Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2013 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 111/ШШ2013/0019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

М.Батаагийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргад холбогдуулан Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг дарга Т.Эрдэнэбат нь тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар М.Батааг томилохгүй байгаа эс үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, түүнийг урьд эрхэлж байсан Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч М.Батаа, өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зоригт, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Батаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие 1979 оноос Өлзийт сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч даргаар томилогдож ажилласнаас хойш төрийн албанд 30 гаруй жил ажилласан, 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдөр сумын Засаг даргын 02 тоот захирамжаар сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдож өнөөг хүртэл ажиллаж байна. Тамгын газрын даргаар ажиллах хугацаандаа сум, байгууллагаа жил дараалан аймгийн тэргүүний сум, байгууллагаар шалгарахад нь голлох үүргийг гүйцэтгэж тэргүүний загвар сум болоход холбогдох бүхий л материалыг биечлэн гүйцэтгэсэн. Манай Тамгын газрын ажлын туршлагыг судлах зорилгоор 2010 онд бүх сумдын Засаг дарга, орлогч дарга, Тамгын газрын дарга нарын үзүүлэх сургууль, 2011 онд говийн аймгуудын 2010, 2011, 2012 онуудад Жинст, Бөмбөгөр, Шинэ-Жинст, Баянлиг, Баян-Овоо, Гурванбулаг сумдын Тамгын газрын ажилтнууд манай байгууллагын туршлагыг судлах ажил зохиогдсон.

Суманд мөрдөгдөж байгаа олон дүрэм, журмыг би санаачлан гаргасан. Ажил үүргээ ийнхүү гүйцэтгэж байхад 2013 оны 01 дүгээр сард томилогдсон Засаг дарга Т.Эрдэнэбат нь намайг “архи уусан, Ардын намын гаралтай хүмүүсийг ажлаас халсангүй, тэр хүмүүст арга хэмжээ авахгүй бол би танд арга хэмжээ авна, Засаг дарга байсан С.Цэнд та хоёроос өс хонзонгоо авна. Та бид хоёрын аль нэг нь энэ суманд ажиллана” гэх мэтээр дарамтлах болж сонгуулиар МАН-аас ялалт байгуулж гарч ирсэн хурлын төлөөлөгчдийг ямар ч хамаагүй аргаар төрийн албанд оруулах гэж улайран ажиллах болсон. Эдгээр бүдүүлэг арга барилтай нь би эвлэрэн ажиллахад хэцүү байгаа учир арга буюу нэг жилийн чөлөө хүссэн өргөдөл гарахад хүрсэн.

Гэтэл 2013 оны 05 дугаар сарын 31-ний өглөө орлогч дарга М.Зоригт нь намайг ажлаас чөлөөлсөн захирамж барьж орж ирээд “одоо ажлаа өг” гэж тулган шаардсан. Би “ажлаа өгч болно харин хэнд өгөх вэ” гэхэд төрийн жинхэнэ албан хаагч биш хурлын төлөөлөгч, төрийн албаны шалгаруулалтаар ороогүй “М.Пүрэвсүрэнд өг” гэхэд нь би “болохгүй, хуульд нийцэхгүй” гэхэд Т.Эрдэнэбат, М.Зоригт нар нийлж “Төрийн албаны тухай хууль одоо хүчингүй болсон, төрийн албаны зөвлөл гэж байхгүй ажлаа өгөхгүй бол халах шийдвэр гаргана” гэх зэргээр дайрч доромжилсон. Тэгэхэд нь би “ямар ч байсан төрийн ажлыг төрд нь хүлээлгэж өгнө” гэж хэлээд Тамгын газрын даргын хэрэглэдэг албан ёсны тэмдгийг аваад гарсан. Намайг гарангуут захирамжаа өөрчилж өөр утгаар гаргасан байсныг би төрийн албаны зөвлөлөөс олж мэдсэн.

Би Тамгын газрын тэмдгийг тэр өдрийн 13 цагт аймгийн Төрийн албаны зөвлөлийн дарга, аймгийн Тамгын газрын дарга О.Тойвгоод хүлээлгэн өгсөн. Харин Т.Эрдэнэбат, М.Зоригт нар намайг гарангуут сумын тамгын газрын даргын өрөөний цоожийг эвдлэн өөр цоож хийж, өөр хүн суулган хууль бусаар шинээр тэмдэг хийлгүүлж хэрэглүүлсэн зэрэг ноцтой үйлдлүүдийг хийлээ. Эдгээр бусармаг үйл ажиллагааны талаар аймгийн Засаг даргад 2013 оны 06 дугаар сарын 10-нд гомдол гаргасан. Аймгийн Засаг дарга Төрийн албаны зөвлөлөөр шалгуулж, суманд комиссын дүгнэлт хүргүүлсэн байна.

Мөн аймгийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 456 тоот захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон. Гэтэл Өлзийт сумын Засаг дарга Т.Эрдэнэбат одоо хүртэл энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Иймд Өлзийт сумын Засаг Даргын Тамгын газрын даргаар намайг эгүүлэн томилохгүй байгаа сумын Засаг дарга Т.Эрдэнэбатын эс үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэсэн нэхэмжлэл гаргаж байна. Мөн нэхэмжлэлд дурдсан намайг хууль бусаар ажлаас чөлөөлж, хууль бус шийдвэр гарган хүн томилж, шинээр тэмдэг хийлгүүлж, хуулийн дагуу томилогдоогүй хүнд хэрэглүүлж байгаа асуудлыг шалган тогтоож, хүчингүй болгож өгнө үү”.

Мөн хариуцагчийн тайлбарын хариуд: “Би Засаг даргаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу тамгын газрын төрийн жинхэнэ албан хаагчидтай үр дүнгийн гэрээг Төрийн албаны зөвлөлөөс шинэчлэн 'гаргасан журам, зааврын дагуу албан хаагчдаар өөрсдөөр нь хийлгэн хоёр удаа заавар, зөвлөгөө өгч хийсэн. Төсвийн шууд захирагчаас төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээг мөн шинэ загвараар гаргаж, 03 дугаар сарын 10-нд хүргүүлсэн боловч тэрээр аймгийн Засаг даргатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээний заалтыг бүрэн эхээр нь оруулах нь зүйтэй гэсэн тул буцаан авч, түүнийг “хүлээж бай” гэхээр нь хойшлуулсан. Үр дүнгийн гэрээ байгуулсан талаар албан хаагчид өөрсдөө гэрчлэх тул гэрээ байгуулах үүргийг огт биелүүлээгүй гэдэг нь үндэслэлгүй.

2013 оны 04 дүгээр сарын 01-ний орой ажил тарсны дараа Засаг дарга Т.Эрдэнэбат намайг “өрөөндөө хүрээд ирнэ үү” гэсний дагуу очиход иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Өлзийбаатар, Засаг дарга Т.Эрдэнэбат, нийгмийн ажилтан Б.Хүрэлбаатар, ХАА-н тасгийн дарга О.Энхболд, 6 дугаар багийн иргэн С.Төрмөнх, Т.Намнандорж нар байсан. С.Төрмөнх, Т.Намнандорж нар “гадаад явж туршлага судалж ирэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн хүсэлт гаргасан байсныг хэлэлцээд Т.Эрдэнэбат, О.Энхболд, Б.Хүрэлбаатар нар “чадахгүй” гэсэн хариу хэлэхэд нь би эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тухайн үед архины талаар маргаан болоогүй. Намайг 05 дугаар сарын 21-ний өдрөөс 31-ний өдөр хүртэл ажил тасалсан гэж тайлбарласан байна. Би 05 дугаар сарын 21-ний өдөр Засаг даргаас чөлөө авч группт байдаг хүүхдээ аймаг авч явж эмнэлэгт үзүүлсэн, ажлын цагаар архи ууж, ажил таслаагүй” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өлзийт сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 55 дугаар захирамж нь хоёр өөр утгатай гарсан, хоёр хувь гарсан нь илтэд хуулийг зөрчсөн үйлдэл юм. Хариуцагч 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар 55 дугаар захирамжийг хүчингүй болгосон гэж тайлбарладаг. 55 дугаар захирамжийг хүчингүй болгосон юм бол зөвхөн нэгийг нь хүчингүй болгох биш, аль аль нь хүчингүй болох ёстой. Хэрэв захирамжаа хүчингүй болгосон бол М.Батааг яагаад ажилд нь эгүүлж авахгүй байна вэ. Хариуцагчийн хүчинтэй гэж үзээд байгаа 55 дугаар захирамжид Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэсэн мөртлөө байгууллагын дотоод журмын 4.4-т зааснаар ажлын байранд буюу албан үүргээ гүйцэтгэж байх үедээ архидан согтууруулах ундаа хэрэглэсэн бол ажлаас хална гэсэн хоёр өөр утгатай заалтыг барьсан. Аль ч утгаараа энэ хоёр захирамж нь хууль бус учраас М.Батааг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахыг хүсэж байна гэв.

