Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 307/ШШ2025/00151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хэргийн индекс: 307/2025/00088/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******** тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ийн хүсэлттэй,

 “Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Ш.*******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ш.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Миний бие 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр охин Ш.******* төрүүлсэн. Тухайн үед Япон улсад суралцаж байсан тул өөрийн эцэг О.*******т охин Ш.******* үлдээсэн. Одоо би Япон улсаас ирж, Улаанбаатар хотод амьдарч байгаа ба охин минь надтай хамт амьдардаг. Одоо 12 дугаар ангид суралцдаг. Цаашид охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг цуцалж, миний нэр дээр охиныг минь шилжүүлж өгнө үү. Миний эцэг одоо 65 настай. Эрүүл мэндийн шалтгаантай байх тул хуульд заасан 60 наснаас дээш хүнд хүүхэд үрчлүүлэх нь хориотой. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, О.******* иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ш.*******ийн иргэний улсын бүртгэлийн лавлагаа, 0000018114 дугаартай хүүхэд үрчлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх 2-6 хуудас) зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Ш.*******гийн гаргасан үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч Ш.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг “...Би анх оюутан байхдаа өөрийн охиноо аавдаа үрчлүүлсэн. Одоо аав минь нас өндөр болсон. Эрүүл мэндийн хувьд асуудалтай болсон. Би хүүхдээ аваад гадагшаа явах болсон тул үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү... гэж тодорхойлсон.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.******* шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие нас өндөр гарсан. Биеийн байдал муу эмнэлгийн хяналтад байдаг. Зээ охиноо ээжид нь буцааж өгөх хүсэлтэй байна...” гэж тайлбарласан.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4-т заасны дагуу дээрх хүсэлт нь онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэх хэрэгт хамаарч байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар ...үрчилснийг хүчингүйд тооцох тухай... хүсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын шүүхэд гаргах бөгөөд хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ш.*******ийн иргэний улсын бүртгэлийн лавлагаа, үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

-Хүсэлт гаргагч Ш.******* нь 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр охин төрүүлж, охин эцэг Г. овогложээ.

-Улмаар Ш.*******, Г. нар нь 2011 онд гэрлэлтээ цуцлуулж, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр охин Х. хүсэлт гаргагч Ш.*******гийн эцэг О.*******, эх Я. нарт үрчлүүлж, үрчлэлтийг улсын бүртгэлд бүртгүүлж, охин Х. нэрийг ******* болгон өөрчилжээ.

7.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан зэрэг тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно” гэж заасан.

Хүсэлт гаргагчийн үрчлэлт хүчингүйд тооцуулах үндэслэл нь дээрх хуульд заасан тохиолдолд хамаарахгүй байна.

8.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно” гэж хуульчилсан ба хүсэлт гаргагч буюу үрчлүүлэгч Ш.******* болон үрчлэгч О.******* нар үрчлэлтийг хүчингүй болгох хүсэлтэй, тус үрчлэлтийг хүчингүй болгосноор хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлнө гэх үндэслэл тогтоогдохгүй байгааг шүүх харгалзан үзэж, үрчлэлтийг хүчингүйд тооцох нь дээрх хуульд заасантай нийцнэ гэж үзлээ.

9.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан ба охин Ш.******* эх Ш.*******гийн асрамжид шилжүүлэх нь зүйтэй.

10.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

З1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг тус тус баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ******* (РД:*******)-г үрчлэгч ******* (РД:*******),   (РД:*******) нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар охин Ш.******* эх Ш.*******гийн (РД:*******) асрамжид шилжүүлсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.НОМИН