Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/712

 

 

 

Б.Оад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оргилболд,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ю.Батболд,

хохирогч Б.Х, Н.Ү,

иргэний хариуцагч Д.Б,  

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/476 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Оад холбогдох 2009021770847 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандах илтгэснээр хянан хэлэлцэв.

тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Б.О нь хохирогч Ц.Дг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Ц.Д нь Соёл амралтын хүрээлэнгийн зүүн хойд талд байрлах “Парк ийст” хотхонд 108 мкв хоёр ширхэг байр захиалан урьдчилгаа төлбөр гэж нийт 36.000.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хооронд буюу хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 5 шарын автобусны буудал дээр байхдаа шилжүүлэн авч залилсан, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оранж” төвийн 406 тоот байрны урьдчилгаа төлбөрийг бэлнээр өгөх юм бол үлдэгдэл төлбөрийг “onecoin”-оор төлөх боломжтой гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Н.Үгээс 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар, 5.000.000 төгрөгийг бэлнээр, хохирогч Г.Ааас 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 18.000.000 төгрөгийг дансаар, хохирогч Д.Хаас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 7.500.000 төгрөгийн дансаар, 7.000.000 төгрөгийг бэлнээр тус тус Д.Бийн эзэмшлийн Хаан банкны 5005335107 тоот дансаар болон бэлнээр дамжуулан залилан мэхэлж авсны улмаас нийт 42.500.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 78.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.О-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар  3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оаас нийт 28.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Үд 10.000.000 төгрөг, Г.Ад 18.000.000 төгрөг тус тус олгож, иргэний хариуцагч Д.Бээс нийт 16.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Ад 12.000.000 төгрөг, хохирогч Ц.Дд 4.000.000 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...1. Анхан шатны шүүх нь намайг нэр бүхий хохирогч нарт нийт 78.5 сая төгрөгийн учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Миний бие Д.Хаас 7.5 сая, Ц.Дгаас 36 сая, Г.Ааас 18 сая, Х.Үгээс 5 сая буюу нийт 66.5 сая төгрөгийг дансаар авсан. Үүнээс буцаан Д.Бийн данс руу 4 удаагийн үйлдлээр 9 сая төгрөгийг /1 саяар 2 удаа, 5 саяар 1 удаа, дүү Хишигнасангийн данс руу нь 2 сая төгрөг/ буцаан шилжүүлсэн. Д.Бийн данснаас надруу нийт 30.5 сая төгрөг шилжүүлснээс 9 сая төгрөгийг буцаан өгсөн бөгөөд 21.5 сая төгрөг төлөх өр үлдсэн. Үүнээс 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдөр шүүх хуралдаанаас өмнө манай эхнэр Х.С нь Г.Ад төлөх төлбөрөөс Д.Бийн данс руу 15 сая төгрөгийг интернет банкнаас гүйлгээ хийж төлсөн. Төлбөрийг шүүх нөхөн төлөх төлбөрөөс хасаж тооцоогүй нь үндэслэлгүй байна. Гэтэл үүнийг шүүх дахин гаргуулсан нь үндэслэлгүй байна. Энэ талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийхийг хүсэж байна.

2. Би Д.Хаас 14.5 сая төгрөг, Н.Үгээс 10 сая төгрөг аваагүй, энэ 2 хохирогч надад мөнгө шууд өгөөгүй, Д.Бээр дамжуулж өгсөн байдаг. Б..Х нь 1-р хх-ийн 23-24-р тал, 2-р хх-ийн 197-р талд “өөрийн 5011212281 данснаас төрсөн эгч Д.Бийн 5005335107 тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 7 сая, 7.5 сая төгрөгийг 2020.01.10-ны өдөр хийсэн гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт 7 сая төгрөгийг бэлнээр өгсөн гэж худал хэлж, эгч Д.Бийн данснаас завшин хэрэглэсэн. 7 сая төгрөгийг надаар төлүүлэх гэснийг шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй. Иймээс миний бие Б.Хаас бэлнээр 7 сая төгрөг огт аваагүй, харин 7.5 сая төгрөг Д.Б дансаар шилжүүлж, 2 /3.5 сая, 4 сая/ хуваан өгсөн.

