Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00321

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Н-, Б.Ж- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/03274 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Н-, Б.Ж- нарын хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Ж-, Ц.Н- нарт холбогдох иргэний хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний эргийн анхан шатны шүүхийн шүүгч 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 300 тоот зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасан. Улмаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн зүгээс албадан гүйцэтгэх захирамж болон гүйцэтгэх хуудас олгож, уг гүйцэтгэх хуудсыг өнөөдрийн байдлаар Н- гүйцэтгэж байна. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагч нь Г- ХХК гэдэг хуулийн этгээд буюу эрх зүйн этгээд байгаа. Гэтэл Г- ХХК-ийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хуульд заасны дагуу оролцоогүй. Яагаад гэвэл Иргэний хуульд заасны дагуу хуулийн этгээд нь салбар, төлөөлөгчийн газартай байдаг. Салбар нь Иргэний хуульд заасны дагуу хуулийн этгээдийн эрхгүй этгээд байгаа. Үүнээс үзэхэд Г- ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар гэдэг нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага юм. Хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын зүгээс хуулийн этгээдээс олгогдсон эрх хэмжээ, итгэмжлэл, төлөөлөл байж үйл ажиллагаа явуулах ёстой. Б.Ж- болон Ц.Н- нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Г- ХХК-ийн зүгээс Г- ХХК гэдэг хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, итгэмжлэлгүй төлөөлөх этгээдийн олгосон итгэмжлэлийн хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоно. Дээрх олгосон итгэмжлэлийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хуулийн 177 дугаар зүйл 177.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасны дагуу талууд үнэлгээний талаар харилцан тохиролцох асуудал яригдах байсан. Гэтэл энэ ажиллагаанд анхнаасаа Дархан-Уул аймгийн Дархан-Уул салбарын захирал буюу ямар ч итгэмжлэл олгогдоогүй этгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, үнийн санал, үнэлгээ гэх мэт бүх зүйл дээр оролцоод явсан нь анхнаасаа хуульд нийцээгүй болсон учраас хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Сэлэнгэ Эстимэйт ХХК нь төлбөр төлөгч Ц.Н- болон Б.Ж- нарын өмчлөлийн, Ү-2205048025 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос Өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байрны 55 тоот хаягт байрлах, 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд хөрөнгийн үнэлгээ хийхээр шинжээчээр томилогдсон байхад Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн зүгээс шинжээчээр ажиллах шинжээчийг томилоогүй атлаа хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг Г.Отгонбаяр гэгч этгээд гаргаж, Н-т ирүүлсэн. Уг хөрөнгийн үнэлгээ гаргасан Г.Отгонбаяр нь Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн ажилтан биш бөгөөд гүйцэтгэх хуудсанд авагдсан Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 41 тоот итгэмжлэл гэх баримтаас харахад тодорхой байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн үнэлгээ гаргуулахаар шийдвэрлэсэн байхад уг шинжээчид хамааралгүй этгээд шинжээчийн хувиар дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн. Түүнчлэн, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт зааснаар шинжээчид урьдчилан эрх, үүрэг, хариуцлагыг сануулж, түүнийг баталгаажуулан гарын усэг зуруулсан байх учиртай. Гэтэл шинжээчийн хувиар эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан баримт үйлдэж, гарын үсэг зуруулаагүй бөгөөд хууль сануулаагүй этгээд шинжээчийн дүгнэлт гаргасан хууль зөрчсөн үйлдэл байна. Иймд Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №4/173 дугаартай тогтоолоор Виннер вэй ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу уг компанийн хөрөнгийн үнэлгээ, даатгалын хохирлын үнэлгээчин О.Бат-Эрдэнэ дүгнэлт гаргасан. Гэтэл уг этгээдэд хуульд заасны дагуу хууль сануулж, эрх, үүрэг тайлбарлаж өгөлгүйгээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт зааснаар шинжээчид урьдчилан эрх, үүрэг, хариуцлагыг сануулж, түүнийг баталгаажуулан гарын үсэг зуруулсан байх учиртай. Гэтэл Виннер вэй ХХК-ийн томилсон ажилтан нь шинжээчийн хувиар эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан баримт үйлдэж, гарын үсэг зуруулаагүй бөгөөд хууль сануулаагүй этгээд шинжээчийн дүгнэлт гаргасан хууль зөрчсөн үйлдэл болсон. Иймд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу Виннер вэй ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нарын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нарын өмчлөлийн дээрх 2 үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс иргэний хэрэг үүсгэж ажиллагаа явагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар үйлийн 27.1, 27.1.4-т заасныг үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр хүсэлт гаргасан. Гэтэл шүүхийн зүгээс дуудлага худалдаа зарлагдаагүй учир гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэж хүсэлтийг хангаагүй. Улмаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас анхны дуудлага худалдааг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зарласан тухай мэдэгдэх хуудсыг авч, улмаар 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дахин түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05847 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Түүнчлэн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн зүгээс уг захирамжийг Н- руу 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүргүүлсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ц.Цолмонтуяад гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай утсаар мэдэгдсэн. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяагийн туслах болон бичиг хүргэгчийн үл ойлголцлын улмаас 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05847 тоот гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг бус нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан захирамжийг андуурч, Н-т хүргүүлснээс шалтгаалан 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Ү-2205048025 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос Өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байрны 55 тоотод байрлах, 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдан борлуулах анхны дуудлага худалдаа явагдсан. Уг дуудлага худалдаа 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр явагдсан бол уг гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн 5847 тоот захирамж нь 2020 оны 4 дүгээр 15-ны өдөр гарсан. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарсан байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс санаатайгаар анхны дуудлага худалдаан зохион байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд, Н-т 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр явагдсан Ү-2205048025 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 1 хороо, Хос Өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байрны 55 тоот хаягт байрлах, м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны анхны дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 300 дугаар шийдвэрээр Б.Ж-, Ц.Н- нараас 135 525 268 төгрөгийг гаргуулж, Г-инд олгохоор шийдвэрлэжээ. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Б.Ж-, Ц.