Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/727

 

    

 

 

 

Х.Ит холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч Х.Иийн өмгөөлөгч Л.Цэндоо,

хохирогч Ш.Г, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг,   

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 666 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ш.Гы өмгөөлөгч М.Төмөрцэцэг гомдол гаргасаныг үндэслэн Х.Ит холбогдох 2303001370172 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

....тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч X.И нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 20 цаг 25 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мөнгөн гүүр эмнэлгийн зүүн гарцын замд Тоёота приүс-30 маркийн 0000УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу явуу хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө, мөн дүрмийн 3.4.а энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд, хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. 4 дүгээр хавсралтын 5.3 гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ш.Гыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас:  Шүүгдэгч Х.Иийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Х.И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгm заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.И нь хохирогч Ш.Г-д 3,886,990 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 776,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогч Ш.Гы нэхэмжлэлээс 320,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ш.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...X.И-ийн буруутай үйлдлээс болж автомашины осолд орж, тулгуур эрхтэн болох хөлөндөө хүндэвтэр гэмтэл авсан.

...Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршигийг тооцох тухай хуульчлагдсан.

...шүүхээс асаргааны бэлэн өгсөн 3,000,000 сая төгрөгийг нотариатаар гэрчлүүлсэн байхад болон олох ёстой байсан орлогийг хасаж тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэг: Хохирогч Ш.Гы асрагчид төлсөн гурван сарын хөлс нэг сард 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг 3, 4 сарын болон 6 сард төлсөн нийт 4,500,000 төгрөг,

Хоёр: Олох ёстой байсан орлого /цалин нэг сарын 1,500,000 төгрөг гурван сарын 4,500,000 төгрөг,

Нийгмийн даатгал төлдөггүй ч гэсэн гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирч хүндэвтэр гэмтэл авч ажил хийх боломжоо алдаж байгаа нь үнэн тул шүүгдэгч Х.И нь ажилгүй байсан хугацааны ажпын хөлсийг төлөх нь шударга үнэнд нийцэнэ. Иргэн хүн гэмт хэргийн улмаас хүндэвтэр гэмтэл авсан явдал нь нийгмийн даатгал төлдөггүй гэдэг үндэслэлээр олох байсан орлого авч чадахгүй хохирч үлдэх үндэслэл байж болохгүй. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчид ашигтай байж болохгүй. Хохирогчид хохирлыг төлөх л ёстой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Нийт 9,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна...” гэв.

Хохирогч Ш.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Би ганцаараа амьдардаг. Ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа авч явдаг. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас миний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан. Мөн надад учирсан гэмтлийн эдгэрэлтийн хугацаа 8 сараас 1 жилийн хугацаа шаардлагатай тул би ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байна. Надад эм, тарианы мөнгө байхгүй. Би хүмүүсээс мөнгө зээлж ойр зуурын хэрэглээгээ хангаж байна. Надад үнэхээр хэцүү байна. Иймд шүүгдэгч Х.Иоос миний хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна...” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цэндоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэм бурууд тохирсон гэж үзэж байна. Хохирол төлбөрийг зөв, үндэслэлтэй дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шатанд миний үйлчлүүлэгч Х.И нь хохирогч Ш.Г-д 3,886,990 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 776,000 төгрөгийг төлж барагдуулсан. Харин хохирогчийн олох ёстой байсан цалин, орлогыг шүүхээс тогтоох боломжгүй гэж үзсэн. Учир нь, хохирогчийн дансны хуулганы баримтаас үзэхэд цалин орж ирсэн нь тодорхой бус, цалингийн дүн зөрүүтэй байдаг. Анхан шатны шүүх хохирогч Ш.Гыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч, түүний өмгөөлөгчөөс олох ёстой байсан орлого, ажилгүй байх хугацааны цалин хөлс болон асаргааны зардалд 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Уг асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, хохирогч талын гаргасан баримтыг нэг бүрчлэн шинжлэн судалсан. Гэтэл хохирогчийн гарган өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байсан. Тухайлбал, хохирогч сарын 3,000,000 төгрөгийн цалинтай эсхүл 2,000,000 төгрөгийн цалинтай гэж зөрүүтэй мэдүүлдэг. Хэрэгт 2 төрлийн хөлсөөр ажиллах тухай гэрээ авагдсан бөгөөд тухайн гэрээнд цалин хөлсний хэмээ зөрүүтэй байдаг. Хохирогчийн дансны хуулганы баримтаас үзэхэд орж байгаа цалин нь 800,000-900,000 төгрөгийн хооронд байдаг. Хохирогчоос “цалингийн хүснэгт чинь байна уу” гэж тодруулсан боловч уг асуудлын талаар яриагүй. Иймд анхан шатны шүүхээс хохирогч Ш.Гыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Х.Ит холбогдох 2303001370172 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Шүүгдэгч X.И нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 20 цаг 25 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоёота приүс-30 маркийн 0000УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “...10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу явуу хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө, мөн дүрмийн 3.4.а энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд, хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. 4 дүгээр хавсралтын 5.3 гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Мөнгөн гүүр эмнэлгийн зүүн гарцын замд зам тээврийн осол гаргаж, зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ш.Гыг мөргөж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

хэргийн газар үзлэг хийсэн “...Осол болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Мөнгөн гүүр эмнэлгийн зүүн талын орох гарц дээр явган зорчигч тээврийн хэрэгсэлд шүргүүлэх хэлбэрээр үйлдэгдсэн...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11/,

хохирогч Ш.Гы “...Мөнгөн гүүр эмнэлгийн зүүн талаар зам хөндлөн гарч явахад төв зам талаас нэг машин ирж байхыг хараад энэ машин нэлээн хол явж байна даа гэж бодоод зам гараад дуусч байхад тэр машин зам шахаж ирээд миний бөгсөн хэсгээр шүргээд зүүн хөлийн дээгүүр гараад би газарт унасан. Гартаа барьж явсан шилэн эдлэл, гар утас хагараад зүүн хөлийн гутал ханзарсан...” /хх-ийн 17-18/,

гэрч Ц.М-ийн “...хүү Х.И машинаа бариад бид хоёр Мөнгөн гүүр эмнэлэг рүү 1 дүгээр хорооллын арын замаар явж байгаад буцаж эргээд яг Мөнгөн гүүр эмнэлэг рүү орох гарц руу орохын наана замын хойноос явсан юм шиг байгаа юм. /би тариа хийлгээд зүүрмэглээд явж байсан/ Тэгтэл юм дугарах шиг болохоор нь сандраад машинаас буугаад хартал машины жолооч талын толь хэсгээрээ хүн шүргэсэн тэр хүн замын хажууд сууж байсан...” /хх-ий 33/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2830 дугаар “...Дүгнэлт. 1. Ш.Гы биед зүүн хөлийн тавхай ясны сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алагдагдуулахгүй...” /хх-ийн 43-44/,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “...1. Тоёота маркийн Приус-30 загварын 0000 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 2. 0000 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн улсын дугаарын гэрэл, баруун гар талын гэрлийн тусгалын эрчим стандартын шаардлага хангахгүй байна...” /хх-ийн 50-53/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд,

2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 426 дугаар “...2. Тоёота Приус-30 загварын 0000 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.И нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу явуу хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө, мөн дүрмийн 3.4.а энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд, хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. 4 дүгээр хавсралтын 5.3 гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Явган зорчигч Ш.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна...” гэсэн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 64-65/,

Х.Иийн яллагдагчаар өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн /хх-ийн 133-134/ мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч X.И-ийн 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 20 цаг 25 минутын үед Мөнгөн гүүр эмнэлгийн зүүн гарцын замд Тоёота приүс-30 маркийн 0000УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчин зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ш.Гыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан ...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэсэн шинжийг бүрэн агуулж байна.

Анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн Х.Иийн үйлдсэн хэргийг зүйлчилж, ял оногдуулсан байна гэж дүгнэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...”-уудаас Х.Иийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан түүнд торгох ялыг сонгон оногдуулж, 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүх Х.Иийн үйлдлийг зөв зүйлчилсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хохирогчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг нь “...Хохирогч Ш.Гы асрагчид төлсөн гурван сарын хөлс нэг сард 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг 3, 4 сарын болон 6 сард төлсөн нийт 4,500,000 төгрөг, олох ёстой байсан орлого /цалин нэг сарын 1,500,000 төгрөг гурван сарын 4,500,000 төгрөг, ...нийт 9,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.  

Анхан шатны шүүх хохирогч Ш.Гы хэрэгт гаргаж өгсөн баримтуудаас Голомт банк дахь 1705192541 тоот данснаас 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1,500,000 төгрөгийг “асаргааны хөлс” гэх утгатайгаар шилжүүлсэн /хх-ийн 175/, Б.Стай байгуулсан 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Хөлсөөр ажиллах гэрээ” /хх-ийн 124-125/ зэрэг баримтуудыг үндэслэн дансны хуулга бүхий 1,500,000 төгрөгийг гаргуулсан байх ба харин дараагийн 2 сар төлсөн асаргааны зардал 3,000,000 төгрөгийг өгсөн байдал нотлогдоогүй гэж хэрэгсэхгүй болгожээ.

 Давж заалдах шатны шүүх, хохирогчид учирсан “...зүүн хөлийн тавхай ясны сэлтэрсэн хугарал...” гэсэн хүндэвтэр гэмтлийн эдгэрэх хугацааны талаарх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2830 дугаар “...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлтийг үндэслэн ганцаараа амьдардаг хохирогчид асаргааны зардал нэхэмжилсэн хохирлоос анхан шатны шүүхийн гаргуулаагүй асаргааны зардал 3,000,000 төгрөгийг гаргуулсан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэлээ.

Тус хохирлоос бусад давж заалдах гомдолд дурдсан хохирол төлбөрийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хохирогчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэгийн гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж шийтгэх тогтоолд дээр дурдсанаар зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

Шийтгэл тогтоолын удиртгал хэсэгт шүүх хуралдааны оролцогчдын нэрсийг бичихдээ “хохирогч Ш.Г, түүний өмгөөлөгч Л.Цэндоо, шүүгдэгч X.И, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг” гэж хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгчдийн нэрсийг сольж бичсэн байгааг тэмдэглэж байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 666 дугаар шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 5 дахь заалтад

“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.И нь хохирогч Ш Гэрэлчулуунд 3,886,990 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 776,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогч Ш.Гы нэхэмжлэлээс 320,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг 

“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Иоос 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулан хохирогч Ш.Гд олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 320,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.И нь хохирогч Ш.Г-д 3,886,990 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 776,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай...” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТЗОРИГ

              ШҮҮГЧ                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

              ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