Миний бие хохирогч Н.Үгээс 10 сая төгрөгийг тэр тусмаа 5 сая төгрөгийг бэлнээр огт аваагүй. Хохирогч Н.Ү нь хавтаст хэргийн 26-27-р талд мэдүүлэхдээ “2020.04.26-ны өдөр 10.1 сая төгрөгийг Д.Бийн данс руу шилжүүлсэн” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл 2020.4.26-ны өдөр Д.Б нь 5 сая төгрөгийг надруу шилжүүлсэн нь Н.Үгийн мөнгө байсан юм. Тэгвэл Н.Үгийн 5 сая төгрөгийг хаана, хэзээ надад бэлнээр өгсөн нь нотлогдсон болоод шүүх надаас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөө хэлбэл хохирогч Н.Ү, Б.Х нараас 2020.01.10-ны өдөр Д.Б рүү 14.5 сая төгрөг шилжүүлснээс Д.Б нь 2020.01.13-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 7.5 сая төгрөгийг, Н.Ү 2020.4.26-ны өдөр Л.Бийн данс руу 10.1 сая төгрөг шилжүүлснийг Д.Б нь мөн өдөр 5 сая төгрөг шилжүүлсэн, 5 сая төгрөг надад бэлнээр хэзээ ч өгөөгүй болно. Өгсөн талаарх нотлох баримтгүй байхад шүүх хохирог Н.Үд 10 сая төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

Ер нь Д.Б нь хохирогч Н.Ү, Б.Х, Г.А нараас шилжүүлсэн мөнгөнөөс дундаас нь завшиж идчихээд түүнийгээ нуун дарагдуулахын тулд эдгээр хүмүүсээр худал мэдүүлэг өгүүлж, надад бэлнээр өгсөн гэж итгүүлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Г.А нь 18 сая төгрөгийг Д.Бийг дансруу шилжүүлсэн нь мөн өдөр надад шилжүүлсэн. Гэтэл Г.Аын өгсөн 30 сая төгрөгөөс 12 сая төгрөгийг өөрөө завшин идчихээд үүнийгээ төлж байгаа гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Энэ нь Н.Ү, Ц.Д, Б.Х нарын мөнгийг дундаас нь завшин иддэг болох нь нотлогдож байна. Хохирогч Г.А нь хууль сануулж мэдүүлэг авсаар байтал 3-р хх-ийн 53-р талд илт худал мэдүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Учир нь Г.Аын 2020.03.06-ны өдөр шилжүүлсэн, би тэр дансаар шилжүүлээд авчихсан. Д.Б нь 12 сая төгрөгийг Г.А, А нарт өөрөө төлж байхад би Оранж төвд байгаагүй, надад бэлнээр мөнгө авах шаарлага огт байгаагүй тул элт худал мэдүүлэг болно. Харин Д.Бийн Н.Ү, Б.Х, Г.А нарын шилжүүлсэн 5 сая, 7 сая, 12 сая төгрөгийг итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлэн давж заалдах шатны шүүхээс шударга шийдвэр гаргаж өгнө үү.

3. Д.Б нь миний эхнэр Х.Сд төмс тарьж их мөнгө олох боломжтой, эргэлтийн 50 га газартай, уг ажлын зардалд 50 сая төгрөг өгчих, төмс тариална гээд зөвшөөрөлгүй 18 га газарт төмс тариалж, 10 сая төгрөгийн төмс өгч, 11 сая төгрөгийн хохирол учруулсан. Түүний мэдүүлснээр 50 сая төгрөгийн төмс надад байрны төлбөрт огт өгөөгүй, 1800 шуудай төмс нь угаасаа миний эхнэр Х.Сд өгөх ёстой төмс байсан. Х.С нь уг хохирлоо иргэний шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжлэхэд зөвшөөрөлгүй газар төмс тариалсан тул хохирол, хор уршигаа өөрөө хариуцна гээд Д.Б нь итгэл үнэмшил төрүүлж, хууль ёсны зөвшөөрөлтэй газарт төмс тариалж байгаа гэж бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулсан гэмт үйлдлийн умаас учирсан хохирлыг Д.Бээр төлүүлээгүй нь хуулийн зорилт, зарчимд нийцээгүй бөгөөд шүүхийн тогтоол үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх түүний хууль бус үйлдлүүдэд дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна.

Иймд Н.Ү, Б.Х нараас бэлнээр авсан 12 сая төгрөгийг миний бие төлөх үндэслэлгүй бөгөөд өгсөн талаарх мэдүүлгийнхээ эх сурвалжийг нотлоогүй, ийм баримт авагдаагүй гүтгэж байгаа тул Н.Үд төлөх 10 сая төгрөг, Г.Ад шүүх хуралдааны өмнө миний эхнэр Х.Сэс Д.Бийн дансанд шилжүүлсэн 15 сая төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 6.5 сая төгрөг төлснийг харгалзан надад оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэв.

    Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “.....Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 12 дугаар хуудсанд:... Шүүгдэгч Б.О гэм буруутай үйлдлийн улмаас бусдад нийт 78.500.000 төгрөг учруулсан бөгөөд хохирогч Ц.Дд 1.000.000 төгрөг, Д.Хад 2.000.000 төгрөг нийт 3.000.000 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэх 75.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, хохирогч Ц.Дд 35.000.000 төгрөг, Н.Үд 10.000.000 төгрөг, Д.Хад 12.500.000 төгрөг, Г.Ад 18.000.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн. Иргэний хариуцагч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би Дгаас 4.000.000 төгрөг зээлсэн байсан бөгөөд энэ мөнгийг Оад өгөх болсон. Энэ мөнгийг би 2020 оны 5 сард Тэнгис кино теартын арын пабад бэлнээр Оад өгсөн О энэ мөнгийг аваад Дтай хоёр байрны гэрээг бичгээр хийсэн хэрвээ аваагүй бол 40.000.000 төгрөгний гэрээ хийхгүй байсан Г.Ааас авсан 12.000.000 төгрөг нь энэ байрны асуудалд огт хамаагүй бөгөөд нөхөр бид хоёр хүүхдүүдээсээ зээлж аваад буцаан төлсөн мөнгө гэж мэдүүлжээ”. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 4 сарын 8-ны өдөр хохирогчоор Д.Бээс мэдүүлэг авахад “...Ц.Дгаас зээлж авсан 4.000.000 төгрөгийг Б.Оад өгөөгүй” гэж \2хх 192-193\ мэдүүлсэн байх ба хохирогч Ааас хувьдаа мөнгө зээлсэн талаар хэн аль нь огт мэдүүлж байгаагүй, тэдгээрээс дээрх мөнгийг аваад шүүгдэгч Оад өгөөгүй учир иргэний хариуцагчаар татсан уг тогтоолд Д.Б \3хх 197\ гомдол гаргаагүй байна. Иймд иргэний хариуцагч Бээс 16.000.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Ад 12.000.000 төгрөг, хохирогч Ц.Дд 4.000.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсний дагуу шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдааныг хохирол төлүүлэхээр завсарласан болно гэж дүгнэсэн байна. Энэ нь Эрүүгийн хууль буруу тайлбарласан, ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Б нь иргэний хариуцагч биш хэргийн хамжигч гэж үзэхээр байна. Дээрх хугацаанд шүүгдэгч Б.О нь хохирогч Д.Х, Ц.Д нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул үлдэх 28.000.000 төгрөгийг Б.Оаас гаргуулан хохирогч Н.Үд 10.000.000 төгрөг, Г.Ад 18.000.000 төгрөг тус тус олгож, иргэний хариуцагч Д.Бээс нийт 16.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Ад 12.000.000 төгрөгийг, хохирогч Ц.Дд 4.000.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв гэж дүгнэсэн нь хохирлыг буруу тогтоосон гэж үзэхээр байна. Хавтас хэрэгт цугласан нотлох баримтаар Д.Хаас 7.000.000 төгрөг бэлнээр, Н.Үгээс 5.000.000 төгрөг бэлнээр авсан гэх нотлох баримтгүй байхад хохиролд оруулж тооцоолсон нь хохиролыг бүрэн дүүрэн шийдвэрлэж чадаагүй гэж үзэхээр байна. Шүүгдэгч Б.Оад холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан. Энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой үйл баримтыг хангалттай тогтоож, чадсан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна. Шүүхээс шүүгдэгч Б.Оын үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ гэж дүгнэсэн нь хууль буруу тайлбарлаж, хууль буруу хэрэглэсэн байна. Шүүгдэгч Б.О нь хэрэг бүртгэл мөрдөн байцаалт шүүхийн шатанд гэм буруу дээрээ огт маргаагүй хохирлын тооцоон дээр маргасан байдаг үүнийг гэм буруу дээрээ маргасан гэж үзэхгүй мөн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 12 дугаар хуудсанд:...Шүүгдэгч Б.Оад ял шийтгэл оногдуулахад учруулсан хохирлоос зарим хэсгийг нөхнө төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэжээ. Мөн шүүгдэгч Б.Оыг хоригдож байх хугацаанд ар гэр нь хохирлыг бүрэн төлж барагдуулж шүүхийн дансанд байршуулсан байгаа. Иймд шүүгдэгч Б.Оад оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хорих ялыг өөрчилж, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр бүрэн барагдуулсан зэргийг харгалзан үзэж, торгох ялыг сольж, ялыг хөнгөрүүлж өгнө....” гэв.