Н- нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2003017988 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 49 дүгээр байр, 406 тоот 40.53 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, эрхийн улсын Ү-2205048025 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байр, 55 тоот 56.35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг тус тус битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, өмчлөгч нь Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байр, 55 тоот 56.35 мкв 2 өрөө орон сууцыг 400 000 000 төгрөгөөр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 49 дүгээр байр, 406 тоот 53 м.кв 2 өрөө орон сууцыг 200 000 000 төгрөгөөр тус тус үнэлснийг төлбөр авагч зөвшөөрөхгүй хөндлөнгийн шинжээч томилж өгөх тухай хүсэлтийг ирүүлсэн. Үүний дагуу барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байр, 55 тоот 56.35 мкв 2 өрөө орон сууцыг үнэлүүлэхээр Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 140 дугаар тогтоолоор, Дархан сумын 14 дүгээр баг, 49 дүгээр байр, 5 тоот 40.53 м.кв 2 өрөө орон сууцыг үнэлүүлэхээр Виннер вэй ХХК-ийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 173 дугаар тогтоолоор тус тус хөндлөнгийн шинжээчээр томилсон байна. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байр, 55 тоот 56.35 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг 98 488 530 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 4/8802 тоот мэдэгдлээр, Дархан сумын 14 дүгээр баг, 49 дүгээр байр, 406 тоот 40.53 м.кв 2 өрөө орон сууцыг 61 153 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 4/11525 дугаар албан бичгээр талуудад тус тус мэдэгдсэн. Төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Б.Ж-, Ц.Н- нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2205048025 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байр, 55 тоот 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлгээчний тогтоосон үнэ 98 488 530 төгрөгийн 70 хувь болох 68.941.971 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн болох үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах болсныг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4/11058 дугаар албан бичгээр мэдэгджээ. Бид нар шинжээч томилсон бол шинжээчээ дуудаад эрх үүргээ заавал эхний удаа танилцуулдаг. Хэзээ ч танилцуулахгүй хийнэ гэж байхгүй угаасаа энэ асуудал маргаантай үнийн санал дээр маргаж байхад материал дээр нөхөж хийнэ гэсэн ойлголт байхгүй юм. Шинжээч томилсон тогтоол өгөхдөө энэ шийдвэр гүйцэтгэгч хууль танилцуулсан уу, дараа нь танилцуулсан уу гэдгээ тодруулах боломж байсан. Энэ ажиллагаа хийгээгүй учир нөхөж хийсэн гэдэг тайлбарыг угаасаа нөхөж хийгээгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн захирал н.Дэлгэрсүрэн гэдэг захирал хуульд заасан үндэслэлийн дагуу тус компанийн үнэлгээчин н.Отгонбаярын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа дуусаагүй байгаа байх ба тэр дагуу үнэлгээгээ гаргасан. Үнэлгээний тайлан дээр ямар нэг хууль зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна. Төлбөр авагч банк гэдэг статусаар оролцоогүй Дархан салбар өөрөө хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй ажиллагаанд оролцох эрхгүй байсан гэж тайлбарлаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол байсан бол мэдэгдэх эрхтэй байсан. Гэтэл эднийх тэр хугацаанд ямар нэг мэдэгдэл хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлага дээрээ ийм зүйл тусгаагүй байж гэнэт ийм зүйл ярьж байна. Хэрэв шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой төлбөр авагч Г- ХХК-ийг оролцуулах ёстой байтал Дархан салбар оролцоод байна гэдэг талаар мэдэгдсэн, гомдол гаргасан бол энэ асуудал шийдэгдэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсанаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн байгаа тул гомдол гаргах тодорхой хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ тусгаагүй байж байгаад гэнэт шүүх хурал дээр ийм зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Б.Ж-, Ц.Н- нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2205048025 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байр, 55 тоот 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад танай шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/Ш32020/05467 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангахгүй тухай захирамжийг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй байна. Хариуцагч байгууллага нь шүүхээс ирүүлсэн захирамжийг биелүүлэх үүрэгтэй байгууллага бөгөөд манайд дуудлага худалдааг түдгэлзүүлсэн тухай захирамж дуудлага худалдаа явагдахаас өмнө ирээгүй тул албадан дуудлага худалдааг санаатайгаар зохион байгуулсан гэх үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр явуулсан Ү-2205048025 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байр, 55 тоот хаягт байршилтай, 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, Ү-2205048025 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байр, 55 тоот хаягт байршилтай, 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 98,488,530 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг, Ү-2003017988 улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 49 дүгээр байр, 406 тоот хаягт байршилтай, 40.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 61,153,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хууль сануулж, тайлбарлаагүй этгээд шинжээчийн дүгнэлт гаргасан. Эрх, үүрэг тайлбарлах ёстой этгээд болох ахлах шийдвэр гүйцэтгэгч шинжээчид эрх, үүрэг тайлбарлаагүй . Эдгээр нь эд хөрөнгийг үнэлгээг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлүүд юм. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлүүдтэй холбоотой асуудлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаагүй гэж үзэж, улмаар хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс хэрэгжүүлсэн хөрөнгийн үнэлгээг хийлгэх процесс ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй бол түүний үндсэн дээр хийгдсэн хөрөнгийн үнэлгээ буюу шинжээчийн дүгнэлт нь хүчингүй байх ёстой. Нөгөөтэйгүүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу бол урьдчилан гомдол гаргах шаардлагагүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар нээсэн. Тиймээс шүүхийн зүгээс хөрөнгийн үнэлгээний ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан эсэхийг нэг бүрчлэн дүгнэх ёстой. Түүнчлэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хууль зөрчсөн ажиллагааг жирийн иргэн мэдэхгүй бөгөөд тусгай мэргэжлийн хүнийг оролцуулж байж мэдэх боломжтой. Нэхэмжлэгч нарын зүгээс уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд уг хууль зөрчсөн ажиллагааг мэдээгүй болно. Хэдий тийм боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс хуулиа мөрдөх, хуулийн дагуу ажиллагаа явуулах үүрэгтэй. Гэтэл уг хууль зөрчсөн ажиллагааг шүүхийн зүгээс гомдол гаргаагүй хэмээн өөхшүүлж нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Н-, Б.Ж- нар нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байр, 55 тоот хаягт байршилтай, 56.35 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205048025 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 300 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Н-, Б.Ж- нараас 135 377 849.79 төгрөг гаргуулан, Г--ны Дархан салбарт олгож, үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 66-67-р тал/

 

Нэхэмжлэгч Ц.Н-, Б.Ж- нар нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул төлбөр авагч Г--ны Дархан салбарын хүсэлтээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 547 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 92-р тал/

 

Хариуцагч Н- нь нэхэмжлэгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельс гудамж, 21 дүгээр байр, 55 тоот хаягт байршилтай, 56.35 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205048025 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр битүүмжилж, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хураасан,

 

Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 49 дүгээр байр, 406 тоот хаягт байршилтай, 40.53 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003017988 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр битүүмжилж, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тус тус хураасан байна. /хх-ийн 98, 107, 121, 152-р тал/

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор талуудаас үнийн санал авахад нэхэмжлэгч нар нь Баянгол дүүрэг дэх орон сууцыг 400 000 000 төгрөгөөр, Дархан-Уул аймаг дахь орон сууцыг 200 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-ийн 114, 125-126, 154-155-р тал/

 

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч Н- нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Сэлэнгэ-Эстимэйт ХХК, Виннэр вэй ХХК-ийг тус тус шинжээчээр томилж, Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь Баянгол дүүрэгт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 98 488 530 төгрөгөөр, Виннэр вэй ХХК нь Дархан-Уул аймагт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 61 153 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд хариуцагч байгууллага нь дээрх үнэлгээг хуульд заасан хугацаанд талуудад мэдэгдсэн байна. /хх-ийн 130-149, 159-165, 171, 174-р тал/

 

Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол хэмээн дүгнэж, хуульд заасан хугацаанд ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргаагүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргах эрхтэй боловч шинжээчээр томилогдсон Сэлэнгэ-Эстимэйт ХХК, Виннэр вэй ХХК-ийн үнэлгээ нь хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

 

Тодруулбал, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ гэж, 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт Үнэлгээчин үйл ажиллагаагаа аж ахуйн нэгжийн хэлбэрээр явуулж болно гэж тус тус заажээ.

 

Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ- Эстимэйт ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр үнэлгээчин Г.Отгонбаярт үнэлгээний тайланд төлөөлж гарын үсэг зурах итгэмжлэлийг олгосон, мөн үнэлгээний тайлан гаргасан О.Бат-Эрдэнэ нь Виннэр вэй ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байх бөгөөд тэдгээрт эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг урьдчилан сануулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Иймд шинжээч томилох тогтоолд зааснаас өөр этгээд дүгнэлт гаргасан, тэдгээрт эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг урьдчилан сануулаагүй гэх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. /хх-ийн 128-129, 147, 156-158-р тал/

 

Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардлагагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаар хариуцагч тал гомдол гаргаагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/03274 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