| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/06963/И |
| Дугаар | 191/ШШ2025/01006 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/01006
2025 02 04 191/ШШ2025/01006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Я холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,
Хариуцагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2011 онд *******тай танилцаж үерхэж байгаад хамтран амьдарч эхэлсэн. Тэдний хамтын амьдралын хугацаанд 2012.11.14-ний өдөр охин *******, 2021.05.14-ний өдөр *******, 2023.11.21-ний өдөр охин ******* нар төрж, өнөөдрийг хүртэл эх *******гийн асрамжид эрүүл саруул өсөн торниж байна. Талуудын хувьд гэрлэлтээ батлуулаагүй ба 2020 онд хариуцагч *******гийн гэр бүлээс гадуурх харилцааны улмаас хөндийрч, тус тусдаа амьдарч эхэлсэн. 2020 оноос хойш хариуцагч ******* нь буцаж амьдармаар байна, ахиж алдаа гаргахгүй гэж гэртээ ирж байсан ч 2-3 сар болоод л дахиад асуудал үүсгэдэг байсан. Ингээд талуудын хувьд байнга маргаантай байдаг болсон ба хүүхдүүдийнхээ дэргэд муудалцах, маргалдах асуудал үүсдэг байсан учир тус тусдаа амьдрах шийдвэрт хүрч, *******г жирэмсэн, бага охиноо тээж байх үеэс ******* нь тусдаа амьдрах болсон. Талуудын хувьд одоо нэгэнт эргэж нийлэх боломжгүй тул охин *******, *******, ******* нарыг эх *******гийн асрамжид үлдээж, эцэг *******гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******тай 2011 онд танилцаж, хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2012 онд том охин *******, 2021 онд дунд охин Я.Энх-Саран, 2023 онд бага охин ******* нар төрсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө, хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэв.
3.Нэхэмжлэгч нотлох баримтаар,
Охин *******, Я.Энх-Саран, ******* нарын төрсний гэрчилгээ, сургууль, цэцэрлэгийн тодорхойлолт, тэднийг эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Чингэлтэйд үүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2024.11.15-ны өдрийн албан бичиг зэргийг шүүхэд гарган өгсөн.
4.Хариуцагч нь шүүхэд ямар нэгэн бичгийн баримт өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулж хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.*******, ******* нар нь 2011 онд танилцаж, гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарсан, тэдний дундаас 2012.11.14-ний өдөр охин *******, 2021.05.14-ний өдөр охин *******, 2023.11.21-ний өдөр охин ******* нар төрж, охин *******, охин ******* нар нь эцэг *******гаар, харин охин ******* нь эх *******гаар овоглон төрсний гэрчилгээ авсан байх ба, хариуцагч ******* нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаар охин *******, ******* нарын эцэг болох нь захиргааны журмаар буюу хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдсон, тэрээр охин *******гийн эцэг болохоо хүлээн зөвшөөрсөн, энэ талаарх маргаангүй.
Зохигчид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хариуцагч ******* нь 2023 оны 03 сард гэрээсээ явсан, үүнээс хойш охин *******, *******, ******* нар эх *******гийн асрамжид үлдэж эрүүл саруул, өсөн бойжиж байх ба, охин ******* нь Нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар 7б ангид, охин ******* нь Нийслэлийн 102 дугаар цэцэрлэгийн дунд бүлэгт тус тус суралцаж байгаа болох нь тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаар тогтоогдсон, хариуцагч ******* нь хүүхдүүдээ эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн тул охин *******, *******, ******* нарыг эх *******гийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасантай нийцнэ.
3.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.1-д гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.1-д эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, охин *******, *******, ******* нар нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд эцэг ******* нь мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, тэрээр хүүхдүүдээ тэжээн тэтгэхийг зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэмжээгээр охин *******, *******, ******* нарт тэтгэлэг тогтоож, тэднийг сар бүр эцэг *******гаар тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.-т зааснаар зохигчдын хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдав.
Үндэсний статистикийн хорооны даргын 2025.01.15-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар 2025 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 495,400 төгрөгөөр тогтоосон байх тул хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцсон болно.
5.Нэхэмжлэгч *******гийн 2024.11.18-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******гаас хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс тооцож тэмдэгтийн хураамжид 220,134 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1., 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2012.11.14-ний өдөр төрсөн охин *******, 2021.05.14-ний өдөр төрсөн охин *******, 2023.11.21-ний өдөр төрсөн охин ******* нарыг эх *******гийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар охин *******, ******* нарт 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50%‑иар, охин *******, *******, ******* нарт 11‑16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, тэднийг эцэг *******гаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.-т зааснаар зохигчдын хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2., 41 дүгээр зүйлийн 41.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгч *******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70,200 төгрөгийг нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******гаас хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд ногдох тэмдэгтийн хураамжид 220,134 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА