Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0238/З |
Дугаар | 221/МА2017/0582 |
Огноо | 2017-08-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2017/0582
2017 оны 08 сарын 16 өдөр | Дугаар 221/МА2017/0582 | Улаанбаатар хот |
О.А, Т.Б нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, У.Х нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0408 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х-ийн гаргасан давж заалдах гомдлоор, О.А, Т.Б нарын нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0408 дугаар шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.1.12, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг тус тус баримтлан иргэн О.А, Т.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн банкны үйл ажиллагааг хянан шалгахгүй, арга хэмжээ авахгүй байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, Төрийн банкны орон сууцны төлбөр хүлээн авч буй арга хэлбэр хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргуулж таслан зогсоох арга хэмжээ авах, “А.Б.И” ХХК-ийн төлбөр нэхэмжилж буй хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авахыг тус тус Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х давж заалдах гомдолдоо: “Иргэн О.А, Т.Б нарын зүгээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийг хангаагүй, Төрийн банкны үйл ажиллагааг хянан шалгаагүй, арга хэмжээ аваагүй, тус банк нь орон сууцны төлбөр хүлээн авч буй арга хэлбэрийг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт гаргуулах, “А.Б.И” ХХК-ийн орон сууцны төлбөр нэхэмжилж байгаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авахуулах талаар нэхэмжлэл гаргасан. 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0408 шийдвэр гаргасныг хүлээн авч эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч “А.Б.И” ХХК-д 2016 оны 7/101 дугаар албан шаардлагаар хууль бус үйл ажиллагаагаа зогсоож, оршин суугчдад дундын өмчлөлийг шилжүүлж өгөхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах" гэж заасны дагуу 30 хоногийн хугацаатай шаардсан. Гэвч өргөдөл гаргагч иргэн “хугацаа заасан нь үндэслэлгүй байсан” гэж дахин гомдол гаргасан тул таслан зогсоолгох зорилгоор дахин албан шаардлага хүргүүлсэн.
“А.Б.И” XXK нь “Ш.Ө” хорооллын нийт 1080 орчим өрхийн орон сууцны хэрэглээний болон ашиглалтын зардлыг тооцон авдаг. Харин гомдол гаргагч иргэнээс гадна цаана 1000 гаруй өрхийн оршин суугчдын эрүүл аюулгүй, цэвэр цэмцгэр орчинд амьдрах эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох хугацаа олгосон. Гэвч өнөөдрийг хүртэл оршин суугчид нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу Сууц өмчлөгчдийн холбоог байгуулаагүй байхад “А.Б.И” ХХК-ийн хууль бус үйлдлийг таслан зогсооход тус хорооллын дундын өмчлөл эзэнгүйдэх эрсдэлтэй байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт “Төрийн банкны үйл ажиллагааг хянан шалгахгүй, арга хэмжээ авахгүй байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, Төрийн банкны орон сууцны төлбөр хүлээн авч буй арга хэлбэр хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргуулж таслан зогсоох арга хэмжээ авах, “А.Б.И” ХХК-ийн төлбөр нэхэмжилж буй хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авахыг тус тус Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт даалгасугай” гэж дүгнэсэн байдаг
Энэ нь хэргийн оролцогч биш Төрийн банкны үйл ажиллагааг хууль бус байсан гэж дүгнэсэн нь маргаан гаргагч захиргааны актыг хянан хэлэлцэж байгаа асуудлаас давсан дүгнэлт хийх замаар шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тодруулбал тухайн хууль бус үйл ажиллагаа нь зөвхөн аж ахуй эрхлэгчдийн буруутай үйл ажиллагаанаас гадна үндсэн шалтгаан болох оршин суугчид Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасан эрх, үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй болохыг анхан шатны шүүх авч хэлэлцэн ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангах шийдвэрийг дахин судалж, дундын өмчлөлийг хүлээлгэж өгөх хууль ёсны байгууллага, иргэнийг тодорхой болгох, оршин суугчдын холбогдох хууль тогтоомжид заагдсан үүргээ биелүүлэн сууц өмчлөгчдийн холбоог байгуулах үүргийг тусгасан шийдвэр гаргахыг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.А, Т.Б нар нь шүүхэд хандаж “Төрийн банкны үйл ажиллагааг хянан шалгахгүй, арга хэмжээ авахгүй байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцох, Төрийн банкны орон сууцны төлбөр хүлээн авч буй арга хэлбэр хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргуулж таслан зогсоох арга хэмжээ авахыг даалгах, “А.Б.И” ХХК-ийн төлбөр нэхэмжилж буй хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ “оршин суугчдын орон сууцны төлбөрийг Төрийн банкаар дамжуулан нэхэмжилж буй “А.Б.И” ХХК-ийн үйлдэл хууль бус болох нь тогтоогдож байна” гэж дүгнээд Тогтоох хэсгийн 1 дэх заалтдаа “Төрийн банкны үйл ажиллагааг хянан шалгахгүй, арга хэмжээ авахгүй байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, Төрийн банкны орон сууцны төлбөр хүлээн авч буй арга хэлбэр хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргуулж таслан зогсоох арга хэмжээ авахыг даалгаж” шийдвэрлэсэн байна.
