Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00320

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/03255 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Д-ийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206025613 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Чингисийн өргөн чөлөө гудамж, 6а дугаар байр, 161 тоот хаягт байршилтай, 103,62 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу зах зээлийн үнийг үнэлгээчин 289 411 900 төгрөгөөр тогтоосон үнэлгээг төлбөр төлөгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Мөнхбаярын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4-190/34812 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэнийг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Учир нь Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №01/71 дугаартай үнэлгээний тайлангийн үнэлгээг тодорхойлсон байдал хэсэгт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, апартментэд байрлах 3 ширхэг орон сууцтай харьцуулсан судалгааг хийсэн боловч орон сууц худалдаалагдаж буй unegui.mn сайтаас хамгийн хямдаар худалдаагдаж буй орон сууцыг сонгон авч судалгааг хийн өмчлөгчийн эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн. Тиймээс барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээчний 289 411 900 төгрөг гэсэн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206025613 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Чингисийн өргөн чөлөө гудамж, 6а дугаар байрны 161 тоот хаягт байршилтай, 103.62 м.кв талбайтай 3 өрөө орон сууцын зах зээлийн үнийг үнэлгээчин 289 411 900 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор Ж.Д-ээс 275 025 450 төгрөгийг гаргуулж Л.Баярцэнгэлд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 19290421 дүгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч Ж.Д-ийн төлбөрт эрхийн улсын бүртгэлийн Ү-2206025613 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Чингисийн өргөн чөлөө гудамж 6а байр, 161 тоот хаягт байршилтай, 103,62 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 19290421/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 19290421/07 дугаар тогтоолоор хураасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг талуудад 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 4-190/31567 дугаар албан бичгүүдээр мэдэгдсэн боловч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн саналаа ирүүлээгүй тул 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 9/453 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг томилоход үл хөдлөх эд хөрөнгийг 289 411 900 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоож, үнэлгээний тайланг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн. Талуудад хөрөнгийн үнэлгээг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4-190/34812 дугаар албан бичгээр мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар тогтоож, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-190/37400 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээ хийх нь үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээний байгууллагын хараат бус үйл ажиллагаа байдаг. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийг ижил байрлалтай, ойролцоо талбайн хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулан жиших аргаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна. Шинжээчийн тогтоосон үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт бага, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Иймд төлбөр төлөгч Ж.Д- нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байгаа нь төлбөр авагчийн эрх ашгийг зөрчиж, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж, 6а дугаар байрны 161 тоот хаягт байршилтай 103,62 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 289 411 900 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Д-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөрөнгө-Эстимэйт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 289 411 900 төгрөг гэж тогтоосон байх ба үнэлгээг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургийг хавсаргажээ. Иймд хариуцагч байгууллага нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдийг шинжээчээр томилж, уг байгууллагын үнэлгээ гаргах тухай зөвшөөрөлтэй үнэлгээчин эрх үүрэгтэйгээ танилцаж, дүгнэлт гаргасан байгаа нь төлбөрт хураагдсан орон сууцыг үнэлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул шинжээч орон сууцыг зах зээлийн ханшаас бага үнэлсэн гэх нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон. Учир нь Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 9 сарын 22-ны өдрийн №01/71 дугаартай хөрөнгө үнэлгээний тайланд үнэлгээ хийсэн гол аргачлал нь зах зээлийн хандлагын арга байсан бөгөөд үнэлгээг ингэж үнэлэхдээ мэдээллийг unegui.mn сайтаас авсан 3 ширхэг орон сууцтай харьцуулан судалгааг хийж дээрх орон сууцнуудын мэдээлэл, зургийг үнэгүй.мн сайтнаас татан авч үнэлгээний тайланд хавсаргасан. Нэгэнт хариуцагч байгууллага болон түүний томилсон шинжээч нийтэд илэрхий үйл баримт болох unegui.mn сайтад тавигдсан зарын мэдээлэлд үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоон тус сайтнаас мэдээлэл зургийг татан авч хөрөнгийн үнэлгээний тайландаа ашигласныг нотлох баримтаар тогтоогдсон гэж үзсэн атлаа нэхэмжлэгчийн нийтэд илэрхий үйл баримтаас иш татан нэхэмжлэлээ нотолж байгааг шаардлагаа баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Д- нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/01414 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Д-ээс 190 365 000 төгрөг гаргуулж, Л.Баярцэнгэлд олгож шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1944 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгч Ж.Д-ээс 273 500 000 төгрөг гаргуулж, Л.Баярцэнгэлд олгуулахаар шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэжээ. /хх-ийн 27-37-р тал/

 

Нэхэмжлэгч Ж.Д- нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул төлбөр авагч Л.Баярцэнгэлийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 183/ГХ2019/00227 дугаар гүйцэтгэх хуудас олгосон байна. /хх-ийн 25-р тал/

 

Хариуцагч Н- нь нэхэмжлэгч Ж.Д-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Чингисийн өргөн чөлөө гудамж, 6а байр, 161 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206025613 дугаарт бүртгэлтэй, 103.62 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хураажээ. /хх-ийн 41-48-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор үнийн санал ирүүлэхийг талуудад мэдэгдсэн боловч санал ирүүлээгүй байх тул хариуцагч байгууллага нь төлбөр авагч Л.Баярцэнгэлийн хүсэлтээр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх-ийн 52-55-р тал/

 

Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 289 411 900 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хариуцагч Н- нь 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч Ж.Д-д мэдэгджээ. /хх-ийн 61-75-р тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Гэвч нэхэмжлэгч Ж.Д- нь үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсан атлаа 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн, хариуцагч Н- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбар болон давж заалдах гомдолдоо шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ unegui.mn сайтад хямгийн хямдаар худалдаалагдаж буй орон сууцтай харьцуулан эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэжээ. Хөрөнгө-Эстимэйт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу өртгийн, орлогын болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэж, үнэлгээг гаргасан байх бөгөөд харьцуулсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь хамгийн хямдаар худалдаалагдаж байсан гэдэг нь нотлогдоогүй, шинжээчийн үнэлгээг хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүйгээс гадна дээрх шинжээчийн дүгнэлтийг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/03255 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