| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 003/2013/0016/З |
| Дугаар | 111/ШШ2013/0020 |
| Огноо | 2013-12-09 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2013 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 111/ШШ2013/0020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Б.Отгончимэгийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад холбогдуулан “аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Отгончимэг, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга С.Должинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 6 дахь жилдээ ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд би сахилгын ямар нэгэн ноцтой зөрчил гаргаагүй. Гэтэл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2013 оны 5 сарын 01-ний өдрийн тушаалаар Төрийн албаны тухай 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр ажлаас халагдлаа.
Би 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр даргаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн ногооны талбай, өвөлжөөний байршлын газарт хэмжилт хийхээр тус ангийн албаны дарга Л.Баатарзоригт, жолооч, сантехникийн инженер Ц.Отгонхүү нартай Баян-Овоо сумын “Хоолт” гэх газарт хэмжилт хийхээр явсан. Энэхүү ажлаар явахдаа миний хувьд архи, дарс ууж, ёс зүйн зөрчил гаргаагүй. Харин Л.Баатарзоригтын хувьд намайг доромжилж, хэлэх хэлэхгүйгээр үгээр дайрж, нэр төрд бүдүүлгээр халдсан. Энэхүү үйлдэлд нь эсэргүүцэл үзүүлсний төлөө бодит үйл явдлыг мушгин гуйвуулж бүгдийг миний буруу мэтээр С.Батбаяр даргад мэдээлэл өгсөнд үнэхээр гомдолтой байна. Би бусадтай нийлж архи уугаагүй, бусдын зүй бус үйлдлийг ил, далд ямар нэгэн аргаар эсэргүүцэж ирснийхээ төлөө ажлаасаа халагдлаа.
Л.Баатарзоригт зориуд архи гарган ирж намайг уу гэж шахаж, үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл нэхэж өөрийнхөө хүслийг хангасангүй гэсний төлөө худал гүжирдлэгээр намайг “архи ууж, ажлаа хийсэнгүй” гэснийг С.Батбаяр дарга нягталж шалгалгүйгээр зөвхөн миний буруу мэтээр ойлгож хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэн ажлаас халсан.
Энэ сахилгын арга хэмжээг авахдаа надад тайлбар өгөх хугацаа олгох, тайлбар авах, болсон үйл явцыг шалган тогтоох тодорхой журмыг хэрэгжүүлэлгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Түүнчлэн зөрчлийг холбогдох хууль дүрмийн дагуу эхлээд холбогдох албан тушаалтнаас нь бичгээр болон амаар тайлбар гаргуулан шалган тогтоох ёстой байтал ямар ч урьдчилсан ажиллагаанууд хийгээгүй байж намайг ажлаас шууд халсан юм.
Энэ талаар би Баянхонгор аймгийн Засаг дарга болон аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл мөн Төрийн албаны төв зөвлөлд 2013 оны 5-р сарын 24-ний өдөр өргөдөл өгсөн боловч хариу ирээгүй бөгөөд аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл миний өргөдлийг шийдвэрлэх хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж, Б.Отгончимэг намайг ажлаас халсан нь үндэслэлтэй байна гэсэн хариуг хурлын тэмдэглэлээр өгсөн юм. Уг хариуг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.
Иймд Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “сахилгын шийтгэл оногдуулах” тухай тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан албан тушаалд буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Б.Отгончимэг нь Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын кадастр, геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнээр 6 дахь жилдээ ажиллаж“байгаад Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2013 оны 5 сарын 01-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан.
Хариуцагчийн ажлаас халах болсон үндэслэл нь 2013 оны 4 сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн ногооны талбай, өвөлжөөний байршлын хэмжилт хийхээр явахдаа буюу ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ архи уусан гэх үндэслэлээр ажлаас халсан байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хэрэгт нэхэмжлэгчийг архи уусан гэдгийг хангалтай нотлох баримт байхгүй.
Л.Баатарзоригт Б.Отгончимэгийг архи уусан, зүй бус авирласан гэх өргөдөл Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ирсэн байсныг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл рүү тус албанаас 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр факсаар явуулсан байдаг. Гэтэл Б.Отгончимэгийг ажлаас халсан тушаал нь 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гарсан. Энэ нь болсон үйл явдлаасаа цаг хугацааны хувьд хожуу хойно өргөдөл гаргаж өгсөн байна.
С.Батбаяр дарга нэг өдрийн ажилд албан томилолтгүй явдаг гэж хэлсэн байдаг. Өнөөдөр ажилтан ажлаас гадуур ажил үүргээ гүйцэтгэж явахдаа албан ёсны томилолттой явдаг. Ингэж байж хүнд өнөөдөр албан ёсны хариуцлага тооцох талаар ярих ёстой.
Б.Отгончимэг ажлын цагаар архи уугаагүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч Ж.Байгалмаа, А.Батболд нарын өгсөн “...Б.Отгончимэгийг 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ажлын цаг дуустал буюу 18 цаг хүртэл ажил дээрээ байсан, тухайн өдөр томилолтоор явсаныг мэдэхгүй байна..” гэх мэдүүлгүүд зэргээр хангалттай нотлогдож байгаа. Түүнчлэн төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-д “...албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч, түүний гэр бүлийн гишүүн нь тухайн төрийн албан хаагчийн ажиллаж байгаа төрийн байгууллагаар хамгаалуулах...”, гэсэн баталгаагаар хангагдах ёстой байтал энэ эрх нь зөрчигдөөд байхад ямар ч арга хэмжээ аваагүй, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “...Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно...” гэсний дагуу Засгийн газраас тогтоосон журамд заасны дагуу шат дараалсан аргаар шалгаагүй, нэхэмжлэгч зөрчил гаргасан эсэхийг нотлоогүй байж шууд ажлаас халж байгаа нь өөрөө хууль бус бөгөөд хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга С.Батбаяр нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1,26.9-д заасан хуульд заасан журмыг биелүүлээгүй хууль зөрчиж тушаал гаргасан байна.
Иймд 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “сахилгын шийтгэл оногдуулах” тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Отгончимэгийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 4.352.111 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч С.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:
“Б.Отгончимэг нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, байгууллагын дотоод журмын 8.1, 8.2а ажлын байранд буюу ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэх, ажилдаа согтуу ирэх гэсэн заалтыг зөрчин 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мэргэжилтэн Б.Ганзоригтой ажлын цагаар архи уусан/ 4.11 дэх заалт /ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэхийг эрс хориглоно гэсэн заалтыг зөрчин 339 дүгээр ангийн ажлаар, ажлын цагаар томилолтоор явж байх үедээ архи ууж зөрчил гаргасан/-ийг зөрчсөн учир Төрийн албаны тухай хуулийн зохих заалтыг хэрэглэж Б.Отгончимэгийг ажлаас халсан” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн Б.Отгончимэгийг ажлаас халсан тухай тушаал нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь.албан үүргээ гүйцэтгэж явах үедээ архи уусан гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж байх үедээ архи уусан гэдэг нь нэхэмжлэгчийн анх удаагийн үйлдэл биш гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй байх. Тодруулбал 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж явах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг дахин ийм зөрчил гаргаж болохгүй талаар сануулга, анхааруулга өгсөн удаа байдаг. Гэвч энэ зөрчил дахин гарсан. Засгийн газрын 2000 оны 288 дугаар тогтоолоор Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг баталж, одоо хүртэл энэ дүрэм мөрдөгдөж байгаа. Энэ дүрмийн 5.4.1-д зааснаар албан үүргээ гүйцэтгэж байх үедээ буюу ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх талаар заасан байдаг. Мөн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хөдөлмөрийн дотоод журамд алба хаагчдын эрх, үүргийг тусгаж, ямар зөрчлийг ноцтойд тооцох зэрэг зохицуулалтыг тусган баталж бүгд гарын үсгээ зурж, мөрдөж ирсэн байна. Энэ дотоод журмын 4.11-д албан үүргээ гүйцэтгэж явах ба ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон талаар заасан байна. Нэхэмжлэгч өөрөө албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж байгаа нь тайлбараас харагдаж байна. Албан хаагчийг илүү цагаар ажиллуулахыг дотоод журмаараа хориглосон байдаг. Гэвч нэхэмжлэгчийг зайлшгүй шаардлагаар ажлын бус цагаар ажиллуулсан байгаа. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 74.2.1-д улс орныг батлан хамгаалах, хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх тухай заасан байдаг. Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн албаны чиг үүрэгтэй нь холбогдуулж, зайлшгүй улсын батлан хамгаалах газарт хэмжилт хийлгэхээр нэхэмжлэгчийг илүү цагаар ажиллуулж байсан гэдэг нь бүрэн үндэслэлтэй байгаа. Ажлын байранд буюу ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ноцтой зөрчил юм. Улсын Дээд шүүхийн тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг тайлбарлахдаа “...хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байх, зөрчил тус бүрдээ тогтоогдсон байхыг шаардсан боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй ...” гэж тусгасан байна. Б.Отгончимэг өмнө нь буюу 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээд явж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Мөн 4 сарын 24-ний өдөр дахин ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ архи уусан нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирсэн иргэдийн өргөдөл, гомдол Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байна. Энэ ажил үүргийн тухайд ажлын цагаар тодорхой бага хугацаанд тухайн ажлыг гүйцэтгээд ирэх бүрэн боломжтой байсан учраас албан томилолт олгоогүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд С.Должинсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 18 тоот тушаалаар Газрын кадастр, геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна. Тухайн албан тушаалд өмнө ажиллаж байсан Б.Отгончимэг нь ажлаа хүлээлгэж өгөхдөө бүх зүйлээ нарийн тодорхой тайлбарлаж өгөөгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хувийн хэрэг болон мэдээллийн сан дахь кадастрын зураг нь эмх замбараагүй, бүртгэгдээгүй, давхардсан зэрэг нилээн зөрчлүүд байсныг миний бие хэвийн ажиллагаанд нь оруулж, одоог хүртэл эмхлэн ажиллаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, түүний өмгөөлөгч, гэрч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Б.Отгончимэгийн гаргасан “аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Баянхонгор аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг үндэслэн Б.Отгончимэгийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Байгууллагын дотоод журмын 8.1, 8.2а, 4.11 дэх заалтыг зөрчиж, албан үүргээ гүйцэтгэж явах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэн төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас нь халжээ. /х/х-5/
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д “...төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах...”-аар, 13 дугаар зүйлийн 13.1.5-д ”...төрийн албаны болон төрийн албан хаагийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх...” гэж заасан, мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дотоод журмын 8.1-д “...албан үүргээ зөрчсөн...”, 8.2а, 4.11-д “...ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэхийг эрс хориглоно...” гэж тусгасан байна.
Аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хурлын 03 дугаар тэмдэглэлд Баянхонгор аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 01- ний өдрийн Б.Отгончимэгийг ажлаас халсан 17 дугаар тушаалыг үндэслэлтэй гэж үзсэн./х/х-б/
Аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаартай “Өргөдөл хянасан тухай” албан бичигт “...Б.Отгончимэгийг төрийн албанд нэг жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр халсан нь даргын зөвлөлийн гишүүдийн саналыг харгалзан үзэлгүйгээр шийдвэрээ гаргасан, мөн Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдолд гаргах журам”-ын хоёрдугаар зүйлийн 4 дэх заалтыг баримтлаагүй...” байна гэж дүгнэжээ.
Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад, гомдол гаргах журмын хоёрдугаар зүйлийн 4-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна, зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй байхад Л.Баатарзоригтын гомдлоор Б.Отгончимэгт арга хэмжээ авсан гэж байгаа ч уг гомдол нь бичгээр тухайн албанд ирээгүй, ажлын бус цагаар утсаар өгсөн мэдээлэл байдаг нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга С.Батбаярын “...339 дүгээр ангийн Л.Баатарзоригт миний утас уруу залгаад танай мэргэжилтэн Б.Отгончимэг архи, дарс уугаад хэл ам таталлаа гэсэн гомдлыг өчигдөр орой гэрийн гадаа ирж хэллээ...” гэсэн /х/х-29/, Л.Баатарзоригтоос Б.Отгончимэгийн талаар бичсэн өргөдлөө Улаанбаатар хотын буюу 11305330 дугаарын факсаар 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын алба руу факсаар явуулсныг тус албаны бичиг хэргийн ажилтан мөн өдөр хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд өгсөн /х/х26-28/, мөн Л.Баатарзоригт өргөдөлдөө ”...тус аймгийн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид ар талын даргаар ажиллаж байсан дэд хурандаа Л.Баатарзоригт миний бие...” гэж бичсэн /х/х-26/, аймгийн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар албан тоотод “...Л.Баатарзоригт нь ЗХЖШ-ын даргын 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 6/294 тоот тушаалаар Зэвсэгт хүчний 016 дугаар ангид шилжин ажилласан...” гэсэн /х/х-65/ зэргээс харахад Л.Баатарзоригт нь тухайн үед Б.Отгончимэгийн талаар гомдлоо бичгээр гаргаагүй, сүүлд буюу 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нөхөж бичиж өгсөн нь нотлогджээ.
Үүнтэй холбоотойгоор Б.Отгончимэгт уг өргөдлийг танилцуулаагүй, тайлбар аваагүй, тухайн үед зөрчлийг нягталж шалгаагүй зэргээр дээрх журмыг зөрчсөн нь тодорхой харагдаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол хуулийг сахилгын шийтгэлгүйд тооцохоор заасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д “...хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно...”, 15.4.1-д “...давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна...” гэж хуулийг тайлбарлажээ.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрий* хурлын 08 дугаар Даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлд Б.Отгончимэгийг 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хэмжилт хийж явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тухай хэлэлцэж, сануулах арга хэмжээ авах талаар ярилцсан нь тусгагдсан боловч Б.Отгончимэгт сахилгын арга хэмжээ авагдаагүй, энэ тухай тушаал гараагүй нь хурлын тэмдэглэл /х/х-30/, нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар зэргээр нотлогдож байна.
Харин аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр тушаалаар Б.Отгончимэгт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халах тушаал гарах хүртэлх тушаал хоорондын хугацаа нь нэг жил өнгөрсөн тул сахилгын шийтгэлгүйд тооцогдох бөгөөд давтан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй болно./х/х-70/
Түүнчлэн Баян-Овоо сум руу хэмжилт хийхээр явсан өдөр буюу 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Б.Отгончимэг нь ажлын цагаар ажиллаж, орой 18 цаг хүртэл байсан, энэ талаар хурууны хээгээр ажлын цаг бүртгэдэг төхөөрөмжид бүртгэгдсэн, ажлын цагаар архи уугаагүй зэрэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна. /х/х-58, 60, 62/
Нэхэмжлэгч Б.Отгончимэг нь удирдлагаас өгсөн үүргийн дагуу 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 18 цаг 20 минутын орчимд аймгийн Зэвсэгт хүчний цэргийн ангийн албаны дарга Л.Баатарзоригт, жолооч Ц.Отгонхүү нартай Баян-Овоо сум руу хэмжилт хийх ажлаар явсан бөгөөд Л.Баатарзоригт, Ц.Отгонхүү нарын “Б.Отгончимэг нь архи уусан” , Б.Отгончимэгийн “би ажлын цагаар болон ажил үүргээ гүйцэтгэж явахдаа архи уугаагүй, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж хэмжилт хийгдээгүй, тухайн үед Л.Баатарзоригтын зүй бус үйлдлийг ил, далд, ямар нэгэн аргаар эсэргүүцсэнийхээ төлөө төрийн албанд нэг жил эргэж орох эрхгүйгээр ажлаас халагдсандаа гомдолтой байна...” гэж ярьж байгаа талаар тайлбар авч, зөрчлийн үндэслэлийг нарийн шалгаж, тогтоолгүйгээр Б.Отгончимэгийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, түүний гаргасан зөрчил тогтоогдсон тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан гаргасан зөрчилд тохирсон сахилгын шийтгэлийг ногдуулах нь хуульд нийцэх байжээ.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Отгончимэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Б.Отгончимэгийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын кадастр, геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, олгох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Үүнээс гадна Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал дугааргүй байгаа нь албан бичгийн стандарт зөрчсөнийг дурдах нь зүйтэй.
Мөн Б.Отгончимэгийн талаар иргэн н.Элбэгсайханы 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр бичсэн өргөдлийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, иргэн Д.Бямбасүрэнгийн 2013 оны 7 дугаар сарын 17-ний өдөр бичсэн өргөдлийг 11 дүгээр сарын 27-ний өдөр тус тус хүлээн авч, шүүхэд ирүүлсэн байгааг шүүх үнэлэх боломжгүй төдийгүй, хэрэгт ач холбогдолгүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 72 дугаар зүйлийн 72.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Отгончимэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Б.Отгончимэгийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын кадастр, геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Отгончимэгийн ажилгүй байсан 7 сар 6 хоногийн цалин 4247431 /дөрвөн сая хоёр зуун дөчин долоон мянга дөрвөн зуун гучин нэгэн/ төгрөгийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргуулж, нэхэмжлэгч Б.Отгончимэгт олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч. тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА