Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 37

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

 

      Улсын яллагч                                       Д.Нямдэлэг

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                       Р.Атарцэцэг

      Иргэний нэхэмжлэгч                            Д.Баярмөнх

      Нарийн бичгийн даргаар                     Б.Намуунзул нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуут овогт Баатарсүрэнгийн Батболдод холбогдох 1731001580104  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 1975 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг Фермийн 3 дугаар хэсэг 24 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай Алаг адуут овогт Баатарсүрэнгийн Батболд, /РД: МХ75010713/,

          

Шүүгдэгч Б.Батболд нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар багийн нутаг Баяндулаан Уул ХХК-ний тариан талбайгаас 2 ширхэг малын тэжээл урлон өвсийг Д.Баярмөнхийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр хулгайлан, Гацуурт ХХК-нд 360000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Б.Батболдын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 06-нд яллагдагчаар өгсөн:  ...2017 оны 11 дүгээр сарын эхээр яг хэдний өдрийг санахгүй байна. Би Цагааннуур суманд ирсэн Баянмөнх ахын тээврийн хэрэгслийг гуйгаад 3 дугаар багт мал малладаг Н.Эрдэнэцагаанаас нэг хонь авахаар үдээс хойш очиход “Эрдэнэцагааных хөдөө байхгүй сумын баруун талд намаржаан дээрээ байгаа” гэхээр нь буцаж сумын төв рүү явж байгаад 9 дүгээр бригадын ойролцоо нүхтэй, торон хашаатай тариан талбайн ертөнцийн зүгээр хойд зүгт замын ар талдаа 2 боодол шар өнгийн урлон өвс хэвтэж байхаар нь Баянмөнх ахын цэнхэр өнгийн Бонго Пронтер маркийн машинд банз тавьж байгаад өнхрүүлж ачаад сумын төвд ирээд Ганбаатартай утсаар ярьж байгаад 2 боодол өвсийг нийт 80,000 төгрөгөөр худалдсан. Би өөрийн өөрийн буруутай үйлдлийг ойлгож ухамсарлаж байгаа. Би учирсан хохирлоо нөхөн барагдуулсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 43-р ху/,

2.Шүүгдэгч Б.Батболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 13-нд Д.Баярмөнх ахын машиныг аваад айл руу хонинд явсан юм. Очсон чинь нөгөө айл маань өвөлжөөндөө буугаагүй байсан. 9 дүгээр багийн замын ар тал дээр 2 боодол өвс хэвтэж байхаар нь банз тавьж байгаад 2-ууланг нь түрж гаргаж ирээд машиндаа хийгээд тэгээд ченжид зарсан. Хэд хоногийн дараа хэсгийн байцаагч манай гэрт ирсэн. ...гэх мэдүүлэг,

3.Хохирогч П.Алтантөгсийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:  ...Би “Гацуурт” ХХК-ний газар тариалан мал аж ахуйн салбарын орлогч даргын ажил хийдэг юм. Энэ жил манай ХХК нь 2300 га газарт хадлан бэлтгэсэн. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тооллого хийхэд 23 тооны боодол урлон өвс дутсан байсан. Тийм учраас цагдаагийн байгууллагад хандах болсон. Манай ХХК нь боогч техникээр өвсөө боож тухайн хадлан хадсан талбай дээрээ байлгаж байгаад том машинаар тухайн газруудаас нь зөөж ачдаг. Манай эзэмшлийн талбай дээр боож тавиад зөөж байх хооронд хүн хулгайлж авч яваад байсан. Тэгэхээр нь цагдаад хандах болсон. Ганц удаагийн зөөлтөөр замдаа хаяж байсан. Тэгээд эргэж очоод авах гэхээр алга болсон байдаг гэж жолооч нар ярьж байсан. Замдаа унаад хаяж гээсэн байхад нь хүмүүс авчихдаг юм шиг байна лээ. Миний хувьд Б.Батболд гэх хүн нь хохирлоо нөхөн барагдуулсан учраас гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.  ...гэх мэдүүлэг, / хх-ийн 17-р ху/,