Гэтэл арга хэмжээ авахгүй байгаа нь буруу, үйл ажиллагааг нь таслан зогсоох ёстой хэмээн буруутгагдаж байгаа Төрийн банкийг нь энэхүү захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь буруу байна. Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгч нарын тайлбараас үзвэл “А.Б.И” ХХК-ийн СӨХ-ны төлбөр нэхэмжилж буй хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг хүсэж байна. Үүнтэй холбогдуулан “А.Б.И” ХХК байгуулагдаагүй СӨХ-ны өмнөөс мөнгө нэхэмжилсэн үү эсхүл өөрсдийн үзүүлсэн ажил, үйлчилгээнийхээ мөнгийг нэхэмжилсэн үү гэдгийг зайлшгүй ялган тогтоох шаардлагатай байна.
Өөрөөр хэлбэл үзүүлсэн ажил үйлчилгээний мөнгөө нэхэмжилсэн нь нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа болох, эсрэгээрээ нэхэмжлэгч нар нь “ажил, үйлчилгээ авсныхаа хариуд ашиглалтын зардлаа хэнд ч ямар ч төлбөр төлөхгүй байх замаар үндэслэлгүй хөрөнгөжих”-ийг хүсэж буй эсэхийг зөв ялгахад ач холбогдолтой.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь бараа, бүтээгдэхүүн /цаашид “бараа” гэх/ худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх болон үйлчилгээ үзүүлэх явцад хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заагаад, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “хэрэглэгч” гэж бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг ойлгохоор хуульчилсан байна.
Айл өрх, эсхүл тодорхой нэг иргэн нь Сууц өмчлөгчдийн холбооны тухайд “хэрэглэгч” болох эсэх, “ашиглалтын зардал”-аа төлж байгаа иргэнийг бараа, ажил үйлчилгээ худалдан авч, эсхүл захиалан авч байгаа гэж үзэх эсэх талаар үндэслэлтэй дүгнэлт хийх шаардлагатай байна.
Болсон үйл баримтыг дурдвал анх 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо Наадамчдын зам гудамж, Ш.Ө орон сууцны хорооллын оршин суугчдаас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаж “...“А.Б.И” ХХК-ийн Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нэхэмжилж буй үйлдэл нь хууль тогтоомжид нийцэж буй эсэх, сар бүр нэхэмжилж буй үнийн дүн нь үндэслэлтэй эсэх, Төрийн банкны үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, таслан зогсоох арга хэмжээ авах” тухай гомдол гаргасны дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Ш.Ө” хорооллын оршин суугчдад Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор шилжүүлэх” тухай 7/101 дугаартай албан шаардлагыг “А.Б.И” ХХК-ийн захиралд хүргүүлсэн байна.
Улмаар оршин суугчдаас албан шаардлагыг эс зөвшөөрч, албан шаардлагын үндэслэл нь бодит байдалд нийцээгүй, хуульд нийцээгүй, Төрийн банкны талаар дүгнэлт гаргуулах асуудлыг орхигдуулсан гэж үзээд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргажээ.
Дээрх улсын байцаагчийн 7/101 дугаартай албан шаардлагыг эс зөвшөөрч гаргасан гомдлын хариуг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Л 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1/37 дугаартай албан бичгээр өгсөн байна.
Түүнээс гадна гомдлын дагуу 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дахин 7/108 дугаартай “Албан шаардлага” гаргасан байна. Өөрөөр хэлбэл анх гомдол гаргасны дагуу хяналт шалгалт явуулаад албан шаардлага гаргасан, албан шаардлагыг эс зөвшөөрч гомдол гаргахаар нь дахин Албан шаардлага гаргасан, мөн албан бичгээр гомдлын хариуг хүргүүлсэн байна.
Даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд эс үйлдэхүй байх, уг эс үйлдэхүй нь хууль бус байх, дээрх эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх ёстой. Энэ хэргийн тухайд эс үйлдэхүй байсан эсэх талаар болон хэрвээ байсан гэж үзвэл түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар дүгнэх нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийг тодруулах шаардлагатай байна. Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “сууц өмчлөгч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг гэж тодорхойлсон байна. Тэгэхээр тухайн хороонд оршин суух бүртгэлтэй хэн нэг иргэн /түр оршин сууж байгаа оюутан, айлын байр, хажуу өрөө хөлслөн сууж буй иргэн гэх мэт/ бус, чухамхүү орон сууцны өмчлөгч л Сууц өмчлөгчдийн холбооны эрхийг өөр этгээд хэрэгжүүлж, мөнгө хурааж байгаа тухай гомдлыг гаргах эрхтэй гэж үзэхээр байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0408 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР