88-10-р хуудас/ зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

            Шүүгдэгч Д.О-гийн мод бэлтгэсэн Баян-Өлгий аймгийн Ц сумын 5 дугаар багт байрлах Баянзүрх гэх газар нутаг нь Монгол Улсын Их хурлын 1996 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолд орсон байна. Иймд шүүгдэгч Д.О-д  прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3-т заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл  тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.О нь Улсын тусгай хамгаалалттай газар болох Баян-Өлгий аймгийн Ц сумын 5 дугаар багийн нутаг Баянзүрх гэх газрын ойд зохих зөвшөөрөлгүй 4.356 м.куб мод бэлтгэж, ойн санд 1.244.073 /нэг сая хоёр зуун дөчин дөрвөн мянга далан гурав/ төгрөгийн бодит хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан. Иймд шүүгдэгч Д.О-гийн ойн санд учруулсан бодит хохирол 1.244.073 /нэг сая хоёр зуун дөчин дөрвөн мянга далан гурав/ төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэхэд нөхөн төлөх хохирол нь 3.732.219 /гурван сая долоон зуун гучин хоёр мянга хоёр зуун арван ес/ төгрөг байна.

Шүүгдэгч Д.О уг 3.732.219 /гурван сая долоон зуун гучин хоёр мянга хоёр зуун арван ес/ төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй бөгөөд 2 хувааж нөхөн төлөхөө илэрхийлснийг хүлээн авах зүйтэй гэж дүгнэлээ.  

            Иймд шүүгдэгч Д.О-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.О-гийн гэмт хэрэг үйлдэж олсон 4.356 м.куб модыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож уг модыг хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй байна.  

Мөн түүний өмч 800000 төгрөгийн үнэтэй "Дайун" маркийн, улсын дугааргүй, гэрчилгээгүй мотоцикль нэг ширхэг, нэг бүр нь 65000 /жаран таван мянга/ төгрөгийн үнэтэй 10 ямаа битүүмжилсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөх хүртэл хугацаанд Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Д овгийн Д-гийн О-г Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд “Хууль бусаар мод бэлтгэх”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Д-гийн О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн        2.5-д зааснаар шүүгдэгч Д.О-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.  
  4. Шүүгдэгч Д.О нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч Д.О-гийн ойн санд учруулсан хохирол 3.732.219 /гурван сая долоон зуун гучин хоёр мянга хоёр зуун арван ес/ 3.732.219 төгрөгийг түүнээс гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
  6. Шүүгдэгч Д.О-гийн Ойн санд учруулсан хохирлыг төлж барагдуулах хугацааг 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 2 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.О-гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комиссод даалгасугай.
  8. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Шүүгдэгч Д.О-гийн өмч 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн үнэтэй "Дайун" маркийн, улсын дугааргүй, гэрчилгээгүй мотоцикль, нэг бүр нь 65.000  /жаран таван мянга/ төгрөгийн үнэтэй 10 ямаа битүүмжлсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  10. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 4.356 м.куб модыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож уг модыг хурааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хураагдсан хөрөнгөөс хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  11.  Шүүгдэгч Д.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  12. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.О-гийн 00000000 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим иргэний үнэмлэх зэргийг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
  13.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  14. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.Д