4. Иргэний нэхэмжлэгч Э.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:  ...2017 оны 11 дүгээр сарын дундуур гэж санаж байна. Миний таньдаг Б.Батболд намайг “2 боодол урлон өвс худалдаж авах уу” гэхээр нь би “хэдээр зарах гэж байгаа вэ” гэсэн чинь “нийтэд нь 80.000 төгрөгөөр худалдаж ав” гэхээр нь би худалдаж авахаар болсон. Тэгээд Б.Батболд нь 2 боодол урлон өвсийг цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр ачсан байдалтай ганцаараа ирээд манай хашаанд буулгаад надаас 80.000 төгрөг аваад явсан. Тэгээд 3-4 хоногийн дараа манай гэрт сумын хэсгийн төлөөлөгч Батболдын надад зарсан өвсийг “хулгайн өвс” гээд надаас хурааж авсан. Ийм л зүйл болсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 19-р ху/,

5.Иргэний нэхэмжлэгч Д.Баярмөнхийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:  ...2017 оны 10 дугаар сарын эхээр санагдаж байна. Би модны рамнаас банз авах гэж Цагааннуур суманд 79-36 СЭҮ улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн юм. Намайг Цагааннуур суманд ирээд Наран дэлгүүртэй ойролцоо явж байхад миний таньдаг Батболд, Батхуяг нар тааралдсан. Тэр үед Батболд “миний машинтай хөдөө яваад хонь аваад ирье” гэхээр нь би өөрөө цуг явж амжихгүй байсан учир “хурдан яваад ирээрэй” гээд машинаа өгөөд явуулсан. Тухайн өдөр машинаа Батболдоос машинаа авч чадаагүй. Маргааш өдөр нь авсан. Тэр үед Б.Батболд надад хэлэхдээ “замаасаа 2 боодол өвс олсон” гэж хэлж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Батболд миний хуурай сайн дүү байгаа юм. Би өөрийн тээврийн хэрэгслээ 810.000 төгрөгөөр үнэлж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р ху/,

6. Иргэний нэхэмжлэгч Д.Баярмөнхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2017 оны 11 дүгээр сарын 14-нд би Цагааннуур суманд банз худалдаж авчихаад явж байтад Б.Батболдтой таарсан. Надаас машиныг минь аваад айл руу явчихаад ирье гэхээр нь би машинаа өгч явуулсан. ... гэх мэдүүлэг,

7.Гэрч С.Жаргалсайханы 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би Сэлэнгэ аймаг, Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар багийн нутаг газар тарилан, мал аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ний салбар “Баяндулаан Уул” ХХК-ний харуул харуул хамгаалалтын албын ахлах ажлыг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хийж байгаа. Намайг 2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 20 цагийн харуул Эрдэнэбатын хамт мотоцикльтой “Баяндулаан Уул” ХХК-ний тариан талбайгаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Тийрэгийн хойд тариан талбайд гэрэл харагдахаар нь бид 2 гэрэл гарч байсан машины араас очиход Намсрайжавын өвөлжөөний хашааны хажууд 2 ширхэг малын тэжээл болох урлоныг буулгаад цаашаа явсан ба бид 2 мотоцикьлтой араас нь гүйцээгүй ба өвөлжөөний эзэн байх гэж бодоод орхиод 2 ширхэг урлон өвсийг тариан талбай дээр ажиллаж байсан тракторын жолооч Амаржаргалыг дуудаж ачуулсан. Тэрнээс 2-3 хоногийн өмнө буюу 2017 оны 10 дугаар сарын 05-ны үеэр санагдаж байна. Намайг ганцаараа тариан талбай эргээд явж байхад Тийрэгийн баруун талд тариан талбай дээр 1 ширхэг малын тэжээл урлон өвс байсныг 60-66 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ачиж аваад малын өвөлжөөн дээрээ буулгаж задалсан байсныг салбарын дарга Алтантөгсөд мэдэгдэж дуудан бид 2 хамт очиж өвөлжөөний зураг, машин болон жолооч нарын зургийг авсан. гэх мэдүүлэг, / хх-ийн 23-р ху/,     

   8.Гэрч Ч.Батхуягийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2017 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-ны өдрийн өглөө 10 цагийн үед намайг Цагааннуур сумын 2 дугаар багийн нутагт худалдаа үйлчилгээ явуулдаг “Наран” хүнсний дэлгүүрийн ойролцоо Батболдын хамт явж байхад Сэлэнгэ аймгаас Баярмөнх машинтайгаа ирж таарсан. Тэгээд манай найз Батболд нь Баярмөнхийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг “хөдөө явчихаад ирье” гэж гуйж аваад явсан. Батболдыг хаашаа явсныг би мэдэхгүй.  ...гэх мэдүүлэг, / хх-ийн 28-р ху/,       

  9.Гэрч Ц.Мянганланы 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2017 оны 11 дүгээр сарын эхээр намайг Цагааннуур сумын 2 дугаар багийн нутагт худалдаа үйлчилгээ явуулдаг “Наран” хүнсний дэлгүүрийн гадаа өөрийн цагаан өнгийн “Маяти-2” маркийн 19-24 СЭҮ улсын дугаартай машинтай байхад Батболд нь “2 боодол урлон өвс зарна” гээд явж байсан. Батболд нь хаанаас авсан талаараа надад хэлээгүй. Мөн би хэнд зарсан болохыг мэдэхгүй.  ...гэх мэдүүлэг, / хх-ийн 29-р ху/,         

10.Гэрч Х.Жаргалын 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би Батболдтой найзлаж нөхөрлөөд 7 жил болж байна. Б.Батболд нь тусархаг, сайхан сэтгэлтэй, найз нөхөд гэр бүл, төрөл садангийнхаа хүмүүсийн дунд нэр хүндтэй, ямар нэгэн муу зуршилгүй сайн залуу байгаа юм. Бага зэрэг архи уух дуртай. Архи уусан үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгээд, агсам согтуу тавиад байдаггүй. Б.Батболд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Одоогийн байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа.  ...гэх мэдүүлэг, / хх-ийн 30-р ху/,       

11.Гэрч Н.Ууганбаярын 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би Б.Батболдтой 2004 онд цэргийн дүйцүүлэх албыг 2 жилийн хугацаанд хаасан. Б.Батболд нь хүнд тусархаг, сайхан сэтгэлэтэй, найз нөхөд гэр бүл, төрөл садангийнхаа хүмүүсийн дунд нэр хүндтэй, ямар нэгэн муу зуршилгүй сайн залуу байгаа юм. Батболд нь гагнуур, цахилгаанчин хийдэг. Сул тал гэвэл бага зэрэг архи уух дуртай. Архи уусан үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгээд, агсам согтуу тавиад байдаггүй. Б.Батболд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Одоогийн байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. .. гэх мэдүүлэг, / хх-ийн 31-р ху/,    

12. Ашид Билгүүн ХХК-ний Шинжээчийн дүгнэлт:

Эд зүйлсийн нэр

Хэмжих нэгж

Тоо, ширхэг

Зах зээлийн дундаж үнэ

Дүн

Тайлбар

1

Байгалийн хадлан өвс

кг

800

450

360.00

1пэрс 20кг

 

ДҮН

 

 

 

360,00

 

Үнэлгээгээр тогтоосон дүн: 360,000 төгрөг. ...гэх дүгнэлт /хх-ийн 32-р ху/,

 

13.Гэрч Л.Уртнасангийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн:  ...Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 1999 онд Увс аймгийн Зүүнговь сумаас анх нахар, хүүхдийн хамт шилжин ирж мал маллаж суурьшин ба өнөөдрийг хүртэл мал маллаж амьдрач байна. Би 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бүдүүний гүүрний арын өвөлжөөн дээр бууц овоолж байхад манай нөхөр өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн Портер маркийн 60-66 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирэхдээ ар талын тэвшин дээр нэг боодол урлон өвс ачсан байсан. Манай нөхөр надад хэлэхдээ замаасаа олсон гэж байсан. Тэгэхээр нь би нөхөртэйгээ нийлээд нөгөө өвсийг шинэ өвөлжөөн дээрээ гаргаж байх үед нэг цагаан машинтай эмэгтэй хүрч ирээд ямар нэгэн үг хэлэлгүй зураг аваад явах гэж байхаар нь “та ямар учиртай хүн бэ? Яагаад зураг аваад байгаа юм бэ” гэсэн чинь “би таньтай яриад байх юм байхгүй, та наад үгээ хэлдэг газраа хэлээрэй” гээд яваад өгсөн. Тухайн өвс манай саравчны дээр байсан. Харин одоо байхгүй. Мал идэхийг нь идээд дуусгасан. гэх мэдүүлэг, / хх-ийн 95-р ху/,         

