Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

 

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ардчилсан намын нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хороонд холбогдох

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 01 дүгээр тогтоолын хавсралт дахь иргэн Э.Сансартайванд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батбаатар, хариуцагч Баруун-Урт сумын Сонгуулийн хороог төлөөлж, дарга Б.Амарзаяа, гуравдагч этгээд Э.Сансартайван, Баруун-Урт сумын Монгол ардын намыг төлөөлж, дарга Т.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батбаатар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Энхмөнх овогтой Сансартайван нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтын дагуу ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гурван сарын өмнө буюу 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гаргасан байх ёстой. 

 

  Гэтэл Э.Сансартайван нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2016 оны 08 дугаар сарын 22-нд гаргаж өгсөн байхад Сонгуулийн хороо нь Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтад 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэж авсан нь хууль бус гэж үзэж байна. 

 

Иймд Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасан Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлтэй тул Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №1 дүгээр тогтоолын хавсралт дахь Э.Сансартайванд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хороог төлөөлж, дарга Б.Амарзаяа шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баруун-Урт сумын Сонгуулийн хороо нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 09 сарын 01-ний өдөр 2016 оны Баруун-Урт сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр хүсэлтээ гаргасан Монгол ардын намын 31, Ардчилсан намын 31 нийт 62 хүний материалыг хүлээн авсан. 

Тус Сонгуулийн хороо нь анхдугаар хуралдаанаа 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хийж нэр дэвшигчдийн материалтай танилцаж хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх талаар хэлэлцсэн.

Нэр дэвшигчдийн материалтай танилцаж бүрдэл шалгах явцад Баруун-Урт сумын 3 дугаар багт Монгол ардын намаас нэр дэвшигч Э.Сансартайван нь Сонгуулийн тухай хуулийн 154.4, Төрийн албаны тухай хуулийн 23.2-т заасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлээгүй, материалын бүрдэл дутуу зөрчилтэй байсан тул Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан талаархи лавлагаа гаргуулахаар тус тус Сонгуулийн хорооны албан тоотыг хүргүүлэхээр шийдвэрлэсэн. 

Сумын Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 157.6-д заасны дагуу холбогдох байгууллагаас лавлагаа гаргуулан 2 дахь удаагийн хуралдаанаа 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хийж, ирсэн албан тоотын хариу болон нэр дэвшигчийн Сонгуулийн хороонд гаргасан өргөдөл, нэмэлт материалыг танилцуулан Сонгуулийн хорооны гишүүдийн санал бодлыг сонсож, нэр дэвшигчээр бүртгэх эсэх талаар санал хураалт явуулсан. 

Сонгуулийн хорооны гишүүд 59 нэр дэвшигчийг 100 хувийн саналаар, нэр дэвшигч Э.Сансартайван, П.Уянга, Б.Урансайхан нарыг 57.1 хувийн буюу олонхийн саналаар дэмжиж нийт 62 нэр дэвшигчийг бүртгэж Сонгуулийн тухай хуулийн 157.9-д заасны дагуу тогтоол гаргасан.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.   

 

Гуравдагч этгээд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Монгол ардын намыг төлөөлж, дарга Т.Мөнхболд шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ИТХ-д Монгол ардын намаас 2016 оны орон нутгийн сонгуульд 31 нэр дэвшигчийг дэвшүүлж Баруун-Урт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан. 

Нэр дэвшигч П.Уянга, Э.Сансартайван, Б.Урансайхан нар нь өөрийн биеэр сумын Сонгуулийн хороонд өөрт холбогдох тайлбар материалыг хүргүүлснээр сумын Сонгуулийн хороо бүртгэн авч, сонгуульд оролцох эрхийг баталгаажуулсан шийдвэр гарсан. 

Шүүх хуралдаанд Баруун-Урт сумын Сонгуулийн хорооны дарга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаатай санал нийлэхгүй байна. Манай намын болон намаас нэр дэвшүүлсэн Э.Сансартайваны эрх зөрчигдөж байна. Сонгуулийн хорооны дарга төрийн албан хаагчийн хувьд хариуцлага алдаж байгаа нь харагдаж байна. Хоёр намын төлөөлөл сууж байгаад 25 нас хүрсэн, өр төлбөргүй, ял шийтгэлгүй нэр дэвшигчийг бүртгэж сонгогдох эрхийг эдлүүлье гэсэн нэгдсэн нэг ойлголтод хүрсэн. 

Дээрхи гурван нэр дэвшигчийн асуудлыг хуулийн хүрээнд авч хэлэлцээд сонгуульд оролцох эрхийг баталгаажуулж өгнө үү гэв. 

 

Гуравдагч этгээд Э.Сансартайван шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа : Энхмөнх овогтой Сансартайван би 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн хошууч Ц.Алдарт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан боловч албаны дарга ээлжийн амралттай байсан учраас албаны нягтлан бодогч, дэслэгч Б.Батхуягт өгсөн. Миний өргөдөл албаны өргөдлийн бүртгэлийн дэвтэр, сарын мэдээ зэрэгт орсон. 

Аливаа өргөдлийг албаны дарга хүлээж аваад, дараагийн арга хэмжээг авах ёстой. Миний өргөдлийг албаны дарга байсан бол цохолт хийгээд явуулах ёстой байсан. Албаны даргыг хариу өгөхгүй удаад байхаар нь утсаар холбогдоход дарга нь нэг хэсэг ажилдаа очихгүй байх, хүрээлэнгийн захиралд өргөдлөө гарга гэсний дагуу 2016 оны 08 дугаар сарын 22-нд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захиралд өргөдлөө гаргасан.

Иймд сонгуульд оролцох эрхийг минь баталгаажуулж өгнө үү гэв.  

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батбаатар нь тус сумын Сонгуулийн хороонд холбогдуулан “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралт дахь иргэн Э.Сансартайванд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Баруун-Урт сумын Сонгуулийн хороог төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа Сонгуулийн хорооны дарга Б.Амарзаяа нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэн бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн боловч хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж  байсан тул хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ. 

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 01 дүгээр тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг хавсралтаар бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохоор шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгч талаас Э.Сансартайваныг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтын дагуу ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гурван сарын өмнө гаргах ёстой байтал 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргасныг Сонгуулийн хороо хүлээн авч тогтоолын хавсралтаар нэр дэвшигчээр бүртгэсэн нь хууль бус гэж маргаж байна. 

 

Э.Сансартайван нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д “... шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн” нь төрийн тусгай албан хаагч байна, 11 дүгээр зүйлийн 11.2-т “... төрийн тусгай албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ.” гэж заасны дагуу “төрийн жинхэнэ албан хаагч” байжээ.

 

Тэрээр 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ албаны дарга, цагдаагийн хошууч Ц.Алдарт, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, хурандаа Х.Өлзийбаярт тус тус гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/346 дугаар тушаалаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Э.Сансартайваны ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтүүд, /хх-ийн 30, 34-рт/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/346 дугаар тушаалаар /хх-ийн 35-рт/ тус тус тогтоогдож байна.   

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаа Э.Сансартайваны “ ... 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн хошууч Ц.Алдарт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан боловч албаны дарга ээлжийн амралттай байсан тул албаны нягтлан, цагдаагийн дэслэгч Б.Батхуягт өгсөн ба албаны өргөдлийн бүртгэл, сарын мэдээ зэрэгт орсон. 2016 оны 08 дугаар сарын 18-нд албаны даргатай дахин холбогдоход ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захиралд гарга гэсний дагуу 2016 оны 08 дугаар сарын 22-нд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захиралд өргөдлөө гаргасан ...” гэсэн тайлбар үндэслэлтэй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны өргөдлийн бүртгэлийн дэвтэр /хх-ийн 32-33-рт/, Удирдлага, албан тушаалтанд иргэд, албан хаагчдаас ирүүлсэн захиргааны шинжтэй өргөдөл, хүсэлтийн шийдвэрлэлтийн 2016 оны 08-р сарын мэдээ /хх-ийн 31-рт/, гэрч Б.Батхуягийн мэдүүлгээр /хх-ийн 102-рт/ давхар нотлогдож байна гэж үзлээ.  

 

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч  ...  орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино.”, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч ... сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө тус тус төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана.” гэж заажээ. 

 

Хуулийн дээрх заалтаар төрийн жинхэнэ албан хаагч сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө эрх бүхий албан тушаалтанд гаргасан байх нийтлэг шаардлагыг зохицуулсан бөгөөд тухайн хугацаанд төрийн албанаас чөлөөлөгдсөн шийдвэр заавал гарсан байхыг шаардахгүй юм. 

 

Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа “... Э.Сансартайван нь ээлжийн амралттай байгаа албаны даргадаа хандаж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь буруу, харин шууд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүсэлтээ гаргах ёстой байсан. Тиймээс ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргасан гэж үзэх үндэслэлтэй ... ” гэсэн тайлбарыг шүүхээс хүлээж авах боломжгүй байна. 

Учир нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын тушаалаар томилж, чөлөөлдөг хэдий ч Э.Сансартайван нь төрийн албаны захирах, захирагдах зарчмын үүднээс алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаа болон захиргааны удирдлагыг хэрэгжүүлдэг албаны даргадаа хандаж 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг буруутгах боломжгүй бөгөөд санал авах өдрөөс гурван сарын өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргасан байна гэж үзэхээр байна. 

 

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Монгол Ардын намын хороо 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж 2016 оны Баруун-Урт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулж иргэн Э.Сансартайваныг 3 дугаар багт нэр дэвшүүлснийг Баруун-Урт сумын Сонгуулийн хороо хүлээн авч нэр дэвшигчээр бүртгэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “ ... нам тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй.”, 157 дугаар зүйлийн 157.6-д “Шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авна.”, 157 дугаар зүйлийн 157.9-д “ Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.” гэж заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Иймд дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн үзээд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 01 дүгээр тогтоолын хавсралтаар Э.Сансартайваныг 3 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэсэн нь үндэслэлтэй, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ардчилсан намын хуулиар олгогдсон ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.9, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ардчилсан намын гаргасан  “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 01 дүгээр тогтоолын хавсралт дахь иргэн Э.Сансартайванд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ЦЭРЭНХАНД