Хариуцагч Т.Эрдэнэбат шүүхэд гаргасан тайлбартаа:

“Миний бие сумын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж эхлээд 9 дэх сардаа ажиллаж байна. Энэхүү ажиллах хугацаандаа хууль тогтоомж зөрчсөн аливаа үйлдэл гаргахгүйгээр төрийн зорилт, чиг үүргийг чин үнэнчээр хэрэгжүүлэн ажиллахыг эрмэлзэж ирсэн. Аймгийн Засаг даргатай сумын Засаг даргын мөрдөж ажиллах 13 зарчмыг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулан үйл ажиллагааг явуулж байна. Ингэхдээ нийт албан хаагчдын хуулиар хүлээсэн чиг үүргийг ухамсарлан бүтээлч сэтгэлгээтэйгээр хариуцсан ажилдаа эзний ёсоор идэвх санаачилгатай ажиллахыг удирдлага болгосон. Аймгийн Засаг даргатай байгуулсан мөрдөж ажиллах зарчимд ажлын хариуцлагаа сайжруулах, архидан согтуурахтай тэмцэх тухай асуудал ч хөндөгдсөн.

Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас төрийн албан хаагчдын үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээнд архи согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглосон заалт оруулан үр дүнг үнэлж дүгнэж байхыг үүрэг болгож байгаа. Хувь хүний хувьд ч, төрийн албан хаагчийн хувьд ч архи, тамхийг цээрлэж, архидан согтуурах үйлдлийг ямагт буруушааж ирсэн. Энэ утгаараа ч энэхүү өндөр албан тушаалд томилогдохдоо архидан согтуурахтай тууштай тэмцэж ажиллахаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багийн Иргэдийн нийтийн Хурлуудаар илэрхийлж байсан. Тамгын газрын хамт олны хурлаар байгууллагын дотоод журмыг хэлэлцэн ажлын цагаар болон албан бус байдлаар архидан согтуурсан ажилтанд ямар хариуцлага хүлээлгэх талаар ярилцан хэд хэдэн заалтыг дотоод журамд тусгасан.

Аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээг 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан ба 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Тамгын газрын даргаар ажиллаж байсан М.Батаад байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган байгууллагын нийт төрийн албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллахыг удаа дараа үүрэг болгосон боловч огт хэрэгжүүлж ажиллаагүй зөрчил гаргасан. Мөн М.Батаа нь байгууллагын дотоод журмыг зөрчин 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Засаг даргын өрөөнд иргэн Т.Намнандорж, С.Төрмөнх нар Хятад улсын Гуан Жоу хотод болох бизнес аялалд оролцох хүсэлтэй байна, санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийн талаар ярилцаж байхад согтуурхан Мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга О.Энхболд, Нийгмийн хөгжлийн ажилтан Б.Хүрэлбаатар нар руу “та чадахгүй байж битгий сонин юм яриад бай” гэхчлэн дайрч жирийн иргэдийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргасан. Дээрх хоёр иргэнтэй уулзаж ярилцсаны дараа миний бие М.Батаад “та арай дэндэж байна, биднийг үл хүндэтгэлээ. Таны архидан согтуурах явдал хэрээс хэтэрлээ эсхүл та ажилла, эсвэл би ажиллая” гэж хэлсэн.

Ингээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд миний бие сумын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд хууль зүйн болоод ёс зүйн хувьд учир дутагдалтай байна гэж үзээд чөлөөлөгдөх хүсэлтийг хүртэл гаргаж байсан. Мөн энэ үед М.Батаа тайлбар өгөхдөө “би 1979 оноос эхлэн сумын АДХГЗ-ны орлогч даргын ажлыг хийж эхэлснээс хойш 30 гаруй жил төр захиргааны байгууллагад ажилласан. Архи уусан шалтгаанаар ажлаасаа халагдахад эвгүй байна. Үр хүүхэд ч юу гэх билээ, намайг эрүүл мэндийн шалтгаанаар эмчлүүлэх шаардлагатай гэдгээр нэг жилийн хугацаатай чөлөөлж өгөөч” гээд 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өргөдөл гаргасан. Тамгын газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаар Тамгын газрын даргыг ажлаас халах тухай, Тамгын газрын даргаар хэнийг ажиллуулах болон бусад асуудлаар ярилцан байгууллага дээр гарч байгаа архидан согтуурах, ажилдаа хариуцлагагүй ханддаг тогтолцоог таслан зогсоож ажиллахаар шийдвэрлэсэн байдаг.

Ажил төрлийн байдлаас шалтгаалан Тамгын газрын даргыг өөрчлөх асуудал тодорхой хугацаагаар хойшлогдсон ба 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Тамгын газрын дарга М.Батаа дахин архидан согтуурч хоёр өдөр ажилдаа ирэлгүй алга болсон. Архидан согтуурч явсныг цагдаагийн ажилтнаар тодруулж, тэмдэглэл авсан байдаг. Тамгын газрын даргаар Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга О.Энхболдыг ажиллах уу гэсэн саналыг тавихад тэрээр татгалзсан хариу өгсөн. Тамгын газрын дарга М.Батаа нь энэ хугацаанаас хойш ажилдаа ирээгүй бөгөөд ирсэн өдөр нь ажлаас чөлөөлөх захирамж гарган ажил хүлээлцэх гэсэн боловч ажлаа өгөхгүй гэснээр Тамгын газрын тэмдэг албаны поtеЬоок, интернетийн модем зэргийг авч зугтаасан.

Тамгын газрын даргын үүрэгт ажлаас нь М.Батааг чөлөөлөхдөө өөрийнх нь гаргасан хүсэлтийг хүндэтгэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтыг үндэслэн чөлөөлсөн боловч ажил хүлээлцэх тэр мөчид элдвээр дайран хэл амаар доромжилсон. Ингээд түүний гаргасан хүсэлтээс татгалзан Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг үндэслэсэн захирамжийг гарган ажлаас нь чөлөөлсөн. Нэг дугаартай хоёр захирамж гарсны “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтыг үндэслэн чөлөөлсөн” 1813057 шифр бүхий 55 тоот захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтын дагуу 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 78 тоот захирамжаар хүчингүй болгосон. Үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар гарган аймгийн Төрийн албаны зөвлөлд албан тоотоор хүргүүлсэн.

Өнгөрсөн хугацаанд аймгийн Төрийн албаны зөвлөл, Хууль зүйн хэлтсээс энэхүү асуудлаар ажлын хэсэг ажилласан ба Тамгын газрын хамт олон, иргэдээс Тамгын газрын даргатай холбоотой асуудлаар нэг ч мэдээлэл аваагүй дүгнэлт гарган улмаар аймгийн Засаг дарга 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 456 тоот захирамжаараа сумын Засаг даргын 55 тоот захирамжийг хүчингүй болгосон тухай захирамжийг Хууль зүйн хэлтсээс тоотын хамт ирүүлсэн. Аймгийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 456 тоот захирамжийн талаарх тайлбарыг Хууль зүйн хэлтэст хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу ирүүлээгүй байна. Энэ талаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргасан. Одоогоор хариу ирүүлээгүй байна.

Тамгын газрын дарга М.Батаа нь 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажил хүлээлцүүлэхээр өрөөнд нь ороход ажлаа өгөхгүй гэж сумын Засаг даргын Тамгын газрын тэмдэг, албаны notebook, интернетийн модем зэргийг авч зугтаасан бөгөөд энэ тухай аймгийн Цадаагийн хэлтэст 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 638 тоот албан бичгээр мэдэгдсэн. Улмаар 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 974 тоот албан бичгээр аймгийн Цагдаагийн газарт Тамгын газрын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс хуучин тэмдгийг хүчингүй болгож, шинээр тэмдэг хийлгэх хүсэлтээ гаргасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын харьяа Тамга тэмдгийн үйлдвэрээр шинээр тэмдэг хийлгэж, хуучин тэмдгийг хүчингүй болгосон. М.Батаа нь Тамгын газрын тэмдгийг авч зугтаасан өдрөө буюу 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Тамгын газрын дарга О.Тойвгоод өгөөгүй байсан бөгөөд нэг сарын дараа буюу 2013 оны 06 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Төрийн албаны зөвлөлд хүлээлгэж өгсөн байдаг. Ингэж төрийн байгууллагын тэмдгийг авч зугтаан ямар зорилгоор ашигласныг мэдэхгүй, ойлгоогүй болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Зоригт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө буюу түүний дээд шатны Засаг дарга хүчингүй болгох эрхтэй гэсэн заалт бий. 78 дугаар захирамж дээр 55 тоот тийм шийдвэртэй захирамжийг хүчингүй болго гэж тодорхой зааж өгсөн. Хоёр захирамжийнхаа аль нь хүчинтэй гэдгийг ялгаж өгсөн. 2 захирамж хоёр өөр утгатай гэж байна. Ажлаас халах, чөлөөлөх гэсэн хоёр өөр утгатай болохоос тухайн хүнийг ажлын байранд ажиллуулахгүй гэсэн утга нь нэг байгаа.

Захирамжид байгууллагын дотоод журмыг үндэслэсэн байна гэдэг. Дотоод журам гэдэг бол тухайн байгууллагад мөрдөгдөх хууль. Ажилтнууд уг журмыг дагаж мөрдөх ёстой. Манай Засаг даргын тамгын газар нь 2013 оны 02 дугаар сард дотоод журмаа шинэчлэн баталж, “ажлын цагаар буюу албан үүргээ гүйцэтгэж байхдаа архи уусан бол ажлаас халах үндэслэл болно” гэж заасан. Нэг захирамж нь М.Батаагийн өөрийнх нь хүсэлт гаргаснаар чөлөөлсөн бөгөөд уг захирамжийг сумын Засаг дарга өөрөө хүчингүй болгосон. Нөгөө захирамж нь байгууллагын*дотоод журмыг үндэслээд чөлөөлсөн учраас хүчинтэй хэвээр байгаа гэв.

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон С.Баярмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

М.Батаагаас Баянхонгор аймгийн Төрийн албаны Салбар зөвлөлд ирүүлсэн өргөдлийн дагуу салбар зөвлөлөөс комисс гарч, 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дүгнэлт гарсан. 1-рт, Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлаас халагдсан шийдвэрийг шалгахад 55 дугаартай захирамж 2 байсан, хуулийн үндэслэл нь хоёр өөр, нэг нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, нөгөө нь 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг баримталсан байсан. Уг хоёр захирамжийг үндэслэлгүй байна гэж үзээд 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 3/677 тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Уг захирамж нь нэг дугаартай атлаа доторх заалтууд нь хоёр өөр хуулийн заалттай, байгууллагын дотоод журмын 4.4 дэх заалтыг үндэслэсэн боловч ажлын цагаар архи уусан нь тогтоогдоогүй, тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Пүрэвсүрэнгийн томилгоо нь Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан түр орлон гүйцэтгэх журмын 4.3.21 дэх заалтыг үндэслэсэн байна. Энэ нь 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 145 дугаар тогтоолоор хүчингүй болсон тул хууль бус томилгоо болно. Мөн тухайн журмын 4.8 дахь заалтыг давхар зөрчсөн. Иймд Өлзийт сумын Засаг даргын 55 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан.

Ажлын цагаар архи уусан нь тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл байгууллагын дотоод журмын 4.4 дэх заалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байсан. Эхний захирамж нь 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаартай захирамжид Төрийн албаны тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.1.3 “удаа дараа ажлын хариуцлага алдсан” гэж заасныг үндэслэсэн. Гэтэл удаа дараа хариуцлага алдсан нь нотлогдож тогтоогдоогүй байсан учраас чөлөөлөх тухай захирамж нь хууль зүйн үндэслэлгүй. М.Батаа нь биеийн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул гээд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтыг үндэслэсэн. М.Батаагийн өөрийнх нь тухайн үед бичсэн гэх өргөдөл байдаг.

Миний бие болон хяналт шалгалтын ажлын хэсэг гараад ирсэн бичгүүдийг давхар шүүхэд М.Батаа нь 20ТЗ оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өргөдлөө өгсөн гэж ярьдаг боловч тухайн байгууллагын ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Гэтэл дараа нь 2013 оны 04 дүгээр сарын 01, 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэсэн 3 янзын өргөдлийг Төрийн албаны Салбар зөвлөлд ирүүлсэн. Түүнийг ямар нэгэн байдлаар үнэлэх боломжгүй, албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу бүртгэлд авагдаагүй учраас албан ёсоор өргөдлөө өгсөн гэж үзэх үндэслэлгүй. Сумын Засаг дарга нэг захирамжаа өөрөө хүчингүй болгосон гэж ярьдаг боловч албан хэрэг хөтлөлтийн стандартаар тухайн захирамжаараа өмнөх захирамжаа хүчингүй болгох ёстой байдаг. Үүнийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэгт тодорхой зааж өгсөн.

Иймээс Төрийн албаны Салбар зөвлөлийн дүгнэлт гарах хүртэл хугацаанд хүчингүй болсон зүйл^айгаагүй учир сумын Засаг даргын захирамж нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн. Иймд сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, М.Батааг ажилд нь эгүүлэн тогтоолгохоор дүгнэлт гаргаж хүргүүлсэн. 55 дугаартай захирамжийг албан хэрэг хөтлөлтийн стандарт талаас нь авч үзвэл хоёулаа хууль зөрчсөн асуудал. Хуулийн үндэслэлийнх нь хувьд авч үзвэл Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг баримталсан нь хоёулаа нотлогдож тогтоогдоогүй, аймгийн Засаг даргын захирамжаар сумын Засаг даргын 55 дугаартай захирамжууд хууль зүйн агуулгаараа буюу 55А, 55Б гэсэн захирамж байгаагүй учраас хоёулаа хүчингүй болсон гэж ойлгож болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, түүний өмгөөлөгч, гэрч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч М.Батаагийн гаргасан “Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилохгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Учир нь: Өлзийт сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 55 дугаартай 1813859 тоот хэвлэмэл хуудас бүхий захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалт, байгууллагын дотоод журмын 4.4 дэх заалтыг тус тус үндэслэн М.Батааг байгууллагын дотоод журмыг удаа дараалан зөрчиж, албан ажилдаа хариуцлагагүйгээр хандаж байгаа гэж үзэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ./х/х-14/ /байгууллагын хуулгын эх хувиас татаж авсан/

Гэтэл 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 55 дугаар 1813858 тоот хэвлэмэл хуудас бүхий захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалт, М.Батаагийн гаргасан өргөдлийг үндэслэн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн захирамж гаргасан байна. /х/х-15/ /М.Батаа өргөдөлд хавсарган өгсөн хувь/ Төрийн албаны тухай хуулийн 23 ^цугаар зүйлийн 23.3.1-д “...хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас нэг жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон...” гэсэн, 24 дүгээр зүйлийн 24.1.3-д “...өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан...” гэж заасан.

Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 4.4-т “...ажлын байрандаа болон албан үүргээ гүйцэтгэж явах үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх ба тэтгэмж олгохгүй...” гэжээ./х/х-32/

Хариуцагч Т.Эрдэнэбат шүүхэд гаргасан тайлбартаа: “...М.Батааг архи уусан үндэслэлээр чөлөөлөгдөхөд хэцүү байна гэхээр нь өөрийнх нь гаргасан хүсэлтийг хүндэтгэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтыг үндэслэн чөлөөлсөн захирамж гаргасан боловч ажил хүлээлцэх үед хэл амаар доромжилсон тул түүний гаргасан хүсэлтээс татгалзан Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг үндэслэсэн захирамжаар ажлаас нь чөлөөлсөн. Нэг дугаартай хоёр захирамжийн “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтыг үндэслэн чөлөөлсөн” 1813057 шифр бүхий 55 тоот захирамжийг 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 78 тоот захирамжаараа хүчингүй болгосон...” гэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Аймгийн Засаг дарга сумын Засаг даргын өөрөө хүчингүй болгосон Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтыг үндэслэсэн захирамжийг дахин хүчингүй болгосон. Харин Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийг 24.1.3 дахь хэсгийг үндэслэсэн захирамж нь хүчинтэй хэвээр байгаа..." гэж тайлбарлажээ.

М.Батаа нь биеийн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан гэж сумын Засаг дарга 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 55 дугаар захирамж гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтыг үндэслэсэн. М.Батаа нь 2013 оны 04 дүгээр сарын 01, 05 дугаар сарын 29-ний өдөр хоёр удаа, нийт гурван удаа хүсэлт гаргасан гэх боловч /х/х36-38/, байгууллагын ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй нь шүүхээс хийсэн үзлэг, шүүх хуралдаанд оролцсон гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. /х/х-63/

Нэхэмжлэгч М.Батаагийн ажил тасалсан талаар тус шүүхээс 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын 2013 оны 05 дугаар сарын цагийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийх гэхэд 5 дугаар сарын цагийн бүртгэл байгаагүй /х/х-61/, гэрчүүдийн “..4 дүгээр сарын сүүлчээс 6 дугаар сарын эхэн хүртэл байгууллагын барилгын их засвар хийж бүх ажилтнууд ажилласан тул цагийн бүртгэлийн дэвтэр хөтлөөгүй..” гэж мэдүүлсэн /х/х-79,81-82,84/ тул байгууллагын ажилтнуудын 5 дугаар сарын цалингийн цэст үзлэг хийхэд сумын Тамгын газрын дарга М.Батаа нь 5 дугаар сард 23 хоног ажиллаж цалингаа бүтэн авсан байна. /х/х-62/ Мөн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын 08 дугаартай тэмдэглэлд байгууллагын засварын ажилд оролцсон байдлаар нь М.Батаад цалингийн 5 хувийн урамшуулал олгосон зэргээс дүгнэхэд ажил таслаагүй гэж үзэх боломжтой байна. /х/х74-75/

Мөн тус сумын хэсгийн төлөөлөгчийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн тэмдэглэлд “...би Тамгын газрын дарга М.Батааг 17 цаг 55 минутад гэрийнхээ үүдэнд машинтай зогсож байхад нь очиход ухаан мэдэрлээ алдах шахам согтуу байсныг хараад тэмдэглэл хөтлөв...” гэсэн /х/х-76/, Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын 08 дугаартай тэмдэглэлд сумын Засаг дарга Т.Эрдэнэбат “...архидан согтуурах асуудал Тамгын газрын даргын хувьд хэрээс хэтэрч байна. Тамгын газрын дарга хоёр өдөр архи уусан. Согтолтын байдлын зэргийг хэсгийн төлөөлөгч Б.Бямбажаргал протокол хөтөлсөн байна...” гэж хэлснээс харахад хэсгийн төлөөлөгч 23-ны өдөр тэмдэглэл хөтөлсөн байхад Засаг дарга 22-ны өдрийн хурал дээр энэ талаар ярьсан мэтээр тэмдэглэгдсэн байгаа нь цаг хугацааны хувьд ойлгомжгүй байна. /х/х69-73/

Үүнээс гадна аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлын цагийг урагшлуулах тухай” 288 дугаар захирамжаар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үдээс өмнө 08.00-12.00, үдээс хойно 13.00-17.00 цагийг албан ёсны ажлын цаг байна гэж тогтоосон байх тул М.Батааг ажлын цагаар болон албан үүргээ гүйцэтгэж байхдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь нотлогдож, тогтоогдоогүй учир байгууллагын дотоод журам зөрчсөн гэж үзэхгүй. /х/х-98/

Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Иргэдийн гомдол, маргааныг шалгах комиссын илтгэх, хуудас, дүгнэлтээр “Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Батааг ажлаас чөлөөлсөн 55 дугаар захирамж хууль зүйн хувьд зөрчилтэй” гэж үзсэн нь үндэслэлтэй байна,  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйЛийн 29.3-д зааснаар “...Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга...өөрчлөх буюу хүчингүй болгох...”-оор заасны дагуу тухайн сумын Засаг дарга Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтыг үндэслэн гаргасан 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 55 тоот, 1813057 дугаартай хэвлэмэл хуудас бүхий захирамжаа 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нөхөж хүчингүй болгон 78 дугаар захирамжийг гаргасан нь Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, Баримт бичгийн стандартыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, дээрх стандартын дагуу уг захирамжийг тухайн ондоо хүчингүй болгох тохиолдолд 55А гэсэн дугаарыг авч, захирамжаа хүчингүй болгон, дараагийн захирамжийг гаргах нь зүйтэй байжээ.

Түүнчлэн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан М.Батаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар зэргээс харахад түүний гаргасан гэх хүсэлтүүд өөрийнх нь хүсэл зоригийн бүрэн илэрхийлэл болсон эсэх нь эргэлзээ төрүүлэхийн зэрэгцээ, ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлүүд нь нотлогдож, тогтоогдохгүй байна.

Эдгээрээс гадна Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 14- ний өдрийн 456 дугаар захирамжаар Өлзийт сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар захирамжийг хүчингүй болгож /х/х-7/, аймгийн Засаг даргын Тамгын газрын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 6/716 дугаар албан тоотоор дээрх захирамжийн хэрэгжилтийг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор ирүүлэхийг хүсжээ./х/х-б/

Гэтэл Өлзийт сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар захирамжийг аймгийн Засаг дарга 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 456 дугаар захирамжаар хүчингүй болгосон байхад тус сумын Засаг дарга Т.Эрдэнэбат нь өнөөдрийг хүртэл уг захирамжийг хэрэгжүүлэхгүй, М.Батааг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилохгүй байгаа энэхүү эс үйлдэл нь илт хууль бус байна.

Иймд, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг дарга нь тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар М.Батааг томилохгүй байгаа эс үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, түүнийг урьд эрхэлж байсан Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагч Өлзийт сумын Засаг даргад даалгаж, түүний ажилгүй байсан 6 сар 2 хоногийн цалин 5637836 /таван сая зургаан зуун гучин долоон мянга найман зуун гучин зургаа/ төгрөгийг хариуцагч Өлзийт сумын Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулан нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4, 72 дугаар зүйлийн 72.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Батаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг дарга Т.Эрдэнэбат нь тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар М.Батааг томилохгүй байгаа эс үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, түүнийг урьд эрхэлж байсан Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагч Өлзийт сумын Засаг даргад даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан М.Батаагийн ажилгүй байсан 6 сар 2 хоногийн цалин 5637836 /таван сая зургаан зуун гучин долоон мянга найман зуун гучин зургаа/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгч М.Батаад олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Ц.СУВДМАА