Хохирогч Б.Х нь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.О нь бэлнээр авсан мөнгөө нотлох баримтгүй гэж өөрийгөө өмөөрч байна. Хэдийгээр өөрийгөө өмөөрч, хамгаалах нь тухайн хүний эрхйин асуудал боловч би шүүгдэгч Б.Оад 14,500,000 төгрөгийг өгсөн. Анхан шатны шүүхийн шатанд шүүгдэгч Б.О надад учруулсан хохирлоо төлж барагдуулсан тул би гомдол саналгүй...” гэв.

Хохирогч Н.Ү нь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би шүүгдэгч Б.Оыг урьд нь таньдаг байсан. Иргэний хариуцагч Д.Б “Б.Отай хамтарч орон сууц авах боломж байна” гэхэд нь би 10,000,000 төгрөгийг Д.Бийн данс руу шилжүүлсэн. Шүүгдэгч Б.О гомдолдоо “Н.Үгээс 5,000,000 төгрөг шилжүүлж авсан” гэж дурдсан байна. Гэвч би 10,000,000 төгрөг шилжүүлсний дараа дахин 100,000 төгрөг нэмж шилжүүлсэн. Хэрэв шүүгдэгч Б.О нь миний хохирлыг бүрэн төлж барагдуулбал надад ямар нэгэн гомдол санал байхгүй бөгөөд түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулахад татгалзах зүйлгүй. Учир нь, шүүхийн дансанд мөнгө байршуулсан байгаа тул миний хохирол төлбөрийг төлж барагдуулах байх гэж бодож байна...” гэв.

Иргэний хариуцагч Д.Б тус шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “...Би шүүгдэгч Б.Отай нэг газар ажилладаг байсан. Би өөрийн дотны дүү, найз Н.Үд орон сууц худалдан авах санал тавьсан. Үүний дагуу бид орон сууцны урьдчилгаа мөнгийг өгсөн. Шүүгдэгч Б.О нь бэлнээр авсан мөнгөө үгүйсгэж, дансаар шилжүүлж авсан мөнгөө зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нийт 20,500,000 төгрөг надаас гарсан. Би хохирогчид учруулсан бодит хохирлыг хүлээн зөвшөөрч, өөрөө алдагдалд орсон. Миний өөрийн захиалсан орон сууцны урьдчилгаа төлбөр байхгүй. Гэтэл шүүгдэгч Б.О нь дахин гомдол гаргаж, бэлнээр авсан мөнгөө үгүйсгэж байгаад гайхаж байна...” гэв.

Прокурор Б.Оргилболд тус шүүх хуралдаанд  гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Оад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оаас нийт 28,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Үд 10,000,000 төгрөг, Г.Ад 18,000,000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.О нь нийт хохирол төлбөрөөс 21,500,000 төгрөгийг төлж барагдуулсан тул прокурорын зүгээс хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Б.О нь мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргадаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд хүртэл шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хохирол, төлбөрийг үгүйсгэж, өөрийн гэм буруу дээрээ маргаж, өөрийн үйлдсэн гэм бурууд дүгнэлт хийхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Оад холбогдох 2009021770847 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Б.О нь:

1. хохирогч Ц.Дг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Ц.Д нь Соёл амралтын хүрээлэнгийн зүүн хойд талд байрлах “Парк ийст” хотхонд 108 мкв хоёр ширхэг байр захиалан урьдчилгаа төлбөр гэж нийт 36.000.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хооронд залилж авсан болох нь:

хохирогч Ц.Дгийн “...Оаас “Ийм үнэтэй байрыг яаж урьдчилгаа тийм бага мөнгө өгч авах гээд байгаа юм бэ” гэж асуухад “Би бүгдийг нь асуудалгүй зохицуулчихсан байгаа. Би өөрөө байрнууд авсан. Гэхдээ би onecoin-оор төлбөрийг нь төлөөд авсан. Ямар ч асуудалгүй, найдвартай” гэж хэлсэн. Соёл амралтын хүрээлэнгийн ертөнцийн зүгээр хойно байрлах Парс ийст хотхоны байранд 108 мкв 1 ширхэг, 68 мкв 1 ширхэг байрнууд үлдсэн” гэхээр нь би “108 мкв байрнаас 2 ширхэгийг захиалъя” гэхэд болно гэж хэлсэн. Нэг байрны урьдчилгаа 20.000.000 төгрөг, хоёр байрны урьдчилгаа 40.000.000 төгрөг болно гэсэн. Би одоохондоо яг бэлэн мөнгө байхгүй байна гэсэн чинь асуудалгүй, мөнгөө зохицуулчих оруулаад өгнө гэж хэлсэн. 2020 оны 02 дугаар сараас О өдөр шөнөгүй утасдаад өөр хүн байрыг чинь авах гээд байна гэж шавдуулсаар байгаад 36.000.000 төгрөгийг 4 хувааж Оын данс руу шилжүүлсэн. ...Мөнгө шилжүүлснээс хойш 2020 оны 12 дугаар сард байранд оруулж өгнө гэсэн боловч одоог хүртэл байранд оруулж өгөөгүй. ...” /2хх 67-68, 3хх 55/,