 

Шүүгдэгч Б.Батболдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 51-р ху/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 4-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 5-6-р ху/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 7-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай, /хх-ийн 9-11-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 12-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 13-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 46-р ху/, яллагдагчаар татсан тогтоол, /хх-ийн 41-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 43-44-р ху/, хохирогч, шүүгдэгч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 33-34,36-37-р ху/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Батболдыг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар багийн нутаг Баяндулаан Уул ХХК-ний тариан талбайгаас 2 ширхэг малын тэжээл урлон өвсийг Д.Баярмөнхийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр хулгайлан, Гацуурт ХХК-нд 360000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.       

         

         Прокурорын газраас шүүгдэгч Б.Батболдыг “Гачуурт” ХХК-иас 2 боодол урлон өвсийг хулгайлсан гэж байгаа боловч  2 боодол урлон өвсийг хаанаас, хэзээ  алдагдсан, эсвэл хулгайлсан  нь хавтаст хэрэгт нотлогдоогүй байна. Мөн хавтаст хэргийн 17-р хуудсанд авагдсан хохирогч  П.Алтантөгсийн өгсөн “Манай эзэмшлийн талбай дээр боож тавиад зөөж байх хооронд хүн хулгайлж авч яваад байсан. Тэгэхээр нь цагдаад хандах болсон. Ганц удаагийн зөөлтөөр замдаа хаяж байсан. Тэгээд эргэж очоод авах гэхээр алга болсон байдаг гэж жолооч нар ярьж байсан. Замдаа унаад хаяж гээсэн байхад нь хүмүүс авчихдаг юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг, мөн хууль сануулагдан асуугдсан бусад гэрч нарын  мэдүүлгээс харахад “Гачуурт” ХХК-ны эзэмшлийн аль тариан талбайгаас хичнээн боодол өвс алдагдсан,  эсвэл зам дээр хаягдсан эсэх, мөн хэн хулгайлсан нь  нь тодорхойгүй байна.

         

         Иймээс шүүгдэгчийг Гачуурт” ХХК-иас 2 боодол урлон өвсийг хулгайлсан, эсвэл гээгдэл өвс олж авч завшсан эсэх нь тодорхойгүй, түүнийг хулгайлсан гэж гэм буруутайд тооцоход эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй. Иймд прокурорын газраасшүүгдэгч Б.Батболдыг машин ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг  зөвтгөн өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5-р зүйлийн 1-д заасан “...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

        

          Шүүгдэгч нь 2 боодол урлон өвсийг зам дээрээс олж авснаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

          Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй тус тус дурьдаж, хавтаст хэргийн 8-р хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож 79-36 СЭҮ улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Д.Баярмөнхөд буцаан олгож  шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 1.15-р зүйлийн 2, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Алаг адуут овогт Баатарсүрэнгийн Батболдод  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5-р зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Алаг адуут овогт Баатарсүрэнгийн Батболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5-р зүйлийн 1-д заасан  “...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан”  гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Алаг адуут овогт Баатарсүрэнгийн Батболдыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Батболдын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь нэгжээр торгох ялыг 7 /долоон/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Батболдод мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Б.Батболд нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай.

7. Хавтаст хэргийн 8-р хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож 79-36 СЭҮ улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Д.Баярмөнхөд буцаан олгосугай.

8. Шүүгдэгч  Б.Батболдод урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

12.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                  

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН