Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар  2023/ДШМ/726

 

 

 

Ж.Э-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Төмөртулга,

шүүгдэгч Ж.Э,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/507 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Эын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2208025530472 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандах илтгэснээр хянан хэлэлцэв.

....тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/596 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

Шүүгдэгч Ж.Э нь 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аз” дэн буудалд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Б.Бын интернэт банкны нууц дугаарыг мэддэг байдлаа ашиглан гар утсыг, Хаан банкны данснаас нь нийт 2,143,000 төгрөг шилжүүлэн авч залилж, нийт 3,257,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрээр зорчих эрхийн хязгаарлах ялын хүрээг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 596 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Э давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...хөдөө нутгаар ажлаар явдаг, чихрийн шижин өвчний 1-р хэв шинжтэй учир хөдөө орон нутаг руу ажлаар явахын сацуу өөрт хэрэгтэй эмийн ургамал зэргийг цуглуулан хэрэглэж эмчилгээндээ ашиглан бие ээ тэнхрүүлдэг. Мөн би нялх охинтойгоо амьдардаг бөгөөд хөдөө ажлаар явахдаа Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн аль нэг хэсэгт хүүхдээ харах хүнд хүлээлгэн өгдөг билээ. Иймд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооноос 6 сар гарахгүй байх шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрээс гарахгүйгээр хязгаарлахаар шийдэж өгөхийг хүсэж байна...” гэв.  

Прокурор Т.Төмөртулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Эын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрийг төлсөн эсэхийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Эыг эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг болон торгох ялыг оногдуулах боломжгүй гэж үзсэн. Иймд түүнд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Ж.Эад холбогдох эрүүгийн 2208025530472 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Шүүгдэгч Ж.Э нь 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аз” дэн буудалд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Б.Бын интернэт банкны нууц дугаарыг мэддэг байдлаа ашиглан гар утасыг болон Хаан банкны данснаас нь 2,143,000 төгрөг шилжүүлэн авч залилж, нийт 3.257.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Бын “...Э миний хажууд хэвтэж байсан ба намайг утсаа өгч байгаач миний утас фэйсбүүк орж болохгүй байна гэсэн. Би Эыг харж байхад Хаан банкны интернэт банкны нууц кодыг хийгээд миний дансанд 2.200.000 төгрөг байгаа шүү гэж харуулаад чи энэ мөнгийг үрж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд би утсаа өгчхөөд унтаж байгаад сэрэхэд Э байхгүй байсан. ...Миний утас дэлгэц нь 99999 гэх кодтой бөгөөд тухайн кодыг Э мэдэж байсан. Би тухайн үед Ж.Эыг хажууд байхад нь интернэт банкны кодоо хэлж байсан Тэгтэл тухайн үед миний интернэт банк руу орж нууц кодыг нь сольсон байсан. ...Надад нийт 3.257.600 төгрөгийн хохирол учирсан...” /хх 21-22, 25-26/,

гэрч Б.Э-ын “...“Аз” буудалд Болдбаатарын хамтаар өрөө авч хоносон. Тэр шөнө би Эыг дуудсан. Тэгтэл Э шөнө дунд ирсэн. Тэгээд бид гурав тухайн буудалд хоноод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн...тэгээд маргааш өглөө нь Болдбаатар миний гар утсыг Э аваад явчихсан байна гэж хэлсэн...” /хх 32-33/,

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Ц-1224 дугаартай “...Realme GT 5g загварын гар утсыг 1,170,000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 38-39/

хохирогч Б.Бын эзэмшлийн Хаан банкны 5092028943 тоот дансны хуулга /хх 55-56/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Ж.Эын  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан гар утсаар фэйсбүүк орьё гэж аваад гар утсыг нь, мөн Б.Бын интернэт банкны нууц дугаарыг мэддэг байдлаа ашиглан Хаан банкны данснаас 2,143,000 төгрөг шилжүүлэн авч, нийт 3.257.600 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “...Залилах...” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн Ж.Эын үйлдсэн хэргийг зүйлчилж, ял оногдуулсан байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Э нь хохирлоо төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн нь зөв байна.  

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял”-уудаас Ж.Эын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй болсон зэргийг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, зургаан сарын хугацаагаар оногдуулж, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хүнд биш ял байна.

Шүүх үйлдсэн гэмт хэргийнх нь хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тухайн хүнийг  цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхуйц ялыг тухайн шүүгдэгчид оногдуулдаг бөгөөд Ж.Эын боломж бололцоо, хүсэл сонирхолд нийцүүлэн зорчих эрх хязгаарлах ялын хүрээ хязгаарыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуульд зааснаар Ж.Эын эрүүл мэндээ эмчлүүлэх, тодорхой чиглэлийн дагуу ажил эрхлэх зэргийг ял биелүүлэх ажиллагааны явцад шийдвэрлэх боломжтой байдаг.

Иймд шүүгдэгч Ж.Эын “...Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооноос 6 сар гарахгүй байх шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар өөрчилж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/507 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

  2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТЗОРИГ

              ШҮҮГЧ                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

              ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