гэрч Д.Бийн “...Б.О гэх хүнийг зүс таньдаг байсан. Сайн таньж мэддэг найз нөхдийн холбоо байхгүй. Ц.Д бид хоёр цахим onecoin эзэмшдэг юм. Ер нь манай оффист ийм цахим мөнгө эзэмшдэг хүмүүс байдаг. 2019 оны сүүлээр өөрийгөө Хангай гэж танилцуулсан О тухайн үед манай оффисын нэг хүнтэй цахим мөнгө ашиглан 200 маркийн машин 2 ширхэгийг, мөн хувцас авч байгаа одоо бол бэлэн мөнгөөр эд зүйл авахгүй байгаа талаар ярьж байсан. Энэ зүйлийг сонсоод сонирхол татаад Отай яриа өдөхөд урдаас хэдэн байрны зураг гаргаж үзүүлээд эдгээр байранд onecoin ашиглан урьдчилгаа бага мөнгө бэлнээр төлөөд үлдсэнийг нь цахим мөнгөөр зөрүүг нь өгөөд орж болно гэсэн. Үүнийг сонсоод надад үнэхээр их таалагдаж Дд хэлсэн....” /2хх 55-58/ гэх мэдүүлгүүд,

Ц.Дгийн эзэмшлийн Голомт банкны 2705005599 дугаартай, Хаан банкны 5034258127 дугаартай данснуудын хуулга /2хх 55-58/,

байрны захиалга гэсэн нэртэй Б.О, Ц.Д нарын үсэгтэй баримт /2хх 54/,

“Мөнгөн цахиур” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн албан бичиг /2хх 96, 190/,

Б.Оын эзэмшлийн Хаан банкны 5007258866 дугаартай дансны хуулга /2хх 125-126/,

Б.Оын эзэмшлийн Хаан банкны 5007258866 дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 45-47/,

2. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оранж” төвийн 406 тоот байрны урьдчилгаа төлбөрийг бэлнээр өгөх юм бол үлдэгдэл төлбөрийг “onecoin”-оор төлөх боломжтой гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Н.Үгээс 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 5.000.000 төгрөгийг нийт 10,000,000төгрөгийг, хохирогч Г.Ааас 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 18.000.000 төгрөгийг, хохирогч Д.Хаас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 7.500.000 төгрөгийг, 7.000.000 төгрөгийг нийт 14,500,000 төгрөгийг тус тус Д.Бээр дамжуулан залилж авсан болох нь:

хохирогч Д.Хын “...2020 оны 01 дүгээр сарын эхээр манай төрсөн эгч болох Д.Б нь надтай уулзаад “Эгч нь онкойн худалдаж авсан байгаа. Одоо энийг ашиглаж болохоор болсон, Опесот монголд зохион байгуулдаг хүн надад тодорхой хэмжээний урьдчилгаа мөнгө төлөөд миний оnecoin-ийг нэмж ашиглаад 5, 6 байрнаас сонголтоо хийгээд нэгийг нь авах боломжтой байна гэж хэлсэн. Би өөрийн эгчийн тавьсан саналыг хүлээн авч “Гранд Плаза”-ийн урд баригдаж байгаа байранд 82 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг авахаар сонгож байрны урьдчилгаа төлбөр 14.500.000 төгрөгийг өөрийн эгч Д.Бээр дамжуулан Хангай буюу О гэх хүнд өгсөн. ...Ямар нэгэн гэрээ хэлцэл огт үйлдээгүй. Харин 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр би өөрөө Хангай гэдэг хүнийг олж уулзаад гараар нь бичиг бичүүлж авсан. Тус бичиг дээр Хангай буюу О би байрны урьдчилгаа төлбөр 14.500.000 төгрөг авсан нь үнэн болно. 7 хоногийн дараа байрны түлхүүрийг чинь гардуулж өгнө гэж хэлж гарын үсэг зурсан. ...” /1хх 23-24, 2хх 197/,

хохирогч Н.Үгийн “...2020 оны 01 дүгээр сарын эхээр миний зүс таних Хангай буюу О гэх залуу манай ажил дээр ирээд Бтэй уулзаад вонкойноор байр, Ланд 200 маркийн машин авсан талаар яриад нөүтбүүк дээр зураг үзүүлээд койноор авсан бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг хариуцаж хийгээд ажил ихтэй завгүй явж байна гэж ярьж байсан. ...Б Хангай гэх залуугаас ойрын хүмүүстээ урьдчилгаа мөнгө өгөөд үлдсэнийг нь вонкойноор төлөөд авч байгаа талаар би мэдэж байсан. 2020 оны 4 дүгээр сард би Бээс нөгөө залуугаасаа байрыг нь асуугаад өгөөч гэхэд Хангай гэх залуутай холбогдоод асуухад 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 12 цагаас өмнө урьдчилгаа мөнгө өгвөл би Алтай хотхоны хажууд баригдаж байгаа Хонгор хотхонд байр олж өгөх боломжтой гэхээр нь би мөнгө хайж эхэлсэн. Яагаад гэвэл Бийн дүү нь ашиглалтад орох байраа үзчихээд ирлээ, Б ч мөн байраа үзчихээд ирлээ гээд байсан. Надад санал болгосон Алтай хотхоны яг хажууд баригдаж байгаа Хонгор хотхоны барилгын явцыг очиж үзэхэд байр баригдаад бараг дуусч байсан. ...Тухайн байр ашиглалтад ороод оршин суугчид нь байрандаа ороод эхэлсэн байхыг мэдээд Бээр байрандаа орох шаардлагыг хэлүүлэхэд Хангай гэх залуу вонкойныг ашиглаж карт гадаадаас ирэх ёстой ирээгүй байна гээд хойшлуулж байснаа сүүлдээ ажил явдал гарсан, бие өвдсөн, сувилалд хэвтсэн гээд утас нь холбогдохгүй болсон. ...” /1хх 26-27, 3хх 57/,

хохирогч Г.Аын “...2020 оны 3 дугаар сард манай аав над руу залгаад Бийн койноор байранд орох боломжтой байна гэсэн. Манай төрсөн эгч Ар миний урьдчилгаа болох 18.000.000 төгрөгийг миний өмнөөс төлөхөөр болоод Хангай буюу О руу нийт 18.000.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр шилжүүлсэн. Байранд орох яриа хэлцлийг Б Хангай гэх хүнтэй хийсэн. Надад санал болгосон байрнуудад Парк Ийст хотхонд 103 м.кв бүхий 3 өрөө байрыг авахаар сонгож урьдчилгаа 30.000.000 төгрөг шаардлагатай гэхээр нь эхний ээлжинд 18.000.000 төгрөгийг төлсөн. ...Уг байр Зургаадугаар сард ашиглалтад орно гэсэн боловч ямар нэгэн шалтгаан хэлж хойшлуулсаар байсан. ...О /Хангай/ гэдэг хүнийг нь харъя гэж бодоод Бийн хамт явсан. Ингээд Оранж гээд паб байсан бөгөөд О гэдэг залуу нь ганцаараа байсан. Бийн хамт бид 3 байсан. Тэр үед Д.Б нь ууттай мөнгийг бол Оад өгч байсан. О гээд хардуу барзгар царайтай залуу байсан. Тухайн үед О нь Б одоо ёстой удахгүй ээ гээд яриад байсан. Над руу бас харж байсан. Тэгээд би мөнгө өгөхийг нь хараад за за үнэн юм байна гэж бодоод гарсан юм. ...”  /1хх 29-30, 3хх 53/,

гэрч Б.Арын “...Б эгчтэй ярихад энэ саналыг О гэдэг хүн тавиад байгаа юм. Түүнтэй уулзаад үзээч гээд дугаарыг нь өгсөн. Маргааш нь уулзахад Дүнжингарав худалдааны төвийн замын урд тулд 1, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замын хойд талд 2 байр байна. Урьдчилгаанд 18.000.000 төгрөг өгчих гэсэн. Энэ урьдчилгаа мөнгийг өгчих юм бол үлдсэн мөнгийг нь би өөрөөсөө койн гаргаад байрыг чинь авчихна. 18.000.000 төгрөгийг хайж олоод түүнд өгсөн. Бийн данс руу шилжүүлсэн...” /2хх 24/,

Д.Бийн хохирогчоор мэдүүлсэн “...Д.Х нь миний төрсөн дүү юм. Би Хаас шилжүүлсэн мөнгөнөөс Оын данс руу 7.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 7.000.000 төгрөгийг телевизд байдаг Оранж төв дээр очиж 2020 оны 01 дүгээр сарын эхээр санагдаж байна, тэр үед Оад бэлнээр өгсөн. Мөнгө өгөх үед Сараа, Ү нар байсан. Тухайн үед О нь Оранж төвд өрөө түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан. 2020 оны 5 дугаар сарын үед Саппаро төвийн миний дэлгүүр дээр очиж Оад бэлнээр өгсөн. Бэлнээр өгөх үед О миний гараас авсан бөгөөд бид хоёр дэлгүүрийн гадаа зогсож ярьж байгаад өгсөн юм. Тухайн мөнгийг өгөх гээд явж байхдаа Үгийн машинтай явсан учир Ү мэдэж байсан. О нь койноороо машин, байр худалдан авсан ба бүх худалдан авалтаа койноор хийдэг,койн нь арилжаанд орсон гэх мэтээр ярьдаг байсан. Мөн байрны урьдчилгаа өгөөд үлдсэн төлбөрийг койноор хийж болно гэж хэлсэн. ...Ингээд би итгээд өөрийн төрсөн дүү Х, нөхрийн охин А найз Ү, Г нарт хэлсэн. Өөрийн төрсөн дүү Х, А нарт хэлээд та нар урьдчилгаа төлбөрөө өгчих юм бол байр ашиглалтад орсны дараа надад байгаа койноос байрны үлдсэн төлбөрөө хийж болох юм байна. Би өөрт байгаа койноор үлдсэн төлбөрийг чинь хийгээд өгнө гэж хэлээд урьдчилгаа төлбөрийг нь шилжүүлэн авч Оад дамжуулан өгсөн юм. ...Д надтай уулзаад би Оаас Зайсанд байрлалтай байр худалдан авах гээд захиалга өгсөн байгаа 36.000.000 төгрөгийг өгсөн. Ахтайгаа хамт авч байгаа 2 байр захиалсан гэж хэлсэн.  ...” /3хх 49-51/ гэх мэдүүлгүүд,

Б.Оын эзэмшлийн Хаан банкны 5007258866 тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 7.500.000 төгрөгийг “Бээс койны байр авах төлбөр” гэсэн утгатайгаар шилжүүлсэн баримт /1хх 74/,

5007258866 тоот дансанд 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 18.000.000 төгрөгийг “Бээс 2 байрны төлбөр” гэсэн утгатайгаар шилжүүлсэн баримт /1хх 74/,

5007258866 тоот дансанд 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийг “Бээс Алтай хотхон Хонгорт 1 байр” гэсэн утгатайгаар шилжүүлсэн баримт /1хх 75/,

5007258866 тоот дансанд 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Ц.Дгийн эзэмшлийн 5034258127 тоот данснаас 14.000.000 төгрөгийг “Байрны урьдчилгаа Д” гэсэн утгатайгаар шилжүүлсэн баримт /1хх 74/,

5007258866 тоот дансанд 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ц.Дгийн эзэмшлийн 5034258127 тоот данснаас 2.000.000 төгрөгийг “Байрны урьдчилгаа Д” гэсэн утгатайгаар шилжүүлсэн баримт /1хх 74/,

5007258866 тоот дансанд 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Ц.Дгийн эзэмшлийн 5034258127 тоот данснаас 6.000.000 төгрөгийг “Байрны урьдчилгаа Д” гэсэн утгатайгаар шилжүүлсэн баримт /1хх 75/,

5007258866 тоот дансанд 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Ц.Дгийн эзэмшлийн 5034258127 тоот данснаас 14.000.000 төгрөгийг “Байрны урьдчилгаа Д” гэсэн утгатайгаар шилжүүлсэн баримт /1хх 74/,

Д.Бийн эзэмшлийн Хаан банкны 5005335107 тоот дансанд 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Байрны урьдчилгаа Бт” гэсэн утгатайгаар 19.000.000 төгрөгийг 5034701591 дугаарын данснаас шилжүүлсэн баримт /2хх 25/,

Д.Бийн эзэмшлийн Хаан банкны 5005335107 тоот дансны хуулга /3хх 125-131/,

барилга угсралт, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний “Хөх бүрдний-Эх” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 22/349 тоот албан бичиг /2хх 231/,

