Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/01107

 

Н.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03335 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1293 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: Н.Эрдэнэтуяа

Хариуцагч: Монгол-Солонгосын политехникийн коллеж

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, нөхөх олговор гаргуулах

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Н.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие энэ жил 55 настай бөгөөд захиргаанаас өндөр насны тэтгэвэрт гаргах мэдэгдэх хуудсыг 2015.9.08-ны өдөр  өгсөн болно. Энэ мэдэгдлийг зөвшөөрөхгүй гэж хэлсэн боловч 2015.10.09-ний өдөр Б/193 тоот тушаалаар ажлаас халсан. Би Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т заасан 60 нас хүртэл ажил хийх хүсэлтэй бөгөөд үүнээс өмнө ямар нэг байдлаар өндөр насны тэтгэвэртээ гарах өргөдөл өгч байгаагүй. Иймд ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг хүсэж байна. 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг 2015.10.08-ны өдрөөс дуусгавар болгож тушаал гаргасан нь хууль тогтоомжид нийцсэн.  Нэхэмжлэгч нь 2015.9.08-ны өдрийн мэдэгдэх хуудсыг хүлээж аваад ямар нэгэн тайлбар гаргаагүй, 60 нас хүртэл ажиллах хүсэлтээ амаар болон бичгээр ямар нэгэн байдлаар илэрхийлээгүй болно. Мөн 2015 оны төсөвт тэтгэмжийн мөнгө нь суусан байсан бөгөөд энэ талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй, мөнгөө авсан. Нэхэмжлэлдээ тэтгэвэртэй суух мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гээд байхад Б/193 тоот тушаалаар халсан гэж байгаа боловч тус мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ яаж, хэзээ, хэнд ямар хэлбэрээр гаргаснаа нотлоогүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгино-хайрхан дүүргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03335 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Эрдэнэтуяаг Монгол Солонгосын политехник коллежийн Биеийн тамирын ахлах багшийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9.475.615 төгрөгийг хариуцагч Монгол Солонгосын политехник коллежоос гаргуулан Н.Эрдэнэтуяад олгож, уг олговроос хуульд заасан хураамжийг суутган авч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг хариуцагч Монгол Солонгосын политехник коллежид даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1293 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх гэсний дараа  46 дугаар зүйлийн  46.2” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Н.Эрдэнэтуяа хүний нөөцийн ажилтантай тэтгэвэрт гарах талаар амаар тохиролцсон байхыг шүүх үнэлээгүй. Мөн ажил олгогчоос өндөр насны тэтгэвэрт суух мэдэгдлийг 2015.9.08-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдэхэд танилцаж гарын үсэг зурсан.  Тэр өдрөөс хойш 1 сарын дараа буюу 2015.10.09-ний өдөр ажлаас халсан. Ажлаас халагдсан тушаалаа 2015.10.09-ний өдөр нэхэмжлэгч гардаж авсан. Мөн тэтгэмж болох 18.776.700 төгрөг дансанд шилжүүлсэн. Гэтэл үүнээс хойш нэг ч удаа би ажилмаар байна гэдгээ амаар болон бичгээр мэдэгдэж байгаагүй. Б/193 дугаар тушаалаар халсан гэж байгаа боловч тус мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ яаж, хэзээ, хэнд ямар хэлбэрээр гаргаснаа нотлоогүй байхад шүүх буруу шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч хэзээ ч хүний нөөцийн ажилтантай тэтгэвэрт гарах талаар тохиролцоогүй. Тэр бол Нийслэлийн боловсролын газраас сургуулиудаас 2 жил тутам авдаг санал асуулга юм. Энэ санал асуулгад санал өгөөгүй бөгөөд 2012 онд тухайн үед ажиллаж байсан хүний нөөцийн ажилтан уг нь танаас санал авах ёстой байсан юм гэхдээ би өмнөөс чинь өгчихлөө гэхээр нь миний бие тэтгэвэртээ гарахгүй 60 хүртлээ ажиллана гэдгээ хэлсэн. Мэдэгдэх хуудсын 2015.09.08-ны өдөр өгсөн гэдэг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой. 2015.10.15-ны өдөр тойрох хуудсыг дуусгаад тушаал гардаж авсан бөгөөд үүнээс хойш шүүхэд хандсан байхад хэрхэн 2015.10.09-ний өдөр өндөр насны тэтгэвэртээ тогтоолгох болж байна вэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн  4 дүгээр зүйлд даатгуулагч өөрөө хүсвэл 60 нас хүрэхээсээ өмнө уг хуульд заасан болзол шалгуурыг хангасан байвал өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй гэж заасан байна. Иймд хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.Эрдэнэтуяа нь Монгол-Солонгосын политехник коллежид холбогдуулан биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасан, хариуцагч зөвшөөрөөгүй маргасан байна.

Хоёр шатны шүүх Н.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлийг хангасныг Монгол-Солонгосын политехник коллеж эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ. 

Хариуцагчийн гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол-Солонгосын политехник коллежийн захирал 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б/193 дугаартай тушаал гаргаж, Н.Эрдэнэтуяаг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 338-р тогтоол, захиргааны зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн “өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон...” гэж биеийн тамирын багшийн ажлаас нь /хх 3/ чөлөөлсөн, Н.Эрдэнэтуяа 1960 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ. /хх 3/

Б/193 дугаар тушаал 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гарах үед  Н.Эрдэнэтуяа 55 настай байсан тул ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг хариуцагч зөрчжээ.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хуульд заасан насанд хүрээгүй ажилтанд ажил олгогч мэдэгдэх хуудас хүргүүлсэн, тэтгэмж олгосон үйл баримт нь ажил олгогчийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/193 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж дүгнэх үндэслэл биш тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул магадлалыг хэвээр үлдээв.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1293 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 166.560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                                        

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