“Гүрт цамхаг” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 22/33 тоот албан бичиг /2хх 233/,

“Энхбагана констракшн” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 22/444 тоот албан бичиг /2хх 235/,

Монголын хөрөнгийн бирж төрийн өмчит хувьцаат компанийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01/176 тоот албан бичиг /2хх 228/,

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 9/1438 тоот албан бичиг /2хх 229/,

Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 3/4793 тоот албан бичиг /3хх 167/,

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 9/4784 тоот албан бичиг, хавсралт /3хх 168-184/,

Монгол банкны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б-10/1052 тоот албан бичиг /3хх 185/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч Б.О нь биелэгдэх боломжгүй “...урьдчилгаа төлбөрөө мөнгөөр өгөөд, үлдсэн төлбөрийг нь койноор зохицуулаад авах боломжтой...” гэсэн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, хохирогч нарыг “...хямд үнээр байртай болох боломжтой боллоо...” гэсэн төөрөгдөлд оруулан хохирогч Ц.Дгаас нийт 36.000.000 төгрөгийг, хохирогч Н.Үгээс 10,000,000 төгрөгийг, хохирогч Г.Ааас 18.000.000 төгрөгийг, хохирогч Д.Хаас 14,500,000 төгрөгийг тус тус Д.Бийн Хаан банкны 5005335107 тоот дансаар болон бэлнээр дамжуулан авч 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 78,500,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “...Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” шинжийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...бусдад их хэмжээний хохирол учруулж... гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхийн хийсэн хэргийн үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Б.Оын үйлдлийг зөв зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Оад түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг сонгож, гурван жилийн хугацаагаар оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.

Мөн Б.Оад 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.  

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Оаас хохиролд гэж иргэний хариуцагч Д.Бт шилжүүлсэн 15,000,000 төгрөгний 2,500,000 төгрөгийг түүнээс давхардуулан гаргахаар буруу шийдвэрлэснийг зөвтгөж:

шүүгдэгч Б.Оаас төлөөгүй хохирол болох 25,500,000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Үд 10,000,000 төгрөгийг, Г.Ад 15,500,000 төгрөгийг олгохоор,

иргэний хариуцагч Д.Бээс шүүгдэгч Б.Оын хохиролд шилжүүлсэн мөнгөнөөс үлдсэн 2,500,000 төгрөгийг нэмж нийт 18,500,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Ад 14,500,000 төгрөгийг, хохирогч Ц.Дд 4,000,000 төгрөгийг олгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хохирлыг заасан 5 дахь заалтад оруулах нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө Б.О нь хохирогчид учруулсан хохирлынхоо төлбөрт тооцуулахаар 6,500,000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Төрийн сангийн 100900005406 тоот “БЗД, СБД,ЧД ЭХАШШТГ барьцаа” гэсэн нэртэй дансанд дансанд байршуулсан болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Оын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж хохирогч нарт учруулсан хохирлынхоо төлбөрт тооцуулахаар 6,500,000 төгрөгийг төрийн сангийн дансанд байршуулсан, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын хэмжээний дотор хасаж хөнгөрүүлэхээр шийдвэрлэлээ.  

Иймд шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Оад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлсэн, хохирогч нарт төлөх хохирлын хэмжээнд өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан “...хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.     

Шүүгдэгч Б.О нь шийтгэх тогтоол гарсан 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс магадлал гарсан 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 59 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/476 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...2 жил 6 сар /хоёр жил зургаан сар/-ын хугацаагаар хорих ял...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оаас нийт 28.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Үд 10.000.000 төгрөг, Г.Ад 18.000.000 төгрөг тус тус олгож, иргэний хариуцагч Д.Бээс нийт 16.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Ад 12.000.000 төгрөг, хохирогч Ц.Дд 4.000.000 төгрөг тус тус олгосугай ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оаас нийт 25,500,000 /хорин таван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Үд 10,000,000 төгрөгийг, Г.Ад 15,500,000 төгрөгийг тус тус олгож, иргэний хариуцагч Д.Бээс нийт 18,500,000 /арван найман сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ад 14,500,000 төгрөгийг, хохирогч Ц.Дд 4,000,000 төгрөгийг тус тус олгосугай...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оын 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Төрийн банк дахь Төрийн сангийн 100900005406 тоот “БЗД, СБД,ЧД ЭХАШШТГ барьцаа” гэсэн нэртэй дансанд байгаа шүүгдэгч Б.Оын хохиролд шилжүүлсэн 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

                               ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ

                   ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